Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 596

 

                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Ст холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Ст холбогдох эрүүгийн 1710009790256 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганболдын Г.С, 1989 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

         

          Г.С нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны 114 тоотод хамтран амьдрагч Г.Бтай харилцан маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүгдэгч Г.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдсон тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сыг өөрийн хамтран амьдрагч Г.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж /хх-ийн 41-42/, яллах дүгнэлт /хх-ийн 58-60/ үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч ...этгээдийг ойлгох бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Г.С Г.Б нар нь дундаасаа нэг хүүхэдтэй, 2015 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа гэх тул шүүгдэгч Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэв. Иймд энэ талаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байна.

2. Прокурор нь яллах дүгнэлт үйлдэж, уг яллах дүгнэлтээ яллагдагчид гардуулахдаа ялын саналаа яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт /хх-ийн 61/ хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаарх  саналыг  яллагдагчид  танилцуулж,   зөвшөөрвөл  гарын  зуруулж,  яллах дүгнэлт үйлдэн хэргийг даруй шилжүүлнэ.” гэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулан гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ.

Прокурор ялын саналаа танилцуулаад зөршөөрвөл гарын үсэг зуруулаад яллах дүгнэлт үйлдэхээр хуульчилсан байхад яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл, ялын санал танилцуулсан баримтыг нэг хуудсанд, нэг тэмдэглэлээр танилцуулж, гарын үсэг зуруулсан, мөн хохирогчид огт танилцуулаагүй нь хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг, мөн шүүгдэгч Г.С 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хэргийн материал танилцахдаа “...хэргээ хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 50/ гэсэн хүсэлтийг гаргасан, шүүгдэгчийн дүүргийн прокурорын газарт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан бөгөөд энэ хүсэлтийг хэзээ бичсэн нь тодорхойгүй буюу огноогүй бөгөөд прокурор хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч /хавтаст хэргийн гадна прокурор хэргийг хүлээж авсан тухай дартаст бичигдсэн байгаа/ уг хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэж /хх-ийн 57/ байгаа нь хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч Г.С хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэдэн төгрөгийн цалин хөлс, орлого олдог талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй атлаа түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг санал болгож, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт бүрэн тусгагдаагүй, хэргийн бүрдэл хангагдсан эсэх нөхцөл байдлууд байх тул дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийлгэхээр хэргийг буцааж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах талаар зохицуулалт байхгүй учраас яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцаахаар заасан бөгөөд хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хүрээнд шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг буцааж хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Г.С анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, түүнийг үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн.

 

3. Прокурор хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан /2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр нь 5 дахь гариг байх бөгөөд тухайн өдөр хүлээн авсан хэрэг материалыг дээд шатны прокурор цохолт хийлгэсний дараа хяналтын прокурорт нь тараан өгдөг, хагас, бүтэн сайн гээд амралтын өдөр таарсан байна/ бөгөөд хуульд заасан хугацаанд нь хэргийг хянаж яллагдагч, хохирогчтой уулзаж хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын Ерөнхий прокурор батална” гэсний дагуу прокурорын шийдвэр, тэмдэглэлийг бичиж үйлдсэн бөгөөд дээрх бичиг баримтанд хуулийн заалт зөрчсөн зүйл огт байхгүй болно.

Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна, прокурор ялын саналаа танилцуулаад зөвшөөрвөл гарын үсэг зуруулаад яллах дүгнэлт үйлдэхээр хуульчилсан байхад яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл, ялын санал танилцуулсан баримтыг нэг хуудсанд, нэг тэмдэглэлээр танилцуулж, гарын үсэг зуруулсан нь энэ хуулийн заалтыг зөрчсөн зүйл байхгүй, зөвхөн шүүгчийн өөрийнх нь л үзэл бодол, өөрийн санаагаар байлгах гэсэн явцуу үйлдэл гэж болно. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа хүсэлт гаргасан хохирогчид танилцуулахаар хуульчилсан бөгөөд энэ хэрэгт хохирогч хүсэлт гаргаагүй байхад шүүгч хууль бус үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгаа болно. Иймд Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулахаар 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Г.С нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны 114 тоотод хамтран амьдрагч Г.Бтай харилцан маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаар мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих дээр дурдсан байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;”-ийг хамааруулахаар хуульчилжээ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заасан ба энэ хэргийн шүүгдэгч Г.С, хохирогч Г.Б нар нь хамтран амьдардаг болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгчийн үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд прокуророос шүүгдэгчийн гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан заалтуудын дарааллыг зөрчжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

Түүнчлэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин, орлоготой зэргийг харгалзан үзсэнээ саналдаа тусгасан байвал зохино.  

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ