| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 108/2016/0010/Э |
| Дугаар | 597 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 597
Б.Бад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Еркебулан,
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч К.Жархынбек,
Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бад холбогдох эрүүгийн 201625021078 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бургууд овгийн Баяртогтохын Б.Б, 1985 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,
Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Блью мон” төвийн зогсоол дээр шалтгаангүйгээр П.Эийн нүүр рүү нь гараараа 2 удаа, толгойн ар руу 3-4 удаа цохиж, толгой руу 6-7 удаа өвдөглөж биед нь баруун дээд зовхинд шарх, баруун бугалга, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт, 2 чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Бад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Бад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын /2002 оны/ Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж зүйлчилж, Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, хохирогч П.Э хойшид эрүүл мэнддээ учирсан хохирлыг эмчлүүлбэл гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх ...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн атлаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсоныг анхааран үзээгүй. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байдаг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан; тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шүүгдэгчид торгуулийн ял оногдуулсныг хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 349 дугаар бүхий шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Амгаланбаатар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн хэрэгт томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах, эсэргүүцэх зүйл байхгүй” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Блью мон” төвийн зогсоол дээр шалтгаангүйгээр П.Эийн нүүр рүү нь гараараа 2 удаа, толгойн ар руу 3-4 удаа цохиж, толгой руу 6-7 удаа өвдөглөн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Эийн мэдүүлэг /хх-11/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-114/, шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-66/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-88-89/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-117/-үүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 4594 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15/, 289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-79-80/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос Б.Бын гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.
“...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан; тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал торгуулийн ял оногдуулсныг хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий Б.Бын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:..” гээд уг хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;..” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Блью мон” төвийн зогсоол дээр шалтгаангүйгээр П.Эийн нүүр рүү нь гараараа 2 удаа, толгойн ар руу 3-4 удаа цохиж, толгой руу 6-7 удаа өвдөглөн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “...нэг жил өнгөрсөн...” байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав. Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Бургууд овгийн Баяртогтохын Б.Бад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ