| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 108/2016/0010/Э |
| Дугаар | 598 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 598
А.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ш.Хосбаяр,
Хохирогч А.Б,
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох эрүүгийн 1811001800102 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайж овгийн Алтанхуягийн А.Б, 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,
А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 69-942 тоотод иргэн А.Бын нүүрийг заазуураар зүсч олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайж овогт Алтанхуягийн А.Бг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бг сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байлган түүний төрсөн эх Г.Мөнх-Өлзийд халамжлуулахаар шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Б нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн пивор бариултай заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлэн устгахаар шийдвэрлэжээ.
Хохирогч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд хохирогч А.Б миний бие маш их гомдолтой байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг эдлүүлэх хүсэлтэй байна. ...Мөн А.Бгийн сэтгэцийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно...” гэв.
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бтай харьцахад сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь илт мэдэгддэг. Прокурорын шатанд “шүүгдэгч А.Бгийн сэтгэц эрүүл биш байна, шалгуулах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан боловч “хэргийг шүүхэд шилжүүлж байна, тиймээс хүсэлтийг хангах боломжгүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүхэд дахин энэ хүсэлтээ гаргаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлттэй хохирогч болон түүний өмгөөлөгч танилцаад ямар нэгэн санал, гомдол гаргаагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг гарах болсон шалтгаанд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шүүгдэгч А.Бг сэтгэцийн өөрчлөлттэй, хэрэг хариуцах чадваргүй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, байнгын бусдын хараа хяналтанд байх шаардлагатай. Шүүгдэгч А.Бг өөртөө болон бусдад аюул учруулахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 69-942 тоотод иргэн А.Бын нүүрийг заазуураар зүсч олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Бын мэдүүлэг /хх-23-25/, гэрч З.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч А.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-28-30/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43, 83-84/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1256 дугаартай дүгнэлт /хх-36/, ногоон пивор бариултай заазуур 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-7/, иргэний хариуцагчаар Г.Мөнх-Өлзийг тогтоох тухай шүүгчийн захирамж /хх-130/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-123-126/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Түүнчлэн А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хохирогч А.Бын гаргасан “...А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд хохирогч А.Б миний бие маш их гомдолтой байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг эдлүүлэх хүсэлтэй байна. ...Мөн А.Бгийн сэтгэцийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, “...А.Байгальмаа нь “Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг. Шинж тэмдгийн уналт, зан төрхийн өөрчлөлт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна. А.Байгальмаа нь 13 настайдаа зам тээврийн осолд орсоны улмаас дээрх эмгэгтэй болсон байна. Уг эмгэг нь тодорхой үе шатгүй болно. А.Байгальмаа нь 1999 оноос хойш унаж татдаг өвчтэй болсон уг өвчин нь хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна. А.Байгальмаа нь хэрэг хариуцах чадваргүй байна. А.Байгальмаад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэрийн асран хамгаалагч болон мэдрэл, сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай байна...” гэсэн сэтгэцийн дүгнэлт /хх-123-126/-ийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бг сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байлган түүний төрсөн эх Г.Мөнх-Өлзийд халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь бодит байдал болон хуульд нийцжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 281 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ