| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 108/2016/0010/Э |
| Дугаар | 599 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 599
О.Намнандоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Жаргалсайхан,
Яллагдагч О.Намнандорж, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,
Хохирогч Ч.Дарьсүрэн,
Хохирогч Ё.Мягмаржав,
Хохирогч А.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул,
Хохирогч “Үүр тээл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд,
Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 498 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр О.Намнандоржид холбогдох эрүүгийн 201626030203 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Даш овгийн ОН, 1981 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянгол дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,
О.Ннь 2013 оноос 2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа:
1. Иргэн Б.Бат-Эрдэнээр 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд уг барилгын салхивч агааржуулалтын ажлыг 87.000.000 төгрөгөөр хийлгэхээр “ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан” төлбөрт нь тус байрны 5 тоот 2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан боловч уг байрыг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өлзийсайханд зарахаар захиалгын гэрээ давхар байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэн өгч Б.Бат-Эрдэнэд 87.303.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Дээрх байдлаар О.Өлзийсайхан, Б.Бат-Эрдэнэ нартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан 5 тоот орон сууцыг иргэн М.Батсүхэд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 cap хүртэл хугацаанд зээлж авсан болон орон сууц зарна гэж авсан 320.000.000 төгрөгийн оронд 2015 оны 9 дүгээр сард өгөхөөр тохирч 320.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Даваадоржоос 2013 оны 12 дугаар сараас эхлэн тус орон сууцанд барилгын материал зээлээр авч, зээлээр авсан барааны төлбөрийг төлөөгүй байсаар 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хамтран ажиллахаар “Хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулж нийт 432.908.091 төгрөгийн барилгын материал авч төлбөрт нь:
Иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг 2015 оны 2 дугаар сард амаар өгөхөөр тохирч,
Мөн иргэн Б.Бадралд “Худалдах худалдан авах” гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн тус байрны 2 тоот орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж өгөхөөр тохирч,
Мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эко” банк бус санхүүгийн байгууллагад 40 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зээлээс чөлөөлөгдөж иргэн Ч.Бадам-Очирт тус өдөр “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжсэн байсан тус байрны 16 тоот орон сууцыг,
Мөн иргэн А.Даваадоржтой тус байрны 10 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Гансүхэд 40 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлгэрнямд “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжүүлсэн орон сууцнуудыг өгнө гэж хуурч нийт 432.908.091 төгрөгийн хохирол учруулсан,
4. Иргэн С.Буянхангайгаас 2014 оны 10 дугаар сарын 3-наас 2015 оны 10 дугаар cap хүртэл хугацаанд 19 485.500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал зээлээр авч төлбөрийг төлөөгүй улмаас тус байрны 9 дүгээр давхрын 3 өрөө орон сууцыг худалдан авах санал гарган 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл дахин 26.500.000 төгрөгийг авч 9 давхрын 3 өрөө орон сууцыг өгөх боломжгүй болсон гэж хэлэн иргэн Нямдовчинтой 2014 оны 5 дугаар сарын 10-ныөдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыгөгнө гэж хэлэн хуурч нийт бэлнээр 8.825.000 төгрөгийг, дансаар 31.675.000 төгрөгийг авч нийт 60.016.700 төгрөгийн хохирол учруулсан,
5. Иргэн Ё.Мягмаржавын краныг тус барилга дээр 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар cap хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж байгаад түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг төлөөгүй тус байрны 22 тоот буюу иргэн Б.Бадралд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг 2015 оны 8 дугаар сард 89.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэн 2015 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зөрүү гэж 29.000.000 төгрөгийг нэмж аван нийт 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Хохирогч Б.Халиунаагаас 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус байрны 93Б тоот үйлчилгээний талбайтай объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөг зээлж авсан ба дээрх орон сууцыг “бусдад зарж борлуулан таниас зээлсэн мөнгөө буцаан өгмөөр байна” гэж уг орон сууцны гэрчилгээг хуурч аван 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Эко девелопмент” банк бус санхүүгийн байгууллагад 40.000.000 төгрөг зээлийн барьцаанд тавьж, иргэн О.Гантулгаас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 55.000.000 төгрөг зээлж “Эко девелопмент” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг чөлөөлөн авч өмчлөх эрхийг тус өдөр О.Гантулгын нэр дээр шилжүүлж, улмаар иргэн Ч.Дарьсүрэнгээс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөг зээлж О.Гантулгад өгч үл хөдлөх хөрөнгийг Ч.Дарьсүрэнгийн нэр дээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн иргэн Б.Халиунаад 70.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Иргэн Ч.Дарьсүрэнтэй 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус байранд 3 өрөө 92.98 мкв “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж бэлнээр 117.000.000 төгрөгийг авч улмаар уг байр нь барьцаанд байгаа гэж хэлэн уг байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр буюу иргэн Б.Халиунаад 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 70.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг О.Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлж ав гэж хуурч О.Гантулгаас авсан зээлийн төлбөрийг төлүүлж өмчлөх эрхийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны хууль бусаар шилжүүлэн өгсөн, мөн 40 тонны 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнер зээлээр авч төлбөрийг төлөөгүй, “Тайланд улс руу эмчилгээнд явна гэж” 3.000.000 төгрөгийг тус тус хуурч аван нийт 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Иргэн Б.Саруулд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус байранд байрлах 76м.кв 31 тоот орон сууцыг 168.000.000 төгрөг, 20 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр зарахаар “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж тухайн өдрөө бэлнээр 89.050.000 төгрөгийг авч улмаар гэрээний дагуу 2015 оны 2 дугаар cap хүртэл 194.500.000 төгрөгийг авсан боловч автомашины гражын өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Дэлэрнямд шилжүүлэн өгч 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан.
9. Иргэн Н.Ариунболдоос 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд “барилга барихад мөнгө хэрэгтэй байна” удахгүй өгнө гэж хуурч бэлнээр болон дансаар 118.875.000 төгрөгийг авч хохирогч нарт бусдад зарагдаж өмчлөх эрх нь шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртэй тооцож өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1.386.102.791 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: О.Намнандоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Яллагдагч О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй байна гэж үзнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1, 6.14, 6.15-т зааснаар тус тус хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.8-д “хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” гэж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус хуульчлагдсан ба хохирогч, оролцогч нарын эрх, үүргийг нь эдлүүлэлгүй зөрчсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. ...Яллагдагч О.Намнандоржид холбогдох эрүүгийн 201626030203 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.Намнандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж...” гэж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Жаргалсайхан би, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 498 дугаартай захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянавал,
...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгчийн захирамжид “хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1, 6.14, 6.15-т зааснаар тус тус хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн ямар оролцогчийн эрхийг хэрхэн хангаагүй, ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар заагаагүй нь шүүгчийн шийдвэр тодорхойгүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч О.Намнандоржийн өмгөөлөгч Б.Баясгалан “хэргийн материалтай танилцуулаагүй буюу оролцогчийн эрхийг зөрчсөн” талаар гомдол гаргасан нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй байхад захирамжид үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн өмгөөлөгч Б.Баясгалан нь шүүгдэгч О.Намнандоржтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй хэргийн материалд авагдаагүй нь үүнийг О.Намнандоржийн өмгөөлөгч гэж үзэх эргэлзээтэй боловч мөрдөн шалгах ажиллагаа дуусахад мөрдөгч Б.Чойжав яллагдагч О.Намнандоржоор дамжуулан хэргийн материалтай танилцах талаар удаа дараа мэдэгдсэн мөн О.Намнандоржид холбогдох хэрэг прокурорын хяналтанд 28 хоног байхад энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй болно. Мөн яллагдагч С.Гэсэрмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч Б.Халиунаад уг хэрэгт хяналт тавьж буй прокурор би өөрийн биеэр мэдэгдэж гомдол гаргах хугацааг дууссаны дараа шүүхэд шилжүүлсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” талаар заасан бөгөөд О.Намнандоржид холбогдох хэрэгт прокурорын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор Ж.Сайнхишиг, Ж.Нямдовчин, Мөнхбаатар нарыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр нь хуулийн дээрх заалтанд хамаарахгүй тул хохирогч оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
Хэргийн хохирогч Ё.Мягмаржав, Ж.Сайнхишиг, Ч.Дарьсүрэн, М.Батсүх, Н.Ариунболд, А.Даваадорж, Б.Халиунаа нарыг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргаагүй байхад оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн байна. Шүүгч О.Намнандоржид холбогдох хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтыг тус тус үндэслэн буцаасан боловч захирамжид О.Намнандоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж бичсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч О.Намнандоржийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эрүүгийн шүүх хуралдаанаар гэм буpyy, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан хэлэлцэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 498 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Яллагдагч О.Намнандоржийн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд яллагдагч О.Намнандоржийг эрүүгийн хэрэгт татагдан цагдан хоригдохоос нь эхлэн оролцсон. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурорын шатанд хүсэлт, саналаа гаргаад явж байсан баримтууд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх заалтын дагуу мөрдөгчөөс надад ямар нэгэн байдлаар хэрэг дууссан, хэргийн материалтай танилц гэж мэдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэв.
Яллагдагч О.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.
Хохирогч Ч.Дарьсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын саналтай нэг байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэв.
Хохирогч Ё.Мягмаржав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэв.
Хохирогч А.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хурдан шийдвэрлүүлж, байрнуудаа буцааж авмаар байна...” гэв.
Хохирогч “Үүр тээл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь дээр гэж үзэж байна. Хохирогч нарыг дуудаж уулзсан, байцаасан зүйл байдаггүй. Иргэний журмаар янз янзаар энэ хэргийг шийдвэрлүүлж яваад байгааг болиулмаар байна. Ямар нэгэн байдлаар хохирлоо барагдуулж, хэргийг шийдвэрлүүлмээр байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх О.Намнандоржид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.
Анхан шатны шүүхээс О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.8-д “хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” гэж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус хуульчлагдсан ба хохирогч, оролцогч нарын эрх, үүргийг нь эдлүүлэлгүй зөрчсөн... гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжаас үзэхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан аль эрхийг хэн, хэнд эдлүүлээгүй, хэрхэн зөрчсөн, хязгаарласан болохыг тодорхой заагаагүй байна.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчигдсөн гэж үзсэн боловч аль тогтоолд, хэргийн оролцогчийн хэн нь хэрхэн гомдол гаргах эрхээ хязгаарлуулсан шинжтэй байгаа талаар тодорхой үнэлэлт-дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүгчийн захирамжид О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ямар нэмэлт ажиллагаа хийх талаар тодорхой зааж өгөлгүй ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн байна. Эдгээр байдлаас үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж Давж заалдах шатны шүүх үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч биш этгээдийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор оролцуулан тайлбар, мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсоныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 498 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хангаж, О.Нд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ