Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00481

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02017 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2330 дугаар магадлалтай,

Б.Чийн нэхэмжлэлтэй

ШУТИСд холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Чийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Геологи, уул уурхайн сургуулийн захирлаар 2014 оноос ажиллах болсон. Ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, үр бүтээлтэй ажилласан. Туслах Э.Энхчимэгээс 2017.07.06-ны 17 цагт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсныг мэдсэн. Тушаалыг надад мэдэгдэлгүй туслах Э.Энхчимэгт өгсөн байсан. Тухайн өдрөөс хойш сонгууль, баяр наадмын амралтын өдрүүд таарсан учраас удирдах албан тушаалтантай уулзаж амжаагүй. Ажил цуглахад тушаалыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар хэлсэн. Тухайн тушаалын үндэслэлийн талаар холбогдох яамны проректор Л.Баяр-Эрдэнэд тайлбар өгч байсан бөгөөд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017.07.17-ны өдрөөс ээлжийн амралт авах саналаа өгсөн. Ээлжийн амралтын тушаал 2017 оны 7 сарын 6-ны өдөр гаргасан. Ээлжийн амралт авахаас өмнө 17 цагийн орчимд Сургалтын асуудал эрхэлсэн проректор Х.Энхжаргал утасдаж 18 цагаас өмнө ирж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан, тушаалаа танилцуулж өгөөгүй, мөн ажил хүлээлцэж аваагүй байж маргааш нь буюу 2017.07.20-ны өдөр өрөөний цоожны голыг сольж орсон байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 7 сарын 21-ний өдөр хүсэлт тавьж авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж Геологи, уул уурхайн сургуулийн профессорын албан тушаалд томилсон байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж мөн албан тушаал бууруулсанд гомдолтой байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, Б.Ч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.6-д заагдсаны дагуу, тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарийн дагуу Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 6 сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Уг хурлаар Б.Чийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд өөрийн сургуулийн хамт олноос хангалтгүй үнэлгээг өгсөн. Үр дүнгийн гэрээний 5.2-т төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хангалтгүй үнэлгээтэй тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.5, 4.14.6-д заагдсан захирлын бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан. Б.Ч нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг,Үндэсний Аудитын газрын 5/144 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж ректор эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Үндэсний аудитын газраас 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийгдсэн шалгалтын тайлангаар Геологи, уул уурхайн сургуулийн 207,6 кв.м талбайг түрээслэх гэрээ хийсний дагуу 18 700 000 төгрөгийг ШУТИСд шилжүүлсэн ч уг талбайг түрээслээгүй зөрчил гарсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ,үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль, ажилтанд эд материалын хохирол учруулсан, дарамт шахалт үзүүлсэн, зөрчил дутагдал гаргасан, хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж хариуцлага тооцож,албан ёсоор мэдэгдэж гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн нөхцөл гэдэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа хамаарч байгаа бөгөөд Б.Чтой байгуулсан 2014 оны 7 сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, тухай бүр хугацааг сунгаж байсан. Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан гэх гомдлыг эрх зөрчигдсөн үеэс шүүхэд гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээг байгуулж болохоор зохицуулсан, Б.Ч маргаагүй тул харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02017 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Б.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Чийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59 847 036 төгрөгийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Чийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ШУТИСд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 457 185 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2330 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Б.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Б.Чийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэг. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй: 1. Нэхэмжлэгчийг 2017 оны 6 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан тушаалын үндэслэл болсон Үр дүнгийн гэрээг дүгнэсэн хэсэгт бичилт хийлгүй өмнө нь үнэлж байсан жишгээр хамт олны үнэлгээгээр шийднэ гэсэн тайлбартайгаар 2017 оны 6 сарын 23-нд надаар танилцсан гэсэн гарын үсэг зуруулсан. Хамт олны хурлын үнэлгээгээр 64,2% хангалттай гэсэн оноо авсан байсан. Гэтэл миний ажлын үр дүнг ректор Б.Очирбат 2017 оны 6 сарын 30-ны өдрөөр огноо тавьж 58 оноогоор  F гэж дүгнэсэн байх бөгөөд 2018 оны 7 сард хэрэгт холбогдох нотлох баримтаар өгсөн байсан. Энэ баримт өмнө нь надад танилцуулагдаагүйгээс гадна дүнг нөхөж бичсэн нь тодорхой харагдаж байхад үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзсэнд гомдолтой байна. 2. Үнэлгээг өгөхдөө ямар журам, дүрмийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй байхад “...үр дүнгийн гэрээ гэх баримтад “хангалтгүй” гэх үнэлгээ өгсөн нь ...хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэлийг нотлох баримт гэж үзнэ.” хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Гэтэл хавтаст хэрэгт гэрч Б.Арвинбаярт хууль сануулж, авсан гэрчийн мэдүүлэг байгаа. Тэрээр шүүхэд гэрчлэхдээ: Хамт олны хурлаар 64.2% нь хангалттай гэж үнэлэгдэх оноо бөгөөд бусад удирдах ажилтнууд түүний дотор 40%-иас бага оноотой дүгнүүлсэн боловч ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа” талаар мэдүүлсэн байдаг. Мөн түүнээс гадна Үр дүнгийн гэрээг дүгнэх тухай Төрийн албаны зөвлөлөөс баталсан Үлгэрчилсэн заавар нь Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах бөгөөд ШУТИС- ийн ГУУС-ийн захирал нь төрийн жинхэнэ албан хаагч биш. Түүнээс гадна ШУТИС дээрх зааврыг баримталж Үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэдэг ямар нэг журам, зохицуулалт байхгүй. Энэ талаар хариуцагч нар шүүх хурал дээр нэхэмжлэгч талын асуултад хариулахдаа дурьдсан байдаг. 3. Бүрэлдэхүүн сургууль, институт харьяа нэгжийн захирлын тайлангийн хурал зохион байгуулах ажлын удирдамж, хуваарь гэх 2015-2016, 2016-2017, 2017-2018 оны баримтаас харвал зөвхөн намайг ажлаас чөлөөлсөн үеийн буюу 2016-2017 оны удирдамжид “ажилчид” гэдэг үгийг хассан байдаг. Манай сургуулийн ажилчид болох 20 гаруй хүнийг оролцуулалгүйгээр миний ажлыг дүгнэсэн бөгөөд миний ажлыг дүгнэхийн өмнө болон дараагийн 2017-2018 оны удирдамжуудад ажилчдыг оролцуулахаар бичсэн байдаг. Манай ажилчид надад сайн ханддаг миний талаар сайн үнэлгээ өгөх учраас тэднийг оролцуулахгүй байхаар зохион байгуулсан юм. Энэ тухай миний бие өмнөх шүүх хуралдаан мэдүүлж байсан болно. 4. Хэрэгт баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулж байгаа үндэслэл журмыг надтай тохиролцсон зүйл байхгүй мөн Үр дүнгийн гэрээнд миний ажлыг дүгнэхдээ хэдэн оноо “хангалтгүй” гэдэгт хамаарах талаар тусгасан зүйл байхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа “хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй, 23.2.2,-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулсан бол ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулах учиртай. Хугацаатай байгуулж байгаа Хөдөлмөрийн гэрээнд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зайлшгүй тодорхой тусгасан байхыг хууль шаарддаг. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд ч энэ талаар заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй байхад давж заалдах шатны шүүх “...Хөдөлмөрийн гэрээ нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирлын ажлын байр нь байнгын ажлын байр байхад давж заалдах шатны шүүх “...Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад гэрээний эрх чөлөөний зарчим зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасантай нийцэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 6 сарын 30-нд дууссан гэх боловч 2017 оны 7 сарын 6-ны өдөр цалин хөлс олгож, 2017 оны 7 сарын 6-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргаж, 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/123 дугаар тушаалаар Б.Чийг 2017 оны 7 сарын 20-оос 8 сарын 31 хүртэл ээлжийн амралт эдүүлэхээр тушаал гаргасан байдаг. Эдгээр үйл баримт нь Б.Чтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2017 оны 6 сарын 30-ны өдрөөр дуусгавар болоогүй, ажил олгогч цуцлах санал тавих нь битгий хэл цааш ажиллуулах сонирхолтой байсан гэдэг нь харагддаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д зааснаар Б.Чийн хөдөлмөрийн гэрээ 1 жилээр буюу 2018 оны 6 сарын 30 хүртэл сунгагдсан гэж үзэхээр байна. Эцэст нь хэлэхэд даргалагч шүүгч Ж.Оюунтунгалаг “чамайг ажилгүй хаячихаагүй л юм байна ш дээ, шилжүүлсэн ажлыг нь хийж байхгүй яасан юм бэ?, одоо хаана ажиллаж байгаа юм”, илтгэгч шүүгч Ш.Оюунханд “хэрвээ чи шилжүүлсэн ажилд нь ажиллаж байсан бол байгууллагаас гаргуулах цалингийн зөрүү чинь бага байх байсан байна ш дээ” гэх мэтээр иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсан асуулт тавьж, хариулт шаардаж байсан, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Намайг хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй шилжүүлсэн тул миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан үндэслэлээр, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон шаардах эрх нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар тус тус үүснэ гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч ШУТИСд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсэг, ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Ажил олгогч “...үр дүнгийн гэрээг дүгнэхэд Б.Ч нь хангалтгүй үнэлгээ авсан тул гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон...”  гэж маргажээ.

1.Хоёр шатны шүүх Б.Чийн нэхэмжлэлээс “...үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн хуулийг зөрчиж, 2013-2015 оны хооронд, түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавиагүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 2017 онд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу боловч “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Б.Ч нь ажил олгогчтой гэрээ байгуулж, Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажил үүргийг гүйцэтгэхдээ 2014 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 7 дугаар сарын 1 хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээг тус тус сунгаж байжээ. /хх-58-61,30-32/

Зохигчдын бичгээр байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнд хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын үр дүн /гэрээний 1.1,1.2/, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, ажлын үр дүнг дүгнэх журам /гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт/, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал /гэрээний 5.1/, түүнд хүлээлгэх хариуцлагыг зааснаас үзвэл зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлд заасан контракт байгуулагдсан гэж үзнэ. Контракт нь хугацаа, ажлын эцсийн үр дүн, гэрээг дүгнэх зэрэг онцлог шинжээр хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай юм.

Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т тусгайлан заажээ.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусах өдөр контрактыг дүгнэж, ажил олгогчийн зүгээс хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал гэсэн хэсэгт ажил олгогчийн төлөөлөгч холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор заажээ. /2-р хх 45/ Контрактыг ажил олгогч дүгнэх тул хамт олны санал, шийдвэр дүгнэлтэд нөлөөлөхгүй юм.

Ажил олгогч гэрээг дүгнэж, ажилтан контрактад заасан үр дүнг бий болгоогүй, хангалтгүй үнэлгээ авсан гэж үзэж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Б.Чийг Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, профессорын албан тушаалд томилжээ. Ажил олгогчийн тушаал дах “ажилтныг ажлаас чөлөөлсөн” шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй, ажил олгогч бүрэн эрхийн дагуу гэрээг дүгнэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Контрактын хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба ажил олгогч энэ өдөр гэрээг дүгнэж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр контрактыг сунгахгүй гэж, шийдвэрлэн ажлаас чөлөөлсөн хугацаа баримтлаагүй зөрчил нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь Геологи, уул уурхайн сургуулийн профессорын албан тушаалд ажиллахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр   сарын 21-ний өдрийн 2330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА