Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00530

 

О.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалтай,

О.Бын нэхэмжлэлтэй

Ш.Бод холбогдох

Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, өвлийн байшин, хашаагаа эргүүлэн буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Б нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр Ш.Бтой худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр 131 тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1030,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээрх бүртгэлтэй байгаа ба одоо ч байшиндаа амьдарсаар байгаа юм. Гэтэл дахин дээрх хөрөнгөө худалдсан О.Ш.Б нь надад худалдсан газраа чөлөөлөхгүй улмаар хашаан дундуур нь хашаа босгож байшин барьж эхэлсэн. Энэ талаар өөрт нь хэлэхэд үл тоосон байдал гаргаж байгаад гомдолтой байна.Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1030,9 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-1317000301 дугаар, 0000000000 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө болох миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа Ш.Бын үйлдлийг зогсоож хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2007 онд манай ээж уг газрыг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Улмаар 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн О.Бт 64 мк талбайтай өвлийн байшингаа 5.500.000 төгрөгөөр зарсан. Улмаар би өөрөө зуны амбаартай хэсгээ авч үлдсэн. Өөрөөр хэлбэл; өвлийн байшинтай хэсгээ таллаж зарсан юм. Үлдсэн газар дээрээ 2013 онд байшин барьж эхэлсэн. 2017 онд үргэлжлүүлээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгасан. Би уг газартаа байнга оршин суухгүй ч гэсэн байнга эргэж тойрдог байсан. Зарахгүй үлдсэн газарт манай дүү болон О.Бын дүү амьдарч байсан. Түүнээс гадна тус тусдаа шонтой, тус тусдаа хаалгатай 2 хашаа юм. Би өөрийнхөө өмчлөлийн газар дээр байшингаа зарсан. Тиймээс иргэн О.Бын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн О.Бт хашаа байшин зарахдаа газрынх нь дундуур хашаа босгоод өвлийн байшинтай хэсгээ л О.Бт зарсан. Үлдсэн хэсэг нь миний гал голомт тул зарахгүй үлдээсэн юм. Ингээд намайг хашаандаа гэр бариад амьдарч байхад О.Б нь намайг газар чөлөөлж өг гэсэн байдлаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Намайг 2013 онд байшингийн хундаам цутгаад 2017 онд дуусгахад аль ч үед нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Эдгээр нөхцөл байдлууд нь миний бие иргэн О.Бт хашаа байшингаа таллан худалдсан гэдгийг харуулж байгаа юм. О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газрын хэмжээ өөрчлөгдсөн шүү гэж над руу утсаар хэлсэн. Энэ үеэс эхлээд хашаанаасаа хөөж эхэлсэн. Би газрын асуудлаа хөөцөлдөж эхэлтэл 2018 оны 02 дугаар сар хүртэл уг газар манай ээжийн нэр дээр байсан тухай лавлагаа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл О.Б нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан гэжээ.

Нэхэмжлэгч О.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц худалдах худалдан авах гэрээндээ үндэслэж газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Бын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1030.9м талбай бүхий улсын бүртгэлийн Г-1317000301 дугаартай, 0000000000 гэрчилгээний дугаар бүхий газар / үл хөдлөх хөрөнгө / -ыг чөлөөлөхийг хариуцагч Ш.Бод даалгаж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.Бын О.Бтай 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар, өвлийн байшин хашаагаа эргүүлэн буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлөгдсөн 41.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж сөрөг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Б хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч О.Б нь олон жилийн дараа буюу 7 жилийн дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байхад нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг зөв дүгнэлгүй буруу дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж хариуцагч Ш.Б би үзэж байгаа юм. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.2-д: Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. Иргэний хуулийн 76-р зүйлийн 76,1-д: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76-р зүйлийн 76.2-д: Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн үүснэ гэж заасан байна. Хуулийн эдгээр заалтуудыг Давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх ёстой байсныг хэрэгжүүлээгүй гэж би үзэж байгаа юм. Миний бие Ш.Б нь өөрийн өмчлөлийн хашаа байшингаа одоо нэхэмжлэл гаргаад байгаа О.Бт 2011 онд худалдсан бөгөөд ингэж худалдахдаа хашаагаа дундуур нь хувааж хашаа бариад өвлийн байшинтай хэсгээ О.Бт худалдаад өөрөө зуны амбаартай хэсгээ авч үлдэж тэндээ би амьдарч байсан билээ. Энэ тухай би анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичсэн юм. Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичихдээ: Ш.Б нь надад худалдсан газраа чөлөөлөхгүй улмаар хашаан дундуур хашаа босгож байшин барьж эхэлсэн, миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байна гэж бичсэн нь үндэслэлгүй зүйл юм. Учир нь энэ нэхэмжлэлээс харахад Ш.Б би хашаа байшингаа зарчихаад одоо хашаа дундуур нь барьж хуваасан юм шиг, одоо би байшин бариад байгаа юм шиг буруу ойлголтыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан байна. Гэтэл би анх 2011 онд л хашаагаа дундуур нь таллаж хувааж хашаа барьж худалдсан юм шүү дээ. Үүнийг нэхэмжлэгч О.Бын эхнэр нь Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр хэлж манайх Ш.Боос анх хашаа байшин худалдан авахад хашааг дундуур нь хувааж хашаа барьсан байсан гэж мэдүүлсэн байгаа билээ. Гэтэл нөхөр нь болох нэхэмжлэгч О.Б нь болохоор нэхэмжлэлдээ бичихдээ намайг хашаагаа худалдсаны дараагаар одоо хашаа хувааж барьсан мэт худлаа зүйл бичсэн байгаа юм. Ш.Б би хашаа байшингаа зарчихаад өөрийн хувааж авч үлдсэн хашаандаа байшин барих гээд 2013 онд байшингийн суурь цутгасан юм. Мөн 2017 онд байшингийн сууриа өргөжүүлэн цутгасан билээ. Энэ олон жилийн өмнөөс байшингийн суурь цутгаж байхад нэхэмжлэгч ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй, бид нар хоорондоо энгийн л харилцаатай байсан бөгөөд хувааж барьсан тус тусын хашаандаа л амьдарч байгаа билээ. Нэхэмжлэгч О.Б нь одоог хүртэл миний анх хувааж барьж зарсан тал хашаанд л амьдарч байгаа юм. Хэрвээ нэхэмжлэгч надаас бүх газрыг худалдаж авсан бол энэ 7 жилийн хугацаанд тал хашаандаа амьдрахгүй, хашаагаа нийтээр нь эзэмшиж ашиглах байсан гэж үзэж байна. Би анх 2011 онд хашаагаа зарахдаа дундуур нь хувааж хашаа барьж зарсан бөгөөд нөгөө тал хашаагаа би тухайн үеэс эхлэн эзэмшиж ашиглаж байсан болохоор хэрвээ нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 2011 оноос эхлэн гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.2-д зааснаар хэрвээ эрх нь зөрчигдсөн бол эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдэх ёстой байсан үе нь 2011 оноос эхэлсэн гэдэг нь илэрхий харагдаж байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх болохоор нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2013 онд буюу Ш.Б байшингийн суурь цутгасан үеэс тооцно. Ингэж тооцоход зургаан жил болоогүй байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэж байгаа юм. Гэтэл О.Б бид нар олон жилийн өмнөөс маргаангүй явсан, тус тусдаа цахилгаан тогоо татсан, тус тусдаа хаалгатай амьдарч ирсэн юм. Бид маргаан зөрчилгүй байсан учраас би байшин барьсан билээ. Гэтэл намайг байшингаа бариад дууссаны дараа газар чөлөөл гэж шүүхэд нэхэмжлэл өгч байгаад би гомдолтой байна. Манайх одоо орон гэргүй болж хохирох байдалд хүрч байна. Энэ бүгдийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хашаа байшингаа та нэхэмжлэгчид шилжүүлээд өгсөн баримт байна гэж үзэж зөвхөн баримт бичгийг үндэслэж шийдвэрлэж байгааг учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь намайг энэ газартаа олон жил амьдарч байгаа тухайг гэрчүүд үнэн зөвөөр шүүхэд мэдүүлсэн байгаа бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын газар ч бас намайг 7 жилийн хугацаанд тус газарт оршин сууж байгаа нь тогтоогдож байна гэж албан бичиг гаргасан билээ. Манай эгчтэй хамт нэхэмжлэгчийн эхнэр нь хамт ажиллаж байсан болохоор тухайн үедээ гэрчилгээгээ шилжүүлж өгөөд дараа нь газрынхаа гэрчилгээг тус тусдаа болгож авна гэж л тохирч итгэсэн байсан юм. Тийм ч болоод одоог хүртэл хугацаанд нэхэмжлэгч О.Б нь миний анх таллаж барьж худалдсан тал хашаандаа амьдарч байгаа юм. Хэрвээ О.Б нь манай хашааг бүхэлд нь шилжүүлж авсан бол 7 жил тал хашаандаа амьдрахгүй, тал хашаагаа буулгаж хашаагаа нийт бүх хэмжээгээр нь л эзэмшиж ашиглах ёстой байсан шүү дээ. Би болсон байдлыг үнэн зөвөөр нь шүүхэд хандаж бичиж байгаа билээ. Миний энэ гомдлыг хүлээн авч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ш.Бод холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг, хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх О.Бын нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй хийвэл зохих эрх зүйн зарим дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус, маргааны бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой.

Зохигчид 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар худалдах-худалдан авах, орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус бичгээр байгуулан, Ш.Б нь газар өмчлөх эрхээ О.Бт шилжүүлжээ.

Газар худалдах-худалдан авах гэрээнд газрын хэмжээг 1030.9м2 гэж заасан боловч худалдагч тал болох Ш.Б нь газрын талыг худалдсан, өөрийн мэдлийн газраа эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд газар дээрээ байшин барьсан, О.Б нь буцаагаад 507м2 газрыг шилжүүлэх ёстой байсан гэснээс үзэхэд худалдах-худалдан авах гэрээний зүйл болох өмчлөлийн газар маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж, хооронд нь харьцуулан судлаагүйгээс гадна тухайн үед гэрээний зүйл болох өмчлөлийн газрын зах зээлийн үнэ хэд байсан, хариуцагч нь оршин суух хаягаа өөрчилж, шилжсэн эсэх, газрын зарим хэсэг дээр байшин барьж байхад нэхэмжлэгч яагаад шүүхэд хандаагүй, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын хэмжээ хэд болох, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өөрийн эзэмшиж байгаа хэсгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эсвэл гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулж, шилжүүлсэн зүйлээ буцааж авах ямар шаардлага болохыг тодруулж, зохигчдын мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ. Давж заалдах шатны шүүх энэ талаар залруулж чадаагүй нь буруу байна.

Ийнхүү хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА