Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 135/2018/00223/И |
Дугаар | 001/ХТ2019/00281 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2019/00281
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалтай,
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.М, Д.Энарт холбогдох,
2.953.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М нь даатгалын менежерээр, хариуцагч Д.Энь Дархан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 61 даатгалын гэрээний хураамж 2.944.876 төгрөгийг байгууллагад өгөөгүй, хувьдаа завшсан. Иймд даатгалын хураамж, нотлох баримт гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 9.000 төгрөг нийт 2.953.876 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компани Дархан-Уул аймаг дахь салбарын даатгалын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14/16/12 тушаалаар үндсэн ажилтан болсон. Ажиллах хугацаандаа өдөр бүр салбарын эрхлэгч Д.Эрдэнэсувдтай тооцоо нийлж даатгалын хураамжид төлсөн иргэдийн мөнгийг тоо ёсоор хүлээлгэн өгч орлогыг тушаасан. Миний тэмдэглэл хөтөлж байсан хар дэвтрийг Д.Эавч төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Нэхэмжлэлд холбогдуулан гаргасан баримтаар даатгал хийгдсэн гэрээний жагсаалт гарсан байна. Би Д.Эрдэнэсувдын ажиллаж байх хугацаанд гэрээ хийж түүнд ажлаа өдөр тутам танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Эшүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэсувдаас 107.085 төгрөгийг, хариуцагч Д.Мгаас 331.637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2.515.154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэсувдаас улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг, хариуцагч Д.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 10.599 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 55.192 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний 102 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн. хуулбарыг өгнө...” гэж заасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 57 гэрээний хувьд МИИС программаас хэвлэж, нотариатаар батлуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Даатгалын гэрээг эхлээд МИИС программд бүртгүүлж, мөнгөө төлж баталгаажсаны дараа шар программд бүртгэгддэг. МИИС программ дээр бүртгэгдсэн гэрээний хувьд зээлээр хийгддэг, зарим тохиолдолд жолооч нар мөнгөө төлөхгүйгээс буцаалт хийгдэх, цуцлах тохиолдлууд гардаг. Шар программ дээр бүртгэгдээгүй тохиолдолд уг даатгалын гэрээ хүчин төгөлдөр болдоггүй. нөхөн төлбөр олгогддоггүй. Шар программ дээр баталгаажсан гэрээний мөнгийг л нэхэмжлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнүүдийн хувьд гэрээ байгуулсан талуудын овог нэр, гарын үсэг байхгүй, бичгээр хийсэн гэрээ биш, даатгалын нэгдсэн программ дээр бүртгэж оруулсан бүртгэлийн баримт учраас уг баримтыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Салбарын захирал болон менежерийн ажлын чиг үүрэг, даатгалын гэрээ байгуулах хураамжийг даатгуулагчаас авч байгууллагын дансанд төвлөрүүлэх талаарх ажлын байрны тодорхойлолт болон эдгээр ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх байгууллагын дотоод дүрэм, журам ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэргийн бодит байдал тогтоогдохгүйд хүрчээ” гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэж, оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд харшилж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны | өдрийн 750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
“С” ХХК нь Д.М, Д.Энараас 2.953.876 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...ажиллаж байх хугацаандаа байгуулсан 61 даатгалын гэрээний хураамж төлөөгүй” гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
Хариуцагч Д.Энь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд “С” ХХК-ийн Дархан салбарын захирлаар, Д.М нь 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд даатгалын менежерээр тус тус ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч нар нэхэмжилж буй төлбөрийг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх хариуцагч Д.Мгаас 331.637 төгрөг, Д.Эрдэнэсувдаас 107.085 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 2.515.154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...54 ш даатгалын гэрээ нь даатгалын нэгдсэн программаас хэвлэж гаргасан, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримт байна...” гэсэн дүгнэлт хийжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ба байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зохицуулжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх нь тогтоогдсон байх шаардлагатай.
Ажил олгогчоос хариуцагч Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д.Эрдэнэсувдтай байгуулсан менежментийн гэрээ хэрэгт авагдсан боловч тэдгээрийн хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой бус байна.
Түүнчлэн салбарын захирал болон менежерийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Даатгалын гэрээг хэрхэн байгуулдаг, түүнийг программд хэн хэрхэн яаж бүртгүүлдэг болох нь тодорхой бус тухайлбал нэхэмжлэлд дурдсан 61 гэрээг хариуцагч нарын хэн нь байгуулж, программд бүртгүүлсэн, эдгээр гэрээний оролцогч болох даатгуулагч даатгалын хураамж төлсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 62.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ