| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2016/00140/И |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 13
Ш.Алтансүхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Долгорсүрэн
Хариуцагч: С.Мөнхзаяа
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Барсүрэн, Г.Алтанчимэг
Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Алтансүх анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 10-р сарын 28-ны өдөр С.Мөнхзаяа, С.Янжмаа, Ж.Цэрэндорж нар нь хамт байлцан гэрээ хийж 30 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Зээлийн барьцаанд хашаа, байшингаа бичиг баримтын хамт тавьсан. Үүнээс хойш 2016 оны 02-р сар хүртэл сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. 2016 оны 02-р сарын үед зээлийг чинь сунгах боломжгүй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриад уулзах гэж очсон боловч хаалга, үүдээ тайлахгүй, утсаа авахгүй өдий хүрч байна. Иймд зээлийн 4 сарын хүү 3 сая төгрөг, үндсэн зээл 30 сая төгрөг, нийт 33 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж 330,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416,219 төгрөг нийт 49,916,219 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна гэжээ.
Хариуцагч С.Мөнхзаяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Би Ш.Алтансүхээс 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийн байдлаар /2016.05.12/ 25 сая төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.Алтансүхэд өгсөн. Энэ 25 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч үлдэгдэл 5 сая төгрөг болон 3 сарын хүү 4,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг график гарган 3 хувааж төлөх саналтай байна гэжээ.
Хариуцагч Ж.Цэрэндорж анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ш.Алтансүхтэй 30 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан боловч манай эхнэр, охин бид гурав ямар ч мөнгө аваагүй. Ш.Алтансүх бид нарт мөнгө өгөөгүй. Иймд энэ гэрээг нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ц.Цэрэнпил шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2014 оны 10-р сард 30 сая төгрөг зээлж авах гэрээ хийсэн боловч миний бие Ц.Цэрэнпил, эцэг Ж.Цэрэндорж, эх С.Мөнхзаяа бид нар нь Ш.Алтансүхээс 30 төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө Ш.Алтансүх нь гардуулан өгөөгүй бөгөөд бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж нараас 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Алтансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.916.219 төгрөгийг, мөн Ц.Цэрэнпилд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Алтансүх, Ж.Цэрэндорж, С.Мөнхзаяа нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг Ш.Алтансүхээс гаргуулж хариуцагч Ж.Цэрэндорж, С.Мөнхзаяа нарт олгож, нэхэмжлэгч Ш.Алтансүх, хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж, нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгнөөс 407531 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 157950 төгрөг, хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж, нараас 206950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 тоот шийдвэрээр хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж бид нараас 12.0 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Алтансүхэд олгохоор, мөн С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж бид нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн үндэслэлгүй буруу шударга бус шийдвэр гарлаа гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэгч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж бид нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Ш.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон заалт бүхий магадлал гаргаж өгөхийг хүсье. Үүнд
1. С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж бид нар нь нэхэмжлэгч Ш.Алтансүхээс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 30.0 сая төгрөгийг зээлж аваагүй болох нь гэрч С.Янжмаагийн би Ш.Алтансүхээс 30.0 сая төгрөг зээл авсан гэсэн мэдүүлэг, С.Янжмаа Ш.Алтансүхээс зээлж авсан 30.0 сая төгрөгөө Ш.Алтансүхэд төлж байсан банкны хуулга, гэрч Болормаагийн намайг С.Янжмаагийнд байхад 30.0 сая төгрөг Ш.Алтансүх авчирч өгсөнгэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн Ш.Алтансүх нь С.Янжмаагаас зээлдүүлсэн 30.0 сая төгрөгөө нэхэж С.Янжмаа руу мессеж бичдэг байсан зэргээс нь харагдаж байгаа. С.Янжмаа би Ш.Алтансүхээс 30.0 сая төгрөг зээлж авсан гээд байхад С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж бид нарыг авсан гэж бид нараас 12.0 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2. Хариуцагч С.Мөнхзаяа миний бие ... Ш.Алтансүхээс 30.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад 25 сая төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн.... гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаагүй. Уг бичиг нь миний гараар бичигдээгүй, С.Янжмаа бичсэн байхад миний гарын үсэггүй энэхүү бичгийг шүүгч нотлох баримтаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна. С.Мөнхзаяа миний бие хавтаст хэргийн 15, 35 дугаар хуудсан д байгаа тайлбар, хүсэлтийг би бичээгүй, нотлох баримтаас хасч үнэлэхгүй байж нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.
3. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд 2016 оны 04 дүгээр сарын 25-нд хариуцагчийг солиулах тухай хүсэлт гаргасан С.Мөнхзаяа гэж миний нэрийг бичсэн ...Ш.Алтансүхийн нэхэмжлэлтэй холбогдох хариуцагчийг 30.0 сая төгрөг зээлж авсан С.Янжмаагаар сольж өгнө үү. Учир нь би Ш.Алтансүхээс нэг ч төгрөг зээлж аваагүй, зөвхөн хашаа байшингаа барьцаанд тавиулахыг л өөрийн эгч С.Янжмаад зөвшөөрсөн юм. Хүсэлт гаргасан Мөнхзаяа гэсэн хүсэлт,
Мөн хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа 2016 оны 05 дугаар сарын 12-нд шүүхэд гаргасан С.Мөнхзаяа гэж миний нэрийг бичсэн тайлбар гэх ... Шаравдоржийн Алтансүхээс 30.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийн байдлаар 25.0 саяр төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.Алтансүхэд өгсөн. Миний доорх саналыг харгалзан үзнэ үү. Энэ 25.0 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс нь хасч тооцоод үлдэгдэл 5 сая төгрөгийг болон гэрээнд бичгээр заасан 3 сарын хүү болох 4.5 сая бүгд 9.5 сая төгрөгийг график гарган 3 хувааж төлөх саналтай байна. 7 сарын 25-нд 3.0 сая, 9 дүгээр сарын 20-нд 3.5 сая, 8 дугаар сарын 25-нд 3.0 сая төгрөгийг тус тус төлнө С.Мөнхзаяа зэргийг миний бие нь тус шүүхэд бичиж өгөөгүй болно.
Харин хавтас хэргийн 67 дугаар хуудсанд 2016 оны 06 дугаар сарын 23-нд шүүхэд ... өмгөөлөгч Барсүрэнг авсан ..... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, мөн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүгч Л.Эхлэлтээс татгалзаж шүүгчийг сольж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг хариуцагч С.Мөнхзаяа миний бие өөрийн гараар бичиж шүүхэд өгсөн. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд 2016 оны 04 дүгээр сарын 25-нд хариуцагчийг солиулах тухай хүсэлт, Мөн хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа 2016 оны 05 дугаар сарын 12-нд шүүхэд гаргасан С.Мөнхзаяа гэж миний нэрийг бичсэн тайлбар гэх зэргийн бичгийн хэв, гарын үсэг, тавигдсан он, сар, өдөр нь хариуцагч С.Мөнхзаяа миний гараар бичигдсэн эсэх, миний гарын үсэг мөн эсэх, уг 2 гараар бичсэн бичиг нь миний бичгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа учир Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд гаргахад миний хүсэлтийг хүлээж аваагүй, харин шүүгч та энэ 2 бичгээ нотлох баримтаас хасуулж болно гээд миний хүсэлтийг хангаагүй. Харин миний гаргасан хүсэлтийг хангаж хавтаст хэрийн 15, 35 дугаар хуудсанд байгаа бичигт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан.
4. Гэтэл шүүх хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа 2016 оны 05 дугаар сарын 12-нд шүүхэд гаргасан С.Мөнхзаяа гэж миний нэрийг бичсэн тайлбар гэх ... Шаравдоржийн Алтансүхээс 30.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийн байдлаар 25.0 сая төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.Алтансүхэд өгсөн. Миний доорх саналыг харгалзан үзнэ үү. Энэ 25.0 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс нь хасч тооцоод үлдэгдэл 5 сая төгрөгийг болон гэрээнд бичгээр заасан 3 сарын хүү болох 4.5 сая бүгд 9.5 сая төгрөгийг график гарган 3 хувааж төлөх саналтай байна. 7 сарын 25-нд 3.0 сая, 9 дүгээр сарын 20-нд 3.5 сая, 8 дугаар сарын 25-нд 3.0 сая төгрөгийг тус тус төлнө С.Мөнхзаяа гэсэн тайлбараар нэхэмжлэгч нар нь 30.0 сая төгрөгийг С.Мөнхзаяад өгсөн нь нэхэмжлэгч нарын Мөнхзаяад мөнгийг өгсөн гэх тайлбараар хангалттай нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Уг бичгийг би бичээгүй, дээрх 30.0 сая төгрөгийг С.Мөнхзаяа миний бие аваагүй. Нэхэмжлэгч нар нь С.Мөнхзаяад өгсөн гэж байхад шүүх нь Ж.Цэрэндорж, С.Мөнхзаяа нараас гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй болно.
Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С.Мөнхзаяа /утас. 99719867 утастай миний бие өөрийн өмгөөлөгч Д.Барсүрэн /утас:96656369, 94769908/ утастай өмгөөлөгч Г.Алтанчимэг, /утас: 96095711/ нарын хамтаар биечлэн оролцуулж шүүх хурлын товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.
Хариуцагч С.Мөнхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсч байна. Ш.Алтансүхтэй зээлийн гэрээ байгуулсан боловч бид энэ мөнгийг аваагүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан тайлбарыг би гаргаагүй, миний гарын үсэггүй байсан. Тэр тайлбарыг хэн гаргасан болохыг шинжээч томилуулж тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэрээнд би гарын үсэг зурсан ч биднийг төлбөрийн чадваргүй гэж үзээд мөнгө зээлээгүй. Тэр үед эмчилгээнд явах гээд манайд мөнгө хэрэгтэй байсан учраас Цэрэндоржийн дүүгээс мөнгө зээлсэн гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Алтансүхтэй байгуулсан гэрээ нь барьцаалан зээлдүүлэх гэрээ байсан. Энэ гэрээний хувьд Үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагатай байхад талууд гэрээг Үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй байсан. Энэ байдлыг харгалзаж үзэхгүйгээр шүүх тус гэрээг 2 тусдаа өөр гэрээ мэтээр тайлбарлаж нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй.
Ж.Цэрэндорж С.Мөнхзаяа нар хамтран зээлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрч Янжмаа нь би энэ мөнгийг амаар тохиролцож Ш.Алтансүхээс зээлж авсан гэж өөрөө мэдүүлсээр байхад үүнийг шүүх үнэлэх боломжгүй гэсэн байдаг. Гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхэд өгсөн тайлбар, хүсэлтийг Янжмаа бичсэн байдаг. С.Мөнхзаяа Ш.Алтансүхээс мөнгө зээлсэн гэж бичсэн зүйл байдаггүй. Үүнийг давхар нотлохоор шүүхэд хүсэлт гаргаад байхад хүсэлтийг хангаагүй. Янжмаагийн мэдүүлэг үнэн эсэхийг шалгаж үзэх шаардлагатай байна. Эдгээр нөхцөлийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэсэн байдаг. Гэтэл энэ гэрээнд хариуцагч Цэрэндоржийн нэрийн өмнөөс С.Мөнхзаяа би түүний гарын үсгийг зурсан гэдэг.
Мөн 2014 оны 2 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд Ж.Цэрэндорж өөрөө гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар хариуцагч С.Мөнхзаяа анхан шатны шүүхэд хэлсэн боловч түүнийг анзаарч үзээгүй. Эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзсэн. Мөн хариуцагчаас хавтаст хэрэгт авагдсан баримтанд гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахад хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Хавтаст хэргийн 15, 35 дугаар хуудсанд байгаа хариуцагч С.Мөнхзаяагийн нэрийн өмнөөс хариуцагч Янжмаа шүүхэд өөрийн гараар хүсэлт бичиж 2016 оны 04 сарын 25-нд мөн 2016 оны 5 сарын 12-нд өгсөн байдаг. С.Мөнхзаяа хэргийн материалтай танилцаж байх үедээ өөрийнх нь нэрийн өмнөөс бичиг гаргаж өгсөнийг мэдсэн. Хавтаст хэргийн 21, 27 дугаар хуудсанд 2016 оны 05 сарын 24-нд шүүхэд С.Мөнхзаяа нь Янжмааг хариуцагчаар оролцуулж өгөх, өмгөөлөгч Д.Барсүрэнг хуралд оролцуулах хүсэлт гаргаж байсан байдаг. Энэ 2 хүсэлтийг хариуцагч С.Мөнхзаяа өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Бичмэл нотлох баримтыг хуурамч эсэхийг шалгах боломжтой байхад шалгахгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар бичмэл нотлох баримт хуурамч бол шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримтыг шаардан авч болно гэсэн байдаг. Энэ зээлсэн гээд байгаа 30 сая төгрөгийг 2014 оны 10 сарын 29-ний зээлийн гэрээгээр Ж.Цэрэндорж С.Мөнхзаяа нар мөнгө аваагүй гэж тайлбарласан байдаг.
Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 04 сарын 17-нд энэ 30 сая төгрөгийг С.Мөнхзаяа дүү Янжмаагийн хамт авч явсан гэж тайлбарласан. Шүүх хурал дээр Ш.Алтансүх гэрч асуулгахад Ш.Алтансүхийн жип машинтай явж С.Мөнхзаяагийн гэрт очиж мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байгаа юм. Хариуцагч нар мөнгө аваагүй гэдэг.
Мөн 2016 оны 6 дугаар сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хүсэлт гаргаж түүнийхээ хавсралтанд Янжмаагийн зээлийн хүү алдангийн тооцоо гэж гаргаж өгсөн байдаг. Энэ нь Ш.Алтансүх мөнгөө С.Мөнхзаяад биш Янжмаад зээлсэн гэдэг нь харуулж байна.
Мөн Ш.Алтансүхийн Хаан банкны дансны хуулгыг үзэхэд Янжмаагаас 2014 оны 11 сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 23 сая 500 мянган төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хамгийн эхний төлөлтийг зээлийн хүү гэж хийсэн байдаг. Тэрнээс хойших төлөлтүүд нь Янжмаагаас гэж хийсэн байдаг.
Хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд авагдсан Ж.Цэрэндоржийн тайлбарт Ш.Алтансүхээс 30 сая төгрөг аваагүй гэж тайлбар бичсэн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдлаанд Янжмаа өөрөө тэр мөнгийг авсан гэдгээ хэлсэн байдаг. Хариуцагч нар мөнгө аваагүй гэж маргаж байхад энэ үндэслэлийг анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж үндэслэл болгосон бичгийн нотлох баримт нь хуурамч байхад түүнд үндэслэсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэгч Ш.Алтасүхийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Хариуцагч С.Мөнхзаяа зээлийн гэрээг бичгээр байгуулаад мөнгөө аваагүй гэж байгаа ч тайлбар гаргахдаа би 30 сая төг 3 сарын хугацаатай зээлж авсан гэж бичсэн байсан. Янжмаа Ш.Алтансүхтэй аман хэлцэл хийж хүүгүй зээл авсан юм бол ямар учраас Ж.Цэрэндорж нартай байгуулснаас хойш 1 сарын дараа тухайн гэрээгээр тохирсон хүүг төлөөд явсан байх вэ? гэдэг асуудал тавигдана. Янжмаа аман хэлцлээр мөнгө зээлж авсан юм бол түүнд хүү төлөх үүрэг хүлээхгүй байсан. Гэтэл Янжмаа зээлийн гэрээний үүргийг хүлээгээд сар бүрийн 27-28-нд 5 хувийн хүү төлсөн нь дансны хуулгаар нотлогдож байдаг. Үнэн хэрэгтээ хариуцагч С.Мөнхзаяа Ш.Алтансүхээс 30 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэж аваад мөнгөө Янжмаад өгсөн нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм.
Авсан мөнгөө юунд зарцуулсан нь гэрээний үүргээс зайлсхийх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээг барьцааны гэрээтэй хамт байгуулсан. Барьцааны гэрээг бүртгэлд бүртгүүлээгүй нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцох үндэслэл болж чадахгүй. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлд зааснаас хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байвал хэлцэл хэвээр үлдэнэ гэсэн байдаг. Барьцаатай холбоотой заалт нь хүчин төгөлдөр бус байлаа гэхэд энэ нь зээлийн гэрээний заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх хуралдаанд 3 гэрч тайлбар өгсөн. Хариуцагчийн зүгээс Янжмаа, Болормаа нарыг гэрчээр оролцуулсан, нэхэмжлэгчээс Лхагважавыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх Янжмаагийн мэдүүлгийг үндэслэлтэйгээр үнэлж дүгнэсэн. Янжмаа нь энэ хэрэгт эхлээд хариуцагчаар оролцож байгаад дараа нь гэрчээр оролцсон. Мөнгө төгрөг өгсөн авсан асуудалд С.Мөнхзаяатай нэг ашиг сонирхолтой учраас шүүх гэрчийн тайлбарыг үнэлээгүй нь үндэслэлтэй юм.
Нөгөө 2 гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй шалтгаан нь хэдийгээр хөндлөнгийн этгээд байсан боловч Лхагважав нь 3 жилийн өмнөх байдлыг тодорхой дүрсэлж чадахгүй байсан. Болормаа нь 3 жилийн өмнөх байдлыг яг энэ хэрэгт өөрөө ашиг сонирхолтой этгээд мэт 3 жилийн өмнөх зүйлийг өнөөдөр болсон зүйл шиг тодорхой дүрсэлж ярьж байсан.
Хариуцагч С.Мөнхзаяа зээлийн гэрээ байгуулсан ч мөнгө аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй, мөнгийг хэнд өгөх нь С.Мөнхзаяагийн хувийн асуудал. Авсан мөнгөө Янжмаад өгсөн байх нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Ш.Алтансүхийн хариуцагч С.Мөнхзаяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч С.Мөнхзаяад нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбараа ирүүлэхийг даалгажээ.
2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.Мөнхзаяагаас С.Янжмааг хамтран хариуцагчаар татаж өгөхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр С.Янжмааг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай шүүгчийн 625 дугаартай захирамж гаргаж түүнд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Алтансүх С.Янжмааг хариуцагчаас хасуулах хүсэлт гаргажээ.
Шүүх хариуцагч С.Янжмаа нь уг зээлийг хариуцан төлөх этгээд мөн эсэхийг шүүхийн шийдвэрээр шийдэх боломжтой байхад хариуцагчаас хасах гэсэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй ажиллагаа хийж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр С.Янжмааг хариуцагчаас хасах 1427 дугаартай шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мөнхзаяагаас 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ш.Алтансүхээс 30.000.000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай аваад өнөөдрийн байдлаар 25.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...үүнийг хасч тооцоод үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 3 сарын хүү 4.500.000 төгрөгийн хамт график гарган 3 хувааж төлөх саналтай байна гэсэн тайлбар, хариуцагчийг С.Янжмаагаар сольж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх боловч энэ хүсэлтүүдийг би бичээгүй С.Янжмаа бичсэн гэж маргаж, уг тайлбар, хүсэлтийг хариуцагч С.Мөнхзаяа миний гараар бичигдсэн эсэхэд мэргэжлийншинжээч томилуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ.
Хариуцагч С.Мөнхзаяагийн дээрх тайлбар нь түүний хүсэл зориг мөн эсэх, уг тайлбарыг хэн бичсэн эсэх нь хариуцагчийг тодорхойлоход болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хүлээж аваад хариуцагчийн дээрх хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлогдвол зохих зүйл, үйл баримтын талаар оновчтой байхад ямар зүйлийн талаар нотлуулах гээд байгаа нь тодорхойгүй гэж үзээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчжээ.
Ийнхүү хариуцагчийн тайлбарыг хэн бичсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх уг тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хариуцагч С.Мөнхзаяа, Ж.Цэрэндорж нар нь давж заалдах гомдол гаргахдаа Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 568 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Ж.БАТТОГТОХ