Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00682

 

И М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 167 дугаар магадлалтай, 

И М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох, 

Ажлын хөлс, алданги, барьцаа, магадлашгүй ажлын зардалд  нийт 1.549.904.110 төгрөг  гаргуулах үндсэн нэхэмжлэл,  гэрээг цуцлах, төсвийн зөрүү, ажлын доголдлыг арилгах зардал, алданги, хохиролд нийт 1.867.216.091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Ж.Б, Ж.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч И М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.Б-тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэн Б.Б-гаас гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д шилжүүлсэн бөгөөд И М ХХК нь Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. И М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан ба Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачилгаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна. Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Энэ талаар гүйцэтгэгч тухай бүр албан бичгээр болон албан уулзалтаар нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвшилцөлд хүрэхээр чармайлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй. Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүйгээс тус компанийн ажилчид болон мэргэжлийн ажилчид сул зогсолт хийж их хэмжээний алдагдалд ороод байна. Захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978.302.183 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний нийт алданги 1.076.655.604 төгрөг болж тус компанид их хэмжээний хохирол учирсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байдалд хүргээд байна. Иймд иргэн Б.Б-гаас гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978.302.183 төгрөг, гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489.151.092 төгрөг, нийт 1.467.453.275 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1 дэх хэсэгт “...Магадлашгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно” гэж заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг 2% байхаар төсөвлөн тохиролцсон. Барилга угсралтын ажлын явцад дараах магадлашгүй ажлын зардал гарсан. Үүнд: хариуцагч Б.Б-гийн барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47.699.445 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11.984.115 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38.542.275 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2.000.000 төгрөг, нийт 100.225.836 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагчаас нийт 1.549.904.110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...И М ХХК болон Б.Б- нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хийгдэх нийт ажлын үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байна. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан байдаг. Гэрээний 9.1.1-т 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилга угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулахаар заасан. Гэрээний 2.1-д гүйцэтгэгч И М ХХК нь энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгөөр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл И М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.2, 2.4-т ажлуудыг барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн байна. Гэрээний 2.3-т ...0-10 давхрын өрлөгийн ажил, 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй. Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй. Иймд гэрээний 8.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг И М ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Нэхэмжлэгч нь захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978.302.183 төгрөгийг аваагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндсэн төлбөр гэж чухам юуг хэлж байгаа, энэ мөнгөн дүн нь ямар тооцоо болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нотлох баримтууд нь энэхүү тооцоог батлаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.2.5-д тусгагдсан 520.000.000 төгрөгийн төсөв бүхий гэрээний 2.3-д заасан ...0-10 давхрын өрлөгийн ажил 2015 оны 8 дугаар сарын 31-ний дотор хийж дуусгахыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй үүргийн алданги болох 260.000.000 төгрөгийн, мөн гэрээний 2.2.4-д заасан ажлыг гэрээний 3.2.4-д заасан нөхцөлөөр 700.000.000 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үүргийн алданги нь 350.000.000 төгрөг, нийт 610.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ажил гүйцэтгэгчээс захиалагчид гаргуулах, мөн И М ХХК, иргэн Б.Б- нарын хооронд 2015 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр Контор үйлчилгээний зориулалттай барилга угсралт-ын ажлыг гүйцэтгэх төсвийг 3.307.819.085 төгрөг, 3.934.110.473 төгрөг гэсэн өөр өөр дүнтэйгээр зохиож, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон 3.934.110.473 төгрөгийн төсвийн гүйцэтгэлээр төлбөр нэхэмжилж байх тул дээрх төсвүүдийн зөрүү 626.291.388 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал буюу И М ХХК-иас захиалагч тал буюу иргэн Б.Б-д гаргуулах, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр И М ХХК, иргэн Б.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан И М ХХК-иас захиалагч Б.Б-д 833.336.595 төгрөгийн алдангийг гаргуулан олгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах гэж шаардсан шаардлагаас татгалзаж байна. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэх зэргээс татгалзан доорх байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: Гэрээний 11.1 болон ...тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардалд а/ Гадна дулааны ажлын зардалд 152.615.194 төгрөг, б/ Цахилгааны ажлын зардалд 134.911.700 төгрөг, в/ Гадна бохирын ажилд 47.469.750 төгрөг, г/ Гадна цэвэр усны ажилд 47.469.750 төгрөг буюу нийт 382.466.444 төгрөг, Гэрээний 6 дугаар зүйл Хяналт, 7 дугаар зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалтад зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 184.320.000 төгрөг, Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 давхрын хучилтийг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192.000.000 төгрөг, Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468.000.000 төгрөг, И М ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд ногдох алданги буюу 610.000.000 төгрөг гаргуулах, Капитал банктай байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 30.429.647 төгрөг гаргуулах, буюу нийт 1.867.216.091 төгрөгийг И М ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч И М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...И М ХХК-иас БГД-ийн 3-р хороо, Нарны гүүрний зүүн талд байрлах иргэн Б.Б-гийн оффисс үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 3.934.110.473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал болгосон. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг тооцон угсралтын ажлын төсөвт өртгийг 3.602.664.075 төгрөгөөр санал болгосныг захиалагч тал хүлээн зөвшөөрснөөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр ажлыг 3.602.664.075 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон юм. Манай компани нь ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрт гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан. Үүнд 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхрын, гражын суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941.387.765 төгрөгийн 1-р гүйцэтгэл, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1, 2, 3-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794.658.680 төгрөгийн 2-р гүйцэтгэл, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4, 5, 6-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744.949.317 төгрөгийн 3-р гүйцэтгэл, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 7, 8, 9, 10-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826.823.323 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гарсан. Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3.307.819.085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үнэнд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзэж байна. Иргэн Болормаа, И М ХХК нарын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлгэн өгчихсөн байсан одоо гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хуульд зааснаар ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги гэж нэхэж байгаа нь үндэсгүй. Капитал банк болон Б.Б- нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтад Зээлийн зориулалт: орон сууцны зээлд зориулагдана гэж, мөн гэрээний 4.2.3 дахь заалтад Зээлийг зээлийн гэрээний 3.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдэхгүй байх гэж зээлдүүлэгчийн үүргийг тусгасан байна. Б.Б-гаас И М ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна. Б.Б-гийн Капитал банкнаас авсан гэх 119.000 ам.долларын зээл нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг И М ХХК-иар гүйцэтгүүлэх барилгын ажилд зориулагдсан санхүүжилтийн зээл бус харин орон сууцны зээл байх тул Б.Б-гийн Капитал банкны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь И М ХХК-д хамааралгүй болох нь харагдаж байна. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид гэм хор учруулсан гэх асуудал ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-гаас 613.669.871 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 936.234.239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И М ХХК, хариуцагч Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, И М ХХК-аас 184.320.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Б-д олгож, сөрөг шаардлагын үлдэх 1.682.896.091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч И М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /7.495.216+659.100/ нийт 8.154.316 төгрөгөөс 7.907.471 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 246.845 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /4.423.250+2.074.150+310.100/ нийт 6.807.500 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, дутуу төлсөн 20.844.480 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжийн /хангасан хэмжээ 613.669.871 төгрөгт ногдох/ 3.226.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И М ХХК-д, нэхэмжлэгч И М ХХК-аас /хангасан хэмжээ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад оногдох 18.157.950 төгрөг, мөн 184.320.000 төгрөгт оногдох 1.079.550 төгрөг/ нийт 19.237.500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс /2.350.000+3.080.000/ нийт 5.430.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч И М ХХК-аас 2.715.000 төгрөгийг, хариуцагч Б.Б-гаас 2.715.000 төгрөгийг тус тус гаргуулж, 2.350.000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны /регистрийн дугаар 2581078/ БЭСГЭ ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 тоот дансанд, 3.080.000 төгрөгийг БЗД, СБД, ЧД ИХАШШТГ н.с /дансны нэр/, 100900005409 /дансны дугаар/, 5318521 /регистерийн дугаар/-д тус тус олгуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч И М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.907.500 төгрөгийг, хариуцагч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.787.060 төгрөгийг тус тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн зүгээс анхан шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус маргаанд нэхэмжлэгч И М ХХК-ийн зүгээс гэрээний нийт төсөв 3.600.000.000 төгрөг гэж үзэн үүнээс иргэн Б.Б- нь 2.463.327.810 төгрөг төлсөн бөгөөд И М ХХК-ийн хувьд дутуу гүйцэтгэсэн өрлөгийн ажлын үнийн дүн болох 300.327.544 төгрөгийг хасаад гэрээний нийт үлдэгдэл төлбөр дээр дараах зардлуудыг нэмж, нийт 1.567.679.093 төгрөг нэхэмжилжээ. Харин анхан шатны шүүхээс “2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр И М ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нь 3.328.024.224 төгрөг, үүнээс бодит гүйцэтгэл нь 3.102.739.119 төгрөг гэж тодорхойлсон байх тул энэхүү дүнгээс захиалагчийн санхүүжилтэд төлсөн 2.463.000.000 төгрөгийг хасахад 639.739.119 төгрөг ба үүн дээр нэмэгдүүлсэн шаардлага магадлашгүй ажлын зардал 100.225.836 төгрөгийг нэмэхэд нийт 739.964.955 төгрөг болж байна” гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн үндэслэлгүй, холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй зардлуудыг нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрт талууд давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнд Барилгын төсөвчдийн холбооны томилсон шинжээчид нь дүгнэлтдээ 3.600.000.000 төгрөгийн хөлс бүхий ажлыг тооцохдоо ямар аргачлал, баримт, материалыг үндэслэж 3.102.739.119 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь тодорхойгүй, нийт ажлын хэдэн хувийг хийж гүйцэтгэснийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй зэрэг үндэслэлийг дурджээ. Гэвч дээрх үндэслэлүүд нь уг хэргийг заавал анхан шатаар хэлэлцүүлэх үндэслэл биш бөгөөд давж заалдах шатны журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Барилгын төсөвчдийн холбооны томилсон шинжээчид нь дүгнэлтдээ 3.600.000.000 төгрөгийн хөлс бүхий ажлыг тооцоход ямар аргачлал, баримт, материалыг үндэслэж 3.102.739.119 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь тодорхойгүй гэж шүүхээс дүгнэсэн хэдий ч уг үнийн дүн дээр талууд маргадаггүй. Шинжээчдийн зүгээс тухайн барилгын ажлын төсвийг гаргаснаас бус хариуцагч талын төлөх төлбөрийг тодорхойлоогүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчдийн дүгнэлтэд заасан хэмжээний зардлыг гаргасан байж болох хэдий ч тухайн зардлыг хариуцагч төлөх эсэхийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шүүхийн зүгээс шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь нийт ажлын хэдэн хувь болохыг тогтоогоогүй гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нотлох ажиллагааг хийх учиргүй. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах боломжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд гэрч Ц.Насанхутагийг асуулгах хүсэлт гаргах шүүгчийн захирамж гарсан хэдий ч ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс уг хүсэлтээсээ татгалзсан, үүнийгээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад уг хүсэлтээс татгалзсанаа дахин илэрхийлсэн. Гэтэл шүүхийн зүгээс уг хүсэлтийг заавал биелүүлэх шаардлагатай гэж үзэж буй нь үндэслэлгүй. Гэрээний 11.1 болон 2017 оны 3 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метр доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ” гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах. Үүнд гадна дулааны ажлын зардалд 152.615.194 төгрөг, цахилгааны ажлын зардалд 26.982.340 төгрөг, гадна бохирын ажилд 47.469.750 төгрөг буюу нийт 227.067.284 төгрөг, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар тухайн ажил гүйцэтгэхэд шаардагдах бүхий л зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцсон байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд Барилгын ажлын захиалагчийн эрх үүргийг тодорхойлсон байдаг бөгөөд тус хуулийн 15.1.1-д “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах” нь захиалагчийн үүрэг гэж заажээ. Захиалагч буюу иргэн Б.Б- уг зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагаас авч И М ХХК-д хүлээлгэн өгч барилгын ажил эхэлсэн. Харин нэхэмжлэгчийн шаардаж буй газар доогуур буудах, бусдын эзэмшлийн талбайд дулааны шугам ухах, угсрах зэрэг ажлуудын зөвшөөрлүүд нь захиалагч талын заавал хариуцах үүрэг биш бөгөөд аль тал нь хариуцахаа талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулдаг ба уг үүргийг гүйцэтгэгч тал буюу И М ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192.000.000 төгрөгийг И М ХХК-иас гаргуулах. Мөн иргэн Б.Б-гийн зүгээс И М ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлаа тогтоосон хугацаанд гүйцэтгэж акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 610.000.000 төгрөгийг гаргуулах. Барилгын 7-10 давхрын цутгалтын ажил болон 0-10 давхрын өрлөгийн ажлыг тогтоосон хугацаанд акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй учир тухайн ажлуудын үнийн дүнгээс гэрээнд заагдсан 0.3 хувийн алдангийг тооцсон болно. Хариуцагчийн зүгээс И М ХХК-ийг 1-6 давхрын барилга угсралтын ажилд ашигласан арматур төмрийг Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан шаардлагад нийцсэн эсэхээ нотол, хэрэв нотлохгүй бол цаашдын ажлыг хүлээн авах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан болно. Б.Б-гийн зүгээс тухайн барилгын ажлыг санхүүжүүлэхэд зориулж өөрийн боломжит байдлаар тал талаас хөрөнгө босгосон ба гүйцэтгэгч тал нь төлсөн төлбөрийн талаар маргаагүй. Үүний хүрээнд иргэн Б.Б- нь Капитал банктай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119.000 ам.долларын зээл авсан бөгөөд уг мөнгөөр тухайн барилгын ажлыг санхүүжүүлсэн. И М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж Капитал банкинд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөртэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Б.Б-д учирсан хохирол болох 12.726 ам.доллар буюу 30.429.647 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу И М ХХК-иас гаргуулах. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд захиалагчийн зүгээс санхүүжилтийг хэрхэн босгох аргыг заагаагүй учир Б.Б-гийн зүгээс ямар байдлаар тус хөрөнгийг цуглуулах өөрийнх нь эрхийн асуудал юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бухэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нийт 1.059.496.931 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И М ХХК, Б.Б-д холбогдуулан ажлын хөлс 786.452.183 төгрөг,  барьцаа 180.000.000 төгрөг, алданги 483.226.091 төгрөг, магадлашгүй ажлын зардалд 100.225.836 төгрөг, нийт 1.549.904.110 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч гэрээг цуцлах, ажлын доголдлыг арилгах зардалд 1.226.786.394 төгрөг, алданги 610.000.000 төгрөг, хохиролд 30.429.647 төгрөг, нийт 1.867.216.091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх, хуульд заасан шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон, нэхэмжлэгчийн шаардсан магадлашгүй ажлын зардлыг гаргуулахдаа тухайн ажлууд бодитой хийгдсэн эсэхийг бүрэн дүгнээгүй, гэрчээр Ц.Насанхутагийг асуулгах нэхэмжлэгчийн хүсэлт бүрэн биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тухай магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

2. Дээрхээс гадна анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдлаар хуулийн шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3-т зааснаар шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана. Анхан шатны шүүх энэ шаардлагыг биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх, шийдвэрийн тодорхойлох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаарх зохигчийн тайлбарын агуулгыг тодорхой тусгаагүй, үндсэн нэхэмжлэлд гаргасан хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг ойлгомж муутай тодорхойлжээ. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, тодруулах, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар хэдэн ч удаа тайлбар гаргах боломжтой ч шүүх ямар шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж буйгаа тодорхой болгож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн тайлбар, татгалзлыг шийдвэрт ойлгомжтой байдлаар тусгах нь хуульд нийцнэ.

б. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулж, эрх зүйн бүрэн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал, барьцааны 180.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх шийдвэртээ үндэслэлээ заагаагүй байна. Шүүх барьцааны мөнгийг саатуулан барих гэрээгээр тохиролцсон хугацааг тодорхойлж уг хугацаа болж нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэх байжээ.

Сөрөг нэхэмжлэлийн нийт дүн 1.867.216.041 төгрөг атал 1.867.216.091 гэж тодорхойлсон, сөрөг нэхэмжлэлд “гэрээг цуцлах” гэснийг шүүх бие даасан шаардлага гэж үзэн, үүнд улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэрээний талууд гэрээг байгуулах, үргэлжлүүлэх, цуцлахыг шийдвэрлэх бөгөөд зохигч гэрээг цуцалж улмаар хэн аль нь шаардлага гаргаж шүүхэд хандсан, эсхүл гэрээг цуцлах үндэслэлийн талаар маргасан эсэхийг шүүх тодруулж эрх зүйн дүгнэлт өгөх  шаардлагатай.

Барилгад ашигласан арматурын 40 хувь нь доголдолтой гэж шүүх үзэхдээ “тухайн материалыг доголдолгүй болохыг нэхэмжлэгч нотлоогүй, чанарын сертификат хэрэгт авагдаагүй” гэсэн нь эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт болоогүй байна. Мөн хариуцагч нь арматурыг доголдолтой гэж үзэн, уг доголдлыг арилгах зардалд сөрөг нэхэмжлэлээр 184.200.000 төгрөг шаардсан атал шүүх, доголдлыг 310.615.084 төгрөгийн хэмжээнд тодорхойлж, 184.320.000 төгрөгийн шаардлагыг хангаснаас гадна үндсэн нэхэмжлэлээс зөрүү 126.295.084 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсанаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.787.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ