Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

 

      С.Сод холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Анхцэцэг,

Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаа,   

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор С.Сод холбогдох эрүүгийн 1708000000060 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Тайж нар овгийн Сүх-Очирын С.С, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дээвэр угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суудаг,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэгдэж, 2006 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: /,   

             С.С нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ү.Оийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Сод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сын холбогдсон эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 344 /гурван зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Сод нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тус тус авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, хохирогч Ү.Од төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, С.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ялаар шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед С.С нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ажил хийдэг талаар ярьсан боловч шүүхээс тогтмол ажил эрхэлдэггүй байна гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэсэн. С.С нь Монгол-Унгарын хамтарсан “Аква Пласт Монгол” ХХК-ийн барилгын бригадад туслах ажилтнаар 600.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна. Энэ байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сод 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэдэг зүйл ангиар шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаад, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Энэ хэлэлцүүлгээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар болох С.С, Ү.О нарыг оролцуулан шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ү.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр гэм буруутайд тооцуулах саналаа шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Ял оногдуулахдаа 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг ялтны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирч байгаа хор уршиг зэрэгт тохирсон ял шийтгэл гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.С нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ү.Оийг зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ү.Оийн мэдүүлэг /хх-16-17, 18-19, 20/, гэрч Б.Сын мэдүүлэг /хх-23-24/, гэрч Д.Үийн мэдүүлэг /хх-21/, гэрч Р.Нийн мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Өийн мэдүүлэг /хх-26/, гэрч Т.Мийн мэдүүлэг /хх-28/, гэрч А.Дйн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41-42, 119/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10747 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/, хохирогч Ү.Оийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-76, 82-83/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос С.Сод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс С.С нь <<согтуурсан үедээ, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ү.Оийг “чи зугаа цэнгэл хөөцөлдлөө, шоудлаа” гэх шалтгаанаар гараараа нүд рүү нь цохих, улмаар Ү.Оийг гэрээсээ гарч зугтахад нь хөөж очин хашаан дотор үсдэж унагах, ууц нуруу руу нь өшиглөх, толгой руу нь гараараа цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан>> гэсэн хохирогч Ү.Оийн тогтвортой мэдүүлэг, мөн “...Ү.Оийн биед нүүр, хүзүү, их бие, хөлийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 өвдөгт зулгарал тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-32/ гэх шинжээчийн дүгнэлт зэргийг үгүйсгэх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг шүүгдэгч С.Сыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;”-ийг хамааруулахаар хуульчилсан ба энэхүү хэргийн шүүгдэгч С.С, хохирогч Ү.О нар нь 2009 онд гэр бүл болсон байх ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр байна.

Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан “...С.С нь Монгол-Унгарын хамтарсан “Аква Пласт Монгол” ХХК-ийн барилгын бригадад туслах ажилтнаар 600.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна. Энэ байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч С.С нь “Аква Пласт Монгол” ХХК-ийн барилгын бригадад туслах ажилтнаар ажилладаг гэх боловч түүний Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн “Аква Пласт Монгол” ХХК-ийн тодорхойлолт нь баримт бичгийн шаардлага хангахгүй байх тул С.Сыг эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Сод оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ