Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 633

 

                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.С, Ц.Б нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Г.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 180900000021 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Гантогтохын Г.С, 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо,  тоотод оршин суудаг,

1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 517 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

 

Боржигон овгийн Цэдэндамбын Ц.Б, 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 648.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, /РД: /,

         

             Х.Г.С, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн задгай тоотод хохирогч С.Бы хурдан удмын хоёр тооны адууг хулгайлж, 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Х.Г.С, Ц.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Хэргийн материалаас үзэхэд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах байдлууд тогтоогдлоо. Үүнд:

1. Прокурор 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 232 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулан өгсөн тэмдэглэл үйлдэж, яллагдагч нараар гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл прокурор яллах дүгнэлт үйлдээгүй атлаа урьдчилж яллах дүгнэлт гардуулж гарын үсэг зуруулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүрэг зөрчигдсөн гэж байна шүүх үзлээ. Мөн хавтаст хэргийн 246 дугаар талд 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” мөрдөгчийн санал үйлдэгдэж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэснийг зөрчсөн байна. Уг мөрдөгчийн саналын доод хэсэгт “II дугаар сарын 20” гэснийг “III дугаар сарын 20” гэж янзалсныг анхаарах нь зүйтэй.

2. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлийг яллагдагч Д.Бд гардуулан өгсөн баримт байх бөгөөд /2хх-08/ 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Д.Бг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэсэн үндэслэлээр хэргийг тусгаарласан, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокуророос “...Д.Бд яллах дүгнэлтийг гардуулаагүй, тэрээр өөр хэрэгт холбогдсон байгаа” гэж мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлт гардуулан өгсөн гэж хуурамч гарын үсэг зурж хэрэгт хавсаргасан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шалгаж тодруулалгүйгээр Д.Бд холбогдох хэргийг тусгаарлаж хэргийг шүүхэд ирүүлсэн нь яллагдагчийн эрх зүйн байдал дордохоор байна гэж шүүх үзсэн тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр шалгах шаардлагатай байна.

3. Хавтаст хэргийн 97-104 дүгээр талд хөрөнгийн үнэлгээгээр 133.176.000 төгрөг гэсэн дүн гарсан байхад прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт яллагдагч Г.С, Ц.Б нарыг 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн заалтыг хангаагүй байна гэж шүүх үзлээ.

Прокурор 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн атлаа хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь дээрх хугацаанд ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, хэргийг шүүхэд шилжүүлээгүй удаасан байгааг тэмдэглэх нь зүйтэй. Дээрх байдлуудаас дүгнэхэд хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтүүд он, сарын хувьд засварласан байх ба нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй болохыг цаашид анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг дурдах нь зүйтэй байна. Иймд яллагдагч Г.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1809000000021 дугаар хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь: Прокурор 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч Г.С, Ц.Б нарт яллах дүгнэлтийг гардуулан өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Прокуророос яллах дүгнэлтийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үйлдэж яллагдагч нарт гардуулан өгсөн бөгөөд гардуулан өгсөн тэмдэглэлд гардуулсан огноо буруу бичигдэж бичиг техникийн алдаа гарсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан болно. Мөн хэргийн 246 дугаар талд 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх талаар санал гаргасан боловч яллагдагч Д.Б дуудсан цагт ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй эрэн сурвалжлах гэсэн шалтгаанаар 2018 оны 3 дугаар сарын 20-нд прокурорын хяналтад хэргийг ирүүлсэн, мөрдөгч санал гаргасан өдрөөс хойш хугацаа алдаж хэргээ прокурорын хяналтанд ирүүлсэн нь прокурорын байгууллагын дотоод журам, аргачилсан зааварт зааснаар зөрчлийн карт бичигдэж сахилгын арга хэмжээ авч шийдвэрлэгдсэн тул дээрх алдаа зөрчлийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлтийг яллагдагч Д.Бд гардуулан өгсөн баримт байгаа бөгөөд /хх-8-2хх/ 2018 оны 3 дугаар сарын 24-нд яллагдагч Д.Бг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж хэргийг тусгаарласан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокуророос Д.Бд яллах дүгнэлтийг гардуулаагүйгээр хэрэг прокурорт шилжиж ирэхэд ирээгүй оргон зайлсан байсан. Өөр дүүрэг эрүүгийн цагдаагийн тасгаас эрэн сурвалжлагдаж байгаа. Яллагдагч Д.Б нь өөр хэрэгт яллагдагчаар татагдсан эсэх нь тодорхойгүй талаар тайлбарласан яллах дүгнэлт гардуулсан баримт нь яллагдагч Д.Бд гардуулсан баримт биш гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд яллагдагч Д.Б нь яллах дүгнэлт үйлдэх үед оргон зайлсан талаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байсан баримтууд хавтаст хэрэгт хавсаргагдсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэнд яллагдагч Д.Бг ялласан баримт байхгүй зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 97-104 дүгээр талд хөрөнгийн үнэлгээгээр 133,176,000 төгрөг гэсэн үнэлгээ байхад яллах дүгнэлтэнд 130,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээ гэсэн заалт хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 130,000,000 төгрөгийн шууд хохирол учирсан ба хөрөнгийн үнэлгээний газраас 3,176,000 төгрөгийг үйлчилгээний хөлс гэж нэмж тооцсон дүн байсан бөгөөд гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохирлыг яллах дүгнэлтэд бичсэн нь үндэстэй гэж үзэж байна.

Прокурор 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр бичиг хэрэгт шилжүүлсэн бөгөөд хэрэгт яллах дүгнэлтээ гардаж авсан, яллагдагч нар нь прокурорын шатанд дуудсан цагт хүрэлцэн ирээгүйгээс хэрэг 2018 оны 5 дугаар сарын 15-нд шүүхэд хүргэгдсэн байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоол яллах дүгнэлтүүд он, сарын хувьд засварласан байх ба нотлох баримтын шаардлага ханах эсэх нь эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж заасан байхад прокурорын яллах дүгнэлт, тогтоолыг нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх нь энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар зарлаж прокуророос дээрх техникийн шинжтэй алдаа зөрчлийг тайлбарлаж залруулга хийсэн ба шүүхээс хэргийг прокурорт чухам ямар тодорхой ажиллагаа хийлгэхээр буцаасан нь тодорхойгүй дээрх хэрэгт гарсан техникийн шинжтэй алдаа зөрчлүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн яллагдагч Ц.Д.Бгийн үйлдэл нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Г.С, Ц.Б нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 793 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Г.С, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн задгайд хохирогч С.Бы хурдан удмын хоёр адууг хулгайлж, 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэснийг ноцтой зөрчиж, мөрдөгч нь 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Г.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргасан байх ба прокурор 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 сар 12 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдсэн, энэ хугацаанд хэргийн материалыг прокурор хянах хугацааг сунгасан дээд шатны прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр яллах дүгнэлтийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээрх яллах дүгнэлтийг гардуулсан нь яллах дүгнэлтийг үйлдэхээс өмнө гардуулсан баримт үйлдсэн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.” гэсийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж заасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаас гадна гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг зөв тогтоох шаардлагатай байна. Хавтаст хэргийн 97-109 дүгээр талд авагдсан “Дамно” ХХК-ийн гүйцэтгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд хулгайд алдагдсан гэх 2 адууг гагцхүү хохирогч С.Бы тайлбар, мэдүүлэгт үндэслэж үнэлгээ тогтоосон нь өрөөсгөл, бусад бичгийн ямар баримтаар дээрх үнэлгээ тогтоогдож байгаа нь тодорхойгүй байх тул бодит баримтад үндэслэн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нийцүүлэн 2 адууны үнэлгээг дахин тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.     

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 793 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ