Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Г.Мт, А.Т, Б.М, Г.Г

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийгиймаа, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Г.Мт, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүгдэгч Г.Г,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн болон шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мт, А.Т, Б.М, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1705010500117 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Ганбаатарын Г.Мт, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “” ХХК-д ажилтай байсан, Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,   

            2. Боржгон овгийн Алтанбаганын А.Т, 1991 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хорооллын  байрны  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,   

            3. Олонхууд овгийн Баянмөнхийн Б.М, 1988 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дүгээр байрны  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,   

            4. Боржигон овгийн Гансүхийн Г.Г, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, сургуульд суралцдаг, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

            Г.Мт, А.Т, Б.М, Г.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Great” нэртэй зочид буудлын гадна үүдний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ЯД /YANG DONG MING/, Шиа Жие /XIA JIE/ нарыг зодож хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

            Г.Мт нь Шиа Жие /XIA JIЕ/-ийн нүүр тус газар нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            хохирогч ЯД /YANG DONG MING/-ийн нүүр тус газар нь цохиж гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад ялзрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Мтад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар,

            А.Т, Б.М, Г.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Г.Мт, Б.М, Г.Г, А.Т нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Мтыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, - Г.Мтыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтыг 1 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 70 хоног, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 9 cap 10 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтад шүүхээс оногдуулсан 1 жил 9 cap 10 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтаас 7.578.944 төгрөг, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нараас тус бүр 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Янг Дун Минг /YANG DONG MING/-д /Б.Гийгиймаа/ олгож, хохирогч Жиа Жие нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, Янг Дун Минг /YANG DONG MING/-ийн нэхэмжлэлээс 6.251.684 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Мтад цагдан хорих, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Г.Мтад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Г.Мтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Г.Мт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулах гэмт хэргийг үйлдсэнд буруутайд тус тус тооцсон. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго нь Г.Мтын зүгээс хохирогч нарыг хятад иргэн гэх хувийн хонзогнох шалтгаанаар үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нарт гэмтэл учруулах тодорхой субьектив санаа зорилготой байсан нь нотлогддог. Энэ утгаараа Г.Мтыг нийгмийн хэв журам бүлэглэн зөрчих гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд давхар тооцох үндэслэлгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдэл Г.Мтын зүгээс эхэлсэн нь бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дангаар нь гэм буруутайд тооцсоноор илэрч байна.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолд хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг тайлбарласан байдаг. Яллагдагч, шүүгдэгчээр өгсөн Г.Мтын мэдүүлэгт хувийн хонзогнох сэдэлтээр /хятад иргэн гэх байдлаар/ гэмт хэрэг үйлдсэнээ тодорхой хэлсэн болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Г.Мтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн миний бие Г.Мт нарт холбогдох 1705010500117 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч тал болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох Ян Дунминг болон Жиа Жие нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийн яллагдагч нар болох Г.Мт, Б.М, А.Т, Г.Г нарыг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч нарын бие санаатай хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг шүүх үнэн зөвөөр тогтоож гэм буруутайд тооцсон боловч яллагдагч Г.Мтаас бусад тус гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн этгээдүүдэд ял оногдуулалгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримталж тэнссэн нь хэргийн бодит байдалд тохироогүйн дээр хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэж нийгмийн хэв журмыг маш ноцтойгоор буюу бүдүүлгээр зөрчиж хохирогч нар болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ян Дунминг болон Жиа Жие нарыг илтэд үл хүндэтгэж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар довтлон орж бүлэглэн зодож зодох үйлдэл нь 3-5 минут орчим хугацаагаар үргэлжилсэн болох нь тогтоогдсон биед нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулж хохирогч нарыг сэтгэл санаа болон бие махбодын хувьд маш ноцтой зовлон шаналалд оруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Дуан Лиан болон О.Халиун нарын удаа дараа өгсөн гэрчийн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч нарын өөрсдийн мэдүүлгүүд, мөн яллагдагч нарын санаатайгаар учруулсан гэмтлийн улмаас хохирогчид мэс заслын болон бусад төрлийн эмчилгээ хийлгэж олон хоногийг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж эмчийн хяналтанд байдгийг нотолсон баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдож байхад шүүгч хэргийг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг нотлох баримтад тулгуурлаж тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Иймээс тус хэргийг санаатайгаар өдүүлж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсны улмаас хохирогч нарт гэмтэл учруулсан Г.Мт, Б.М, А.Т, Г.Г нарт прокурорын сонгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан зүйл анги дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хүний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж давхар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчиж байна. Яагаад гэвэл нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулна гэсэн хуулийн үндсэн үзэл санааг зөрчөөд байна. Миний үйлчлүүлэгч энэ Хятад хүн байна гэж хувийн сэдэлтээр зодооныг эхлүүлсэн. Энэ дээр нь ял шийтгэл оногдуулсан атлаа давхар зүйлчлээд мөн олон гэмт хэрэг үйлдсэн учраас энэ хүнийг тэнсэн харгалзаж болохгүй гээд хорих ял оногдуулж байгаа нь хууль зөрчиж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс энэ гэмт хэргийг ялган зүйлчлэх ач холбогдолтой. 3-5 минут зодоон үүсгэсэн, аюултай байдал гарсан гэж хэлж байна. Камерын бичлэг үзэхэд тухайн зодоон нь 1 минут 43 секунд болсон байдаг. 1 минут 43 дахь секундээс өөр хүмүүс хайгаад, шүүгдэгч нар хэргийн газрыг орхиод явсан нь харагддаг. Шийтгэх тогтоолд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй нэг Монгол болон нэг Хятад хүн байгаа. Хятад гэрч нь тухайн зодоон болоход хэргийн газрын хажууд байсан. Түүнээс гэрчийн мэдүүлэг авахад зүс таних 4-5 залуу зочид буудлаас гарч ирээд Шиа Жие-г махлаг, дотуураа хар өнгийн цамцтай, халимаг үстэй, дээгүүрээ хар өнгийн савхитай, 25-30 орчим насны залуу 2 удаа нуруу руу нь хөшиглөхөд Ян Дунминг, Жиа Жие нар зугтах гэсэн боловч тэдгээр залуус тал талаас нь бүчээд явуулахгүй байсан. Тэр дундаас хүрэн өнгийн савхитай, хар өнгийн малгайтай, дотроо малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй залуу Ян Дунминг-ийг заамдан нүүр хэсэг рүү нь гараараа хүчтэй цохисон. Тэр үед Ян Дунминг газар унаж 5, 6 залуу дээрээс нь өшиглөж байсан гэж хэлдэг. Малгайн дээрээ А үсэгтэй байсан гэдэг нь шүүгдэгч Б.М байсан. Миний үйлчлүүлэгч Г.Мт биш юм. Гэрчүүд Б.М гэх залуу нь хоёр Хятад улсын иргэний нэгийг нь цохиод газар унагаасан гэж мэдүүлсэн байгаа. Гэтэл миний үйлчүүлэгчийг зодоон эхлүүлж, гэмтэл учруулсан гэдэг шалтгаанаар гэм буруутай гэж шүүх дүгнээд байгаа нь гэрчийн мэдүүлэгтээ ач холбогдол өгөхгүйгээр миний үйлчлүүлэгчийг ганцааранг нь буруутгаад байна. Миний үйлчлүүлэгчийг хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд шүүхээс 7.599.000 төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдсан. Гэтэл бусад 3 шүүгдэгч нараас олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж ял шийтгэл оногдуулсан атлаа эмчилгээний нөхөн төлбөр буюу 1.500.000 төгрөг тус бүр гаргуул гээд шийдчихсэн байгаа. Миний үйлчлүүлэгч хүн цохиж зодсон юм бол тухайн мөнгийг энэ хүн л төлөх ёстой. Яагаад зодоонд оролцоогүй, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан хэрнээ мөнгө гаргуулаад байгаа нь сонин. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлын мөнгөө төлье гэдэг боловч хохирогч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгийг авахгүй гэм буруугийн асуудал шийдүүлнэ гэж хэлдэг. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийгиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлээр давхар зүйлчилсэнд гомдолтой байна гэсэн. Яагаад гэвэл зочид буудалд чөлөөтэй орж гарах хаалганы үүдэн дээр Хятад иргэн гэсэн үндэслэлээр зодоон эхлүүлсэн нь хавтаст хэргээс харагддаг. Энэ нь нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн асуудал. Яагаад нийгмийн хэв журам гэж хэлж байна вэ гэвэл тэр газар 5 хүн нийлээд 2 хүнийг ээлжлэн зодсон. Тэгэхдээ хоорондоо нэг нэгнээ болиулсан хориглосон асуудал байхгүй. Гэрч Ян Дунминг очоод зогсоох гэхээр айгаад модны ардаас хараад зогсож байсан. Гэрч Халиун ч хэлэхдээ хүмүүс зодооныг машинаасаа хараад л байсан болохоос биш очиж салгаагүй гэсэн. Нийгмийн хэв журмыг зөрчсөн асуудал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлчилсэн нь зөв гэж үзэж байна. Тэнсэн харгалзах ялгүйгээр хорих ял оногдуулсан. Нүдний цохилтыг яллагдагч Г.Мт өөрөө учруулсан. Байцаалтан дээрээ ч хэлдэг. Хохирогч нарын хамгийн их гомдолтой байгаа зүйл нь “болиоч ээ, цагдаа дуудаач ээ” гэхэд нь бүгдээрээ нийлээд зодоод байсан. Хамгийн сүүлд хагалгаанд орсон хүн маань нүдний ухархайн цөмөрсөн хугаралтай байсан. Тэр хугарлыг Монголд эмчилж чадахгүй гэхээр нь өөр газар очиж хагалгаа хийлгэсэн. Зардал мөнгийг төлье гэж хэлсэн боловч тухайн үед шүүхийн шатан дээр мөнгийг бүрэн гүйцэд авчраагүй байсан. Хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байж би хүнээс мөнгө аваад яах вэ, шүүхийн шийдвэр гарсны дараа өгөх боломж байгаа гэдгээ хэлсэн. Хохирогч нар ажлаа тараад буудлын хажууд хүн хүлээж байх үед нь согтуугаар шүүгдэгч нар хүрч ирээд зодсон асуудал байгаа. Зүгээр байж байгаад зодуулсан хүмүүс гомдолтой байх нь аргагүй. Анхан шатны шүүх Г.Мтад оногдуулсан ялыг зөв зүйлчилсэн гэж үзэж байна. Гэхдээ бусад оролцогч нарыг гэмтэл учруулсан гэдэг зүйл дээр нэмж зүйлчлэх байсан гэж үзэж байна. Шүүх шудрага ял оногдуулж өгнө гэдэгт итгэж байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд зодоонд оролцсон зүйл байхгүй. Нийтийн хэв журам алдагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд анхан шатны шүүх хуралдаан дээр орсон. Хохирогч мэдүүлэг дээрээ хүн тус бүр 20-30 удаа цохисон гэж байгаа. Гэрчийн хувьд хүн тус бүрийн 20-30 удаа цохисон үйлдлийг нэгэн зэрэг харах боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Г.Мт, А.Т, Б.М, Г.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Great” нэртэй зочид буудлын гадна үүдний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ЯД /YANG DONG MING/, Шиа Жие /XIA JIE/ нарыг зодож хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

            Г.Мт нь хохирогч Шиа Жие /XIA JIЕ/-ийн нүүр тус газар нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            хохирогч ЯД /YANG DONG MING/-ийн нүүр тус газар нь цохиж гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад ялзрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Шиа Жие /Xia jie/-гийн мэдүүлэг /хх-24/, хохирогч ЯД /Yang dong ming/-гийн мэдүүлэг /хх-37/, гэрч Дуан Лиан /Duan lian/-ы мэдүүлэг /хх-8-14, 45-46/, гэрч О.Халиуны мэдүүлэг /хх-14, 48-49/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12867 дугаартай дүгнэлт /хх-179/, 12868 дугаартай дүгнэлт /хх-178/, Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 164 дугаартай дүгнэлт /хх-176-177/, Цагдаагийн байгууллагад хохирогчийн гаргасан өргөдөл, гомдол /хх-6-7/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-8-14/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, хохирогч ЯД /Yang dong ming/-ийн эмчилгээний зардлын баримтууд /хх-103-172/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Г.Мтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,

хохирогч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан “...Г.Мт, Б.М, А.Т, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан зүйл анги дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Прокуророос Г.Мтад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.М, Г.Г, А.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.Мтын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролгүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцжээ.   

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн болон шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Мт нь бусдын биед гэмтэл учруулсан байх тул хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг ганцаараа хариуцаж төлөх нь зүйтэй гэж тус шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтыг 01 жил 06 сарын хорих ялаар, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, - Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтыг 01 жилийн хорих ялаар, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, - Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /70 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 9 cap 10 хоног хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Мтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 70 хоног /560 цаг : 8 цаг = 70 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоног /240 цаг : 8 цаг = 30 хоног/-ийг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 cap 10 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтад шүүхээс оногдуулсан 01 жил 09 cap 10 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтад шүүхээс оногдуулсан 1 жил 3 cap 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтаас 7.578.944 төгрөг, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нараас тус бүр 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Янг Дун Минг /YANG DONG MING/-д /Б.Гийгиймаа/ олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мтаас 12.078.944 төгрөгийг гаргуулж хохирогч Янг Дун Минг /YANG DONG MING/-д /Б.Гийгиймаа/ олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн болон шүүгдэгч Г.Мтын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МЯГМАРЖАВ