Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1415

 

М.Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181/ШЗ2017/00973 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч М.Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж,  олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар данснаас татаж авсан 1 093 720 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             М.Жаргалмаа

                                                                                Э.Мөнх-Эрдэнэ

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Пүрэвхүү нь 2003 онд Компьютер техник менежментийн сургуулийг үйлдвэр ба маркетингийн менежерийн мэргэжлээр төгсөж, Хас банкинд 2004 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтэн, зээлийн менежер, зээлийн эрсдэлийн менежер, бизнес борлуулалтын менежер, салбарын захирлын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. М.Пүрэвхүү нь Хас банкны Увс салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хас банкны хөдөлмөрийн дотоод журам, Хас банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Хас банкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зулын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1563 тоот “М.Пүрэвхүүгийн ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай" тушаалаар томилогдсон Салбарын удирдлагын хэлтсийн бүсийн захирал Ц.Ганболдоор ахлуулсан, Санхүү хөрөнгийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн К.Сайрагүл, Зээлийн хэлтсийн зээлийн эрсдэлийн шинжээч Г.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр capын 25-ны өдөр Увс салбарын захирал М.Пүрэвхүү миний ажлыг холбогдох асуудлыг шалгах зорилгоор гэсэн хууль бус үндэслэлээр хүлээж авсан. Холбогдох асуудлыг шалгах нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоох, ажилтны ажил үүргийг хүлээн авах үндэслэл болохгүй хөдөлмөрийн тухай хууль тогтомжид ажлын байрнаас хөндийрүүлэх тухай ямар нэгэн нэр томъёо, хууль зүйн ойлголт байхгүй учраас Хүний нөөц хариуцсан захирал Г.Зулын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1563 тоот тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Улмаар М.Пүрэвхүү намайг Хас банкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зулын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн өөрийн данснаас компанийн дансанд мөнгө шилжүүлж банкны баталгаа гаргасан, хугацаа хэтэрсэн зээлийг хариуцагчийн өмнөөс өөрийн хадгаламжаа барьцаалан зээл авч төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг үндэслэн зээл олгохыг хориглосныг мэдсэн буюу мэдэх ёстой атлаа зээл олгосон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. М.Пүрэвхүү миний бие Хас банкинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байх тул Хас банкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зулын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот "М.Пүрэвхүүд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд М.Пүрэвхүү миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд халдсан бөгөөд намайг урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Жаргалмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлага, мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Увс салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Пүрэвхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны В/1658 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Учир нь М.Пүрэвхүү нь тухайн салбарын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж мэргэжлийн удирдлагаар хангах, үүний тулд салбарын зээл, нягтлан бодох бүртгэл зэрэг бүхий л үйл ажиллагаанд тавих давхар болон дараалсан хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэх захирлаас олгосон эрхийн хүрээнд олгох шийдвэр гаргах, банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ    хэтрүүлэн хэрэгжүүлсэн үүгээрээ хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг ноцтой зөрчиж, хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл болон хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан. Харилцагчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг зээл хүсэгч тус бүрийн орлого мэтээр үндэслэн зээл олгож, улмаар тус бүртээ авсан зээлээ нэг орлогоороо эргүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр зээлүүдийн хугацаа хэтэрч, харилцагч болон банкийг санхүүгийн эрсдэлд оруулсан. Мөн уг үйлдлээрээ нэг зээлдэгч болон түүнтэй холбогдох этгээд, тэдгээрийн хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээдийн Хас банк дахь зээл түүнтэй адилтгах активын нийлбэрээр тодорхойлно гэсэн гүйцэтгэх захирлын тушаалыг зөрчиж, олгогдсон зээл шийдвэрлэх эрхийн хэмжээг хэтрүүлсэн болно Аудитын шалгалтаар илэрсэн 2016 оны 03 дугаар сарын 31, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдэж байна, энэ тал дээр маргахгүй. Харин нэг гэр бүлийн хоёр хүнд /П.Мөнгөнсувд. Б.Лхагвасүрэн/ нарт нийт дүнгээрээ 142 000 000 төгрөгийн зээл олгосон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн зээлдэгч Х.Чимэдбаатар, Ү.Эрдэнэчимэг нар нэг гэр бүлийн хүмүүс, эхнэр, нөхөр хоёр хоорондоо орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурамч баримт бүрдүүлсэн байхад санаатайгаар салбар хорооны хурлаар салбарын захирал М.Пүрэвхүү, зээлийн менежер Б.Батаа, Ж.Төгсжаргал нар зээл олгохоор шийдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хоёр шийдвэр гаргаж, Бэл булаг ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал Х.Даариймаа нарт тус бүр 100 000 000 төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Түүний гаргасан дээрх зөрчлүүд нь Салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудад удирдах ажилтан өөрөө биечлэн оролцсон бөгөөд ажиллагсдыг удирдан зохион байгуулсан, салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудыг мэдсээр байж санаатайгаар зээлийн шийдвэр гаргаж эрсдэлтэй зээлийн багцыг нэмэгдүүлсэн байна гэж үзэж байна. М.Пүрэвхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар бслгон цуцалсан бөгөөд уг хугацааны цалинг зохих ёсоор олгосон Санхүүгийн салбарт арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахтай холбогдон ажилтныг ажлын байрнаас нь түр хөндийрүүлэх шаардлага үүсдэг ба уг хугацаанд ажилтны үндсэн эрх болох цалин хөлс авах эрхийг нь хөндөөгүй болно. М.Пүрэвхүү нь манай банкны үндсэн ажилтан тул түүнийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулан 114 300 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгосон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3.2-т... "Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар зээлдэгч болон банкны хсоронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд Банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцож өөрчлөлт оруулна" гэж зааснаар М.Пүрэвхүү ажлаасаа чөлөөлөгдсөн тул дээрх заалтын дагуу өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн. Иймд М.Пүрэвхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хас банк” ХХК-д холбогдох М.Пүрэвхүүгийн Хас банкны Увс салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хас банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот "Зээл шилжүүлэх шийдвэр"-ийг хүчингүй болгож, М.Пүрэвхүүгийн данснаас хууль бусаар татан авсан 1 093 720 төгрөгийг Хас банкнаас гаргуулж, М.Пүрэвхүүд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60 1. 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Пүрэвхүү /гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл/-д улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж нэхэмжлэгч М.Пүрэвхүүгээс /нэмэгдүүлсэн шаардлага/-д төлсөн 101 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Хас банк” ХХК-иас 101 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Пүрэвхүүд олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах гомдолдоо: ...М.Пүрэвхүүг ажлаас чөлөөлсөн Хас банкны 2016 оны 12 сарын 15-ны өдрийн В/1658 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т "сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг зөрчин М.Пүрэвхүүгийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн "Арвижих Увс" ХХК-д холбогдох зөрчил, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Арвин блок" ХХК-д холбогдох хугацаа дууссан зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус тушаал болсон юм. Хас банкны Увс салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтнуудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан тайлан гэгчийг М.Пүрэвхүүг ажлаас халахдаа үндэслэл болгосон хэдий ч тус тайлан гэгч нь аудиторын хууль зүйн үндэслэл бүхий баримт гэж үзэх боломжгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээргүй эргэлзээтэй баримт байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "М.Пүрэвхүүг 2016 оны 4  дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 27-ны хооронд нэг бизнесийн орлогтой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг зээл хүсэгч бүрийн орлого мэтээр үндэслэн зээл, 2016 оны 8 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 27-ны хооронд нэг гэр бүлийн гишүүдийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалттай зээл 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөд барилга байшин барьж дуусгах зориулалттай зээлийг тус тус олгохыг хориглосныг мэдсэн буюу мэдэх ёстой байтлаа олгосон, албан тушаалд олгогдсон эрхийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, мэргэжлийн удирдлагаар хангах, банкыг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв гэж дүгнэсэн байна.

Хас банкны 2016 оны 12 сарын 15-ны өдрийн В/1658 тоот тушаалд бичигдсэн шиг М.Пүрэвхүүд холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 удаагийн зөрчил, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны хооронд гаргасан 4 удаагийн зөрчил гэх нийт 10 зөрчлийг тус бүрд нь шалган тогтоосон баримт байдаггүй, хэрэгт авагдаагүй болно. Эдгээрээс зөвхөн "Арвижих Увс" ХХК-д холбогдох дансны хуулга, "Арвин блок" ХХК-ийн нэрийн өмнөөс зээл төлсөн М.Пүрэвхүүгийн дансны хуулга, Б.Мөнгөнсувд, Б.Лхагвасүрэн нарт холбогдох, Х.Чимэдбаатар, Ү.Эрдэнэчимэг нарт холбогдох, "Бэрт булаг" ХХК, түүний захирал Х.Даариймаа нарт холбогдох баримтыг л хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч нараас энэхүү баримтуудыг үндэслэл болгон М.Пүрэвхүүг ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг үндэслэлтэй гэж тайлбарласныг шүүхээс хүлээн авсан байна. Тушаалд тусгагдсан үлдэх зөрчлүүдийг хэн гаргасан болоод М.Пүрэвхүүд сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй.  Хас банкны гүйцэтгэх захирлын 2011 оны А-517 дугаар тушаалын хавсралтаар Батлагдсан Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.3, 10.3.1, "А" зэрэглэл, 10.3.2, "Б" зэрэглэл, 10.3.3, "В" зэрэглэл гэж журамласан бөгөөд журмын 10.4 заасан "А" зэрэглэлийн зөрчилд М.Пүрэвхүүгийн гаргасан зөрчлүүд хамаарахгүй байна. Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа энэхүү журамд заасан зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан.

Хас банк, М.Пүрэвхүү нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1.11-т "Гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан бол ..." ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцлахаар заасан. М.Пүрэвхүү нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үндэслэлийг нэг гэр бүлийн гишүүд болох П.Мөнгөнсувдад 50 000 000 төгрөг, Б.Лхагвасүрэнд 92 800 000 төгрөг нийлбэр дүнгээрээ 142 800 000 төгрөгийн зээл олгож Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны А/176 тоот тушаалын 2-ын 1 дүгээр хавсралтад 100 000 000 төгрөгийн зээл олгох эрх хэмжээг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Энэхүү зээлийн шийдвэрийг М.Пүрэвхүү нь дангаар гаргаагүй бөгөөд зээлийн хорооны хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн тул М.Пүрэвхүү дангаар ажил үүрэг, эрх хэмжээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. М.Пүрэвхүүгийн үйлдлийн улмаас Хас банк хохирлын өндөр эрсдэлд орсон, хохирол учирсан гэдэг нь баримтаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХасБанк” ХХК-ийн итгэмжлэгдсан төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Жаргалмаа нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын Зээлийн гэрээтэй холбогдох хэсгийг дээр дурьдсанчлан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлалгүйгээр, гэрээ болон хуулийн холбогдох заалтуудыг ашиглаж дүгнэлт өгөлгүйгээр буюу хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөхцөл байдлыг тодруулвал, М.Пүрэвхүү болон ХасБанк нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1000003869 дүгээр Зээлийн гэрээ байгуулж, Зээлдэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 94.4 м.кв орон сууц худалдан авах зориулалтаар 114 300 000  төгрөгийг 180 cap /15 жил/-ын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээнд 2016 оны 7 дугаар сарын 26-нд хүүг жилийн тогтмол 8 хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулсан. Засгийн газрын 8 хувийн хүүтэй хөтөлбөрт үл хамрагдах хэмжээний талбайтай орон сууц худалдан авах зориулалттай зээлийг Банк өөрийн эх үүсвэрээр жилийн хүү нь 11 хувь, цаашлаад 8 хувиар олгож байгаа нь нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй бөгөөд ийнхүү гэрээ байгуулах болсон нь Зээлийн гэрээний 1.2-т тусгасанчлан "зээлдэгч нь Банкны ажилтан, тэдний хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байгаа гэдэг нөхцөл байдал байсан. Хэрвээ Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болвол зээлийн нөхцөл өөрчлөгдөх тухай Зээлийн гэрээний 1.3, 2.3.2-т тодорхой зааж, энэхүү өөрчлөлтийг хэрхэн мэдэгдэх талаар 2.4, 7.2-т мөн тусгасан. Ямар тохиолдолд, гэрээний аль нөхцөл хэрхэн, яаж өөрчлөгдөх талаар тухайлан тохиролцож Иргэний хуулийн 44 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу байгуулсан гэрээнд тусгасан нөхцөл байдал үүсч, М.Пүрэвхүү нь өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцлагдан дуусгавар болсон тул хүүгийн хэмжээ өөрчлөгдсөн. Нөхцөл өөрчлөгдөх болзлыг анхнаасаа гэрээнд өөрт нь тодорхой тусгасан, зөвхөн гэрээнд заасан нөхцөл болзол бий болсноор үйлчлэх энэ тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт заавал бичгээр оруулах шаардлага үүсэхгүй гэж үзэж байна. Хэрвээ тухай бүрт нэмэлт өөрчлөлт оруулж явах байсан бол гэрээнд ийнхүү гэрээнд тусгах шаардлага байхгүй билээ. Яг энэ мэт нөхцөл байдалд М.Пүрэвхүүд зээлийн гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тухай мэдэгдсэн, холбогдох баримтыг хүргүүлсэн боловч гарын үсэг зурахаас зайлсхийж татгалзсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан байгааг шүүх үнэлсэнгүй. Мөн түүнчлэн Зээл шилжүүлэх шийдвэр гаргах эрх бүхий ажилтан мөн гэдэг нь нотлогдоогүй гэх нөхцөл байдлыг Шүүх үндэслэсэн байх боловч талууд энэ талаар маргаагүй, буюу хүлээн зөвшөөрсөн, мэтгэлцээний явцад энэ талаар яригдаагүй, түүнчлэн хариуцагчийн зүгээс тус шийдвэрийг эрхгүй этгээд гаргасан гэж маргаагүй. Зээлийн гэрээний 2.3.2-т заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн хэмжээгээр төлөөгүй дүнг тус Зээлийн гэрээний 3.2.3, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-1 заасны дагуу үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий тус гэрээг үндэслэн төлбөрийг суутгасан. Нөгөөтэйгүүр шүүхээс Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн атлаа түүнийг үндэслэн зээлийн харилцаанд өөрчлөлт оруулсан асуудлыг үндэслэлгүй хэмээн дүгнэж байгааг зөвтгөн тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүгээрээ зөвхөн Зээл шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож байгаа бус тус гэрээний хүүгийн өөрчлөлт, болзолт хэлцлийн хэрэгжилтийн маргааныг эцэслэсэн шийдвэрлэснийг, цаашлаад Шүүхийн шийдвэрт дурьдсан дээрх үндэслэлээр зээлийн хүүг 8 хувь хэвээр байх, үргэлжлэх үр дагавар үлдээж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хас Банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот Зээл шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, М.Пүрэвхүүгийн данснаас хууль бусаар татан авсан 1 093 720 төгрөгийг Хас Банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Пүрэвхүү нь хариуцагч “Хас банк”-д холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар данснаас татаж авсан 1 093 720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

             Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа “...нэхэмжлэгч М.Пүрэвхүүг зөрчлийг зээлдэгч н.Чимэдбаатар, н.Эрдэнэчимэг зэрэг хүмүүсийн зээл авсан байдалтай холбон тайлбарласан байх бөгөөд уг тайлбараа нотлохоор шүүхэд Хас банкны Увс салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтануудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тайланг ирүүлсэн байна.        /хэргийн 64-69 дүгээр тал/

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно “ гэж заажээ.

 

Хариуцагч талаас нотлох баримтаар гарагсан Хас банкны Увс салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтануудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тайлан болон хэргийн дансны хуулгууд нь хуулийн дээрх шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж заасан бөгөөд Хас банк нь нэхэмжлэгч М.Пүрэвхүүгийн тодорхойлсон хариуцагч буюу хэргийн оролцогч тул шүүхэд нотлох баримт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан баримтыг өгөх үүрэгтэй юм.

 

Иймээс хариуцагч “Хас” банк нь хэргийн оролцогч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн заалтыг баримтлан нотлох баримтаа ирүүлсэн нь  хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа үйл баримтыг нотолсон бичгийн баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэв. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181//Ш32017/00973 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Хас банк” ХХК-аас төлсөн 101 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ                       

ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

                                                                 Ц.ИЧИНХОРЛОО