Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 710

 

                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

         З.Гт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Алтансүх,

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201525011555 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Зоригтын З.Г, 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо,  тоотод оршин суудаг,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /Зоригтын Гантулга гэсэн нэрээр/,  

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 1 жил хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоож, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /Батзоригийн З.Г гэх нэрээр/

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг болгон зүйлчилж, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: /;

         

            З.Г нь давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 386 дугаар байрны 04 тоотод оршин суух Б.Эгийн гэрт хууль бусаар нэвтэрч “ЭлЖи” загварын “Нексус-4” утас, хөх сувдан зүүлт, монетон гинж, удвал чулуун хүзүүний зүүлт, мөнгөн зоос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 5.145.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Зорбиом” ХХК-ийн вакум цонхоор орж, иргэн М.Бийн эзэмшлийн “Кен” загварын цэнэглэгчтэй дрилл, “Кен” загварын бага оврын цахилгаан дрилл, “Кен” загварын цахилгаан зүлгүүр, цахилгаан хөрөө, уран хөрөө зэрэг эд зүйлс хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 04 дүгээр орцны подвалийн цонхоор хууль бусаар нэвтэрч, иргэн Ш.Жгийн зөөврийн компьютер, тог баригч зэргийг хулгайлж, нийт 316.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5 дугаар байрны 78 тоотод оршин суух Э.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч, хөөрөг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучны дунд гарын мөнгөн аяга, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, гуулин бурхан 1 ширхэг, хүрэл бурхан зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 24 тоотод оршин суух иргэн Д.Жын гэрт хууль бусаар нэвтэрч, “Ногоон Дарь Эх” бурхан, “Цагаан Дарь Эх” бурхан, “Самсунг Галакси-Эс 4” загварын гар утас, зөөврийн компьютер, цагаан өнгийн чулуун хөөрөг, ногоон чулуун хөөрөг, хүрэн чуулуун хөөрөг, “Сони” загварын дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 12.664.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 32 дугаар байрны 187 тоотод оршин суух иргэн П.Эийн гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, шар өнгийн металл жижиг шармал аяга тус бүр 1 ширхэгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Л.Мтой бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах иргэн Ж.Тын эзэмшлийн зуны сууцанд хууль бусаар нэвтэрч, “HP” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Эйпл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Эйсэр” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Айпад” 1 ширхэг, “Плэйстэйшин-1” загварын 2 ширхэг тоглоом, хөх өнгийн цүнх, цэнхэр өнгийн унадаг дугуй зэрэг эд зүйлс хулгайлж, 1.645.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 21.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: З.Гт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: З.Гийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар З.Гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан тамхины иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Адидас /Adidas/ гэсэн бичигтэй ногоон өнгийн оруулгатай, цэнхэр өнгийн пүүз 1 хос, хөх цүнхтэй “Сони” загварын дижитал аппарат 1 ширхэг, дагалдах хэрэгсэл /удирдлага, залгуур 2 ширхэг, холбогч, батерей/, “Минолто” зургийн аппарат 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, НӨТ-ын баримт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Гт буцаан олгож, Баасангэрэлийн Одхүү гэх нэртэй жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, Ж.Тын эзэмшлийн 41-12 УБЦ улсын дугаартай Хьюндэй Грэйс /Hуundai Grace/ загварын автомашиныг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гийн цагдан хоригдсон 449 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.Гээс нийт 12.575.000 /арван хоёр сая таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Өвөртогруут овогт Балжиннямын Эрдэнэтуяа /РД: ЧБ66021905/-д 4.945.000 /дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөг, Ончууд овогт Мижээхүүгийн Батзориг /РД: Ш363062118/-т 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг, Даагаа овогт Шаргаагийн Жижгээ /РД: УС54121254/-д 316.000 /гурван зуун арван зургаан мянга/ төгрөг, Боржигонтойн овогт Энэбишийн Сумъяа /РД: ЗЮ51052118/-д 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, Олхонууд овогт Дагвадоржийн Жаргал /РД: МИ64060304/-д 5.944.000 /таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг тус тус олгож, ...шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол З.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зоригт овогтой З.Г миний бие ...гэм буруугийн талд ямар нэг маргах зүйлгүй, бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ямар нэг шийтгэл хүлээх үүрэгтэй, энэ бүгдийг мэдэж байна.

1. Анхан шатны шүүх нь З.Г надтай 4 үйлдэлд хамт явж хэрэг үйлдсэн Нямхүү овогтой Батжаргал гэх хүнийг үгүйсгэн шийдсэн. Энэ Батжаргал гэх хүн нь 1982 онд төрсөн, урьд дээрмийн хэрэгт ял эдэлж байсан. ШШГЕГ-ын архивын тодорхойлолт хүртэл байдаг ба уг тодорхойлолт нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хавтаст хэрэгт байсныг мөрдөгч авчихсан. ...Энэ хүн надтай цуг шийтгүүлснээр миний бусдад төлөх төлбөр хуваагдан шийдвэрлэгдэх юм. Үүнийг бодолцоогүй, үгүйсгэж шийдсэн.

2. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст З.Г миний үйлдсэн 170603322 дугаартай хулгайн үйлдэл Батдорж гэх мөрдөгчид байгаа болно. Уг хэргийг би 2017 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө үйлдсэн. Уг хэргийг яагаад цуг шийдэхгүй буцаагаад байгааг би ойлгохгүй байна. Иймд дээрх хоёр нөхцөл байдлыг минь үндэслэн ...зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Г үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй. Н.Батжаргал гэх хүнтэй хамт гэмт хэрэг үйлсэн гэж ярьдаг. Прокуророос ийм хүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гээд шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Үүнд хэлэх тайлбар байхгүй. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр нэг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа гээд анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Өмгөөлөгч энэ хэргийн талаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр очиж мөрдөгчөөс энэ талаар асууж лавласан. З.Г хэрэг бүртгэлтийн 170603322 дугаартай хэрэгт холбогдож мэдүүлэг өгсөн. Энэ хэргийнх нь холбогдох материалыг нь авъя гэхээр ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байгаа учраас баримт өгөх боломжгүй гэсэн” гэв. 

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Батжаргал гэх хүнтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар өмнө мөрдөн байцаалтын шатанд яриад энэ байдлуудыг шалгаж, тодруулахад Батжаргал гэх хүн хулгайн хэрэгт оролцоогүй байна гэсэн. Хэргийн газрын үзлэгээр Батжаргал хулгайн гэмт хэрэгт хамааралтай байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. З.Гийн тухайд урьд удаа дараа ял шийтгүүлж байсан. Мөн мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, хэргээс бултах гэсэн санаа зорилготой байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа гэсэн асуудал ярьсан учраас ийм асуудал байгаа эсэхийг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулаад, өмгөөлөгч нь цагдаагийн байгууллагад хандаж албан бичиг авсан. Тэгэхээр ийм хэрэгт холбогдуулж мэдүүлэг авсан болохоос хэрэгт холбогдолгүй, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн” гэв. 

 

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

З.Г нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 386 дугаар байрны 04 тоотод оршин суух иргэн Б.Эгийн гэрт хууль бусаар нэвтэрч, “ЭлЖи” загварын “Нексус-4” утас, хөх сувдан зүүлт, монетон гинж, удвал чулуун хүзүүний зүүлт, мөнгөн зоос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 5.145.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зорбиом” ХХК-ийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, иргэн М.Бийн эзэмшлийн “Кен” загварын цэнэглэгчтэй дрилл, бага оврын цахилгаан дрилл, цахилгаан зүлгүүр болон цахилгаан хөрөө, уран хөрөө зэрэг эд зүйл хулгайлж, нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 04 дүгээр орцны подвалийн цонхоор хууль бусаар нэвтэрч, иргэн Ш.Жгийн зөөврийн компьютер, тог баригч зэргийг хулгайлж, нийт 316.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5 дугаар байрны 78 тоотод оршин суух Э.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч, хөөрөг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучны дунд гарын мөнгөн аяга, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, гуулин бурхан 1 ширхэг, хүрэл бурхан зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 24 тоотод оршин суух иргэн Д.Жын гэрт хууль бусаар нэвтэрч, “Ногоон Дарь Эх” бурхан, “Цагаан Дарь Эх” бурхан, “Самсунг Галакси-Эс 4” загварын гар утас, зөөврийн компьютер, цагаан өнгийн чулуун хөөрөг, ногоон чулуун хөөрөг, хүрэн чуулуун хөөрөг, “Сони” загварын дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 12.664.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 32 дугаар байрны 187 тоотод оршин суух иргэн П.Эийн гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, шар өнгийн металл шармал аяга тус бүр 1 ширхэгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Л.Мтой бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах иргэн Ж.Тын эзэмшлийн зуны сууцанд хууль бусаар нэвтэрч “ЭйчПи” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Эйпл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Эйсер” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Айпад” 1 ширхэг, “Плэйстэйшн-1” загварын 2 ширхэг тоглоом, хөх өнгийн цүнх, цэнхэр өнгийн унадаг дугуй зэрэг эд зүйл хулгайлж, 1.645.000 төгрөгийн хохирол      учруулж,     бусдад     нийт     21.520.000     төгрөгийн     хохирол    буюу   үлэмж

хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Эгийн мэдүүлэг /1хх-27-29/, хохирогч М.Бийн мэдүүлэг /1хх-202-203/, хохирогч Ш.Жгийн мэдүүлэг /2хх-11-13/, хохирогч Э.Сгийн мэдүүлэг /1хх-161-164/, хохирогч Д.Жын мэдүүлэг /1хх-78-80/, хохирогч Л.Батхүүгийн мэдүүлэг /1хх-118-120/, хохирогч Ж.Тын мэдүүлэг /2хх-229-231/, гэрч Б.Дашнямын мэдүүлэг /2хх-38/, гэрч С.Заяагийн мэдүүлэг /1хх-204/, гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг /1хх-205/, гэрч С.Батсайханы мэдүүлэг /1хх-165/, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1хх-81/, гэрч Б.Хүдэрчулууны мэдүүлэг /2хх-39/, гэрч П.Эийн мэдүүлэг /2хх-37/, гэрч Б.Доржсүрэнгийн мэдүүлэг /2хх-233/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-14-18, 45-54, 104-110, 153-156/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх-22-24, 73-74, 115/, эд зүйлийн үнэлгээнүүд /1хх-25, 75-77, 114, 160, 200, 2хх-14, 232/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-67-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос З.Гт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасантай нийцжээ.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч З.Гийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч З.Гийн гаргасан “...надтай 4 үйлдэлд хамт явж хэрэг үйлдсэн Нямхүү овогтой Батжаргал гэх хүнийг үгүйсгэн шийдсэн. ...Энэ хүн надтай цуг шийтгүүлснээр миний бусдад төлөх төлбөр хуваагдан шийдвэрлэгдэх юм. ...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст З.Г миний үйлдсэн 170603322 дугаартай хулгайн үйлдэл Батдорж гэх мөрдөгчид байгаа болно. Уг хэргийг би 2017 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө үйлдсэн. Уг хэргийг яагаад цуг шийдэхгүй буцаагаад байгааг би ойлгохгүй байна. Иймд дээрх хоёр нөхцөл байдлыг минь үндэслэн зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч З.Г нь Н.Батжаргал гэгчтэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж буй 170603322 дугаартай эрүүгийн хэрэгт З.Гийг сэжигтэн, яллагдагчаар татсан талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй байх тул З.Гт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр З.Гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн, түүнийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэж, хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдсонгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ