Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 711

 

                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

           О.Ст холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Бадрал,

Хохирогч С.С,

Шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.С, шүүгдэгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ст холбогдох эрүүгийн 1711014860133 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржин овгийн Одгэрэлийн О.С, 1991 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, дүгээр багийн тоотод оршин суух,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр суллагдсан, /РД: 2/;       

 

             О.С нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс цогцолбор”-ын 26-803 тоот дахь хохирогч С.Сын гэрээс нууцаар, хууль бусаар 5.000.000 төгрөг, 10.000 ам.доллар, 30.800 юань зэрэг бэлэн мөнгө хулгайлж, нийт 40.825.232 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: О.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: О.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сийг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сийн цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Сээс хохирлын 40.825.232 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ст олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс цогцолбор”-ын 26-808 тоот дахь иргэн С.Сын гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа хохирогчийнхоос 10.000 ам.доллар, 30.000 иен зэргийг хууль бусаар хулгайлсан хэрэг гарснаас хойш 3 сарын дараа баригдаад хэрэгт хүндрэл учруулалгүй өөрийн биеэр хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. ...өөрийн буруутай үйлдлээс иргэн хохирсон гэж өөрийгөө буруутган хохирогчийн худал нэхэмжлэлийг ч хүлээн зөвшөөрсөн.

2. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хохирогчийн эхнэр Р.Оюунчимэг гэдэг хүн өөрийгөө Прокурорын газар болон Дээд шүүхэд насаараа ажилласан, О.С чиний хувь тавилан Монгол Улсын хууль цаазад биш Р.Оюунчимэг миний гарт байгаа гэж өөрөө болон миний өмгөөлөгчөөр хэлүүлж дарамтлуулж байсан. Ийм ч учир ...хохирогчийн худал нэхэмжилсэн зүйлтэй маргалдаж байгаагүй, хэргийг хүлээн зөвшөөрсөн.

3. Гэтэл өнөөдөр хохирогчийн ...хэрэгт хуулиас гадуур оролцож, дааж давшгүй их зүйл нэхэж, хэргийг хүндрүүлж шүүхэд нөлөөлж байгаад туйлын их гомдолтой байна. ...хэрэг гарснаас хойш 3 сарын дараа ...дунд гарын 27 сая төгрөгийн үнэ бүхий алтан аяга алга байсан, авсан байна гэж худал нэхэмжлэл гаргаж гүтгэж байгаа явдал юм.

4. ...Алтан аягыг хэргээс тусгаарласан ч хохирогч шүүх хуралд алтан аяга нэхэж, О.С сейфийг эвдэж авсан. Тэр урьд олон удаа ял шийтгэл эдэлж байсан рецидив гэмт хэрэгтэн гэж ярьж, ялын дээд хэмжээг өгүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь шүүхэд нөлөөлж, худал нэхэмжлэлүүдээр хэргийг хүндрүүлж, өс хонзонгоор оролцож байгаа нь ил тод байсан.

5. ...Хохирогчийнд ажилд орохдоо нэрээ худал хэлсэн. Би хулгай хийх гэж хохирогчийнд ороогүй. Би ажил хийх гэж очсон. Би хорих ангиас суллагдаад 4 сар орчим Эмээлтэд түүхий эдийн ажил эрхэлж байгаад ажил зогсоод 2 хонож байхад зарын ажил хайж яваад энэ хэрэгт холбогдсон. ...Хохирогчийнд ороход том өрөөний өргөн ширээ тэр чигтээ “Петровис”, “Ник” гэсэн уут цаасанд боолттой монгол мөнгө хурааж, дэлгэж тавьсан бичиг цаас гээд эмх цэгцгүй их мөнгө байснаас би холдож, унтлагын өрөөг цэвэрлэхээр орсон. Тэр өрөөнд түлхүүр нь өлгөөтэй сейф байсныг нээж үзээд миний мэдэхгүй олон орны мөнгө хурааж хийсэн байснаас авсан. ...О.С би бага сургуульд сурч үзээгүй ба гадаад оронд зорчиж байгаагүй болохоор хохирогчийн нэхээд байгаа юань, иенийг ялгаж мэдээгүй.

6. Хохирогчийн шүүхэд мэдүүлснээр О.С сейфийг эвдэж, мөнгийг авсан гэсэн ч ...шүүх шинжилгээгээр сейфийг эвдсэн, хүчээр нээсэн зүйл байхгүй гэж дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт ...намайг хохирогчийн гэрээс гараад явж байгаа бичлэг байгаа болохоос О.С мөн гэсэн дүгнэлт байгаагүй. Зөвхөн хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлоод байгаа. Бодит байдал дээр гарын хээ, дуу дүрс намайг гэх нотлох баримт, гэрч огт байхгүй, хохирогч цор ганцаар гэрчилж байгаа. ...Би аваагүй, нотлох баримт байхгүй гэж мэлзэж болох байсан. Гэвч би тэгээгүй, бүх зүйлийг хохирогчийн зөв мэтээр өөрийгөө бусдыг хохироочихоод юуг ч үгүйсгэх билээ, тэглээ гээд хэн итгэх юм бэ, тэгээд ч хохирогч ийм том албан тушаал, эрх мэдэлтэй хүн өнөөдөр намайг яаж ч чадна гэж айж сүрдэж хэрэгт ямар ч тайлбар үгүйсгэлгүй хүлээж авсан. ...5 жил хаалттай хорих ял сонсож байхдаа ч би шүүхэд би өөрийгөө өмгөөлөөгүй.

7. Гэхдээ миний ах дүү, хамаатан садан ...хэргийн үнэн зөв тогтоогдохоор хохирлыг нийлж төлье гэсэн учир би хэргийн үнэн зөвийг тогтоож, бодит хохирол гаргуулж, хохирогчийг гомдолгүй болгож хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлтэй тул хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлттэй байна...” гэв.    

Хохирогч С.Сдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг дахин гомдол гаргахгүй болтол нь хэргийг шийдвэрлэж болдоггүй юм уу” гэв.

 

Шүүгдэгч О.Сийн өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч хэлэхдээ 5 сарын дараа алтан аяга алдсанаа мэдсэн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Анхны мэдүүлэгтээ хохирогч алтан аяга алдсан талаар мэдүүлдэггүй. Гэтэл сая хохирогч алтан аягыг О.С хулгайлсан. Үүнийг шалгаагүй байна гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар бүрэн шалгаагүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял авсан. Гэтэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, алтан аяганы үйлдлээр дахин шалгах уу. О.С 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр анх мэдүүлэг өгөхдөө хохирогчийн хэлсэн бүх мөнгийг хэлсэн. 80 рубль, 10.000 ам.доллар, 30.000 юань, 5.000.000 төгрөг гэсэн. Энэ 80 рублийг монгол мөнгөөр солиулсан гэсэн. Хавтаст хэрэгт үнэлгээ тогтоосон баримтаар рубль гэх зүйл байхгүй. Үүнээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн тогтоогоогүй байна. Тийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаагаар үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хийж байсан ажлыг би мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн, дарамталсан асуудал байхгүй. Хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Алтан аяганы хэргийг нь тусгаарласан. Яагаад гэвэл уг хэргийг шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийг нэгтгэн шалгах үндэслэлгүй. Өмгөөлөгч хэргийг нэгтгэнэ гээд эрх зүйн байдлыг нь дордуулах талаас нь яриад байна. Хохирлын хувьд хохирогч эхнээсээ тухайн үед хэдэн төгрөг алдсанаа хэлдэг учраас хохирлын юань, ам.долларт ямар нэгэн зөрүү байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээх саналтай байна” гэв.   

                                                    

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О.С нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс цогцолбор”-ын 26-803 тоот дахь хохирогч С.Сын гэрээс 5.000.000 төгрөг, 10.000 ам.доллар, 30.800 юань зэрэг бэлэн мөнгө хулгайлж, нийт 40.825.232 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Сын мэдүүлэг /хх-24-25/, О.Сийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-159/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, Монгол банкны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зарласан валютын ханшийн мэдээлэл /хх-27/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-29-31/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-176/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Сийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч О.Сийн гаргасан “...хэргийн үнэн зөв тогтоогдохоор хохирлыг нийлж төлье гэсэн учир би хэргийн үнэн зөвийг тогтоож, бодит хохирол гаргуулж, хохирогчийг гомдолгүй болгож, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлтэй тул хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлттэй байна...” гэсэн,

Хохирогч С.Сын гаргасан “...О.Ст холбогдох хэргийн бусад хүмүүсийг шалгаж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

О.Сийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэж, хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Хэдийгээр хохирогч С.Снь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.” гэсэн заалтыг зөрчиж байх тул түүний бичгээр гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ