Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 712

 

                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

        Ж.О, Д.Ц, Д.Б,

      Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Г.Т, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батболд, С.Чинзориг,

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Л.Өлзийхүү,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Батболд, шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Л.Өлзийхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201726020117 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Угалз овгийн Жамъянгаравын Ж.О, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум, тоотод оршин суух бүртгэлтэй,

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

2. Боржигон овгийн Дарамбазарын Д.Ц, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,     

3. Боржгин овгийн Доосмаагийн Д.Б, 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмэг эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 17/,

4. Мандал овгийн Гурванчулууны Г.Т, 1998 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Архангай аймгийн Ихтамир сум, 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн  дугаар хороо, тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 22418/;     

 

             Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн паб”-ын орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон  нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Б.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

            Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Д.Згийн халаасанд байсан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-6-Эс” загварын гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “Шүүгдэгч Угалз овогт Жамъянгаравын Ж.О, Боржигон овогт Дарамбазарын Д.Ц, Боржгин овогт Доосмаагийн Д.Б, Мандал овогт Гурванчулууны Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.От 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 74 хоногийг, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарын цагдан хоригдсон тус бүр 12 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн энэ хэрэгт оролцсон оролцоог үнэн зөвөөр хэлж байсан. Би энэ хүний биед ганц ч гар хүрээгүй. Юуг нь ч ойлгохгүй дунд нь зогсож байгаад л “зугтаарай” гэхээр нь зугтсан. Энэ хэрэг зодоон, дээрэм гэх талаар өөрөө юунд ч оролцоогүй болохоор одоо болтол гайхаж байна. Тэр үед би эрүүл байсан. Би гэмт хэрэг үйлдэх ямар ч ойлголт, хүмүүжил байхгүй. Юу болоод байгааг нь ч бараг мэдэхгүй байж байгаад ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Анх удаа ийм хэрэгт орсон, мөн миний хувийн байдлыг харж үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгч тусална уу. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Холбогдсон хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Т, Д.Б нарын өмгөөлөгч С.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Т, Д.Б нарын гэмт хэргийн оролцооны асуудал дээр ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан, гэмт хэрэгт гэм буруутай эсэх асуудал дээр шүүхээс зөв дүгнэлт хийж чадаагүй. Учир нь тухайн үед Г.Тын оролцооны талаарх шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч Д.Згийн гар утсыг дээрэм хийж байгаа эсхүл авч байгаа асуудлыг Г.Т нь тухайн үед мэдээгүй. Г.Тыг хоёр хохирогчтой маргалдаж байх үед энэ асуудал болсон. Энэ талаар шүүгдэгч нар нь тодорхой мэдүүлэг өгдөг. Мөн хохирогч нар анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж тайлбар өгөхдөө өөрөөр тайлбар өгдөг. Тухайн үед Эрдэнэбаяр, Д.З нарын мэдүүлэгт “бааранд муудалцсан 5 залуутай гадаа маргалдаж зодолдсон. Нэг нь хутгатай байсан” гэж мэдүүлсэн. Улмаар шүүгдэгч нарыг шалгаж эхлэх үед мэдүүлэг нь өөрчлөгдөж, 4 хүн байсан ба тухайн 4 этгээдийн үйлдлийн талаар тодорхой тайлбарлаж хэлсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх асуудалд гэм буруутайд тооцож, Г.Т, Д.Б нарт тухайн зүйл, заалтыг хэрэглэх асуудал нь хангалттай нотлогдоогүй буюу нотлох баримт хангалттай бүрдээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг хангалттай тогтоох ёстой. Шүүх хэргийг хянан шийдвэрлээд эдгээр хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолдоо энэ гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, гэмт хэргийн оролцоо зэргийг ялтан тус бүр дээр үнэлж дүгнэж, яллах болон цагаатгах нотлох баримт, яллах болон цагаатгах нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байх ёстой. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг шүүх үндэслэл хэсэгтээ нотлох баримтаар дүгнэсэн. Гэтэл яг дүгнэсэн асуудал дээр Г.Т, Д.Б нарын оролцоо нь дээрэм хийх үед байсан уу гэдэгт шүүх хангалттай дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой. Мөн зүйлчлэлийн асуудал дээр Г.Т, Д.Б нарын хувьд дээрэмдэх гэмт хэргийн шинж байдлыг хожим хойно мэдсэн. Хожим хойно мэдэхдээ тухайн үед гэмт хэргийн улмаас бий болсон хохирлыг хувааж хэрэглэсэн асуудал нь өөр гэмт хэргийн шинжийг агуулж байж болно. Мөн Г.Тын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Тэгэхээр тухайн үеийн асуудлыг ойлгох бүрэн ухаарах боломжгүй. Энэ гэмт хэрэгт Г.Т, Д.Б нар нь хамаарагсад байж магадгүй. Учир нь нуун далдалсан, тухайн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хувааж үрсэн талаараа мэдүүлсэн нь бусад шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогчийн нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд зүйлчлэлийн асуудлыг хөнгөрүүлж, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Л.Өлзийхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн үйл баримт болон хууль зүйн буруу дүгнэлт хийж, тэднийг танхайрах явцдаа бусдын эд зүйлийг бүлэглэн дээрэмдсэн гэж үзэж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайн үед хохирогч болох Д.З, Б.Эрдэнэбаяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд зам дээр Ж.О, Д.Ц, Д.Б Г.Т нарын сууж явсан автомашины урдуур орж зам дээр зогсон, машин явуулах боломжгүй болгосон учраас сигналдаж холдох талаар хэлэхэд өөдөөс хэл амаар доромжилсон тул машинаас буугаад холдуулах гэж байх үедээ маргалдан, улмаар харилцан зодолдсон талаарх үйл баримтыг тогтоосон боловч тэдний ямар санаа зорилготой хохирогч нартай муудалцсан болохыг тухайн маргаан үүсэхээс өмнөх болон хойшхи нөхцөл байдалтай холбож үзэх нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Үнэхээр тэдгээр хүмүүсийг дээрэмдэх санаа зорилго, сэдэлт байсан уу, тухайн үед хохирогч нар ямар байдалтай байсан, тухайн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай байсан уу гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнэлт өгөхдөө анхаарч үзэх шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Мөн тухайн үед хэн нэгиийг дээрэмдэх гэсэн санаа зорилго байгаагүй, маргалдаж зодолдох явцад хохирогч Д.Згийн халааснаас газар унасан байсан эд зүйлийг нь бүгд гүйгээд явсны дараа Ж.Оганцаараа аваад араас нь очсон талаараа мэдүүлсэн /хх-32/ “Д.З гэх хүний эд зүйлийг авах үедээ Д.Цтай бүлэглэсэн зүйл байхгүй, би ганцаараа тухайн залуугийн эд зүйлийг авсан. Намайг эд зүйлийг нь авч байгааг Д.Ц болон Д.Б, Г.Т нар хараагүй. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн” гэдгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ж.Оын мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлгээрээ Ж.Онь хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Мөн хохирогч Д.З болон Эрдэнэбаяр нарын “Миний эд зүйлийг авахаар урьдчилан ямар нэгэн байдлаар айлгаж, сүрдүүлсэн үг хэллэг хэрэглээгүй. Зүгээр л бид хоёрыг зодсон”, “Тухайн залуус надаас ямар нэгэн эд зүйл нэхсэн, мөнгө өгөхийг шахаж шаардсан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр /хх-41/ дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь нотлогдож байна. Энэ нь хохирогч нарын мэдүүлгээр тэдэнд хүч хэрэглэж, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй нь бусдыг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна. Тэгэхээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг дангаараа нотлох баримт гэж тооцох боловч энэ нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байж яллах үндэслэл болно. Мөн 4 шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг авахдаа ямар нэгэн өмгөөлөгч оролцуулахгүйгээр 4 өрөөнд суулгаж байгаад тулгаж мэдүүлэг авсан гэдэг зүйлийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн үед хэлдэг. Тийм учраас хохирогч нарын мэдүүлгээр тэдэнд хүч хэрэглэсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй гэдэг нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоосноор Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэх ёстой. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг Д.Ц үйлдээгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж болно” гэсэн заалтыг баримтлан Д.Цд холбогдох хэргийн зүйлчлэлийг 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Т, Д.Б нарын өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоох хэрэгтэй байсан. Д.Ц, Ж.Онарын оролцсон гэмт хэрэгт Г.Т, Д.Б нар хамтран оролцсон хэлбэр байна уу гэдгийг нарийн шалгаж тогтоох ёстой байсан. Хамтран оролцсон оролцооны хэлбэрт урьдчилан үгсэн тохирсон зүйл байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Д.Згийн эд хөрөнгөд халдахаар урьдчилан үгсэн тохирсон зүйл Г.Т, Д.Б нарт огт байхгүй. Болсон үйл явдал нь Д.Зг Д.Ц, Ж.Отгонбаяр нар зодож байх агшинд Эрдэнэбаяр гэх хохирогчтой шүүгдэгч Г.Т, Д.Б нар нь зууралдаад байж байсан. Тэгээд зугтаагаарай гэсэн ганц үгний дараагаар шууд гүйгээд зугтааж явсан асуудал болсон. Дараа нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг Ж.Онь утсыг нь авч, мөнгийг нь 50.000 төгрөгөөр хувааж авсан гэх боловч тухайн мөнгөө тэр даруйд нь баар цэнгээний газарт ороод үрж дуусгасан байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаагүй учраас Г.Т, Д.Б нарын хувьд яригдахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Мөн Эрдэнэбаярын биед учирсан гэмтлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир тухайн зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Г.Т, Д.Б нарт холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж.Онарт холбогдох хэргийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Прокурорын зүгээс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Мөн тухайн хэргийг Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуультай холбогдуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээс буцсан. Хяналтын прокурор уг хэргийг хянаж үзээд яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон. Үүнийг хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг би өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн. Яагаад зүйлчлэлийг өөрчлөх болсон гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэхдээ хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар оруулж өгсөн. Мөн үүнтэй адил 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчин бусдад хүч хэрэглэж гэж оруулж ирсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүнд хохирол учруулсан бол хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх учир 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгтэй адил ойлгоно гэж үзэж, хүч хэрэглэсэн, хүндэвтэр хохирол учруулсан гэх асуудлыг хүндэвтэр хохирол учруулахыг ойлгоно гэж заасан байдаг учир энэ зүйл, заалтыг баримтлан яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзээд энэ зүйлээр хэргийг зүйлчилсэн. Тийм учраас хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогч нарын мэдүүлгээр шалтаг, шалтгаангүйгээр энэ асуудал болсон талаар тодорхой мэдүүлсэн. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанд яллагдагч нар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахад зам дээр тээглэсэн гэж ярьдаг. Тэгэхээр хохирогч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэг нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр үйлдэгдсэн гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дүгнэж үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Энэ талаар Д.Ц, Ж.Онар тодорхой ярьсан байдаг. Д.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрчихсэн байсан учир сэжигтнээр байцаалт авахдаа заавал өмгөөлөгч оролцуулах шаардлага байхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Прокурорын зүгээс хүч хэрэглэсэн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэгт хамаарна гэж үзэж, энэ зүйлээр зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Оыг урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол /1хх-188-189/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Онь хорих ялыг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байхад дээрх хуульд заасан үндэслэлээр ялыг нэмж нэгтгээгүй байгааг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заасан зохицуулалтыг хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт, хохирол, хор уршгийг зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэх ёстойг анхаарвал зохино.  

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Батболд, шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Л.Өлзийхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ