Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 713

 

                                                                                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Э.Тт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Эрдэмбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1705006940092 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эзэн овгийн Энхтунгалагийн Э.Т, 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо, тоотод түр оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 189 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: 11/;      

 

             Э.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 42 тоот хаягт байрлах Нийтийн байрны 03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эхнэр Б.Эг 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Тийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар Э.Тийг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 ширхэг компакт диск, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр болон жирэмсэн эмэгтэйн хөтөч дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Э.Тийн энэ хэрэгт цагдан хоригдсон 242 /хоёр зуун дөчин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Э.Т болтол Э.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэр бүхий алба хаагчид эрүүдэн шүүж, өөрийн минь эсрэг мэдүүлэг авсан тухай удаа дараа гомдол гарган, энэ талаар шалгаж үнэн зөвийг олж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн орчим Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргэгдэж, Ариука гэх төлөөлөгч намайг өрөөндөө аваачаад айлгаж, цохиж, хугархай хурууг чинь дахин хугална, үнэнээ хэлбэл яах ч үгүй, үгүй бол нохой шиг балбана гэх зэргээр сүрдүүлсэн. ...Ариука гэх төлөөлөгч босож суулгаж, толгойн тус газар цохиж, тарчлаан зовоосон болно. Өвчин шаналгаа, өнчрөл хагацал амсаж, сэтгэл санааны хүнд дарамттай байх үед айлган сүрдүүлсэн. ...Чи “нэг хоолойн дээр нь дарсан гээд л мэдүүлэг өгчих, угаасаа хүн амины хэрэг болохоор ямар хулгай дээрэм биш сайн шалгана” гээд ...сүрдүүлэн дарамталж сэжигтний мэдүүлгийг авсан. ...Мэдүүлэг өгөх гээд сууж байхад Ариука гэх төлөөлөгч орж ирээд “ярьсандаа байхгүй бол би гадаа чинь байгаа шүү” гэж айлгаад гарсан. Миний бие ийм нөхцөл байдал, хүнд дарамтанд бусдын зааж өгснөөр сэжигтний мэдүүлгийг өгсөн гэдгээ удаа дараа хэлсэн боловч анхан шатны шүүх хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй гэснийг эсэргүүцэж байна.

2. Хэрэг гардаг шөнө хэзээ, хэдэн цагт явсан, хэргийн газар хэн, хэн, ямар байдалтай байсан, хэргийн газар хавтаст хэрэгт авагдсан зураг шиг ундуй сундуй байсан уу, алга болсон гэх талийгаач болоод найз Бямбацогтын надад өгсөн “Нокиа” загварын утас байсан эсэхийг зайлшгүй тодруулж, гэрч болон сэжигтнээр байцаалт авах ёстой хүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлаад олоогүй бөгөөд хэрэг гарсан өдрөөс хойш ор сураггүй алга болсон сэжигтэй этгээдийг олж мэдүүлэг авалгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Гэрч Баянмөнхийн /1хх-35/ ...мэдүүлгийнх нь цаг хугацаа зөрүүтэй байдаг. Нэг бол 03:38 минутад найз нар нь ирэхэд гэртээ байсан камерт харагдахгүй гараад явсан эсвэл 9 дүгээр сарын 14-ний орой яваад архи ууж байгаад 05 цагт ирсэн гэх. Тэгээд ирэхдээ ч камерт бас л бичигдээгүй байдаг. Гэрч Баянмөнх бид хоёр хааяа нийлж архи уудаг, манайхаар өдөр бүр л орж гардаг. Энэ нь ч өгсөн мэдүүлгээс нь мэдэгдэж байдаг. Иймд гэрч Баянмөнхийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж мухарлах, цаашлаад хэрэг гардаг шөнө нийтийн байр руу гадны хүн ороогүй гэх Баянмөнхийн мэдүүлгийг нотлох баримт болгосонд эсэргүүцэж байна.

4. Мөн хадам эх Ганчимэгийн мэдүүлэг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хувьсаж өөрчлөгдсөн, эрүүдэн шүүж өгсөн гэх сэжигтний мэдүүлгийг үндэс болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, илт гүжирдэн гүтгэж худал мэдүүлэг тайлбар тавьж байгаа ч хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэх үндэслэлээр худал мэдүүлсэн нь үнэн болж, цаашлаад нотлох баримтад тооцогдож байгааг эсэргүүцэж байна. Учир нь хохирогч Ганчимэг /хх-22-26/ мэдүүлэхдээ “9 дүгээр сарын 15-ны орой хотод ирчихсэн байхад 22 цагийн орчим Э.Т 96658195 дугаараас залгаад “та хотод ирсэн үү, Б.Эгийн хүзүү нь хугарсан байна. Би ялаа аваад явъя даа” гэсэн гэх мэдүүлэг нь гэрч Баянмөнхийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байдаг. Мөн шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Э.Төөс Энхсаруул “чи миний эгчийг яасан юм бэ” гэж асуухад орилоод байхаар нь “би хоолойг нь боосон юм” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн нь бас л нэг худал мэдүүлэг бөгөөд 9 дүгээр сарын 16-ны өдөр намайг гэрч Энхсаруултай уулзаагүйг цагдаагийн алба хаагчид батална. ...Миний хойт эх Эрдэнэцэцэг буяны ажилд 500,000 төгрөг өгсөн, мөн миний ажиллаж байгаад осолд орсон Мягмардорж гэх хүн буяны ажилд нь бага бус мөнгө өглөө, Э.Т бид хоёрын хооронд яриа одоо дууссан шүү гэж миний төрсөн дүү Э.Уянгад хэлсэн байдаг. Энэ мэт өөр зүйл дээр ч зөвхөн үнэнийг мэдүүлэх үүрэгтэй хохирогч, гэрчүүдийн худал үгс үнэнд тооцогдон хүний амьдрал, эрх чөлөөний эсрэг чухал нотолгоо болж байгаад харамсаж байна.

5. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд миний бие талийгаачийн үтрээнээс арчдас, наалдацын шинжилгээ хийж өгөхийг удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ талаар арга хэмжээ авч, ямар нэг ажиллагаа хийгээгүй мөртлөө мөрдөгч Солонго нь өгсөн мэдүүлэг, тайлбарын цаг хугацааг учир битүүлгээр өөрчлөн хольж яллах талын нотлох баримт болгосон байдаг. Хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд байгаа мэдүүлэгт “Согтуу надад агсам тавиад миний хүзүү, ар нурууг маажаад намайг арчаагүй гэх зэргээр хэлээд байсан” гэсэн үгсийг нэмж оруулсан байдаг. ...Миний бие 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэрэг гарсан гэх цаг хугацаанд авсан гэх шинэ шарх, гэмтэлгүй гэх дүгнэлт байдаг. Ийм нотолгоо баримтууд байсаар атал дээр дурдсан мэдүүлгийг хэрэг гарсан өдөр болсон болгож өөрчилснийг миний эсрэг гэм бурууг шууд тохох гэсэн үйлдлийн илрэл гэж үзэж байна. ...Дээр дурдсан зүйлсийг шалгуулах, мухарлуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шүүх хуралдааны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэх шийдвэрийг эсэргүүцэж өргөдөл гаргаж байна...” гэв. 

 

Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд Э.Тийн гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Э.Т нь Батчулуун гэх хүнийг шалгуулъя гэдэг асуудал ярьсан. Энэ Э.Тийн гаргасан саналтай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Батчулуун гэдэг хүн хэрэг гарах өдөр талийгаач болон Э.Т нар байсан. Мөн Батчулуун нь хэзээ гарч явсан талаар тодорхой бус байгаа. Энэ асуудал дээр цаг хугацааны байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэгийн өмгөөлөгч Р.Мөнхтариа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Т гэмт хэрэг үйлдээгүй талаараа анхан шатны шүүхэд хүртэл ярьж байсан. Мөн давж заалдсан гомдлоо мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан. Батчулуунтай холбоотой энэ хэрэг үйлдэгдсэн гэж ярьдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Батчулуунтай холбогдох асуудлыг шалгахад Батчулуун арын хаалгаар орж ирж арын хаалгаар гарсан. Тийм учраас камерт бичигдээгүй гэж Э.Т ярьдаг. Гэтэл байрны эзэн Болдбаатарын мэдүүлэгт манай байрны хашаа урд талдаа ганцхан хаалгатай, тэр хаалгаар орж гарсан хүмүүс бүгд камерт бичигддэг. Ард талын хаалгаар орж ирлээ гэхэд урд талын хаалгаараа орж ирнэ. Ард талын хаалгаар гарлаа гэхэд манай урд талын хаалгаар л гарна. Тийм учраас Батчулуун камерт бичигдэх ёстой. Гэтэл бичигдээгүй, шөнө орж ирээгүй байсан гэж мэдүүлдэг. Тухайн камерын бичлэгт шөнө 3 цагийн үед орж ирсэн хүн бичигдсэн байсан. Э.Т нь өөрөө 2 цаг өнгөрөөд 3 цаг болох гэж байхад бэлгийн харилцаа хийхээсээ өмнө гарч архи авсан байдаг. Энэ нь камерт бичигдсэн. Гэтэл Батчлуун тухайн камерт бичигдээгүй. Тэгэхээр шөнө арын хаалгаар орж ирж Батчулуун гэх хүн гэмт хэрэг үйлдсэн байх гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч өөрөө мэдүүлэхдээ Батчулууны авч ирсэн архийг нь хувааж уугаад Мягмардоржийнд очоод буцаж ирэхдээ үлдсэн архиа хувааж уугаад 23 цагийн өнгөрч байхад Батчулуун явсан гэдэг. Тийм учраас Батчулуунтай холбоотой асуудал байхгүй. Мөн шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгч Э.Тийн мэдүүлгийг дурдсан. Э.Т нь гэмт хэрэг үйлдээгүй боловч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “би түүнийг дуугүй байгаач ээ, айл амьтан унтаж байна шүү дээ” гээд түүний дээр гараад гараараа түүнийг дуугүй бай гээд хоолойг нь дарсан гэдгээ санаж байна” гэж мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1837 дугаартай дүгнэлтээр “талийгаачийг багалзуурдсаны үндсэн дээр амьсгал механикаар бүтэж нас барсан” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8912 дугаар дүгнэлтээр “талийгаач 19-20 долоо хоногтой буюу 5 сартай жирэмсэн” гэж тус тус тогтоосон. Э.Т нь мэдүүлэгтээ “жирэмсэн гэдгийг мэдэж байсан, би нөхөр нь юм чинь мэдэлгүй яах вэ” гэх мэдүүлэг, гэрлэлтийн лавлагаанд шүүгдэгч, амь хохирогч нар нь 2009 он гэрлэлтээ батлуулсан гэх баримтуудаас үзэхэд хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь тогтоогдсон. Тиймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Э.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 42 тоот хаягт байрлах Нийтийн байрны 03 тоотод, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эхнэр Б.Эг 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэгийн мэдүүлэг /1хх-22-23, 24, 25-26/, гэрч Т.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /1хх-27/, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг /1хх-35, 38-39, 40/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /1хх-62-63/, Э.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-119-120, 123-125/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1837 /1хх-51-53/, 8912 /1хх-60-61/, 5758 /1хх-95-100/ дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь “...гомдолд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлттэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн эхнэр Б.Эг 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэгийн “...Талийгаач нас барснаас хойш би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр талийгаачийн эд зүйлсийг авахдаа тус нийтийн байрны эзэнтэй уулзахад хэрэг гардаг өдөр талийгаач нөхөртэйгээ хоёулаа байсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-25-26/,

гэрч Т.Түмэн-Өлзийгийн “...Талийгаач нь жирэмсэн байсан. Б.Э нь Э.Ттэйгээ албан ёсоор гэрлэлтээ 3-4 жилийн өмнө батлуулчихсан...” /1хх-27/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Батмөнхийн “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө тэдний өрөөнд ороход Б.Э, Э.Т нар хоёулаа согтуу, архи уучихсан байсан. Э.Т нь нүүр ам нь шалбарчихсан байдалтай байсан. ...Б.Эгийн хажуугийн өрөөний түрээслэгч Болдбаатар надад хэлэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим Б.Э, Э.Т нар хоорондоо хэрэлдээд байхаар нь гарч яваад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Намайг ирэхэд янз бүрийн дуу чимээ гараагүй. Дурдсан цаг хугацаанд манай нийтийн байрны оршин суугчдаас өөрөөр гадны гэхээр ямар нэгэн хүн манай нийтийн байр руу орж гараагүй. Цагдаагийн хэлтэс дээр цагдаа нар анх камераас шүүхэд шөнө дунд манай нийтийн байр руу гадны ямар нэг хүн орж гараагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-35, 40/,

Э.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би босож ирээд эхнэр Б.Э дээр очоод дахин түүнтэй бэлгийн харьцаанд орох гээд оролдоход “зайлаач, дөнгөж сая хийчихээд, би унтмаар байна” гээд чанга чанга орилоод байсан. Би түүнийг дуугүй байгаач, айл амьтан унтаж байна шүү дээ” гээд түүний дээр нь гараад гараараа түүнийг “дуугүй байгаач” гээд хоолойг нь дарснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-119-120, 123-125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1837 дугаартай “...Талийгаач Б.Эгийн цогцост хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, цус харвалт, хүзүүний булчин зөөлөн эд, төвөнх залгиур, хэлний уг хэсэг дэх цус хуралт, баруун мөр, бугалга, тохой, шуу, хуруу, зүүн бугалга, тохой шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд уруул, эрүү, эгэм, баруун тохой, сарвуу, зүүн тохой, зүүн хөлийн хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1хх-51-53/ зэргээр тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Тийн давж заалдах гомдолд дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүж, сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хэрэгт нотолбол зохих зүйлсийг нотлоогүй, хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг олж тогтоогоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

Дээрх гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, гэрчүүд нь хэрэгт хувийн сонирхолгүй байх бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал тогтоогдоогүй, эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхээс Э.Тт оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ