Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00762

 

МК ХХК, МГ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар магадлалтай, 

МК ХХК, МГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-өд холбогдох, 

15.715.220 төгрөг гаргуулж МК ХХК-д, 79.084.738 төгрөг гаргуулж МГ ХХК-д тус тус олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: МГ ХХК болон МК ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Н.Уранчимэг бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр хариуцагч Б.Б-тэй харилцан тохирч МК ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. МГ ХХК-ийн хөрөнгө болон санхүүжилтээр МК ХХК-ийн захирал Б.Б-өд мөнгө өгч, зээлж байсан. Өнөөдрийн байдлаар МК ХХК-ийн 49 хувийг МГ ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Уранчимэг өөрөө буцааж шилжүүлж авсан. МГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Б.Б- нь МК ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 25-нд МГ ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20.000.000 төгрөг авсан ба 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмж 5.000.000 төгрөгийг авсан. 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4.000.000 төгрөгийг нэмж авсан. 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр МК ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн төлбөр 2.620.000 төгрөгийг МГ ХХК өмнөөс нь төлж байсан. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МГ ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5.000.000 төгрөгийг авсан. Б.Б- нь МГ ХХК-ийн салбар охин компани болох Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20.000 м.кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж 30.000.000 төгрөгийг авсан. Дээрх үнийн дүн нийтдээ 66.620.000 төгрөг болж байгаа. Мөн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг зэргийг Б.Б-ийн данс руу шилжүүлсэн. Нийтдээ МГ ХХК нь 12.464.738 төгрөгийг Б.Б-өд шилжүүлж өгсөн байдаг. Иймд Б.Б-өөс нийт 79.084.738 төгрөгийн гаргуулж МГ ХХК-д олгож өгнө үү. МГ ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь Б.Б-өд компанийн 49 хувийн хувьцааг хүлээж авах болон буцааж өгөхдөө компани ямар нэгэн өр төлбөртэй байх тохиолдолд хүлээн авагч нь төлбөрийг хариуцна гэсэн байдаг. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн МК ХХК нь татварын өр төлбөртэй, төсвөө төлөөгүй, торгуулиуд ирж байсан. 2014-2015 оны хувь хүний орлогын албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд ногдох торгуульд нийт 15.715.220 төгрөгийг хариуцагч Б.Б-өөс гаргуулж МК ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. МК ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ашиг, орлого олж байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан 25.000.000 төгрөг, 2015 онд хүлээж авсан 30.000.000 төгрөг болон бусад мөнгийг МГ ХХК-тай тохиролцооны дагуу барилга барих зөвшөөрөл, газрын үнэ, зургийн зардал, оффиссын түрээсийн төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамж, ажлын зургийн урьдчилгаа, барилгын зургийн программ худалдаж авах, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын цалин зэрэг МК ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, голын гольдролын дагуу барилга барих зөвшөөрөлтэй газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, буцаад барилга барих эрхээ сэргээлгэх гэж 1 жил гаруй хугацаа болж байсан. Энэ хугацаанд МК ХХК-ийн захирал Б.Б- өөрийн машинаа ломбарданд тавьж, ажилчдынхаа цалинг өгч байсан. 20.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулахад зориулж, компьютер, хувилагч, оффиссын түрээсийн түрээс, цахилгааны мөнгө, ажилчдын цалин зэрэгт зарцуулсан. Далд нууц эм эн ХХК-ийн геологийн дүгнэлтийг Гүүр хөрс ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр Гүүр хөрс ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2.640.000 төгрөг шилжүүлж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.320.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.750.000 төгрөг шилжүүлсэн. Б.Б- хувиасаа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1.180.750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.073.500 төгрөг, 2014 онд түрээсийн үлдэгдэл төлбөр 111.250 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны төлбөрт 1.191.760 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1.960.671 төгрөг төлсөн. Мөн МГ ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 400 м.кв талбай бүхий газар эзэмших гэрээнд зориулж, 450.000 төгрөг, хайгуулын ажилд Гүүр хөрс ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээтэй мөнгийг МГ ХХК-ийн газар эзэмших, барилгын зураг, хөрсний шинжилгээ хийлгэх үйл ажиллагаа, мөн оффиссын үйл ажиллагаанд зарцуулж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээний заалт дээр компанийн эрхийг шилжүүлж авсан үеэс компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эд хөрөнгийг бүрэн шилжүүлнэ гэсэн. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэгтэй холбоотой асуудал дээр МК ХХК нь ямар ч ашиг орлого байгаагүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр дараагийн эрх баригч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг эдэлнэ гэсэн заалтын дагуу Б.Б- нь дээрх үүрэг, хариуцлагыг хүлээх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-өөс 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49.084.738 төгрөгт холбогдох хэсгийг, 15.715.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МГ ХХК, МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811.030 төгрөгөөс 631.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 179.080 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-өөс 307.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Гэрээний үүргийн талаар гэрээний талуудын хооронд үүсэх тул хариуцагч Б.Б- хариуцах үндэслэлгүй, мөн зээл биш Монтрак констракнш ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөр гэж дүгнэсэн” нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хариуцагчид ашигтай байдлаар, хэт нэг талыг барьж буруу үнэлсэн. Үүнд хэргийн 1 дүгээр хавтасны 20 дугаар талд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтын бэлэн мөнгө хүлээн авагчид “Баянбат Батмөнхөд” буюу хариуцагч Б.Б- бэлнээр 20.000.000 төгрөг хүлээн авсан баримт байхад “МК” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгосон байна гэх үндэслэлгүй дүгнэсэн. Дээрх 20.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б- нь бэлнээр хүлээж аваад өөртөө зарцуулсан. Тухайн үед ”МГ” ХХК нь “МК” ХХК-тай “Далд Нууц Эм Эн” ХХК-ийн барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ гэх гэрээг байгуулсан боловч гэрээт ажлыг хугацаанд нь хийж өгөөгүй. Мөн МК ХХК-ийн хувьд барилгын зураг боловсруулах тусгай зөвшөөрөл байгаагүй болно. Хэргийн 1 дүгээр хавтасны 26 дугаар талд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын гүйлгээний утга хэсэгт “Б.Б-өд 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр” 5.000.000 төгрөг олгосон байхад МК ХХК-д зээлсэн болох нь гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 29 дүгээр талд 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын бэлэн мөнгө хүлээн авагчид “Б.Б-” буюу хариуцагч Б.Б- бэлнээр 4.000.000 төгрөг хүлээн авсан баримт байхад МК ХХК-д олгосон байна гэх үндэслэлгүй дүгнэсэн. Бэлэн мөнгөний зарлагын баримт дээр бэлэн мөнгө хүлээн авсан МК ХХК, түүнийг төлөөлж Б.Б- гэсэн ямар ч зүйл байдаггүй. Хэргийн 1 дүгээр хавтасны 35 дугаар талд 2013 оны 10 дугаар сарыи 04-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын мөнгө хүлээн авагч хэсэгт “Б.Б-”-д 5.000.000 төгрөг олгосон байхад МК ХХК-д олгосон мэтээр нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэсэн байна. Нэхэмжлэгч МГ ХХК-иас “...2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-өд зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжилсэн гэвч энэ талаар хэрэгт хавсаргасан нотлох баримтад шүүхээс томилсон шинжээч “Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн хх-249 дүгээр гал МК ХХК-ийн хөрөнгө оруулалт гэх баримтад зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Б.Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан тул энэ хэсэгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ МК ХХК-ийн хөрөнгө оруулалт гэх баримтаас гадна Б.Б-ийн Хаан банкны данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг мөн хавсаргасан байхад энэхүү баримтыг үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

МК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй дүгнэсэн. Татварын улсын байцаагчийн 2016 оны 6 сарын 09-ний өдрийн 350017651 дугаартай актаар 4.412.740.2 төгрөгийг МК ХХК-иар төлүүлэхээр тогтоож, мөн компанийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлд 11.302.480 төгрөг төлөхөөр тайланд тусгагдсан нь тус тус нотлогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Б.Б-тэй 2016 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар компанийн хувьцаа шилжихээс өмнөх үеийн өр төлбөрийг хариуцагч Б.Б- хариуцахаар, нөхөн төлөхөөр тохиролцсон байдаг. Тиймээс Б.Б- гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2013 оны 5 сарын 24-ны өдрөөс хувьцаагаа буцаан шилжүүлж өгсөн 2016 оны 02 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны компанийн үйл ажиллагаатай холбоотой татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг хариуцахаар байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б.Б-өд холбогдуулан нэхэмжлэгч МГ ХХК нь 79.084.738 төгрөг, нэхэмжлэгч МК ХХК нь 15.715.220 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Б.Б-өөс 30.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МГ ХХК-д олгож, үлдэх хэсэг болон МК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч МГ ХХК болон МК ХХК-иуд харилцан хамаарал бүхий этгээд болохыг, МК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Уранчимэг хувьцааны 49 хувийг хариуцагч Б.Б-өд шилжүүлж, улмаар түүнийг гүйцэтгэх захирлаар 2013 оны 5 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллуулж, хожим нь хувьцаагаа буцаан авсан үйл баримтад зохигч маргаагүй байна.

1. МГ ХХК-ийн 79.084.738 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хариуцагч Б.Б- МК ХХК-ийн захирлаар ажиллах хугацаанд МГ ХХК-с нийт 36.620.000 төгрөгийг хэсэгчлэн хүлээн авсан нь тогтоогдсон боловч тэрээр мөнгийг хувьдаа бус МК ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд 2 компанийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой, мөн өөрийн компанийн үйл ажиллагаанд буюу тендерт оролцох, түрээсийн төлбөр төлөх, зээл гэсэн зориулалтаар авсан тул нэхэмжлэгч МГ ХХК мөнгийг Б.Б-өөс шаардах боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн Б.Б-өд зээлдүүлсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар буюу 1.464.738 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийн баримтууд дээрх гарын үсэг нь хариуцагч Б.Б-ийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Харин хариуцагч Б.Б- нь Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах газрын нэг удаагийн төлбөрийг төлөхөөр 30.000.000 төгрөгийг МГ ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авсан боловч газрын төлбөрийг төлөөгүй, дээрх мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна. Иймээс дээрх мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. МК ХХК-ийн 15.715.220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

МК ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлд 11.302.480 төгрөг төлөхөөр тайланд тусгагдсан, мөн Татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 350017651 дугаар актаар 4.412.740.2 төгрөг төлүүлэхээр тогтоосон баримт хэрэгт авагдсан хэдий ч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасны дагуу хариуцагч Б.Б-ийг МК ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн гэм буруугаас хохирол учруулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний  үндэслэлээ нотлоогүй гэж үзэж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм. 

Хэргийн баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МК ХХК 236.900 төгрөг, МГ ХХК 403.680 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ