| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 142/2018/00193/И |
| Дугаар | 001/ХТ2019/00458 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2019/00458
Л ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар магадлалтай,
Л ын нэхэмжлэлтэй,
Д д холбогдох
Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
4,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, хариуцагч Д , хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2003 оны 08 сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-1-50 тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг миний ойрын хамаатны эгч Пунсал авсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаар төлж барагдуулсан. Пунсал эгч Дэлгэрмөрөнтэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, миний бичиг баримтыг өгөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна. Иймд орон сууцны гэрчилгээг Д гөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2003 оны 08 сарын 11-ний өдөр Л тай зээлийн гэрээ хийж, Л нь өөрийн өмч болох 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, тэр үеийн 2 өрөө байрны үнэнд дүйцүүлэн 2,500,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 0.2 хувийн алданги төлөхөөр тооцож зээлсэн. Үүнээс хойш Л Улаанбаатар хот руу яваад олдохгүй, өчнөөн жил алга болж зээлсэн мөнгөө төлөөгүй мөртлөө одоо надаас байрны гэрчилгээ нэхэж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би өөрийн мөнгөөр хохирч, өдий олон жил явж байхад Л нь өөртөө огт хамаагүй пургоныг барьцаанд өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. М.Пунсалдулам нь тусдаа өөрөө 2004 оны 02 сарын 03-нд 4,000,000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө нөхөр Ганбаатарын пургоныг тавьсан гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: 2003 оны 08 сарын 11-нд 2,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сар 9 хоногийн хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээндээ тусгасан. Л нь уг мөнгийг төлөөгүй тул үлдсэн зээлсэн 2,500,000 төгрөг, хүү 345,000 төгрөг, алданги 1,422,500 төгрөг, нийт 4,267,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Л т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 сарын 11-нээс 2004 оны 02 сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сунгаж байсан. 2 тал гарын үсэг зурж бичгээр сунгалтыг хийсэн. Иймд 3 сарын хүү 450,000 төгрөгөөр нэмэгдүүлж 4,717,500 гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг баримтлан хариуцагч Д гөөс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-50 тоот, Ү-2101000655 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Л т олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л аас 4,095,000 төгрөг гаргуулан хариуцагч Д д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 622,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 97,380 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д гөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л т, нэхэмжлэгч Л аас 80,470 төгрөг гаргуулан хариуцагч Д д олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг, 1-1-50 тоот дугаартай улсын бүртгэлийн Ү-2101000655 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх зохигчдын хооронд 2003.08.11-ний өдөр барьцаат зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүү, алданги тооцож 4,095,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус төдийгүй үндэслэлгүй юм. 2003.08.11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дуусгавар болсон байхад шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулсан Л нь Д д урьдчилгаа олгож, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр үйлдэл хийгээгүй бөгөөд энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Давж заалдах шатны шүүх Д гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа бусад заалтыг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь Д гөөс орон сууцны ордер барьцаалж 2,500,000 төгрөг зээлсэн зээлээ төлж барагдуулсан тул орон сууцны ордероо гаргуулан авах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр нэхэмжлэгчээс 4,095,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 2,500,000 төгрөгөнд хүү, алданги тооцож 4,095,000 төгрөг олгуулах нь Иргэний хуулийн 232-д заасан үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “анхан шатны шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэснийг “анхан шатны шүүхийн шийдвэрийн 1,2,3 дахь заалтын нэхэмжлэгч Л т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож”, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л нь хариуцагч Д д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-50 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, хариуцагч Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,717,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэгт авагдсан 0074699 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон лавлагаанаас үзэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-50 тоот, Ү-2101000655 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч нь Л мөн бөгөөд зохигчид 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000.00 төгрөгийг 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.2 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулахдаа гэрээний төгсгөл хэсэгт дээрх орон сууцыг барьцаалсан тухай гараар нэмж бичсэн байна.
Дээрх гэрээнд үл хөдлөх хөрөнгийн 27 дугаартай улсын бүртгэгчийн 2101000655 улсын бүртгэлийг 2003 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр 15 цаг 35 минутад бүртгэв гэсэн дардас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Орхон аймгийн бүртгэлийн хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 61-74141 дугаартай лавлагаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст 1-1-50 тоот орон сууцны өмчлөгч Л бөгөөд уг эд хөрөнгөнд өнөөдрийн байдлаар Д тэй байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн тухай баримт хэрэгт авагджээ.
Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг биелүүлэх боломжтой гэж тайлбарлан, нэхэмжлэгчээс үндсэн зээл 2,500,000.00 төгрөг, хүү 345,000.00 төгрөг, алданги 1,442,000.00 төгрөг, нийт 4,267,000.00 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2,500,000.00 төгрөгийг хамаатны эгч Пунсалдулам авч, бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаар төлж барагдуулсан гэж тайлбарласан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гэрээний үүргийг биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
...Л гэрээ байгуулсан цагаас хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцох гэх мэтээр Монгол Улсад тэр бүр байдаггүй, ... хариуцагч нь 1-1-50 тоот хаалганд байнга очдог байсан, Л гэртээ байдаггүй байсан, Цагдаагийн газарт өргөдөл өгч, шүүхэд 2011 онд хандаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухай хариуцагч тайлбар гаргасан байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2011 оны 08 сарын 01-ний өдөр тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Д гөөс анхан шатны шүүхэд 2016 оны 04 сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 12-ны 02848 дугаар захирамж хэрэгт авагджээ.
Уг өргөдөлд “..тэмдэгтийн хураамж төлсөн. Тэгээд нэхэмжлэл гаргаагүй тул буцааж өгнө үү” гэж, шүүгчийн захирамжид “...тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандахдаа 32,000.00 төгрөг төлсөн гэх баримт нь 2011 оны 08 сарын 01-ний өдрийн баримт байх тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан эсэх нь эргэлзээтэй” гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /хх-125-127/
Анхан шатны шүүх “Зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг бариулсан нь баталгаа гаргасан гэж үзэх үндэслэл бүхий байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж дүгнэж, сөрөг шаардлагаас хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барьцааны үүргийн “баталгаа гаргасан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, шүүх Иргэний хуулийн 77 дугаар зүйлийг хэрэглээгүй нь буруу юм.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ хугацаа хамаарах бөгөөд хариуцагч буюу зээлдүүлэгч нь 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан боловч өмнө нь зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч Л үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно.
Хариуцагч нь барьцааны зүйл болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг залруулаагүй нь буруу, түүнчлэн зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэл бүхий, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу “...хариуцагч Д г гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрсөн гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болголоо.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг баримтлан хариуцагч Д гийн нэхэмжлэгч Л аас 4,267,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын “нэхэмжлэгч Л аас 80,470 төгрөг гаргуулан хариуцагч Д д олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 80,500.00 /наян мянга таван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН