| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 184/2018/02189/И |
| Дугаар | 001/ХТ2019/00504 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00504
Б.Р-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2247 дугаар магадлалтай,
Б.Р-ийн нэхэмжлэлтэй,
Ц.Х, Ц.Н нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 11.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Х, Ц.Ннарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Ц.Х, Ц.Наранбаатар, өмгөөлөгч З.Ганчимэг, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Р- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Хтай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц.Хын нэр дээр бүртгэлтэй 45-36УБА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 10.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг Ц.Наранбаатарт хүлээлгэж өгсөн. Гэтэл уг машиныг 2018 оны 5 дугаар сард хулгайнх гэх үндэслэлээр цагдаагийн албан хаагч хураан авч, анхны өмчлөгчид нь шилжүүлэн өгсөн юм. Үүнээс болоод би машин болон мөнгөгүй үлдлээ. Хариуцагч нар нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээний дагуу төлсөн 10.300.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг нийт 11.300.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Х, Ц.Ннар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хуучин машин худалдан авч цааш худалдаалдаг бизнес эрхэлдэг. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр н.Пүрэвдорж гэх хүнээс Приус-20 маркийн машин авч зогсоолд тавьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Р-ид 10.300.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь авсан. Уг машиныг хулгайн машин болохыг мэдээгүй, эрх бүхий этгээдүүд дуудаж мэдүүлэг авах үед мэдсэн. Бид анхнаасаа уг нөхцөл байдлыг мэдээгүй болохоор санаатайгаар Б.Р-ид хохирол учруулаагүй, өөрсдөө энэ хэргийн улмаас хохирол амссан. Хүчин төгөлдөр гэрээний дагуу Б.Р-ийн нэр дээр нэгэнт шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Хаас 10.300.000 төгрөгийг гаргуулан Б.Р-ид олгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Наранбаатарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хаас 179.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-ид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2247 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Ц.Х гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Х, Ц.Ннар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2376 дугаар шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2247 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хариуцагч Ц.Х нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийи “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу NHW203148260 арлын дугаартай, бор шаргал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Р-ид 10.300.000 төгрөгөөр худалдсан, 10.300.000 төгрөгийг Ц.Наранбаатарын дансаар дамжуулан хүлээж авсан, уг тээврийн хэрэгслийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хулгайн гэмт хэргийг шалгах явцдаа хураан авсан болох нь баримтаар тогтоогджээ. /хх-н 42-43, 55-56 дугаар тал/ гэж дүгнэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан гэж хуульчилсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10772 дугаар “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г дээр заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар нэмэлт хугацаа тогтоогоогүй нөхцөл байдал үүсээгүй байна. Шүүх нэхэмжлэгч Б.Р-ийн нэхэмжлэлийг хангаж хариуцагч Ц.Хаас машины төлбөр 10.300.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн атлаа гэрээний нөгөө талын эрх буюу Ц.Хаас шилжүүлсэн тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус өөрөөр хэлбэл шүүх Б.Р-оос тээврийн хэрэгслийг Ц.Хт иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцааж олгоогүй нь Б.Р-ийг иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн эрүүгийн хэрэгт Хан-Уул дүүрэг цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Ербол мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоолоор нэхэмжлэгч Б.Р-ийг Эрүүтийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл, 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг. Энэ талаар нэхэмжлэгч нь шүүхэд мөн мэдүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйн иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн тогтоолоор нэхэмжлэгч Б.Р-ийг уг эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчээр тогтоосон нь Б.Р- нь гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бүрэн нийцэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2376 дугаар шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2247 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Р- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...машины үнэ 10.300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нийт 11.300.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Б.Р- нь хариуцагч Ц.Хтай 2017 оны 10 дугаар сарын 7-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 45-36 УБА улсын дугаартай, тоёота приус маркийн машиныг худалдан авахаар тохирч, машины үнэ 10.300.000 төгрөгийг Ц.Наранбаатарт өгч, улмаар машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ /хэргийн 7, 10 дугаар тал/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...уг машиныг хулгайнх гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага хураан авсан, ...хариуцагч доголдолтой эд зүйл худалдсан тул гэрээнээс татгалзсан” гэж тодорхойлжээ. Хариуцагч Ц.Х, Ц.Ннар нэхэмжлэлээс татгалзахдаа “...уг машиныг Пүрэвдоржоос худалдан авсан, хулгайнх гэдгийг мэдээгүй, ...уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчийн 2017 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолоор иргэн Д.Мөнх-эрдэний Буянт-Ухаа орон сууцны гаднаас 36-12 УББ улсын дугаартай, приус-20 маркийн машинаа асаалттай орхисон үед үл таних хүн авч зугтаасан гэх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Б.Р-оос 22-88 ДҮЭ улсын дугаартай приус маркийн машиныг хураан авсан, Мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 5 дугаар сарын 16-ний өдөр Б.Р-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ /хэргийн 40, 41, 56, 61 дүгээр тал/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1.-т “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2.-т “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. 3.-т “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно”, 6.-т “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Цагдаагийн байгууллага нь Д.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Б.Р-ийн хариуцагч нараас худалдан авсан гэх машиныг хураан авч, улмаар түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч тухайн эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 5284 тоот албан бичигт “...4536 УБА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан талаарх баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байна” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн хариуцагч нараас худалдан авсан машиныг цагдаагийн байгууллага хураан авсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын хураан авсан гэх тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн хариуцагч нараас худалдан авсан машин мөн эсэх, тухайн эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2247 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 179.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ