| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 182/2016/01087/И |
| Дугаар | 001/ХТ2019/00153 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2019/00153
“ҮХОБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01904 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1913 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ХД” ХХК, “ТӨК” ХХК, Ж.Г-, Б.Х-, Д.А-, Д.Э-, З.Н-, Э.Б-, Ч.Э-нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 626 505 579,31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Б.Зоригоо нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндсайхан, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:
Тус банк нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “ХД” ХХК--тай зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ тус тус байгуулж, дараах эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан.
Үүнд Ж.Г-ийн өмчлөлийн 50,7 мкв 2 өрөө орон сууц, 624 м.кв орон сууц, 692,07 м.кв орон сууц, Д.А-гийн өмчлөлийн 30 м.кв 2 өрөө, “ТӨК” ХХК--ийн өмчлөлийн 98%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, Б.Х-ын өмчлөлийн 35 м.кв 2 өрөө орон сууц, Д.Э-, З.Н-, Э.Б- нарын өмчлөлийн 47,7 м.кв 2 өрөө, Ч.Э-лын өмчлөлийн 53,12 м.кв 2 өрөө, Ч.Энхжаргалын өмчлөлийн 53,46 м.кв 2 өрөө, “ХД” ХХК--ийн өмчлөлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 546,11 төгрөг, үндсэн хүү 80 827 031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343 401 төгрөг, нийт 81 181 979 төгрөгийг төлсөн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 499 988 453 төгрөг, үндсэн хүү 125 144 241 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 372 883 төгрөг, нийт 1 626 505 579,31 төгрөгийн зөрчилтэй байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр, төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.А-гаас өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205005879 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 6А байрны 12 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг “ХД” ХХК--д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаж, “ХД” ХХК--ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрхтэй этгээд болох Ж.Г- гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан. Тус итгэмжлэлийг нотариатч үнэн зөв, хуулийн шаардлага хангасныг баталсан.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Г- шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч талд эвлэрэх хүсэлт тавьсан ч, эвлэрэх боломжгүй болсон. “ХД” ХХК- улирлын чанартай барилгын үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 5 жилээс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Эдгээр хүмүүсийг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үүргээ хүлээнэ гэжээ.
Хариуцагч Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“ХД” ХХК--ийн захирал Ж.Г- иргэн Д.А-тай 2014 оны 10 сард н.Энхтамир гэх танилаараа дамжуулан уулзаж, “ҮХОБ” ХХК-наас 1 500 000 000 төгрөгийн зээл авч байгаа, банк намайг нэмэлт барьцаа хөрөнгө тавь гээд байна. Танай орон сууцыг түр хугацаанд барьцаалж, зээл авахад туслаач зээл авсан даруйдаа тэргүүн ээлжинд орон сууцыг чинь барьцаанаас шуурхай чөлөөлж, өгнө гэж итгүүлсэн. Д.А-, Ж.Г- нар бүрэн итгэж, ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэр бүлийн дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “ҮХОБ” ХХК-инд барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон. Ж.Г- энэхүү итгэмжлэлээр “ХД” ХХК--ийн нэрийн өмнөөс “ҮХОБ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээг байгуулж, зээлээ тус банкнаас авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл манай орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй, Д.А-г хууран мэхэлж байгаа бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.
Нэмэлт барьцааны хөрөнгө буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮД14/011-01 дугаартай гэрээний 2 дахь заалтын 2.1.2-т заасан үндэслэлээр биднийг хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг тус тус зөрчиж талууд барьцааны гэрээ байгуулсан. Оюуны өмч улсын бүртгэлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7/4577 дугаартай албан бичигт зааснаар ЭДҮД14/01101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй байна. Ийм учраас нэмэлт барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэхүү хүчин төгөлдөр гэрээний дагуу Д.А- үүрэг хүлээх үндэслэлгүй.
Мөн Ж.Г- нь хувь хүнд олгосон итгэмжлэлийг аж ахуйн нэгж байгуулсан нэмэлт барьцааны гэрээнд ашигласан нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу Д.А-гаас “ХД” ХХК--ийн захирал Ж.Г-т 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Н-, Э.Б-, Д.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
З.Н-, Э.Б-, Д.Э- нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хороолол, Морингийн давааны 62-50 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний итгэмжлэлийг “ХД” ХХК--д олгосон. Зээлийн гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгө барьцаалсантай маргахгүй. Гэхдээ барьцааны гэрээ хуулийн шаардлага хангахгүй, Ж.Г- нь З.Н-, Э.Б-, Д.Э- нараас олгосон итгэмжлэлийн дагуу уг хэлцлийг байгуулсан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлд бүрэн эрх олгосон этгээд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулна. Иймд З.Н-, Э.Б-, Д.Э- нарын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Б.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ҮХОБ” ХХК-ны нэхэмжлэлтэй, “ХД” ХХК--нд холбогдох шүүх хуралд дахин оролцож чадахгүй, шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх болно гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01904 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “ХД” ХХК--иас 1 626 505 579 төгрөг 31 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- ХХК-нд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-01, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 290 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХД” ХХК--иас 8 290 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- ХХК-нд олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоогийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 500 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д зааснаар илүү төлсөн 300 төгрөгийг түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1913 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч З.Н-, Э.Б-, Д.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжинэ. Хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүхийн зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулах үүргийг шүүх хүлээх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүхээс ямар нэг арга хэмжээ бие даан хэрэгжүүлдэггүй.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг. улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага. түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл. түүний байгаа газар, үнийг заана” 156.3-т “Энэ хуулийн 156.1. 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байна. Иймээс барьцааны гэрээ нь дээрх хуулийн дагуу хангаагүй бол шаардах эрхийг үүсгэхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч тодруулах ажиллагаа явуулсан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив. цахим мэдээллийн сангаас бүрдэнэ” 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулж. мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах. түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана” гэж тус тус заасан тул Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь цахим бүртгэлийн мэдээллийн санд шүүлт хийж бүртгэлтэй эсэхийг тодруулж албан бичгээр хариу өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хуульд нийцээгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7/4577 тоот албан бичигтэй шүүх хуралдаанаас өмнө танилцсан боловч тус баримттай холбогдуулан тодруулах хүсэлтийг гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл тус баримттай маргаагүй, ижил төрлийн нотолгооны хэрэгслээр няцаагаагүй байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг санаачлагаараа ажиллагаа явуулах ёстой байсан мэтээр дүгнэж хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д иргэний хэрэг үүсгэсэн шүүгчээс зайлшгүй хийх шаардлагатай ажиллагааг хуульчилсан. Мөн тус хуульд шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлж буй шүүгчид хэргийн оролцогчийн зүгээс нөлөөлөх гэсэн үйлдэл хийсэн тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нөлөөллийн мэдүүлэгт хэргийн оролцогчоос гарын үсэг зуруулаагүй гэх шүүхээс зайлшгүй хийх ажиллагаанд хамаарахгүй ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хуульд заагаагүй шаардлагыг сөрөг нэхэмжлэлд тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1913 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Магадлалын “Хянавал” хэсэгт “... Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32017/07977 дугаар захирамж биелэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ нь улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүйг тухайн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар бичгэн хэлбэрийн мэдээлэл нь бүртгэлийн эх сурвалж болохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх цахим мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн барьцааны гэрээн дээр улсын бүртгэл хийгдсэн тэмдэглэлийг шууд үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь хариуцагч Ч.Э-лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын “... Он сарыг харахад Ч.Э-нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ХД” ХХК--д итгэмжлэл өгсөн байхад барьцааны гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан байна. Ийм зөрүүтэй зүйл гарч байгаа нь барьцааны гэрээг эргэлзээтэй байдалд хүргэж байх тул барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтэй байна” гэснийг шүүх хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32017/07977 дугаар захирамжийг гаргасан бөгөөд түүний 2.1-д “ҮХОБ” ХХК болон “ХД” ХХК--ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ЭДҮТ-14/011 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЭДҮТ-14/011-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ", 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ЭДҮТ-14/011-02 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ” зэргийг шаардлага хангасан байдлаар ирүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 3-н гэрээг ирүүлэхийг шаардсан бөгөөд энэ хүрээнд холбогдох байгууллагаас нэг барьцааны гэрээг нь ирүүлж, хоёр барьцааны гэрээ нь “бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй” гэсэн хариуг өгсөн байхад шүүгчийн захирамжийг биелээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Нөгөө талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/5361 албан тоотод дурдсан “мэдээлэл тодруулах” хүсэлтийг шүүх биелүүлээгүй гэж буруутгах нь учир дутагдалтай юм. Түүнчлэн шүүхээс шаардсан нотлох баримтыг ямар эх үүсвэр (бүртгэлийн эх нотлох баримт бүхий архиваас уу, эсхүл тухайн бүртгэлийг цахим хэлбэрт оруулсан мэдээллийн сангаас уу)-ийг үндэслэж хариу өгөх нь тухайн байгууллагын дотоод асуудал бөгөөд аль аль нь адил хуулиар зөвшөөрөгдсөн мэдээллийн хэлбэрүүд билээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 12 дугаар зүйлийн 12.4-т “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно.” гэсэн нь бичгэн хэлбэрийн мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээллийн эх сурвалж болох (өөрөөр хэлбэл анхдагч мэдээлэл нь бичгэн хэлбэртэй байх)-ыг зааснаас бус “бичгэн хэлбэрийн мэдээлэл нь үнэн, цахим хэлбэрийн мэдээлэл нь худал” гэсэн агуулгагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Нөгөө талаар хэрэгт авагдсан нэг ижил барьцааны гэрээний хувиуд нь агуулгаараа хоорондоо зөрүүтэй, өөр өөр улсын бүртгэлтэй байсан зэрэг нь тэдгээрийг үнэлэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлснийг буруутах боломжгүй юм.
Хоёр. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- давж заалдах гомдлын шаардлагадаа “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгөөр хоёр удаа буюу нийт 140 400 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.”, 162 дугаар зүйлийн 162.4-т “Давж заалдах гомдол гаргаж байгаа энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.”, 163 дугаар зүйлийн 163.3-т “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг ... давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”, 164 дүгээр зүйлийн 164.3-т “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.” гэжээ.
Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8 290 480 төгрөгийг төлсөн бөгөөд давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох (бүхэлд нь) шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан хэмжээгээр буюу 8 290 480 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх ёстой.
Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хуулийн дээрх зүйл заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад гомдлыг нь хүлээн авч шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Анхан шатны шүүх шийдвэрээ гарснаас хойш 19 хоногийн дараа хүлээн авсан Улсын Бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №7/128 тайлбар, залруулга” гэсэн албан бичгийг болон бусад баримтуудыг нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хавсаргаж, түүнээс иш татаж, шүүх хуралдаанд үндэслэл болгож тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй”, 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” гэснийг зөрсөн байна. Нэхэмжлэгчийн дээрх хууль бус үйлдэл нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэж үзнэ.
Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1913 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102 /ШШ2018/01904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК- нь “ХД” ХХК, “ТӨК” ХХК-, Ж.Г-, Б.Х-, Д.А-, Д.Э-, З.Н-, Э.Б-, Ч.Э-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 626 505 579,31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ж.Г- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол бусад хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж, хариуцагч Д.А- Ж.Г-т 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөр гаргуулах хэсгийг хангаж, барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарим шаардлагыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хангалттай гүйцэт хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Түүнчлэн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, хариуцагчийн сөрөг шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзэх эсэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2., 168.1.3., 168.1.7, 168.3.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хуулийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1913 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Б.Зоригоо нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч З.Н-, Д.Э- нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Д.А-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН