Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00783

 

Э.Ө, Э.Б, Э.З нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаар магадлалтай, 

Э.Ө, Э.Б, Э.З нарын нэхэмжлэлтэй

Д.Д-д холбогдох, 

62, 63, 64, 65 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Бидний аав Я.Э....в- 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч Э.З, Э.Ө бид хоёр асарч байсан. Аав, Э.Б, Э.З, Э.Ө гэсэн гурван хүүхэдтэй. Аавыг нас бармагц аавын эгч Я.Э-гийн охин Э.М- нь намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөнд ойртуулаагүй. Гэтэл сэтгэцийн гүн хямралд орсон тул ээж АНУ руу авч яваад, намайг эмчлүүлээд иртэл, энэ нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64, 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон. Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын Танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д.Д-д өвлөх эрхийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад, биднийг АНУ руу эмчилгээнд яваад иртэл өвийн гэрчилгээг олгохгүй зогсоолгоно гэсэн. Мөн өвийг хүлээн авах эрхгүй Б.Э-д хуваарилан, Э.Бд өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д.Д-гийн өвлөх эрхийн 62, 63, 64, 65 дугаарын гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Э....в-ы өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Я.Э....в-ы амьдарч байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын Нотариатчдын Танхимаас Я.Э....в-ы өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтод өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын Танхимын өвийн лавлагаанд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин Э.З нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Э- өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин Э.З, Б.Э- нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Э- өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан. Өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Э-д оногдох хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Э.Ө, охин Э.З нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн. Э.Б Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Э.Ө ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Э.Ө, Э.З нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. Э.Бий хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний дүү Я.Э....в- бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний охин Э.М- ахтайгаа болон түүний хүү Э.Ө нартай ойр, дотно харьцаатай байсан. Миний дүү Я.Э....в- нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, охин Э.М-г компанийн гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ хэлсэн бөгөөд охин маань Я.Э....в-ы компаний үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан. Тухайн үед Э.Өтай хамт явж тойргийн нотариатч Д.Д- дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин Э.З сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Э.Ө аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00067 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Э.Бий Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай хариуцагч Д.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 210.600 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогодд оруулж, хариуцагчаас 280.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З, Э.Ө нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00067 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 210 600 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, гэснийг нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг, гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Өвлүүлэгч Я.Э....в-ы өвийг өвлөх гэрчилгээ олгох үед Э.Бий өв хүлээн авах тухай хүсэлт Монголын Нотариатын танхимд бүртгэгдээгүй, Э.Б гэдэг өвлөгч байгааг мэдэх боломжгүй байсан. Э.Б нь Вашингтон хотод суугаа Монгол улсын консулын газарт өвлөх хүсэлт гаргасан. Түүнийг ГЯЯ-д илгээсэн гэх боловч хүлээн авах итгэмжлэгдсэн этгээд хугацаанд нь аваагүй, Нотариатын танхимд хүргэж өгөөгүй учир Нотариатын танхимын өвийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдээгүй байсан. Энэ нь хариуцагч нотариатч Д.Д-г Иргэний хуулийн 528.З-т заасны дагуу хүсэлт нь бүртгэгдсэн өвлөгчдөөс бусад өвлөгч байвал түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх шийдвэр гаргах үндэслэл болсон. Э.Б нь Иргэний хуулийн 528.4-т “хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид шилжсэн эд хөрөнгөө өөр 1 ноогдох эд хөрөнгө, эсвэл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэсний дагуу асуудлыг хэлэлцээгүй, харин өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох замаар шийдэж байгааг буруу гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Э.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өв хүлээн авах хүсэлтдээ Вашингтон хотод суугаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгчийн нотариатын бүртгэлийн дэвтрийн 719 дугаарт бүртгэж гэрчилсэн нь Монголын нотариатчдын танхимын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр зэргээр тус тус нотлогдож байгаа гэж ташаа бичсэн. Монголын нотариатчдын танхимын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр дээр өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17 цагт Э.Бий өв хүлээн авах хүсэлт бүртгэгдсэн байгааг анхаарч үзээгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Дипломат төлөөлөгчийн газар баталсан өв хүлээн авах хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээж авдаг, тус яамнаас уг хүсэлтийг хүлээн авах итгэмжлэл бүхий этгээд хүлээн авч Монголын нотариачдын танхимд бүртгүүлдэг журмыг анхаарч үзээгүй. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э.Б өв хүлээн авах хүсэлтээ гаргасныг 7 хоногийн дараа Гадаад харилцааны яамны Дипломат төлөөлөгчийн газар ирүүлэх бөгөөд итгэмжлэл бүхий этгээд энэ хүсэлтийг хуулийн хугацаанд аваад 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор Монголын нотариачдын танхимд бүртгүүлэх ёстой байсан нь хариуцагч Д.Д-гийн буруу биш байсныг анхаарч үзээгүй. 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эцэг тогтоолтын 51 дугаарт Я.Э....в-ыг эцгээр тогтоосон боловч 2008 онд Я.Э....в-, С.Буянжаргал нар гэр бүлээ цуцлуулахдаа Э.Бийг Я.Энхтайвны төрүүлсэн хүүхэд биш гэдгийг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс Э.Бд ногдох хэсгийг хуваарилж өгсөн тухай үйл баримт бичигдсэн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг мөн түүнчлэн Улсын бүртгэлийн газраас Э.Бий эцгээр тогтоолгохын тулд Я.Энхтайвны гараар бичсэн өргөдөл огт байхгүй талаар ирүүлсэн лавлагааг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй. Э.Б нь гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хувийг авч явсанаас хойш Я.Э....в- болон түүний ээж, ах дүү нараас холбоогоо тасалсан, эцэг үрийн харилцааг бодит байдал дээр тасалсан байсныг анхаарч үзээгүй. Э.Бий ургийн овог 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний үнэмлэх авах үеэр Чоймболдорж, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чоймбол тайж болж өөрчлөгдсөн, нас барагч Я.Э....в-ы ургийн овог Ийнж байгаа зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Эрдэнэтуяаг хууль ёсны өвлөгч биш гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйл 520.1-д зөвхөн 2 янзын хүүхэд хууль ёсны өвлөгч байхаар заасан байдаг. Нэгдүгээрт, төрүүлсэн, хоёрдугаарт, үрчилж авсан хүүхэд гэж хуульчилсан. Т.Эрдэнэтуяа бол Я.Энхтайвны төрүүлсэн хүүхдэд хамаарч байх тул хууль ёсны өвлөгч мөн. Т.Эрдэнэтуяагийн эцэг эх салахад эх нь түүнийг дагуулж явсанаас тэрээр албан ёсоор бүтэн үрчлэгдсэн хүүхэд биш, төрсөн эцэг, эмээ, авга нартайгаа холбоогоо таслаагүй, Монгол зан заншлаар хүнийх болоогүй учир өвлөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан өвлөгч юм. Иргэний хуульд бусдад үрчлүүлсэн хүүхдэд өв олгохгүй гэсэн тусгайлсан заалт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх бусдад үрчлүүлснээр хууль ёсны өвлөгчид хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Э.Ө нь өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн шевролет маркийн машиныг нас барагч Я.Э....в- түүнд нас барахаасаа өмнө шилжүүлсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, өөрийн нэр дээр шилжүүлэн аваад бусдад худалдсан нотлох баримтыг анхаарч үзээгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн Их Харанга ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зэрэг хууль бус үйлдлүүдийг хийсэн нь уг өвийн асуудлыг улам маргаантай болгож байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Өвийн зүйлүүдээс шевролит машин үгүй болсон, Их харанга ХХК-ийг хууль бусаар шилжүүлж авсан үедээ түүнийг барьцаалан зээл авсан зэрэг нотлох баримтууд байгааг анхан болон давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй, нягтлан шалгаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Ө, Э.Б, Э.З нар хамтран нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.Д-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 24, 27-ны өдөр  62, 63, 64, 65 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүсснийг,  хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Я.Э- оролцож тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх Э.Ө, Э.З нарын нэхэмжлэлийг хангаж, Э.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч Д.Д-гийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Э.Б, Э.З, Э.Ө нар “нэхэмжлэлийн үндэслэлээ, ...Д.Д- нотариатын үйлдэл хийхдээ, өвлөгч Э.Бий өвлөх эрхийг зөрчсөн, өвлөгч бус Б.Э-д өвөөс ногдуулсан, түүнчлэн өвлөгдвөл зохих хөрөнгийн талаар өвлөгч нарын хооронд маргаан байгааг анхаараагүй...” гэсэн үндэслэл заасныг, хариуцагч “...Э.Б нас барагчийн төрсөн хүүхэд биш..., Б.Э- төрсөн охин нь..., Э.Б хуульд заасан хугацаанд өвийн талаар хүсэлтээ нотариатын байгууллагад гаргаагүй...” гэж маргасан байна.

Хариуцагч Д.Д-гийн  2016 оны 10 дугаар сарын 24, 27-ны өдөр нас барагч Я.Э....в-ы өвийг түүний эх Ж.Ичинхорлоо болон охин Б.Э- нарын хүсэлтийг үндэслэн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Д.Д- нь Ж.Ичинхорлоо, Э.Ө, Э.З, Б.Э- нарыг нас барагч Я.Э....в-ы хууль ёсны өвлөгч гэж үзэж, улмаар Я.Э....в-, С.Буянжаргал, Э.Б, Э.З, Э.Ө нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл хороололд байрлах, 2 давхар амины орон сууцны Я.Э....в-д ногдох хэсэг, түүний нэр дээр бүртгэлтэй Шевролет тахой маркийн автоамшин, Их харанга ХХК-ийн хувьцаа, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32А дугаар байр, 45 тоот орон сууцыг өвлөгдвөл зохих хөрөнгөөр тогтоож, Б.Э- өвийн өөрт ногдох хэсгийг Ж.Ичинхорлоод шилжүүлсэн гэж, хөрөнгийн 2/4 Р.Ичинхорлоод, 1/4 хувийг Э.Зд, 1/4 хувийг Э.Өт ногдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

1.Нотариатч Д.Д- өв залгамжлалын гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг зөрчсөн байна.

Я.Э....в- 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тул түүний өв тухайн өдрөөр нээгдсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн ...төрүүлсэн болон үрчилж авсан, ...төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өв залгамжлагч байна.

Ж.Ичинхорлоо нь талийгаач Я.Э....в-ы эх, Э.Ө, Э.З нар түүний хүүхдүүд гэдгийг зохигч маргаагүй байна. Ж.Ичинхорлоо 2017 оны 3 дугаар сард нас барсан, тэрээр хүү Я.Э....в-ы өвөөс өөрт ногдох хэсгийг энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон охин Я.Э-д гэрээслэлээр өвлүүлжээ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Б.Э- нь нас барагч Я.Э....в-ы төрсөн охин гэдэгт зохигч маргаагүй боловч түүний эх Б.Эрдэв, Я.Э....в- нар 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсны дараа түүнийг 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хойд эцэг Г.Баттогтвор үрчлэн авч, өөрийн нэрээр овоглосон үйл баримт нотлогдсон тул Я.Э....в-ы өвлөгч байх боломжгүй байна. Учир нь хүүхэд бусдад үрчлэгдснээр төрсөн эцэг, эх болон хүүхдийн хоорондох эдийн болон эдийн бус эрх, үүргийн харилцаа хууль зүйн хувьд дуусгавар болж, үрчлэн авсан эцэг, эх, үрчлэгдсэн хүүхдийн хооронд хуулийн дагуу эрх, үүрэг үүсдэг байна.

Я.Э....в- 1993 онд С.Буянжаргалтай гэрлэх үед 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Э.Б 4 настай байсан, улмаар 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Э.Бий эцгээр Я.Э....в- тогтоогдон бүртгэл хийлгэсэн байна. С.Буянжаргал, Я.Э....в- нарын дундаас 1994 оны 3 дугаар сарын 03-ны өдөр охин Э.З, 1996 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Э.Ө нар төржээ.

Дээрх байдлаас нас барагч Я.Э....в-ы хууль ёсны өв залгамжлагч нь түүний эх Ж.Ичинхорлоо, хүү Э.Б, Э.Ө, охин Э.З нар болохыг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Нотариатч ийнхүү гэрчилгээ олгохдоо тодорхой баримт бичгийг үндэслэх бөгөөд үүнд, хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг хамаарч байна.

Хариуцагч Д.Д- нь Б.Э-гийн нотариатчид хандаж гаргасан хүсэлтэд, эцэг, эх хоёр нь багад нь салж, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойд эцэг Г.Баттогтвороор овоглох болсноо дурдсан атал энэ байдлыг тогтоолгүйгээр Б.Э-г нас барагч Я.Э....в-ы хууль ёсны өвлөгч гэж үзэн, түүнд өв ногдуулж, уг өвийг Ж.Ичинхорлоод шилжүүлж, өвийн 2/4 хэсгийг өвлүүлэхээр гэрчилгээ олгож хууль зөрчжээ.

2. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэж үзнэ, ...бусад өвлөгчид нь өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатч буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ, дээр заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т заажээ.

Ж.Ичинхорлоо,  Э.З, Э.Ө нар Я.Э....в-ы өвийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй юм. Ж.Ичинхорлоо, Э.Ө нар Я.Э....в-тай хамт амьдарч байсан, өвөөс татгалзаагүй, мөн Ж.Ичинхорлоо, Э.Зын хамт хуульд заасан хугацаанд өвийг хүлээн авах хүсэлтээ нотариатчид гаргасан нь өвийг хүлээн авсан гэж үзэх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан үндэслэл болж байна.

Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4-т заасан зохицуулалтаас үзвэл хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх, тухайн үүргийг гүйцэтгэж байгаа албан тушаалтанд уг хуульд заасан эрх, үүрэг холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаардаг байна.

Я.Э....в-ыг нас барах үед Э.Б АНУ-д амьдарч байсан бөгөөд өв хүлээн авах хүсэлтээ 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгчид гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Э.Бийг өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэх нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Д-гийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ