| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2018/0106/Э |
| Дугаар | 833 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 833
Б.Ө, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
яллагдагч Б.Ө,
хохирогч Б.Урантуул,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1247 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох 201526022004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Хойт овогт Б-н Ө, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.
2. Баатарван овогт Б-н Т, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,
Б.Ө, Б.Т нар нь Ээгий гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эко-гийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хавсарган ирүүлсэн сиди бичлэгийг шинжлэн судлахад Уг фитнес клубын баруун урд талд баруун хойд зүг рүү харуулсан хяналтын камерын 2015 оны 10 дугаар сарын 26-ны 02 цаг 40 минутаас 03 цаг 02 минут хүртлэх хугацааны бичлэг байх ба камерын хяналтад гадна цас ороод жаахан шуурсан байдалтай “Айрон фитнес” гэсэн цагаан өнгийн хаалга харагдах ба тэр хаалганы баруун талд 2 м орчим зайд төмөр хашаа, хаалга байхгүй байна. 02 цаг 47 минутад хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнес клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад 02 цаг 51 минутад улсын дугаар нь харагдахгүй машин 2 секунд орчим зогсоод баруун зүгт яваад, буцаад 03 цаг 27 секундэнд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багаажиндаа илүү гаргаж, дөрвөлжин, урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод, дахин зүүн зүгт явсан бичлэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нарийвчлан шалгаж, хохирогчид хэний үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан болохыг хөдөлбөргүй тогтоогоогүй, тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 267 тоот захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ням-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэрэг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон. Хэрэгт гол эд мөрийн баримт буюу дүрс бичлэг байдаг. Дүрс бичлэгт яллагдагч Б.Өийн тухайн үед эзэмшиж байсан “Тоёота Румион” загварын автомашин мөн болох нь тодорхой харагддаг. Дүрс бичлэгт өөрөө шөнийн 03-04 цагийн орчимд цасан шуургатай байсан учир хүмүүсийн царай огт харагдахгүй, нэг хүн нааш, цаашаа явж байгаа бичлэг харагддаг. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд “энэ хэн бэ” гэдэг асуудал дээр яллагдагч Б.Ө “би” гэж ямар нэгэн маргаангүйгээр мэдүүлж, хөтөлбөргүйгээр тогтоогддог. Тухайн автомашинд эд зүйл ачиж, ачсан автомашиных нь тээшний хаалга нь онгойлгохгүйгээр гарч яваа бичлэг байдаг. Тэгэхээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд зүйлд хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүх хэний үйлдлийн улмаас хохирол учирсан бэ гэдгийг нарийн тогтоо гэсэн. Яллагдагч Б.Ө “тухайн үед н.Түвшинжаргал, Ээгий гэх хоёр хүнтэй хамт явсан” гэж мэдүүлдэг. Түвшинжаргал тухайн өдөр хүргүүлэх гэж автомашинд нь сууж явсан гэж мэдүүлэг өгдөг. Түвшинжаргал “би юу ч мэдэхгүй, би унтаж байсан” гэж мэдүүлэг өгдөг. Шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийг яаж ачсан бэ гэхэд “урд талын суудлыг урагшаа тулгаж, хаагдахгүй байсан хаалгаа хаасан” гэж мэдүүлсэн. Тэгэхээр урд талын суудал дээр унтаж байсан гэдэг нь эргэлзээтэй асуудал. Яллагдагч нар үнэнийг ярих албагүй ч гэсэн энэ нөхцөл байдлын улмаас мөрдөн байцаалтын ажиллагааг зориудаар худал мэдүүлсэн. Ээгий гэх хүн хэн бэ гэхээр “Ээгий” гэж мэдүүлдэг боловч байсан эсэх нь хөтөлбөргүй тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан дүрс бичлэгт яллагдагч Б.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ээгий гэдэг хүн байсан гэж мэдүүлсэн боловч, байсан эсэх нь хөтөлбөргүй тогтоогдоогүй. Дүрс бичлэгт 1 хүн эсхүл 2 хүн байсан гэдэг нь тодорхой харагддаггүй. Эд зүйл хулгайлсан нь тодорхой байгаа учир яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Эхний удаа шүүхээс хэрэг буцах үед тухайн дүрс бичлэг чанарын шаардлага хангахгүй, шүүхийн компьютер дээр гарахгүй байсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа дахин хийлгэхээр буцааж, программаар засагдаж дараагийн шүүх хуралдаанд дүрс бичлэг харагдсан. Тэгэхэд өмнөх заалтын дагуу буцааж байгаа нь тодорхойгүй гэж үзэж, прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Мөн шүүх тухайн хэргийн шүүх хуралдааны товын зарлахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тэгэхээр хөтөлбөргүй тогтооно гэж үзэхгүй, хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа тул яллагдагч Б.Ө өөрийнхөө үйлдсэн гэмт үйлдлийн дагуу ял шийтгэл хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.
Яллагдагч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байхад шүүхэд явж байгаад таарч шүүх хуралдаанд орсон гэж байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх. Лед гэрлийг намайг хулгайлсан гэж байна. Миний бие дүрс бичлэгт харагдахгүй, автомашин харагдаж байгаа. Миний бие зөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн байцаалтын шатан болон прокурорын шатанд дуудсан цагт тогтмол очиж байсан. Ямар нэгэн саад учруулаагүй. Б.Ттай бүлэглэж гэсэн. Б.Т унтаж байсан болохоос бид бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох юм бол хохирол төлбөрөө төлнө гэсэн. Би яагаад төлөхгүй байгаа гэхээр би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй.” гэв.
Хохирогч Б.Урантуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие 3 жил хохирч байна. Камерын бичлэгийг цагдаагийн байгууллагад миний бие гаргаж өгсөн. Яллагдагч Б.Өын автомашиныг Замын цагдаагийн байгууллагаар хайлгаж байж олсон. Дараа нь цагдаагийн байгууллагаас “нөгөө бичлэг алга болсон. Нөгөө бичлэгээ өг” гэхээр нь хадгалж байсан бичлэгээ гаргаж өгсөн. Камерын бичлэг дээрх хүн Б.Ө мөн байна. Биеийн хэлбэртэй таарч байна. Камерын бичлэгээс тодорхой харагдаж байхад намайг 3 жил хохироож байгаад их гомдолтой байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1247 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хавтаст хэрэгт буй баримтыг үндэслэн Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэсэн баримтыг хэлэлцэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1247 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Ө, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ц.ОЧ