Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 153/2017/00503/И |
Дугаар | 001/ХТ2019/00285 |
Огноо | 2019-03-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2019/00285
Г.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2018/00503 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ХИС-д холбогдох,
ХИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Г.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажиллаж байгаад захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 08 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн.ХИС-йн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар ХИС-ийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ХИС-ийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. ...Би ХИС-ийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд ХИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Н нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрын зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой.Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтад орохгүйгээр ХИС-йн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу ХИС нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг ХИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Багш шинээр авах асуудлыг ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм.
Гэтэл нэхэмжлэгч Г.Н нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11-д зааснаар ХИС-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Н-г ХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХИС-ас нэхэмжлэгч Г.Н-ий ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх нийт 11 сар 14 өдөрт ногдох олговорт 9,298,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.Н-ий ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХИС-д үүрэг болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ХИС-иас улсын тэмдэгтийн хураамж нийт 233,920 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Нэг: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч шүүхэд 4 шаардлагад гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шүүхээс тодруулаагүй байна. Тухайлбал түүний шаардлагыг урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг тодруулаагүй атлаа нэхэмжлэгч Г.Н-ийг ХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимд төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заалттай нийцээгүй байна. Шүүх Г.Н-ийг ХИС-ийн аль танхимд ямар мэргэжлээр багшилж байсан, тус байнгын ажлын байр эсхүл түр ажиллаж байсан эсэх, мөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах гэж буй үндэслэл, шалтгаан, зорилго үр дагаврыг тодруулаагүй байна. Нэхэмжлэгчийн дээрх 4 шаардлагыг үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар тус бүрийг шүүхээс тодруулах байжээ гэж Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00120 дугаартай шийдвэрийн хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу 2 дугаар хавтаст хэргийн 44 хуудсанд нэхэмжлэгч Г.Н нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа Г.Н нь 1. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2.Урьд эрхэлж байсан ХИС-ийн Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургуулийн "түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 3. Ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, 4.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар тодруулж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч тал тайлбар гаргана гэж хүсэлт гаргасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 153/Ш32018/01643 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууж..., нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж хуульд заасан үүргээ биелүүлсэн байдаг. Гэтэл Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай магадлал нь 26 дугаартай магадлалыг үг үсгийн зөрүүгүй дахин хуулбарлаж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2018/00503 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж хэргийн зохигч болон оролцогч нарыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ТМ2018/00625 дугаар тэмдэглэлд “...нэхэмжлэгч ажилгүй байсан олговрын талаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин” ..гэж тодруулсан бөгөөд нийт 11 сар 14 өдөр байна. Нэг өдрийн дундаж цалинг тооцоход 841 728:21,5=39 150 төгрөг байна. Энэ хугацаан дахь олговрыг тооцвол /841 728 х 11/ +/39 150 х 14/=9 298 158 төгрөгийг хариуцагч ХИС-ас гаргуулж нэхэмжлэгч Г.Н-эд олгох хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г.Н нь шүүх хуралдаанд 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал хугацааны олговор 4 841 815 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан боловч түүнийг дадлагажигч багшийн ажилд томилсон тушаалд заасан цалингаар нөхөн олговрыг тооцоход 9 298 158 төгрөг гарч байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хоёр: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан дээрх баримтуудыг “хуулбар үнэн” дардастайгаар хариуцагч байгууллагаас гаргуулж байгаа нь хуульд нийцээгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх хуулийн шаардлагыг хангасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Ажил олгогч нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан “Боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх” тухай заалт, БСШУ-ны сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай “нийтлэг шаардлага батлах тухай” тушаал, ХИС-ийн дүрмийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3-ын “а”, ХИС-ийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2-д заасан заалтуудыг тус тус үндэслэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 115-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэсэн тогтоолыг зөрчсөн байна.
Хариуцагч ХИС нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаж өгөх үүргээ биелүүлээгүйн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш.
Нэхэмжлэгч Г.Н-э нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байхад нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2.-т ээлжийн амралттай байхад албан тушаалыг хэвээр хадгалах заалтыг ноцтой зөрчсөн.
Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Г.Н ХИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч ХИС-д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч ХИС нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, ХИС-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Н-ийг ХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, Г.Н-эд ажилгүй байсан 11 сар 14 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 9 298 158 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулах, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр урьд гарсан магадлалын заалтыг биелүүлэх, нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийг хангуулах зэрэг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН