Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00337

 

“УБДС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1952 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “УБДС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХУӨ” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 623 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “ХУӨ” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны барилгуудад дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 1137 дугаартай дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Уг орон сууцны барилгууд нь нийт 572,5 м.куб эзлэхүүнтэй, орон сууцны талбайгаар тооцдог хэмжээ 14611,81 м.кв, подвалийн хэмжээ 1001,5 м.кв, хэрэглээний халуун усыг 593 хүнээр 3,31 тооцогддог дулааны эрчим хүчний хэрэглээтэй юм. Тус компаний захирал Д.Дарьсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар албан бичгээр ирүүлсэн төлбөр барагдуулах хүсэлтийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ. Гэвч хариуцагч “ХУӨ” ХХК-ийн захирал Д.Дарьсүрэн дээрх хүсэлтийг гаргасны дараа хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө амласан хугацаандаа төлөлгүй 100 623 873 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь тус компанид эдийн засгийн хүндрэл учруулаад байна.

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийг тус тус үндэслэн төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 100 623 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Тухайн үед “ЖМБО” ХХК нь “УБДС” ТӨХК-д төлөх өр нь 70 311 000 төгрөг байсан. ...Бид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн өр болох 15 680 434 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Энэ дулааны төлбөрийг бид хувьдаа ашиглаад үүсгэсэн өр биш. 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ шугам хоолой засах дулааны тоолуур худалдан авах зэрэгт зарцуулсан.

Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХУӨ ХХК-иас 60 236 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 387 541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 069 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУӨ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 459 131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1952 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 223 510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх баримтыг шүүх дахин нотлохгүй юм гэж шүүх зөв дүгнэсэн боловч өмнө нь шүүхээр шийдүүлсэн маргааны үнийн дүнгээс алданги бодож нэхэмжлэгч “УБДС” ТӨХК-нь нэхэмжилснийг шүүх дүгнээгүй. ...Тухайн нэхэмжилсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн материалаас харахад тухайн өр төлбөр хэдэн оны хэдэн сараас, хэдний хүртэл төлбөр болох, нэхэмжилж буй үндсэн дулааны төлбөр, алдангийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна. ...Нэхэмжлэгч “УБДС” ТӨХК-ны нэхэмжлэлийн шаардлага 100 623 873 төгрөг бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас гаргуулсан баримтаас харахад төлбөрийн үлдэгдэл 99 935 959 төгрөг байна. Мөн хавтас хэрэгт авагдсан төлбөрийн түүхийн баримтаас харахад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1973 дугаар шийдвэрээр “ЖМБО” ХХК-иас гаргуулж шийдсэн 39 240 774 төгрөгөөс алданги тооцсон байдал харагддаг. Алдангийн талаар 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги болох 888 857 төгрөгийг хассан гэх боловч хариуцагчаас гаргуулсан 13 111 144 төгрөгийн алдангийг дээрх хугацаанаас өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хугацааны алдангийг гаргуулсан. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд өр шилжих талаар зохицуулсан байдаг бөгөөд 124 дүгээр зүйлийн 124.1-т “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам адил үйлчилнэ”. ...Тохиролцсоноор гэж бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хэлнэ. Уг тохиролцоо нь үүргийн талаарх хэлцэлтэй хэлбэрийн хувьд адил байх ёстой. Дээрх хуулийн заалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч болох “УБДС” ТӨХК-нь өрөө шилжүүлэхийг “ЖМБО” ХХК-д албан ёсны баримтаар олгоогүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1952 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэрээс алданги 13 111 144 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “УБДС” ТӨХК нь хариуцагч “ХУӨ” ХХК-иас дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 623 873 төгрөг гаргуулахыг нэхэмжилсэн бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 15 680 434 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1137 дугаартай дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг эрчим хүчээр хангах, хариуцагч дулааны эрчим хүчний үнийг төлөхөөр тохиролцжээ. Энэхүү гэрээгээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн байна.

Хариуцагч “ХУӨ” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “ЖМБО” ХХК-ийн “УБДС” ТӨХК-д төлөх 70 311 000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба  шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д зааснаар бусдын өрийг шилжүүлэн авсан гэж дүгнэжээ.

“ЖМБО” ХХК-ийн “УБДС” ТӨХК-д төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, хариуцагч “ХУӨ” ХХК-иас дулааны эрчим хүчний төлбөрт төлсөн үнийн дүн, хугацаа, зохигчийн гэрээнд заасан үүргийн болон алдангийн хэмжээг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, тооцоог тодорхойлсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1952 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа төлсөн 223 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН