Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2016/01913/И |
Дугаар | 00732 |
Огноо | 2017-03-31 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 802 тоотод оршин суух, Пэрэнлэй овогт Зинамидарын Туяа /РД:ЦА73102401/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны 9 тоотод оршин суух Боржигон овогт Чимиддоржийн Мөнхтуяа /РД:ШЕ67101169/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох,
ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Туяа, Ч.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2000 онд Оросын Холбооны Улсын Санкт- Петербург хотын Иргэний нисэхийн Академийг “Эрх зүйч” мэргэжпээр төгсөн Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөг хүртэл тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Би нам бус, 2014 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн чармайн ажиллаж ирсэн бөгөөд 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс буюу иргэний нисэхийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засгийн газар шинэчлэн байгуулагдахад шахалтаар ажлаа өгч, Иргэний нисэхийн ерөнхий газарт Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байтал сонгуулийн үр дүнд шинээр Засгийн газар байгуулагдан мөн л Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга өөрчлөгдөн томилогдсон бөгөөд уг албан тушаалд томилогдсон Л.Бямбасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны едрийн Б174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдаад байна. Зам, тээврийн хөгжпийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн байх бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Тухайлбал, Хууль эрх зүйн газар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд миний бие энэхүү арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурьдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зуйн асуудал, хяналт- шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжин харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон байна. Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газарт 17 жил ажиллах хугацаандаа өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу хууль, эрх зүйн асуудлыг хариуцан ажилласаар ирсэн бөгөөд дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж, энэ чиглэлээр өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Дотоод аудитын алба нь хэд хэдэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж энэхүү ажлыг бий болгох ёстой байсан. Гэвч дараах хууль дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах ёстой байдаг. Гэтэл агентлаг нь бүхэл бүтэн албыг өөрчлөн зохион байгуулсан байдаг. Монгол улсын хэмжээнд 438 дугаар тушаалаар баталсан дотоод аудитын дүрэм гэж байдаг. Энэхүү дүрмийн 4.3-т зааснаар шууд захирагч нь өөрийн хариуцах ажлын хамрах хүрээнээс шалтгаалаад аудит дотоод аудитор ажиллуулж болно гэж заасан. Энэ нь заавал алба байх албагүй. Мөн дүрмийн 4.4-т хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй тухайн салбарт 5 доошгүй жил ажилласан байх, санхүүгийн сургалтанд хамрагдсан байх энэ хууль тогтоомжуудыг зөрчөөд байгаа юм. Миний хувьд хууль зүйн магистр зэрэгтэй мэргэшсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн яамнаас зохион байгуулдаг мэргэшсэн аудитын сургалтанд хамрагдсан. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Бид нарыг гарсаны дараа Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн байдаг. 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын талаар авч хэлэлцүүлэх арга хэмжээний тухай тушаал гаргаад 2016 оны А/728 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтөөр ажилтаны тоог цөөрүүлсэн орон тоо хасагдсан нэр бүхий ажилтануудыг захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэх тушаал гаргасан. 6 хүний энэ тушаалыг нөхөж гаргасан. Тухай үед огт ажлын байраар хангах талаар тэрхүү тушаал гараагүй байсан, бидэнд нөхөж мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны А/728 тоот тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг нөхөн гаргасан гэдэг нь харагдаж байна 081994 гэж нөхөж гаргасан байна. ИНЕГ-ын зүгээс нарийн мэргэжилтэнүүдийг хоморголон халаад хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтэцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй юм. 2016-07-27-ны 04 тоот тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. ИНЕГ нь өмнө энэ орон тоотой батлагдсан байсан одоо ч энэ орон тоо хэвээрээ байна. Энэ бүхнээс харахад ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийгдээгүй намын буюу улс төрийн зорилгоор хэлбэрийн төдий нэр өөрчилсөн дотроо солио хийсэн асуудал гарсан тул намайг урьд эрхэлж байсан дотоод аудитын нэгжийг удирдан зохион байгуулах ажилд буюу Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 9 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1988 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн дунд сургуулийг агаарын тээвэр зохион байгуулалт мэргэжпээр, 1998 онд Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, “МИАТ” ХК, “Чингис хаан” ОУНБ, ИНЕГ, 2004 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас эхлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 11 жил, иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ нийт 22 жил ажилласан. Би нам бус, 2005 оны 6 дугаар сард төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сард Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга өөрчлөгдөн томилогдсон бөгөөд уг албан тушаалд томилогдсон Л.Бямбасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас мөн халагдаад байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэрийг нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон сольсноос өөр өөрчлөлтгүй, миний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Тухайлбал, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын нэг хэсэг болох агаарын харилцаа, агаарын тээврийн үйл ажиллагааны зохицуулалтыг нэгжийн нэр болгон өөрчилсөн ч агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын өргөн хүрээний үйл ажиллагаа болох агаарын харилцаа, агаарын тээвэрлэлтийн зах зээлийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт, зах зээлийн судалгаа, статистикийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа хэвээр, гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан хэвээр байгаа болно. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-т заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Иймд миний эрхэлж байсан одоо шинэчлэгдсэн нэрээр Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговор 8 894 470 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хариу тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын Зам, тээврийн хөгжлийн сайдын 70 дугаар тушаал нь буруу гэж дүгнэх боломжгүй. Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах эрхтэй гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дзгуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газар Т. Батжаргалд үүрэг болгож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар “Бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн. Ийнхүү Захиргаа, удирдлагын газрын дарга дээрхи ажилтнуудтай уулзаж, тохирох ажлын байраар хангах, хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах арга хэмжээ авах үүргийг хүлээсэн учраас Нэхэмжлэгч нарыг Захиргаа, удирдлагын дарга хүлээн авч “ажлын санал” тавихаар тус газрын менежер Д.Ариунтуяагаар З.Туяа, Ч. Мөнхтуяа нарыг дуудуулсан боловч тэд Захиргаа, удирдлагын даргатай уулзахаас татгалзсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 36 минутад нэхэмжлэгч З.Туяа, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 25 минутад нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нарт тус тус мэдэгдэх хуудсыг нь гардуулсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар Туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, мөн Ч.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгосон. Тиймээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч З.Туяа, Ч.Мөнхтуяа нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016.12.02-нд шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг шаардсан байна.
Нэхэмжлэгч З.Туяа нь 2015.09.28-ны өдрийн 18 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын даргаар, Ч.Мөнхтуяа нь 2015.11.04-ний өдрийн 30 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байсан, тэдний хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.11.04-ний өдрийн Б/174 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан хавсралтад дурдсан ажилтнуудыг 2016.11.04-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг хавсралтын “Удирдлага” хэсгийн 2, 5 дугаарт Хууль, эрх зүйн газрын дарга З.Туяа, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяа нар хамрагдсан байна.
Дээрх тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.5, 8.4, Зам тээврийн хөгжлийн сайдын “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 2016 оны 70 дугаар тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Орон тоог шинэчлэн батлах тухай” 2016 оны А/728 дугаар тушаалыг тус тус үндэслэн гаргажээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална”, 9.2-т “агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны тодорхойлолтыг агентлагийн дарга батална” гэж заасан байна.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016.11.03-ны өдрийн “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 70 дугаар тушаалаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж, энэ бүтцийн дагуу ИНЕГ-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулан, 2016.12.01-ний өдрийн дотор батлуулахыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд даалгасан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ”, 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг агентлагийн дарга хэрэгжүүлэхээр заасан байна.
Хэргийн баримтаас үзэхэд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах ажил буюу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016.11.03-ны өдрийн 70 дугаар тушаалын дагуу “ИНЕГ-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулан, 2016.12.01-ний өдрийн дотор батлуулах” ажил хийгдээгүй байна.
Улмаар ИНЕГ-ын даргын 2016.11.04-ний өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай” А/728 дугаар тушаалаар агентлагийн орон тоог хавсралтаар шинэчлэн баталсан, мөн өдрийн А/729 дүгээр тушаалаар хавсралтад дурдсан нэр бүхий ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн байдлаас харахад ИНЕГ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.11.04-ний өдрийн Б/174 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардана.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол энэ тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэхийг мөн хуулийн 40.5-д заасан байна.
Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 70 дугаар тушаалыг үндэслэн 2016.11.04-ний өдрийн А/728, А/729, Б/174 дугаартай тушаалуудыг нэгэн зэрэг гаргаж, хавсралтад заасан нэр бүхий 26 ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар ИНЕГ-ын дарга хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах бүрэн эрхтэй хэдий ч нэр бүхий нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай 2016.12.12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалуудыг дахин гаргасан нь хуульд нийцээгүй байна.
2016.11.04-ний өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай” А/728 дугаар тушаалаар агентлагийн орон тоог хавсралтаар шинэчлэн баталсан, мөн өдрийн Б/175 дугаар ажилд томилох тушаалаар Захиргаа, удирдлагын газрын даргын, Дотоод аудитын албаны даргын, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилсон байна.
Дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушаалын буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын хууль, эрх зүйн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилтууд нь өөрчлөгдөөгүй байна.
Иймд ажлын байрны тодорхойлолтоор өөрсдийн нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байр хасагдаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан гэсэн үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нарын хүсэлтээр шинэчлэгдсэн нэршлээр Дотоод аудитын албаны даргын болон Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, учир нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй тул шүүх Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.11.04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар чөлөөлсөн ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, ИНЕГ-ын ирүүлсэн цалингийн түүвэр дэх цалингийн хэмжээ зөрүүтэйгээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорыг тооцоход нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байгаа тул нэхэмжлэгч нарын гаргасан тооцоогоор хангаж, хариуцагчаас 9 000 000 төгрөг гаргуулан З.Туяад, мөн 8 894 470 төгрөг гаргуулан Ч.Мөнхтуяад тус тус олгохоор шийдэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 247 423 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхрын тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар З.Туяаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын даргын ажилд, Ч.Мөнхтуяаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 9 000 000 төгрөг гаргуулан З.Туяад, мөн 8 894 470 төгрөг гаргуулан Ч.Мөнхтуяад тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 247 423 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ