Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2017/03304/И |
Дугаар | 001/ХТ2019/00536 |
Огноо | 2019-04-16 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2019/00536
“С Э С” ХХК-ийн
Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2437 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “МБҮ” ХХК-д холбогдох,
Ажлын хөлс 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани “МБҮ” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж бэлтгэх үйлдвэр төсөл, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах боловсруулах үйлдвэр мах худалдаалах төвлөрсөн зах төсөл”-ийг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
Нийслэлийн байгаль орчны газраар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хийж гүйцэтгэсэн төслийн баримт, бичигт үнэлгээ хийлгүүлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж, тайлангаа “МБҮ” ХХК-ийн менежер С.Буянхишигт 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Гэрээний үнийг нийт 30 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2 газарт тус бүр 3 ажил хийж гүйцэтгэхээр заасан. Бидний зүгээс гэрээнд заасан 2 ажил болох Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тус тус хийж гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч тал төлбөрийг төлөх талаар маргасан тул бид хийж гүйцэтгэсэн үлдэх ажил болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлаа хариуцагчид өгөөгүй байгаа. Иймд хариуцагч “МБҮ” ХХК-иас ажлын хөлс нийт 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, нөхцөл бүрдээгүй байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Үүнээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл газар Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрынх байсан. Уг газар бол тухайн гэрээ хийх үед газрын гэрчилгээ бид нарт байгаагүй. Газар дээр үнэлгээ хийх гэрээ хэлцэл хийх эрх үүсээгүй байсан.
Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны үнэлгээний тайлан гэх баримтыг манай компанийн захирал хүлээж аваагүй, С.Буянхишиг гэдэг хүн хүлээж авсан байдаг.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь тус бүр 3 ажил хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бид нэгэнт уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул гэрээнд заасан ажлын нэг болох Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний төлбөрт тус бүр 4 500 000 төгрөг буюу 2 газрын ажлын хөлсөнд нийт 9 000 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин үлдэх 2 ажлыг нэхэмжлэгч тал нь хийж гүйцэтгээгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч МБҮ ХХК-иас 26 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Э С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287 950 төгрөгийг, улсын орлогоос 2 050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2437 магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 26 000 000 төгрөг гэснийг 9 000 000 төгрөг гэж, 4 000 000 төгрөг гэснийг 21 000 000 төгрөг гэж, 2 дахь заалтын 287 950 төгрөг гэснийг 158 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний зорилго, агуулгыг буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэн.
...Зөвлөхийн бэлтгэсэн үнэлгээний тайланд үндэслэн Төрийн захиргааны байгууллагаас тухайн төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзээд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ /БОНЕҮ/ хийсэн байхад яагаад нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр тохирсон гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь гэрээнд энэхүү БОНЕҮ хийх нөхцөлийг тусгасан байтал энэхүү нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т БОНЕҮ-ний талаар тодорхой зохицуулалт байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүх хариуцагч талын буруу ташаа тайлбарт үндэслэн хууль тогтоомж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
...Давж заалдах шатны шүүхээс БОНЕҮ эсвэл БОННҮ гэсэн нөхцөл байхад яагаад БОННҮ гэсэн нөхцөлд ач холбогдол өгч, буруу дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан нөлөөллийн үнэлгээний гүйцэтгэлийн хуудсаар төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тул хариуцагч “МБҮ” ХХК төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 11-12 сард багтаан батлуулан ажиллах үүрэгтэй. Энэхүү хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байдаг тул гүйцэтгэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулсан ч хариуцагч БОНЕҮ шийдвэрийг авмагц холбоо тасалж, бусад бичиг баримт, төслийг хүлээн аваагүй. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн ажлыг цаг хугацаанд нь төрийн захиргааны гаргасан дүгнэлт, шийдвэрт үндэслэн хийж гүйцэтгэсэн тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хөлс 4 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй юм.
... Хариуцагч талаас шүүхэд буруу тайлбар гарган анхан шатны шүүх хуралдаан дээр огт тайлан хүлээж аваагүй, өөр тайлангаар үнэлгээ хийлгэсэн зэрэг маш олон зөрүүтэй худал тайлбар гаргадаг.
... Анхан шатны шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй ба давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэж нотлох баримт хууль тогтоомжийг тал бүрээс нь бүрэн бодитой судлан үнэлэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч “С Э С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “МБҮ” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч “МБҮ” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед газар дээр үнэлгээ хийх гэрээ хэлцэл хийх эрх үүсээгүй байсан, Байгаль орчны үнэлгээний тайлан гэх баримтыг манай компанийг төлөөлөх эрхгүй хүн хүлээж авсан, гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч дутуу гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Зохигч нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 03\2017 дугаартай “зөвлөх үйлчилгээ үзүүлэх” нэртэй гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр “С Э С” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах мах боловсруулах үйлдвэрийн төсөл 1-ийн, мөн Баянзүрх дүүрэгт байрлах мах боловсруулах үйлдвэрийн төсөл 2-ын байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, хариуцагч “МБҮ” ХХК нь зөвлөх үйлчилгээний 2 төслийн төлбөрт 30 000 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй тал нь төсөл тус бүрийн хэмжээнд байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах гурван ажлыг гүйцэтгэхээр гэрээнд нарийвчлан заасан ба эдгээр ажлын тус бүрийн үнэлгээ нийт төлбөрийг бүрдүүлэхээр тусгагджээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хоёр төслийн хүрээнд гүйцэтгэх тус бүрийн гурван ажлаас байгаль орчны төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй гэж энэ ажлын хөлс болох 4 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэсгээс хасч тооцсон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, хариуцагчаас гаргуулах ажлын хөлсний хэмжээг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэл болж буй ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн талаар эрх зүйн хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх ба хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх” заалтын ард “\БОНЕҮ\БОННҮ\” гэж тусгаснаас үзвэл нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийг байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний аль алинийг нь хийх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нарийвчилсан үнэлгээг хуульд заасан журмын дагуу гаргаагүй гэж дүгнэсэн байна.
Зохигчийн гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний зүйлд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний аль алин нь багтсан эсэх нь тодорхой бус заагдсан тохиолдолд тухайн хоёр үнэлгээг хэн ямар тохиолдолд гаргахыг хуульд хэрхэн зохицуулсныг үндэслэл болгон дүгнэх шаардлагатай болно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг, "төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг, “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг, ”шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг, “үнэлгээний мэргэжилтэн” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг тус тус хэлдэг байна.
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргадаг.
Мөн зүйлийн 4.2., 4.3., 4.4.-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байх ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэдэг байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн шинжээч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлсон дүгнэлт гаргахаар мөн зүйлийн 4.6.1., 4.6.3.-т зохицуулжээ.
Мөн зүйлийн 4.7.-д зааснаар шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилдог байна.
Хэрвээ байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан дүгнэлт хийх шаардлагатай гэж тогтоосон бол энэхүү нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээг тодорхой заах ёстой байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хуулийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэх ёстой байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлж, нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч үнэлгээний шинжилгээг хийлгэдэг байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх журам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйлүүдэд тусгагджээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч “С Э С” ХХК нь хариуцагч “МБҮ” ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан хоёр үнэлгээг зэрэг хийх боломжгүй байна. Түүнчлэн, нарийвчилсан үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдсэн эсэх нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нарийвчилсан үнэлгээ хийсэн, хийхдээ дутуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаа зохигчийн хоорондох эрх зүйн харилцаанд хэрхэн оролцсон болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч “С Э С” ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үйл ажиллагааны эрх авснаар ерөнхий үнэлгээ хийх боломжтой эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.
Зохигч нь гэрээний зүйл буюу нэхэмжлэгчийн гэрээгээр гүйцэтгэх ажлын нэг болох байгаль орчны нөлөөллийн үнэлгээний агуулга, шинжийн талаар хангалттай мэтгэлцээгүй, шүүхийн мэтгэлцээний зүйлийг тодорхой болгоогүй байна.
Дээрх байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2437 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 242 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН