Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00569

 

М.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Б-т холбогдох,

950.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн З.Б- нь 2017 оны 07 дугаар сард М.Л- надаас 950 000 төгрөг зээлж 1 сарын дараа 1 800 000 төгрөг болгон өгнө гэж итгүүлж авсан. Уг мөнгийг юунд зарцуулах вэ гэхэд хуучны эд зүйл худалдан авч зарж борлуулдаг гэх ба намайг 1 удаа Хантайн нуруу руу дагуулж явсан удаа байгаа билээ. 1 сарын дараа мөнгөө авъя гэтэл удахгүй төмрийн наймаа ГОК-д хийж байгаа гэсээр өдийг хүрсэн. Иймд Бат-Очирт өгсөн 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

З.Б- би Хантай нуруу руу Лханаагийн хүргэн хүү Лханаа би гээд зургуулаа явсан. Бодонт хараa гэдэг газарт хэдэн зуун жилийнх юм мэдэгдэхгүй тийм хэрэгсүүр, булш байдаг гэж хэлтэл тэрлүү чинь явъя заагаад өг гэж явсан. Бид яваад тэр юм аа олоогүй. Гэхдээ Лханаа хоол, хүнс бүх юм аа би гаргана гэж хэлсэн. Бат-Очир би Лханаагаас сохор зоос аваагүй, өөрөө согтуу явж байгаад машинаа чулуу мөргүүлэн бага зэргийн эвдрэл гарсан. 950 000 төгрөгийг зээлж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Харин М.Л- нь З.Б-ын гар цүнхийг булаан авч түүн дотор байсан гарын үсэг, утасны дугаар бүхий цаасыг ашиглан мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б-оос 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-оос 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов... гэснийг, ...шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх хариуцагч З.Б-оос 750 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтаар хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан М.Л-гийн зохиомлоор бүрдүүлсэн, эргэлзээтэй баримтыг урьд өмнө 750 000 төгрөгийг М.Л- З.Б-т өгсөн мэтээр үнэлсэн байна. Нэхэмжлэгч М.Л- нь шүүх хуралдаан дээр “ З.Б-той хамт хантай нуруу руу өмнө явж байгаагүй З.Б- Хантай нуруу явж байх үедээ автомашинаа эвдэж тухайн эвдрэлтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн учир зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь худал гэх тайлбарыг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хантай нуруу руу намайг З.Б- дагуулж явсан удаатай гэж бичсэн байдаг.

Ийнхүү анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг анхаарч үзсэнгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1034 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг ташаа бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Л- хариуцагч З.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч З.Б- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, хэрэгсүүр олох ажиллагаанд гаргасан зардал, мөнгийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бус, харин үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д 492.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаардаг байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч З.Б- нь 750 000 төгрөг авсан гэж нэхэмжлэгчид баталгаа бичиг гаргаж өгсөн байх ба энэхүү бичгийг нэхэмжлэгч хууль бус аргаар олж авсан, хариуцагч үйлдээгүй гэж үзэх үндэслэлүүд баримтаар нотлогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 23 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН