Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00653

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02985 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2472 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Ё-ад холбогдох,

Машины үнэ 34 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хариуцагч А.Ё-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А.Ё-аас 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож, өөрийн нөхөр Ц.Нармандахын Хаан банкны 5029569955 данснаас 5 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Ё-ийн Хаан банкны 5034415603 дансанд 21 000 000 төгрөг шилжүүлж, өөрийн өмчлөлийн 60-02 УБВ улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцон өмчлөлд нь шилжүүлсэн. А.Ё- тухайн өдрөө Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримтын өмчлөлийг миний нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн.

Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжилсэн байсан гээд хураан авсан. Машиныг худалдаж авахдаа би маш их өр зээл тавьсан учир өнгөрсөн хугацаанд надад өрийн дарамт их байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг амаар байгуулсан. Хариуцагч нь эрхийн доголдолтой, гуравдагч этгээд шаардлага гаргах боломжтой автомашиныг худалдсан учраас хураагдсан. Иймд А.Ё-аас автомашины үнэ болох 34 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би Батсүх Жанчив гэсэн фейсбүүк хаягаас энэ Нордыг чиргүүлийн хамт зарна гээд зургийг тавьсан зарын дагуу уг 86310999 дугаарын утсаар холбогдож, Норд Бенз маркийн ачааны автомашин худалдан авсан. Тухайн үед 19-28 УБЛ улсын дугаартай автомашин “Хөвсгөл Ирээдүйн зам” ХХК-ийн эзэмшилд байсан ба уг компани Автотээврийн Үндэсний төвд худалдах талаар албан бичиг хийж өгч Баатарын Бат гэдэг хүнтэй очиж бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийлгэн зохих журмын дагуу авсан. Уг машиныг Таван толгой компанид нүүрс тээвэрлэлтийн ажилд явуулах зорилготой авсан боловч тухайн компани ажиллуулах асуудал бүтэхээ больсон гэдгээ хэлсэн. Би машин худалдаж авах гээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн учраас машиныг яаралтай зарах шаардлагатай болж фейсбүүк дээр тавьсан. 2018 оны 03 дугаар сарын 28 ны өдөр Н.А-, Ц.Нармандах гэх хүмүүст бэлэн мөнгө, суудлын автомашин оролцуулан нийт 34 000 000 төгрөгөөр худалдаж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлэн өгсөн.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс намайг дуудаж таны зарсан Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилсэн байсныг яагаад худалдсан гэж байсан. Би зохих журмын дагуу худалдаж авсан ба “Хөвсгөл Ирээдүйн зам” ХХК-ийн эзэмшлээс шилжилт хөдөлгөөн хийгдэх үед ямар нэгэн хаалт битүүмжлэл байгаагүй. Цагдаагийн хэлтэс дээр Н.А-, Ц.Нармандах нар надтай уулзсан ба машиныг шийдвэр гүйцэтгэх газар хурааж авсан гээд холбогдох баримтуудыг хуулбарлан авсныг нь би тэднээс авсан. Уг баримтуудаас харахад Норд Бенз маркийн 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг Чулуунбаатарын Гантөгс гэгч хууль бусаар худалдан борлуулсан нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн 1\17444 дугаарын албан бичигт дурдсанаас тодорхой байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба дээрх албан бичгээр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ч.Гантөгсөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хандсан байсан. Ч.Гантөгс гэгч нь дээрх тээврийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулснаас анхны эзэн Х.Бат-Эрдэнэ, иргэн Н.А- нар хохирсон байх үндэслэлтэй, эдгээр хүмүүсийг би хохироогоогүй, хууль журмын дагуу худалдан борлуулсан тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02985 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ё-ад холбогдох машины үнэ 34 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2472 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй гэж үзэж нэхэмжлэгч амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах агуулгаар нэхэмжлэл гаргажээ гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дүгнэсэн. Гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага ер байхгүй.

Гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 225, 205 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж нзхэмжлэгчид зөвлөх маягаар дүгнэсэн. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх хуультай ба хөндлөнгийн байр сууринаас оролцох ёстой.

Анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд хангалттай мэтгэлцсэн. Хариуцагчийн зүгээс нотлох баримтыг ч хангалттай гаргасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар заасан. Хэрэгт авагдсан баримтаар автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжилснээс хойш хариуцагч А.Ё- 3 дахь өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Автомашины өмчлөх эрх А.Ё-ын нэр дээр бүртгэлтэй байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжлээгүй, уг автомашиныг А.Ё-ад хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үүрэг болгоогүй, худалдагч, гуравдагч этгээдийн хооронд худалдсан эд хөрөнгийн талаар ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэ талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гарган шүүх хуралдаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийг оролцуулан мэдүүлэг авсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг оролцуулах шаардлагатай эсэхийг талуудаас тодруулах нь зүйтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2472 дугаарын магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч А.Ё-аас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь эрхийн доголдолгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Нэхэмжлэгч Н.А- нь хэд хэдэн этгээдийн өмчлөлд дамжин шилжсэн, шүүхийн шийдвэрээр эзэмшлийг нь тогтоосон тээврийн хэрэгслийг худалдан авсан байх ба гэрээний төлбөрт шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг худалдагчаас буцаан шаардсан боловч тэрээр гэрээний үнэд 26 000 000 төгрөг болон суудлын автомашиныг 8 000 000 төгрөгт тооцон өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан гэх үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзаж, цуцлах эрхтэй боловч ийнхүү шаардлага гаргасны эрх зүйн үр дагаварт төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг буцаан авахыг нэхэмжлэх учиртай. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалтыг тухайн тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу зохигчийн хоорондох худалдах-худалдан авах гэрээний зүйл өөр этгээдийн эзэмшилд очих ёстой байх нь гэрээний зүйлийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл болж байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, зохигч энэ талаар мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай болно. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй болно. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2472 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 327 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                                      Ц.АМАРСАЙХАН