Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00805

 

У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалтай,                                                                  У ын нэхэмжлэлтэй,

“Р ” ХХК-д холбогдох

Бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие “Р ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компанийн Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн. Миний бие ажиллах хугацаандаа Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журмыг чанд баримтлан компанийн засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж алдагдлыг бууруулах гээд компанийн үйл ажиллагааг /өөрийн хариуцсан үүрэгт ажлаа/ амжилттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллага гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас минь чөлөөллөө. Би байгууллагадаа хандан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өөр бололцооны ажил надад санал болгоно уу гэх хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж үүрэгт ажлаас чөлөөллөө гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох “Р ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Миний бие Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Р ” ХХК-д холбогдуулан бололцооны өөр ажилд томилуулахыг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн гаргаж байна. Үүнд: Ажил олгогч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс (1 сарын цалин хөлс 1,202,726 x 4 сар 4 хоног) 4,971,267 төгрөг, зардал (өмгөөллийн хөлс 2,000,000, зардал 1,500,000) 3,500,000 төгрөг, нийт 8,471,267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: У  нь “Р ” ХХК-д Хангамжийн ахлах инженерийн сул орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 04 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийн дагуу 2018 оны 02 дугаар 27-ны өдөр Хангамжийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 сард тус албан тушаал дээр ажиллаж байсан Я.Оргил нь ажлаас захиргааны чөлөө авч суралцахаар явж түүний орон тоо суларч У ыг ажилд авсан. Гэтэл Я.Оргил нь суралцаж дуусаад анхан ажиллаж байсан ажилдаа эргэн орох шаардлага тавьсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан үүссэн тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2018 онь 4 сард шүүхэд хандан 2018 оны 05 сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу Я.Оргил нь үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд түүнийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан тул компани шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5-д зааснаар У ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хуульд зааснаар бололцооны өөр ажил санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд нэхэмжлэгч У ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар У ыг “Р ” ХХК-ийн Хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “Р ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,034,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,436,601 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас /70200+95,505/ 165,705 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.  

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар У ыг “Р ” ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай” гэснийг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар Ч.Анхбаярыг бололцооны дагуу өөр ажилд томилохыг “Р ” ХХК-д даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтыг “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан хариуцагч “Р ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,034,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,436,601 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8,471,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрт буруу үнэлэлт, дүгнэлт өгч хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт талуудын шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, үйл баримтад огтоос үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь магадлан хянаагүй гэж үзнэ. Миний бие “Р ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны Б/275 дугаар тушаалаар тус байгууллагын үйлдвэрлэл бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/4 дугаар тушаалаар тус компанийн Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн. Би ажиллах хугацаандаа Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журмыг чанд  баримтлан компанийн засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж, алдагдлыг бууруулах гээд компанийн үйл ажиллагааг амжилттай сайн гүйцэтгэж ажилласан гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг, шинэ багтай хамтарч ажиллахгүй гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаар тушаалаар миний Хөдөлмөрийн гэрээг хууль зөрчин цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний өмнө ажиллаж байсан хүн бол Я.Оргил биш. Би дээрх ажлыг н.Отгондорж гэдэг хүнээс хүлээж авсан. Харин Я.Оргилын тухайд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 143/ШШ2018/00573 дугаар шийдвэрээр Я.Оргилыг хангамжийн инженерийн ажилд эгүүлэн томилох байдлаар миний ажиллаж байсан Хангамжийн албаны даргын албан тушаалд томилсон нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т “ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан. Дээрх заалтыг ажил олгогч надад танилцуулж миний ажиллаж байсан ажил албан тушаалаас хэд хэдэн шат доогуур тухайн байгууллагын хамгийн доод ажил албан тушаалыг надад санал болгосон. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай албан хаагч /ТТ/-ыг төрийн үйлчилгээний алба /ТҮ/-нд ажилла гэж санал болгосонтой иргэн би адилтгаж ойлгож байгаа юм. Иймд ажил олгогч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч миний Үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажиллах, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болгож иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэг заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 142/ШШ2018/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 18 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнөх ажилд нь эгүүлэн тогтоогдсон Я.Оргилыг ажиллаж байсан ажлын байранд нь оруулж, уг албанд түр хугацаагаар ажиллаж улмаар тушаал дэвшин ажиллуулсан У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах” шаардлага гаргасны дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэн түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн үзэж урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагч “Р ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 18 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “Р ” ХХК-д нэхэмжлэгчийг бололцооны дагуу ажлаар хангах үүргийг ногдуулснаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг дараах байдлаар буруу хэрэглэн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд дурдсан үндэслэл журмаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл буюу шүүхээр хянан шийдвэрлэх хэргийн харьяаллыг зөрчин шүүхэд хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэв. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65, 66 болон бусад холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүх ажил олгогчид хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг шүүхийн журмаар шүүх хэрэглэх мэтээр тайлбарлаж шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэн хэмжээнд зөвтгөөгүйд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зөвшилцлийн хэм хэмжээг заавал биелэгдэх хэм хэмжээ мэтээр давж заалдах шатны шүүх үзэж магадлал гаргасан байгаа нь дээрх заалтыг буруу хэрэглэж, тайлбарласнаар ажил олгогч хохироход хүрээд байна. Хэрэгт авагдсанаар хариуцагч “Р ” ХХК нь нэхэмжлэгчид 5 төрлийн ажил санал болгосон ба энэ нь хуульд буй “бололцооны дагуу ажил олгох” үүргийг хариуцагч тал зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид бололцооны хэрээр ажил олгохгүй гэх хандлага хариуцагчид байхгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, нөхцөл болоогүй байна. Иймд өмнө нь дурдсан үндэслэлээр У ын нэхэмжлэлтэй хэргийг хянан түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У  нь хариуцагч “Р ” ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх У ыг “Р  “ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Р ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,034,666.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,436,601.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх У ыг бололцооны дагуу өөр ажилд томилохыг “Р ” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8,471,267.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Ажилтан У  нь ажил олгогчийн 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар компанийн Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компанийн Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрийг үндэслэл болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Я.Оргил нь “Р ” ХХК-ийн захирлын тушаалаар 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс материал хангамжийн инженерээр ажиллаж байх хугацаандаа сургуульд суралцахаар чөлөө хүсэж, түүнийг захирлын 2017 оны 09 сарын 29-ний өдрийн Б/192 дугаартай тушаалаар Засал чимэглэлчнээр ажиллуулахаар тушаал гарсан ба Б/86 дугаар тушаалаар Я.Оргилыг  сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнийг ажлаас халсан, Я.Оргилыг шүүхийн 2018 оны 05 дугаар 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрээр  ажилд эгүүлэн тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч У ын ажлын байр нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон Я.Оргилын ажлын байр мөн гэдэг нь ойлгомжгүй, хариуцагч байгууллагын орон тоо, бүтцийн талаарх баримт авагдаагүй тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон Я.Оргил нь ямар ажил албан тушаал эрхэлж байсан, хэзээ, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хангамжийн инженерийн ажлаа хийхээ больсон, түүнд захиргааны чөлөө олгосон эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа нь тодорхойгүй байхад ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй.

Нэхэмжлэгч У ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд түүнийг хариуцагч байгууллагад цаашид ажиллах хүсэл зорилготой нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус, хариуцагч байгууллагын орон тоо, бүтцийн тухай баримтгүй зэргээс шалтгаалан анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөр байдлаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай” нэхэмжлэгчийн гомдол, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:        

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Р ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН