| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2017/00108/И |
| Дугаар | 001/ХТ2019/00865 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2019/00865
Ж ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаар магадлалтай,
Ж ын нэхэмжлэлтэй,
О т холбогдох
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87.08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот авто зогсоолын захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөрт 130,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 4 сард Ж , түүний бэр Т.Баясгалан нар өөрсдийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 310 тоот хаягт байрлах 830 м.кв газрыг худалдахаар болж түүнийг зуучлан зарахаар О нь өөрийн танил гэх Д.Нармандах, Д.Наранбат нарыг танилцуулсан. Худалдагч тал болох Ж ыг төлөөлж Т.Баясгалан, зуучлагч нарыг төлөөлөн “Опен Риэлти” ХХК-ийн захирал Д.Нармандах нар 2013 оны 04 сарын 12-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зуучлагч тал нь тухайн газрыг 970,000,000 төгрөгөөр зарж өгөх, мөн 1.4-т зуучлалын ажлын хөлс нь 970,000,000 төгрөгөөс давсан үнийн дүн байна гэж заасан. Ингээд зуучлагч нь уг газрыг “Субутын гэгээ” ХХК-д 1,200,000,000 төгрөгөөр худалдан борлуулж уг үнийн дүндээ 300,000,000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 900,000,000 төгрөгт “Жинхэнэ уянга” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 ширхэг тус бүр 3 өрөө орон сууцыг бодож авсан байна. Өөрөөр хэлбэл зуучлагч нар 970,000,000 төгрөгөөс илүү гарсан дүн болох 150,000,000 төгрөг авахаар болсон. Зуучлагч тал нь төлбөрт авсан 3 байрнаас 2 орон сууцыг худалдан борлуулж, худалдагч тал болох Т.Баясгаланд 400,000,000 төгрөг өгсөн бөгөөд урд нь бэлнээр авсан 300,000,000 төгрөгийг Баясгаланд өгсөн байна. Өөрсдийн зуучлалын хөлс болох 150,000,000 төгрөгийг мөн авч, үлдэж буй 1 орон сууцыг, автомашины зогсоолын хамт зуучлуулагч тал болох Ж , түүний төлөөлөгч Т.Баясгаланд өгснөөр энэхүү зуучлалын гэрээ 2013 оны 8 сард дуусгавар болсон. О нь Т.Баясгалангийн эзэмшлийн Эх орон телевизэд тухайн үед жолоочоор ажилладаг байсан ба тэрээр үлдсэн орон сууц болох Гэрэлт хотхоны 25-52 тоотыг зээлээр авъя гэсэн санал тавьсан бөгөөд уг байр нь 280,000,000 төгрөгт үнэлэгдэж байсан тул талууд дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд: О нь тухайн орон сууц, гарашийн урьдчилгаа 150,000,000 төгрөгийг Т.Баясгалангийн нагац эгч болох н.Жагиймаагийн “Глобал Профит” ББСБ-д төлөх, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлбөл 40,000,000 төгрөгийг хасахаар тохиролцож 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан. О нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т.Баясгалангийн нэр дээр шилжүүлэн зээлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон. Ингээд талууд гэрээ байгуулсан боловч О нь гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд дээрх гэрээ нь хэдийгээр зээлийн гэх нэршилтэй боловч тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул орон сууц буюу уг орон сууцны захиалгын зээлийн гэрээ буюу эрхийг зээлээр худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан. О нь дээрх гэрээний үүргээ үл биелүүлэн нэг ч төгрөг өгөөгүйн дээр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан гуравдагч этгээдэд зарж борлуулан өөрөө мөнгийг нь авсан. Иймд О аас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25-52 тоот гурван өрөө 87.07 м.кв, улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц буюу орон сууц захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130,000,000 төгрөг, зээлийн хүүгийн 40 сарын /2013.08.05-2016.12.05-ны хооронд/ 104,000,000 төгрөг, нийт 234,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн орон сууцнаас гадна гарашийн эрхийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О ыг Шинэ дэлхий телевизийн жолоочоор ажиллаж байхад нь телевизийн захирал Т.Баясгалан нь газар зарж өгвөл 10 хувийг өгнө гэсэн байдаг. Ингээд О нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын “Опен Риалити” ХХК-тай холбож өгөөд үүний дагуу “Субутын гэрээ” ХХК-д 1,120,000,000 төгрөгөөр зарж өгсөн. Тус компани нь газрыг зарж өгсөн гэж 120,000,000 төгрөг авсан. Харин Т.Баясгалангийн зүгээс О т зуучлалын хөлсийг өгөөгүй. “Субутын гэгээ” ХХК нь газрын төлбөрт авсан 3 орон сууцнаас 2 орон сууцыг худалдан борлуулж О 1 орон сууцыг 150,000,000 төгрөг бэлнээр өгч авсан. Үлдэгдэл төлбөрийг зуучлалын гэрээний хөлс болгож Т.Баясгалан чөлөөлж өгсөн байдаг. Т.Баясгалангийн зайсанд байрлах Жапен таун автомашин угаалгын газрын объектыг н.Цэрэндэмбэрэлд 1,000,000 ам.доллараар зуучлан зарж худалдан борлуулж өгсөн. Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 өрөө байрыг зуучлалын хөлсний дагуу О т шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа орон сууцны үлдэгдэл 120,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 104,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. О болон Ж ын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О аас эрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 807,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн ИХАШШ-ийн 2018 оны 184/ШШ2018/02884 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 286 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг орхигдуулснаар үндэслэлгүйгээр төлбөр төлөх шийдвэр гаргасан гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх шилжих талаар хуульчилсан байдаг. Ж ын газрыг худалдан авсан “Субутын гэгээ” ХХК нь маргааны зүйл болоод байгаа 87,07 м.кв байрыг өмчлөх эрхтэй талаар “Жинхэнэ Уянга” ХХК-тай байгуулсан гэрээ хэлцэл, баримт хэргийн материалд байхгүй. Үүнээс үндэслэн 87,07 м.кв байрыг барьсан “Жинхэнэ Уянга” ХХК-аас Ж д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ, хэлцэл, баримт материал мөн адил хэргийн материалд байдаггүй, хавтаст хэрэгт авагдаагүй. Учир нь Ж д 87,07 м.кв байрны өмчлөх эрх шилжээгүй. Анхнаасаа “Субутын гэгээ” ХХК нь 87,07 м.кв байрыг эзэмших, өмчлөх эрхтэй талаар тодорхой биш байдаг. Мөн Ж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах эрхийг итгэмжлэлээр Т.Баясгаланд олгосон гэх боловч энэ итгэмжлэл байхгүй. Тэгээд хууль зүйн талаасаа байгаа гэж үзсэн ч уг итгэмжлэлээр маргаж буй 87,07 м.кв 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд очсон байх үндэслэлгүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг “Субутын гэгээ” ХХК-д шилжүүлээд үүний хариу төлбөрт “Жинхэнэ уянга” ХХК-ийн орон сууцууд шилжиж байгаа юм бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасныг зөрчсөн. 87,07 м.кв 3 өрөө байрын өмчлөх эрхийг олж авахтай холбоотой итгэмжлэл хэргийн материалд байдаггүй. Харин эсрэгээрээ гэрч Д.Наранбат нь газар зуучлан борлуулсны 10 хувийг О т Ж ын талын хүмүүс болох Т.Баясгалан нар нь төлнө гээд төлөөгүй залилсан тухай хууль сануулагдан гэрчлэн мэдүүлснийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй, мөн Ж ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Нармандахад ямар нэгэн итгэмжлэл олгогдоогүй байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж шийдвэрт зааж оруулж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэс болгосон гэж үзэж маргаж байна. Шийдвэрт ”... Ж болон түүнийг зуучлалын гэрээнд төлөөлсөн Т.Баясгалан нар нь О т зуучлалын гэрээний хөлс төлөхөөр болон амлалт өгсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж буруу дүгнэсэн. Хэргийн материалд авагдсан эрүүгийн хэрэгт өгсөн Т.Баясгалангийн хууль сануулагдаж хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Зуучлалын хөлс болгож 10 хувийг өгөх үү гэхэд ...зарж чадвал ав...” гэсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн талаар нотлох баримт хэрэгт авагдсан нь шүүхийн энэ дүгнэлтийг шууд үгүйсгэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, нотлох баримт нь Ж тай холбогдолгүй буюу нотолгооны шинж чанаргүй, Ж нь зуучлалын гэрээний талаар мэдэхгүй буюу анх тохиролцсон үнээс илүү хэмжээгээр зарагдсан тохиолдолд зуучлалын 10 хувийн урамшуулал буюу 90,000,000 төгрөгт тооцох тухай тохиролцоог Т.Баясгалан хийсэн нотлох баримт бүхий үйл баримтыг тооцвол хариуцагчийн хүчин төгөлдөр өмчлөлд шилжсэн байрны төлбөр бүрэн барагдсан үйл баримт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээс уг үйл баримтыг нотлох баримтад тооцолгүй орхигдуулсан байдлыг хянуулан тогтоолгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ж нь хариуцагч О т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87.07 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээ, түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ж д төлбөр төлөх үндэслэлгүй, хууль болон гэрээгээр үүрэг үүсээгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 310 тоот үйлчилгээтэй амины орон сууцыг, нэгж талбарын 168030/0008 дугаар бүхий 1976 м.кв газрын эзэмших эрхийн хамт бусдад шилжүүлэх гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Т.Баясгаланд 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр олгосон, Т.Баясгалан нь “Опен риэлти” ХХК-ийн захирал Д.Нармандахтай Ж ыг төлөөлж, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зуучлалын гэрээг байгуулан, зуучлагч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг, газрын эзэмших эрхийн хамт худалдан борлуулах, зуучлуулагч нь үнэд 970,000,000.00 төгрөгийг хүлээн авсан тохиолдолд зуучлан борлуулах ажлыг гүйцэтгэгдсэнд тооцож, уг дүнгээс илүү гарсан хэмжээг зуучлалын хөлсөнд өгөхөөр гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан нь гэрээ, түүнийг хэрэгжиж дуусгавар болсон, 87.07 м.кв талбайтай нэг байрыг нь О 280,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 150,000,000.00 төгрөг төлсөн тухай гэрээнд нэмэлт тэмдэглэл хийсэн байна.
Нэхэмжлэгч Ж нь дээрх 87.07 м.кв талбай бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд О аас 150,000,000.00 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрийг 3 сард багтаан төлбөл 90,000,000.00 төгрөг болгон хөнгөлөлт үзүүлэх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд төлөөгүй тул 130, 000,000.00 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг хариуцагч О нь урьдчилгаанд төлсөн мөнгөний тухайд маргаагүй, харин үлдэгдэл төлбөрийг зуучлалын хөлсөнд тооцсон гэжээ.
2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 1.9, 2.5-д Гэрэлт хотхоны 87.07 м.кв гурван өрөө /280 сая-аас 150-40/ гэж тэмдэглэж, зээлийн барьцаанд уг байрыг тавина гэсэн заалтыг О зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан, мөн зуучлагч Д.Нармандах 2014 оны 4 дүгээр сарын 28-нд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ Батбаяр байрны урьдчилгаа төлбөр гэж 150,000,000.00 төгрөгийг Т.Баясгалангийн ажлын өрөөнд бэлнээр өгч, үлдсэн 130,000,000.00 төгрөгийг зээлээр өгөхөөр болж Т.Баясгалан, О нар гэрээ хийсэн гэж мэдүүлсэн нь хэрэгт авагджээ.
Хариуцагч нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан захиалгын гэрээг бусдад шилжүүлэн төлбөрийг бүрэн авч, өмчлөх эрх н.Жаргалсайханд шилжсэн нь гэрчийн мэдүүлэг, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр нотлогдож байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлмэгц орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаанд тавих үүргээ зөрчсөн гэсэн дүгнэлтийг буруутгахгүй.
Иймээс зуучлалын гэрээний талууд гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон байх бөгөөд зуучлагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний үр дүнг Ж ын үл хөдлөх эд хөрөнгө, эрхээ худалдан борлуулсны үнэ гэж үзэх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд Ж ын өмнө үүрэг хүлээхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02884 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 807,950.00 /найман зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН