Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ашид билгүүн” ХХК, Орхон аймаг дахь ШШГА нарт холбогдох

“Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранжаргал, Л.Ганбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Алтанхуяг миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багйин 8-52 тоот хашаа байшинд 2008 оноос хойш  өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно.  2015 онд Хаан банкнаас 10,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч төлөлтөө сүүлдээ төлж барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар 8 835 650 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Тэгээд шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэлийн газраас гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа ба үнэдгээний Ашид билгүүн ХХК-ийг томилоод одоогоор манай хашаа байшинг маш бага үнээр үнэлгээ гаргасан байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ 20 303 600 төгрөгөөр тогтоогдсон байх ба би хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байна. Үүнээс ч өндөр үнэлгээтэй манай урд талын хашаа байшин зарагдсан байдаг. Манай урд талын гудамжинд байдаг айл 28 000 000 төгрөгөөр хашаа байшингаа борлуулсан байхад , үнэлгээний газраас тэр хавийн айлын зарагдсан зах зээлийн ханшийг судлахгүйгээр өөр газар буюу Рашаант багийн үнэлгээг харьцуулж, судалж үнэлгээ гаргасан байна. Уртын голд байрладаг хашаа байшин нь Рашаант багт байрлах хашаа байшингийн зах зээлийн үнэлгээнээс илүү өндөр үнэтэй зарагддаг юм. Гэтэл ийм маягаар харьцуулж үнэлгээ гаргаж байгаа нь үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, шудрага бус үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас 9018245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь Салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хаан банкнаас төлбөрийн үлдэгдэл 8835650 төгрөгийг албадан гаргуулахаар тус албатай зардал урамшуулалын гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй төлбөрийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот битүүмжлэх актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянзамын 8-14 тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдуул нүүн гарч очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдлыг харгалзан 02 наснаас 10 насны 2 хүүхэдтэй тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон.Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч уүрэг шүйцэтгэгч, үүрэг гүйфцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр хөндлөнгийн Ашид билгүүн ХХК-ныг томилж үнэлгээ хийлгэсэн ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 20303600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасныг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ТХҮ-217-24 тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ашид билгүүн ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2368 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Хаан банкны нэхэмжлэлтэй Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг нарт холбогдох 726 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг давж заалдсан гомдолдоо:

Н.Алтанхуяг миний нэхэмжлэлтэй, “Ашид билгүүн” ХХК, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох "Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагатай иргэний хэргийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэдийгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ч ингэхдээ тус шүүхээс шийдвэрийн үндэслэлээ “Үнэлгээ гаргасан хариуцагч “Ашид билгүүн” ХХК-иас нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл боллоо” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Учир нь энэ маргаан нь хоёр хариуцагчтай бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна гэж үндэслэчихээд ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүйгээр хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн хариуцагч “Ашид билгүүн” ХХК-ийн эс үйлдэхүйг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас” нь үнэлж шийдвэрлээгүйг харуулж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шуүхэд гаргах эрхтэй гэсэн байх боловч Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Нас барсан, нас барсан гэж зарлагдсан иргэний өв залгамжлагч оролцвол зохих ажиллагаанд өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно” гэсэн шал өөр зохицуулалт бүхий заалт байх тул холбогдох зөв заалтыг шүүхийн шийдвэрт тусгуулмаар байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг Ашид Билгүүн ХХКомпаний гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн ТХҮ-217-24 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан, хариуцагч Ашид Билгүүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Н.Алтанхуягийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянзамын 8-14 тоот хашаа байшинг 2016 оны 11 дүгээр сарын 22–ны өдөр 16-53-04 дугаар битүүмжлэх актаар битүүмжилж, зээлийн төлбөр 8835650 төгрөгийг төлөх хугацааг сунгасан боловч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2017-03-13–ны өдрийн 17-53-01 дугаар хураах актаар барьцаа хөрөнгийг хураан авч үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчээр Ашид Билгүүн ХХК-ийг томилж үүргийн гүйцэтгэлд хураасан хашаа байшинг 20.303.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зохигчдод мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Харин хариуцагч Ашид Билгүүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранжаргал 2017 оны 6 дугаар сарын 20 –ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан эрх, үүрэгтэй танилцсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу  тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 7 дугаар сарын 20, 26–ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранжаргал 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагч Ашид Билгүүн ХХК-иас хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тус компаний ТХҮ-217-24 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн байна.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1–ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хүчингүйд тооцсон хуулийн зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Н.Алтанхуягийн гаргасан “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан өөр зохицуулалт бүхий заалтыг үндэслэж шийдвэрлэсэн байх тул холбогдох зөв заалтыг шүүхийн шийдвэрт тусгуулмаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д…” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Алтанхуягын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

 

                     ШҮҮГЧИД                                                            М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ