Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1511

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 44 дүгээр байр 67 тоотод оршин суух, Цоохор овогт Элдэвийн Намжилмаа /РД:ЦГ65061602/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамж 216А тоотод оршин суух, Хонин онход овогт Хүрэлийн Тэгшчулуун /РД:РЮ66042864/-д холбогдох

Бусдын хууль бус эзэмшилээс газар, хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Намжилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагч Х.Тэгшчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэх 10 дугаар гудамж 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөплөх хөрөнгийн бүртгэлтэй 78,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Баттулга нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Тэгшчулуун нарыг амьдруулж байсан. Ийн түр амьдруулах болсон нь дүү Х.Тэгшчулууныг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гээд, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгож өгсөн. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, Тэгшчулуун нь нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Баттулгын зүрх муудаж, ахыг нь эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшингаа зармаар байна гэж хэлэн хашаа байшинг суллаж өгөхийг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 1 дүгээр сарын 17-нд 13,000,000 төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг  Х.Тэгшчулууны хууль бус эзэмшилээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Тэгшчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өсөн өндийсөн цагаасаа хүний саванд амьдарч үзээгүй би анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Баттулга 2000 онд манайх хот руу нүүх боллоо та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй улсууд хөдөө газар хэцүү гээд,  1 өрөө байрыг минь заруулж тэр мөнгөөр байр аваад орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэн 5,6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өсгөж өндийлгөсөн. Ингээд ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж заасан газрын цэвэрлээд, хашаа барьж, дараа нь байшин барьж амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Баттулга Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 дугаар хорооны засаг дарга Дашдоржтой 50-59  гэсэн улсын дугаартай автомашинтай ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж юун хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё гэхэд ах “та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр Дөлгөөний нэр дээр бичиг авч байя гэсэн. Тэгээд үүнээс хойш таг болсон. Би бүх юм аа зарж ирсэн мөнгөөрөө хашаагаа барьж, байшингаа барьж 00-оо барьж ухаж, Хөвсгөлөөс улсын Нийслэлд ээжтэйгээ амьдралаа босгосон. Энэ бэр эгч Намжилмаагийн ширхэг ч хөлс, гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь хариуцагч Х.Тэгшчулуунд холбогдуулан  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газар, 78,5 м.кв талбайтай хувийн сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

          Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газар, 78,5 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь  18631304374161 нэгж талбарын дугаартай,  Г-2206003976 бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 78,5 м.кв  талбайтай, хувийн сууцны зориулалттай Ү-2206010523 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-3,5,35,37/

 

         Хариуцагч Х.Тэгшчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг  газар, хувийн сууцыг  Хөвсгөлд байсан орон сууцаа худалдсан, мөнгийг нь ах Х.Баттулгад өгч, ах маань газар зааж өгөн одоо амьдарч байгаа хашаа, байшинг барьсан. Тухайн үед бид хөдөөнөөс шилжиж ирээгүй байсан тул хүү Б.Дөлгөөнийхээ нэр дээр бүх бичиг баримтыг гаргасан гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал, няцаалт баримтаар нотлогдохгүй байна.

         

             Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Тэгшчулууны хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 18631304374161 нэгж талбарын дугаартай,  Г-2206003976 бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй,  700 м.кв талбайтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206010523 дугаартай 78,5 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Тэгшчулуунаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Намжилмаад  олгосугай.

 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОЮУНБИЛЭГ