Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

хохирогч Д.У,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох 201726011049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ийн А, 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилээр тогтоож, 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Аийн эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн /РД: ...... /;

 

Б.А нь Э.А-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-73 тоотод байрлах Д.Оын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт нэвтрэн орж 6400 юань буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг, “Жи-5”, “Самсунг галакси” загварын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б, Б.Г, Б.Х, П.П нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суух Д.Уын эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхарын вакум цонхоор нэвтрэн орж алтан гулдмай, macbook, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд болон бэлэн мөнгө, валют зэрэг эд зүйлс хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол, нийт 214.630.089 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-ийг бусдын их хэмжээний эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.А-ийг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 331 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 40.146.517 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Оад 1.367.500 төгрөг, хохирогч Д.У-т 38.779017 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн  тоолж шийдвэрлэжээ.

 

          Б.А шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Давж заалдах гомдол гаргахын учир нь: Өмгөөлөгч Нарантуяагаар уламжлуулан өмгөөлөгч Х.Даваасүрэн, хохирогч Д.О, Д.У нарыг болон ар гэрийн хүнийг оролцуулах хүсэлт гаргасныг минь уламжлаагүй. Мөн миний хэргийн талаар сайн мэдэхгүй байсан. Прокурор М.Амарзаяа нь миний хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн мөрдөн байцаалтад хэргийг сэдсэн хатгагч нараас тайлбар аваад явуулсан. Шүүгч миний амаар хэлсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн урьд ял шийтгүүлж байсан болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн ялнаас чинь бага ял шийтгэл оногдуулж болохгүй гэж прокурор М.Амарзаяагийн сонсгосон 3 жил 1 сарын хорих ялыг 3 жил 6 сар болгож нэмэгдүүлсэн. Ийм байдлаар миний эрх зүйн байдлыг дордуулсан шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд хэргээ үнэн зөвөөр, нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэв.

 

Хохирогч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай гэрт бүлэг хүмүүс нэвтэрч эд зүйл хулгайлсан. Би Б нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Харин А-т холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Эд зүйл бүлэглэн хулгай хийсэн 4-5 хүн байсан. Шүүгдэгч Б.А нь хүний 10 жил хөдөлмөрлөж олсон эд зүйлсийг хулгайлсан. Өмгөөлөгч нь сая шүүх хуралдааны өмнө надад “А танайхаас 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан байна. Түүнийг төлж барагдуулна, хэргийг нь буцаана” гэж байна. Шүүгдэгч Б.А-ийг ОХУ-руу алга болсон гэж ярьж байсан. Гэтэл наадмын өмнө “...одоо шүүх рүү хэргийг нь шилжүүлэх гэж байна...” гэж ярьсан. Миний бие анхан шатны шүүх хуралдаан болсныг мэдээгүй, надад мэдэгдээгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг санхүүжүүлдэг газар нь ломбард гэж үзэж байна. Анх алтан гулдмайг ломбардад 6.000.000 төгрөгөөр зарсан байна гэж хэлсэн. Шүүх хуралдаанд ломбардын эзэд оролцоогүй. Ломбардын эзэд хулгайч нарын эд зүйлийг зарж ашиг олдог. Шүүгдэгч нар нь өмгөөлөгч авч “миний эрх хохирсон” гэж ярьдаг. Монгол Улсад хулгайн гэмт хэрэг энэ байдлаас болж улам хөгжиж байгаа юм биш үү. Өмгөөлөгч нар ажлаа хийж байгаа байх. Гэхдээ эдгээр хүмүүсийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг өмгөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс болж удаа дараа шүүх хуралдаан болж, хүмүүсийн ажил амьдралыг алдагдуулж, маш их хор хохирол учруулж байна. Өнөөдрийн шүүх хуралдааныг надад мэдэгдэхэд би ямар шүүх хуралдаан болох гэж байгааг огт мэдээгүй ирсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хэзээ болсон, надад хэдий хэмжээний хохирол, төлбөр төлүүлэх талаар ямар шийдвэр гарсныг би огт мэдэхгүй байна...” гэв.  

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Б.Ат холбогдох хэрэгт томилолтоор оролцож байгаа. Шүүгдэгч Б.А нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Д.О-ын ажиллуулж байсан дэлгүүрт орж 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн хохирогч Д.Уын гэрт Б.Б, Б.Г, Б.Х, П.П нарын хамт орж бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр давж заалдах гомдолдоо “прокуророос 3 жил 1 сарын ял сонсгосон. Гэтэл шүүх 3 жил 6 сарын ял өгч  эрх зүйн байдлыг дордуулсан” гэжээ. Мөн шүүгдэгч Б.А нь “би Д.У-ын гэрээс хулгайлсан зүйлсээс 8.000 рубль, 350000 төгрөг авсан, өөр зүйл аваагүй” гэж хэлсэн. Гэтэл Б.А-ээс хохиролд 38.779.017 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж, тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг тал бүрээс нь нягталж, шалгах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн Б нарын хэрэгтээ нэгтгэж шалгуулах хүсэлтээ байна...” гэв.

 

          Прокурор М.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А нь Э.А-тэй бүлэглэж 2015 онд шашны эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Б.А нь оргон зайлсан учир Э.А-гээс тусгаарлаж, Э.А-д холбогдох хэрэг 2009 оноос хойш мөрдөн байцаалтын ажиллагаа 8 жилийн хугацаанд шалгагдаж байгаад энэ 7 хоногт шийдвэрлэгдсэн. Мөн Б, Х, П нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаан явагдсан, Б нарын хэргээс мөн тусгаарласан. Б.А-т холбогдох 2 үйлдэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийн шүүхэд шилжүүлсэн. Өнөөдөр шүүгдэгч Б.А “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж байна. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэхээр цагдан хоригдож байгаа Э.А-д холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Э.А-гийн цагдан хоригдсон хоног нь 1595 хоног болж, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Хохирлын хэмжээ нь их хэмжээний хохирол болсон. Хохирол, төлбөр төлөхгүй байна. Ингээд 2008 оноос Э.А-д холбогдох хэрэг шийдвэрлэгдэж чадаагүй, бүгд хэргээ нэгтгүүлнэ гэж хүсэлт гаргадаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Д.У оролцоогүй, Д.О “би шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн. Шүүгдэгч Б.А “Амарзаяа прокурор хохирогчтой уулзуулаагүй” гэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.А нь “би Д.О, Д.У нартай гэрээ байгуулж, төлөх хохирлыг графикийн дагуу төлмөөр байна” гэсэн хүсэлт гаргасан. Мөн “би 6 удаагийн ял шийтгэлтэй ч гэсэн ажил хийж байсан. Миний ажил хийж байсан газруудаас тодорхойлолт авч ир” гэж хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажил байдлын тодорхойлолтуудыг нь өгсөн. Ар гэрийн байдлын хувьд эх нь тодорхой оршин суух хаяггүй, эцэг Б нь ямар ч холбоо байхгүй. Мөн “прокурор 3 жил 1 сарын хорих ял өгсөн. Шүүх 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан учир миний эрх зүйн байдлыг дордуулсан” гэж байна. Прокурорын зүгээс үнэлэлт дүгнэлт өгч, хуульд заасан хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Б.А, Б нар бүлэглэн хохирогч Уын гэрээс эд зүйл хулгайлж 211.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Түүнээс А 8.000 рубль авсан, 500.000 төгрөг авсан гэдэг ч хохирлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлж хуваасан. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, үйлдэлдээ маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Б.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хазгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Тухайлбал;

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 703 дугаар шүүгчийн захирамжаар Б.А-т холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлож /3хх-1-2/, шүүгдэгчийн өмгөөлөгчид тов мэдэгдсэн баримт үйлджээ /3хх-3/. Мөн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутанд хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /3хх-6-7/ шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн, шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдээгүй гэж үзэхэд хүргэв.

 

2. Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгах үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “... нэр бүхий хоёр хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргаж байна ...” гэсэн хүсэлт гаргасныг, шүүх хэлэлцээд, хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг уншиж сонсгон, хурлыг үргэлжүүлсэн талаар тэмдэглэлд тусгасан атлаа уг захирамжийг хэрэгт хавсаргаагүй. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулах талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын  хүсэлтийг хангахаас татгалзсан нь тодорхойгүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,...өмгөөлөгчид гардуулан өгнө...”, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч...шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах...эрхтэй...” гэж хуульчилсан байна. Гэтэл хохирогч С.О, Д.У нарт шүүхийн шийдвэрийг гардуулсан баримт мөн хэрэгт байхгүй байна.

 

Хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...”, мөн зүйлийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...”, мөн зүйлийн 1.10-д заасан “...шүүхийн ...шийтгэх тогтоолын хувийг авах...”, мөн зүйлийн 1.6-д заасан “...шүүхийн ...шийдвэрт гомдол гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Б.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч Б.Аийн “хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх тухай” давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.ДАРЬСҮРЭН