Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00755

 

“Б..... констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03561 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 180 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б..... констракшн” ХХК

          Хариуцагч: “Ж....” ХХК-д холбогдох

          Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг, барьцааны мөнгө 500,000 юань буюу 174,750,000 төгрөг, нийт 733,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нурболат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, Ц.Гүенбат, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Б..... констракшин” ХХК-нь 2013-03-р сард “Ж....” ХХК-тай Барилга барих гэрээ байгуулан БЗД-ийн ...-р хороо, ..... 177 айлын орон сууц барихаар тохиролцсон. Барилгын ажил эхлүүлж орон сууцны ерөнхий карказыг цутган, хана өрөх ажлыг хийж дуусгасны дараа хариуцагч нь “...хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон...” гэх шалтгаанаар талууд тооцоо нийлж гэрээг дүгнэсэн.Хариуцагч нь 2,1 сая юанийг нэхэмжлэгчид өгөх болсон ч төлж барагдуулаагүй тул 2,1 сая юань буюу 733,950,000 төгрөгийг гаргуүлахыг хүссэн.Гэвч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж байна. Манай компани хариуцагчтай байгуулсан 2013-3-10-ны өдрийн Барилга барих гэрээний 6-д заасан 19 нэр, төрлийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Т.О, Л.Ш-ийн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн  тайлбараар тогтоогдож байгаа. 2014-6-р сард нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Фан Лиан Жун, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Ли Баолин, гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар уулзалт хийж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,6 сая юань болох талаар тооцоо нийлсэн байдаг. Ажлын хөлс 1,6 сая юань болон барьцаанд олгосон 500,000 юанийг 2014-7-р сард багтааж төлөх талаар хариуцагч зөвшөөрч заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2014-7-09, 31-ний өдрүүд 40 сая төгрөг олгосон. Энэ баримт нь нэхэмжлэгч ажил гүйцэтгэснийг нотолж байгаа ба хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох үндэслэл болсон гэж үзэж байна. Барилга барих гэрээний 9-д сар бүр барилгын гүйцэтгэлийг хэсэгчлэн үнэлгээ хийж тооцож төлбөрийн 85%-г Б талд төлнө гэж заасан.  Хариуцагч ажлыг хүлээн аваагүй, үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй, барилгын материалыг хугацаанд нь нийлүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүйд хүрсэн. Хариуцагчийн ажлыг хүлээж авах үүргээ биелүүлээгүй тул ИХ-н 351.2-р ажлыг авсан гэж үзнэ. Манай компанийг ажил дутуу, чанаргүй хийсэн гэх боловч баримтгүйгээс гадна энэ тухай гомдлын шаардлага гаргаагүй.  Барилга барих гэрээний 27-д тус гэрээний заалт бүрийг чандлан мөрдөхийн тулд тогтсон хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгэж Б тал А талд 1 сая юань барьцаанд өгөхөөс 500,000 юанийг нь өгсөн байгаа. Уг 500,000 юаниар хангуулах үүрэг бүрэн гүйцэтгэгдсэн тул уг 500,000 юань буцаан олгох үүрэгтэй. 500,000 юанийг гүйцэтгэх захирал Лью Бао Лин хүлээж авсан баримт байдаг. ИХ-н 208.2-т заасны дагуу манай компани барьцааны 500,000 юанийг шаардах эрх үүссэн. Иймд “Ж....” ХХК-с гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,6 сая юань буюу 559,200,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500,000 юань буюу 174,750,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтарч ажиллах болсон.Гэвч ажлаа бүрэн дуусгаагүй хаяж явсан. “Ж....” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Лю Бао Лин, “..... лебияа” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Ва Лян Жу нарын 100%-ийн Хятад улсын хөрөнгө оруулалттай 2 компанийн хоорондоо хийсэн гэрээний маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Энэ маргаантай асуудлаар Болдбаатар нь би “Бээжин лебияа” ХХК-н гүйцэтгэх захирал надад итгэмжлэл байгаа гэж 600сая төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн. Одоо дахин Ербулат гэж хүн “Бээжин лебияа констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал бас итгэмжлэлтэй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Бээжин лебияа” гэж компанид 2 гүйцэтгэх захирал гарч ирж манай компаниас мөнгө нэхэмжилж байна. Энэ 2-н хэн нь хууль ёсны итгэмжлэлтэй гүйцэтгэх захирал гэдгийг мэдэхгүй байгаа тул хариу өгөх боломжгүй. Хэдийгээр “.... лебияа” ХХК нь 600 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч гүйцэтгэсэн ажлын ил болон далд ажлын актууд, гүйцэтгэсэн ажлын фото зургууд , гүйцэтгэлийн тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй болно. “.... лебияа” ХХК-ийн дутуу хийсэн, зураг төслийн дагуу хийгдээгүй ажлын төлбөрт 1 тэрбум 800 сая төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Ва Лян Жу нь Монгол улсын татварын газарт 850 сая төгрөгний татварын өртэйгөөс болж Монгол улсаас оргон зайлж зугтсан. Хятад улсад очоод шоронд орж одоогоор ял эдэлж байгаа зэргээс манай компани нь хохирол амссан ч нэхэмжлэл гаргаж чадахгүй байна. Энэхүү гүйцэтгэлийн гэрээг хийсэн “Ж....” ХХК, “.... лебияа” ХХК-н ерөнхий захирлууд нь хоёулаа Монгол улсад байхгүй мөн үүссэн өр авлагаа өөрсдөө хамт байж шийдвэрлэх асуудал гэж бодож байна гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 101/ШШ2018/03561 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.... ХХК-иас 2,1сая юань буюу 733,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,827,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 180 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч шаардлага болон үндэслэлээ ИХ-ийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах хэмээн тодорхойлсон учир шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэх журамтай. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр тодорхойлогдох зохигчдын нотлох үүргийн хуваарилалттай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож буй тодорхой нэг хэм хэмжээний урьдчилсан нөхцөл тус бүрийг нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн дагуу нэхэмжлэгчид шаардах эрх олгож буй хэм хэмжээ тус бүрийн урьдчилсан нөхцөл өөр хоорондоо ялгаатай байдаг бөгөөд тухайн хэм хэмжээний урьдчилсан нөхцөлөөс шууд хамааралтайгаар нэхэмжлэгч, хариуцагчийн нотлох үүрэг тодорхойлогдож байдаг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ИХ-ийн 343.1-р зуйл гэж тодорхойлсон тул тус хэм хэмжээний урьдчилсан нөхцөлөөс хамааран нэхэмжлэгчийн нотлох үүрэг тодорхойлогдоно. ИХ-ийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө талаас захиалагч ажлын үр дүнд тохирсон хөлс төлөх үүрэг хүлээж байдаг харилцан уялдаа бүхий хоёрт талт үүргийн харилцаа юм. Иймд нэхэмжлэгч нь ИХ-ийн 343.1-д заасны дагуу дараахь урьдчилсан нөхцөл тус бүрийг нотлох үүрэгтэй. Үүнд:            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байх, Ажил гүйцэтгэгч нь хэлэлцэн тохирсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байх, Шаардах эрх дуусгавар болоогүй, хэрэгжүүлэх боломжтой байх гэсэн урьдчилсан нөхцөл тус бүр үнэн, зөв эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд нэхэмжлэгчид ийнхүү шаардах эрх үүснэ. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэхэд талууд маргадаггүй учир нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөгийн барилгын ажил хийж гүйцэтгэсэн буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Зохигчдын хооронд 2013-03-10-ны өдөр “Барилга барих гэрээ” байгуулагдсан эсэхэд талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүхээс “Барилга барих гэрээ” хэрэгт эх хувиараа авагдаагүй буюу гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь “Барилга барих гэрээ хэргийн 6-8 дахь тал/ болон мөнгө хүлээн авсан баримт/ хх10/-ыг ИХШХШТХ-ийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх” тухай нотлох баримтын шаардлагыг хангасан хэлбэрээр хэрэгт авахуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг нотлох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс 2017-06-19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэсэн болохоо нотлохоор гэрч асуулгах хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2017-10-12-ны өдөр гэрч Т.О/1-р х.х-ийн 109-112 дахь тал/, 2017-10-16-ны өдөр гэрч Л.Ш.-с /1-р х.х-ийн 118-122 дахь тал/, гэрч Б.Г-с 2018-06-04-ний өдөр/2-р х.х-ийн 198-200 дахь тал/, 2018-10-23-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан. Давж заалдах шатны шүүхээс “... гэрч Б.Г-, Л.Ш-, Б.О- нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч дээрх гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд шүүхээс ИХШХШТХ-ийн 43.6 дахь хэсэгт зааснаар гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болох бөгөөд гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулснаар хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ИХШХШТХ-ийн 43.6 дахь хэсэгт “гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно” гэж заасан нь шүүхээс заавал нүүрэлдүүлэн мэдүүлэг авах эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Мэдүүлэг нь зөрүүтэй байгаа гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тохиолдолд тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь зүйтэй. Гэтэл гэрч Б.Г, Л.Ш, Б.О нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авснаар “Б..... Констракшн” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь эргэлзээгүй нотлогдохгүй учир эдгээр гэрчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Мөн ИХШХШТХ-ийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу шүүх гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт/Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Үндэсний төв архиваас ирүүлсэн Ж.... ХХК-ийн орон сууцны барилгын ил, далд ажлын акт/ болон бусад нотлох баримтуудтай харьцуулан судалсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй.        Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нэг үндэслэл нь “мөнгө хүлээн авсан баримт” нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хэрэгт тус баримтын эх хувь буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь авагдаагүй явдал билээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд энэхүү мөнгө хүлээн авсан баримт ач холбогдолтой байх тохиолдолд ийнхүү нотлох баримтын шаардлага хангуулан авах нь зүйтэй. Мөнгө хүлээн авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авхуулснаар нэхэмжлэгч барьцааны мөнгө гэх 500,000 юань буюу 174,750,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй учир тус баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авахуулах нь ач холбогдолгүй. Талуудын хооронд байгуулагдсан барилга барих гэрээний 27-д “тус гэрээний заалт бүрийг чандлан мөрдөхийн тулд тогтсон хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгэж, Б тал А талд 1,000,000 юань барьцаанд өгөх ба үүнээс 500,000 юанийг өгсөн байгаа болно” гэж заасан. Тус заалтын агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн хувьд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэмэлт үүрэг хүлээлгэхээр талууд тохиролцсон гэж үзэх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу хариуцлагын шинжтэй зохицуулалт гэж ойлгоно. Гэрээний тус заалтыг талуудын хүсэл зоригийг тайлбарлах замаар ойлгох нь зүйтэй. Хэрвээ Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд А талд шилжүүлсэн гэх 500,000 юанийг Б тал буцаан шаардах эрхээ алдах эрх зүйн үр дагаврыг агуулж байна. Ийнхүү нэхэмжлэгч тал барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу 1,600,000 юаний барилгын ажил хийж гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байгаа учраас барьцаанд өгсөн гэх 500,000 юанийг буцаан шаардах эрхгүй болно. Мөн нэхэмжлэгч нь “Ж....” ХХК-д 500,000 юань шилжүүлсэн гэх санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй, мөнгө хүлээн авсан гэх баримтаар талуудын хооронд байгуулагдсан “Барилга барих гэрээ”-ний дагуу мөнгө шилжүүлсэн гэдэг нь эргэлзээгүй нотлогдохгүй бөгөөд гэрээнд ямар нөхцөлд буцаан шаардах эрх үүсэх талаар тусгаагүй байх тул тус баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авахуулсан ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Магадлалд дурдсанчлан “Барилга барих гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгснөөр, мөн гэрч Б.Г-, Л.Ш-, Б.О- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа явуулснаар нэхэмжлэгч “Б..... Констракшн” ХХК нь 1,600,000 юаний ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй, мөн 500,000 юань буцаан шаардах эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй тул “Барилга барих гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримт”-ыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авхуулах, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй учир магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

  "Б..... констракшн” ХХК 2017-06-12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  “Ж....” ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг, барьцааны мөнгө 500,000 юань буюу 174,750,000 төгрөг, нийт 733,950,000 төгрөг гаргуулахыг шаарджээ. /хх1-1., хх2-н 44,66/

  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч байгууллагыг хэн төлөөлөх эрхтэй нь тодорхойгүй байна...” гэсэн үндэслэл заажээ./хх 1- 30-31/,

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. 

   Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

  500,000 юань буюу 174,750,000 төгрөгийн шаардлагатай холбоотой гадаад хэлээр бичсэн баримтын хуулбар /хх1-н 10/-ын орчуулга хоёр өөр байхад /хх1-н 9, хх2-н 97/  анхан шатны шүүх нэг орчуулгыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 38 дугаар зүйлийн 38.5-г зөрчжээ.

  Гадаад хэлээр бичигдсэн баримтыг орчуулагч Монгол хэл дээр хоёр өөр байдлаар орчуулсан нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна. 

 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө нэг удаа тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг үгүйсгээгүй, харин “...төлөөлөх эрхгүй этгээд

нэхэмжлэл гаргасан...” гэж мэтгэлцсэн байгааг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцээгүй байна. /хх1-30/, /хх1-72.,2-н 205/.

Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцохыг, мөн зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэйг сануулсны үндсэн дээр хэрэгт буй баримтын талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 180 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 3,827,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ                   

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ