Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00709

 

Р.Б, Д.Б, Б.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00003 дугаар магадлалтай

Р.Б, Д.Б, Б.Д нарын нэхэмжлэлтэй,

Э.Б, Д.Д нарт холбогдох,

Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж, хохиролд Р.Б 86 578 578 төгрөг, Д.Б 68 671 704 төгрөг, Б.Д 81 468 643 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Э.Б, Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Р.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Б, Д.Б, Б.Д нарын манай 3 айл 2013 онд Д.Д, Э.Б нарын Улаангом сумын 10 дугаар багийн нутагт барьсан 9 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй болсон. Цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болсон учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна.

 Р.Баттулгын хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6,100,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53,900,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,578,578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86,578,578 төгрөг гаргуулж өгнө үү.

 Д.Бийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57,000,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,302,227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68,671,704 төгрөг гаргуулж өгнө үү.

 Б.Дгийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9,468,643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81,468,643 төгрөг гаргуулж өгнө үү. Нийт бид гуравт 236 718 925 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү Д.Төгсжаргал, Э.Б нарын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан.

Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Б.Д нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Р.Б нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Б нэхэмжлэгч Д.Б нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Э.Боос 57000000 /тавин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд, хариуцагч Д.Дгээс 55000000 /тавин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд, мөн 58800000 /тавин найм сая найман зуун мянган төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Боос улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бөд, хариуцагч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд, 432950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00003 дугаар магадлалаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885000 төгрөгөөс 726950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 158050 төгрөгийг төрийн сангийн 100020000957 тоот данснаас буцаан гаргаж Д.Дд олгож, хариуцагч Э.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Э.Б надаас 57 000 000 төгрөг гаргуулан Д.Бөд олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж Э.Боос 57 000 000 төгрөгийг гаргуулж Д.Бөд олгож .... шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Д.Б нь “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж байрны төлбөрт төлсөн 57 000 000 төгрөг, хүү төлж хохирсон 9 302 227 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх гэрээ цуцалж байрны төлбөрт төлсөн 57 000 000 төгрөгийг гаргуулж, хүү төлж хохирсон хохирол 9 302 227 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан доголдлоос үүдэн эд хөрөнгөнд учирсан бодит хохирол, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөхийг үүрэг болгосон хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх 57 000 000 төгрөг нь орон сууц худалдан авсан төлбөр болохоос ямар нэгэн гэм хорын хохирол төлбөр биш юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт .... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул, ....шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдлуудыг худалдан авах үед шууд тодорхойлох боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь худалдан авагч Д.Б нь орон сууцыг худалдан авахдаа 2013 оны 11-р сарын 28-ны өдөр буюу өвлийн улиралд худалдан авсан байдаг. Тиймээс орон сууцыг хүлээн авах үед уг орон сууц нь анхнаасаа доголдолтой, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг зэрэг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй доголдолтой эд хөрөнгө байсан бол орон сууцыг хүлээн авах үед цантах, мөөгөнцөртөх, хөлдөх зэрэг доголдлууд илрэх боломжтой байсан. Тиймээс дээрх доголдлуудыг худалдан авах үед шууд тодорхойлох боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь байна.

Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцандаа 2 жил 5 сарын турш амьдарсан, шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх хугацааны туршид ойролцоогоор 5 жилийн турш амьдарчихаад байхад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт гарч байж л доголдлыг анх мэдсэн мэтээр дүгнэж, хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрвээ орон сууцанд дээрх доголдлууд байсан бол нэхэмжлэгч нар нь анх орон сууцыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан, уг доголдлууд нь далд доголдол биш, мөн 2 жил 5 сарын дараа нэхэмжлэл гаргахад доголдол байсан бол мэдэх боломжтой хугацаа хангалттай өнгөрсөн тул эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас харахад Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Энхбаяр, Барилга техникийн улсын хяналтын байцаагч Ө.Асылбек, Стандарт хэмжил зүйн газрын хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Х.Жанаргүл нарын 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн №02 тоот дүгнэлтэд ...хөрөнгийн доголдолтой болох нь тогтоогджээ гэжээ.

Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг. Шинжээч гэдэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлдэг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт гэх дүгнэлт нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч зэрэг этгээдүүд байх ба хуулийн дагуу томилогдсон, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээдүүд биш юм. Гэтэл хуулийн дагуу томилогдоогүй, албан ёсны эрх бүхий байгууллагаас гаргаагүй актыг үндэслэж орон сууцыг доголдолтой гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба албан ёсны шинжээчийн дүгнэлтээр орон сууц доголдолтой гэдэг нь нотлогдож чадаагүй байна.

Мөн анхан шатны шүүхээс орон сууц худалдан авсан 57 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг 57 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Д.Бийн орон сууц худалдан авсан орон сууцын төлбөр юм. Хэрвээ нэхэмжлэгч “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-гээ цуцалж байгаа бол талууд авсан өгснөө харилцан буцаах үүрэгтэй байдаг.

Тиймээс гэрээг цуцалж 57 000 000 төгрөгийг Э.Б надаас гаргуулан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууцыг буцаан надад өгөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт Д.Бийн төлсөн 57 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож гаргуулсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн буруу байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 21-ний өдрийн 212/МА2019/00003 тоот магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Д миний бие нь 2013 онд дүү Д.Төгсжаргал, Э.Б нарын хамт өөрсдийн хөрөнгөөр 9 айлын орон сууцыг 10-р багт барьсан нь үнэн. Тухайн барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр барьж ашиглалтанд оруулсан. Тухайн барилгыг ах, дүү бид нар өөрсдөө амьдрах зорилгоор хувийн орон сууцны зориулалтаар хуульд заасны дагуу барьсан ба тухайн үед 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №151 тоот Засгийн газрын тогтоолын 3.2-т Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, 2 давхар хүртэл 3 600 м.куб эзэлхүүнтэй, иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга” гэсэн заалтын дагуу барьсан байгаа.

Тэгтэл манай 9 айлын орон сууц баригдаж байх үеэс эхлээд хариуцагч болох Б.Д гуйсаар байж 2 өрөө байр худалдан авсан байгаа. Тэрнээс бид нар манайхаас байр худалдан аваач гэж гуйж, тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Тухайн байр худалдан авч буй хүмүүст уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан. Тэгтэл хариуцагч Б.Д, Б.Б, Р.Б нар манай байрнаас тус бүр 2 өрөө шинэ байр худалдан аваад 2 жил 6 сар өнгөрсний дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Яагаад гэвэл тэдгээр хүмүүс үнэхээрийн амьдрах боломжгүй байсан бол Иргэний хуулийн 251-д зааснаар шаардлага гаргах байсан. Зөрчилгүй учраас орон сууцыг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Тэгтэл дээрхи нэхэмжлэгч нар байр худалдан авснаас хойш Иргэний хуулийн 254.6-д зааснаар 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул доголдлын талаар ярих үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрхи нэхэмжлэгч нар тухайн байр худалдан авснаас хойш одоо болтол тухайн байрандаа амьдарсаар байгаа. Нэр бүхий нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн байранд амьдрах боломжгүй гэсэн нэхэмжлэл гаргасан атлаа өнөөдрийг хүртэл тухайн байрандаа ая тухтай амьдраад байгааг юу гэж ойлгох вэ. Манай байр 9 айлын зориулалтаар баригдсан бөгөөд нэхэмжлэгч болох Б.Д, Б.Б, Р.Б нараас бусад 6 айл одоог хүртэл ямар нэг гомдолгүйгээр амьдарсаар байна.

Манай байр ашиглалтанд орсон өвөл маш хүйтэн өвөл болсон бөгөөд халаалт нь олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид нар 2015 онд халаалтын хэрэгслүүдээ сольсон байгаа.

Манайх мөн өөрийнхөө ийм байранд амьдардаг. Бид нарт янз бүрийн зүйл мэдэгдэхгүйгээр 6 жил ая тухтай амьдарч байна. Иймд талуудын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ нь хууран мэхэлж хийгдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 255.1, 255.2-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан, мөн Иргэний хуулийн 112.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх дээрхи нэр бүхий хүмүүст шилжсэн байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Р.Б, Д.Б, Б.Д нар Э.Б, Д.Д нарт холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж, хохиролд Р.Б 86 578 578 төгрөг, Д.Б 68 671 704 төгрөг, Б.Д 81 468 643 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж, хариуцагч Э.Боос 57 000 000 төгрөгийг гаргуулан Д.Бөд, П.Дгээс 55 000 000 төгрөгийг гаргуулан Б.Дд, 58 800 000 төгрөгийг гаргуулан Р.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Д, Э.Б нар нь Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 09 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцнаас нэхэмжлэгч нар тус бүр  2 өрөө орон сууцыг худалдан авч байранд орсон байна.

Орон сууц ашиглалтанд орсноос хойш халаалт муу, байнга цахилгаан халаагуур залгадаг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөрдөж, бохир үнэртэж, хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн байрны мөнгө, байр худалдан авахаар банкнаас зээлсэн зээлийн хүүгийн хэмжээгээр хохирсон хохирлыг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нарын барьсан сууцны зориулалттай орон сууцны барилга нь хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан шаардлагад нийцээгүй, Барилгын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалт, журмыг зөрчсөн болох нь Баян-Өлгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч, Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч нарын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-нд заасан эд хөрөнгийн үнийн дүн бодитоор худалдан авсан үнийн дүнгээс зөрүүтэй бичигдсэн боловч нэхэмжлэгч Д.Б нь Э.Бтой худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг 57 000 000 төгрөгөөр, нэхэмжлэгч Б.Д, Р.Б нар нь Д.Дтэй гэрээ байгуулж, Б.Д 55 000 000 төгрөгөөр, О.Б 60 000 000 төгрөгөөр тус тус өөрсдийн орон сууцыг худалдаж авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Иймд шүүх гэрээнээс татгалзсан үндэслэлийг дүгнэж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйгээс гэрээнээс татгалзсан үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй байна.

Шүүх гэрээг цуцалж, орон сууцыг худалдан авсан үнийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч орон сууцыг хариуцагчид буцааж өгөлгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нар нь худалдан авсан орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул орон сууцыг буцааж өгөхдөө зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Орон сууцыг худалдаж авахын тулд нэхэмжлэгч нар банкнаас зээл авсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул банкнаас авсан зээлийн хүүгийн хэмжээгээр хохирсон гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь орон сууцанд орсноос хойш доголдол илэрсэн үеэс шаардлага гаргаж, хариуцагч зохих арга хэмжээ авч байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул “...хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00003 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00686 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 250.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан Д.Д Б.Д нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, Д.Доржүрэн Р.Б нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Э.Б, Д.Б нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж, Э.Боос 57 000 000 төгрөгийг гаргуулан Д.Бөд, Д.Дгээс 55 000 000 төгрөгийг гаргуулан Б.Дд, 58 800 000 төгрөгийг гаргуулан Р.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, хариуцагч нарт буцаан олгохыг нэхэмжлэгч нарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Б, Д.Д нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Э.Бийн 443 000 төгрөгийг, хариуцагч Д.Дгийн 726 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД