Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч Ч.Энхзаяа,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч О.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД: 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Отгонбаярын Ганболдод холбогдох эрүүгийн 201625021138 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эх М.Цэрэнлхамын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 6 дугаар гудамжны 31-2а тоотод оршин суух,  урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

 

   1. Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлсэн,

 

         2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 4 сар 26 хоногийг биечлэн эдэлсэн,

 

         3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 413 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 11 сар биечлэн эдэлсэн, ялын хугацаа дуусч 1997 оны 7 дугаар сарын 20-ны өдөр суллагдсан, Сартуул овгийн Отгонбаяр овогтой Ганболд /РД: ЧЙ73042531/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч О.Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 6 дугаар гудамжны 31-2а тоот гэртээ миний дүүг зодож дарамталдаг гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ц.Ган-Эрдэнийг хэвлийн тус газар хутгалж, биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ганболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад Ц.Ган-Эрдэнэ нилээн согтуу нохойн гөлөг тэврээд ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр орж Стандарт нэртэй 0.5 граммын архи авч хувааж уусан. Тэгээд Ц.Ган-Эрдэнэ хөл өвдөөд байна гээд хэвтсэн. Би гадагшаа ус авах гээд гарахад Ц.Ган-Эрдэнэ гэрт алалцах уу, зодолдох уу гээд орилоод байсан. Би хоол хийх гээд хутга гаргаад тавьчихсан байсан. Тэгээд миний уур хүрээд хутгалсан. Хашгирсанаас нь болж бид хоёр ноцолдоод хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Ц.Ган-Эрдэнэ намайг хөл муутай гэж доромжлоод түлхсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ц.Ган-Эрдэнэ надаас хутга булааж авах гэж байгаад хутгалуулсан байх. Хохирогчтой таарамжгүй харилцаа байхгүй. Хөл идээлээд явж болохгүй болохоор би архи уудаг. Миний буруугаас болж хэрэг гарсан. Хохиролд 800.000 төгрөг сүүлд нэмж өгөөд нийтдээ 1.800.000 төгрөг хохиролд өгсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.Ганболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэртээ байж байтал 15 цагийн үед хүргэн Ган-Эрдэнэ манай гэрт хашааны банхарын гөлөг тэвэрчихсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн...Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж хэсэг сууж байгаад гэрээсээ гараад худгийн хажууд байрлах хүнсний дэлгүүрт орж 0.75 литрийн стандарт архи 1 шилийг аваад буцаад гэртээ очоод худалдаж авсан архиа хувааж уусан. Ган-Эрдэнэ бор жижиг тагшин аягаар 3 удаа, би шилэн стаканаар  архийг уусан. Тэгээд би Ган-Эрдэнийг гэр рүүгээ харихгүй юм уу гэж хэлсэн чинь би жаахан хэвтэж байгаад явъя гэж хэлэхээр нь би гутлыг нь тайлаад орон дээр хэвтүүлчихээд гэрээсээ гараад тогоо, аяга тавгаа угааж байтал Ган-Эрдэнэ нь гэр дотор хоёулаа зодолдох уу гэх зэргээр орилоод хэвтээд байсан. Би гэр рүүгээ ороход Ган-Эрдэнэ орноосоо буугаад газар сууж байсан...Ган-Эрдэнэ нь шалан дээр суучаад янз бүрийн хараалыг үг хэллэг хэлээд орилоод байхаар нь би Ган-Эрдэнийг дуугай бай, юун хачин юм яриад байгаа юм гээд маргалдсан. Тэгээд би согтчихсон юу болсоноо санахгүй байна. Хэсэг хугацааны дараа сэрэхэд эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /хх 56-57, 59 дугаар хуудас/,

 

      Хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-236 тоот гэртээ байж байгаад өөрийн найз Дөлбаатарын гэрт нь 13 цагийн үед очиж 1 шил архи 0.5 литрийн хараа архи хувааж уусан. Тэгээд Дөлбаатарын гэрээс нохойн гөлөг аваад хамтран амьдрагч Ариунчимэгийн төрсөн ах Ганболдын гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон ба тухайн үед Ганболд нь гэртээ ганцаараа байсан. Тэгээд би Ганболдод авчирсан гөлгөө өгчихөөд Ганболдын хамт гэрээс нь гараад 0.5 литрийн ерөөл архи аваад буцаж гэрт нь очоод хувааж уусан. Тэгээд байж байтал Ганболд нь надаас мөнгө нэхээд хоёулаа архи ууя гэж хэлэхээр нь би одоо архи болноо, согтоод байна гэж хэлээд мөнгө өгөхгүй орон дээр нь хэвтэж байтал Ганболд дахин надаас мөнгө гуйгаад байхаар нь би архины мөнгө өгсөн юм. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан. Тэгээд Ганболд архи авчихсан надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй дахин унтсан. Тэгээд би унтаж байтал хэвлий хэсгээр халуу дүүгээд нойтон оргиод байхаар нь сэрээд хартал миний баруун хэвлий хэсгээр цус болчихсон байхаар нь босох гэтэл толгой эргээд босч чадахгүй орноосоо доошоо газарт унаж хэвтсэн. Тэгээд ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаан ороход эмнэлэгт хүргэгдсэн байсан...Би Ганболдын гэрт очоод архи уугаад нилээд согтчихсон байсан. Биеэ авч явах чадвар сул байсан...Тухайн үед гэрт Ганболд бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Ганболд надад уг гэмтлийг учруулсан. Одоо би гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг авсан..." гэсэн мэдүүлэг /хх 27 дугаар хуудас/,

 

          Гэрч М.Цэрэнлхам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай хүү Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гал тогооны өрөөнд сууж байсан ба зочны өрөөнд манай охин Ариунчимэгийн хамтран амьдрагч Ган-Эрдэнэ орны хажууд шалан дээр баруун мөрөө дарсан байдалтай адяал нөмөрчихсөн хэвтэж байхаар нь би Ган-Эрдэнэ дээр очоод чи бос яахаараа архи уудаг юм гэж хэлээд одъяалыг нь татахад Ган-Эрдэнийн цамц нь цус болчихсон байхаар нь 103 түргэн тусламж дуудсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа түргэн тусламж ирээд Ган-Эрдэнийг үзээд эмнэлэг рүү авч явсан...Ганболд надад тухайн үед хэлэхдээ Ган-Эрдэнэ нь намайг гадаа байж байхад гэрт хашгираад зодолдьё гэх зэргээр орилоод байхаар нь маргалдсан гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,

 

          Гэрч О.Ариунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу галт тэргээр явсан. Тэгээд явж байтал манай эх болох Цэрэнлхам миний утас руу залгаад гэрт ирсэн чинь Ган-Эрдэнэ хутгалуулчихсан бие нь муу байна, түргэн дуудаад эмнэлэг рүү явж байна гэж надад хэлэхээр нь би буцаад Улаанбаатар хотод ирээд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр очиход Ган-Эрдэнэ хагалгаанд орчихсон байсан. Тэгээд би Ган-Эрдэнийг эмнэлэгт сахисан юм...Тухайн үед Ган-Эрдэнэ нь надад хэлэхдээ танай ах Ганболд намайг хутгалсан гэж надад хэлсэн. Юунаас болж маргалдсан талаар надад хэлээгүй..."/хх 31-32 дугаар хавтас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн үзлэг хийсэн акт №5479:

 

1.Ц.Ган-Эрдэний биед хэвлийн хөндий нэвтэрч 12 хуруу гэдэс, их сэмж чацархай, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 39 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...урт 30.5 см, бариул хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 17.5 см, ажлын хэсгийн үзүүр нь 0.5 см, уг нь 4 см хэмжээтэй хар өнгийн хуванцар бариултай хутгыг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэжээ. /хх 23-24 дүгээр хуудас/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №3854 /хх 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №5099 /хх 38/, өвчний түүх /хх 64-78/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 79/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 80/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 83-99/, эмчилгээний зардал төлсөн баримт /хх 100-101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 6 дугаар гудамжны 31-2а тоот гэртээ хохирогч Ц.Ган-Эрдэнийг “орилж, хашгирч, агсаран амгалан тайван байдал алдагдууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Ган-Эрдэнэ, гэрч М.Цэрэнлхам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5479 дугаартай акт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Ганболд нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж гэртээ байнга оршин суудаг ба хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь шүүгдэгчийн гэрт согтуурсан байдалтай ирж, тэдгээр нь согтууруулах ундаа хэрэглэж улмаар хохирогч орилж хашгиран согтуурхаж зүй бус авир гаргасны улмаас түүнийг шүүгдэгч О.Ганболд нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.  

 

Иймд шүүгдэгч О.Ганболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч О.Ганболдод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв.

 

Шүүгдэгч О.Ганболд нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал арилсан тул түүнийг анх  удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Ганболдыг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Ц.Ган-Эрдэнийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал /О.Ганболдын хөдөлмөрийн чадвараа 80% алдсан байдал/ зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Шүүгдэгч О.Ганболд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн бие махбодид учирсан гэм хорын хохиролд 1.800.000 төгрөгийг хохирогч Ц.Ган-Эрдэнэд төлсөн талаар баримт хэрэгт авагдсан ба хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт 30.5 см, бариул хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 17.5 см, ажлын хэсгийн үзүүр нь 0.5 см, уг нь 4 см хэмжээтэй хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Ганболд нь 49 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Сартуул овгийн Отгонбаяр овогтой Ганболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганболдыг 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганболдод оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Ганболдын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт 30.5 см, бариул хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 17.5 см, ажлын хэсгийн үзүүр нь 0.5 см, уг нь 4 см хэмжээтэй хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч О.Ганболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

  9. Шийтгэх тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

          З.БОЛДБААТАР