Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 553

 

    Д.Батзаяад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Нямсүрэн,

            ялтан Д.Батзаяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов./

            ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Батзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батзаяад холбогдох 201625030481 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Даваахүүгийн Батзаяа, 1992 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-530 тоотод оршин суух,

- 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр 285 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр 235 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УШ92032217/

Д.Батзаяа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн баруун талд байрлах “Алтай Центр”-ийн хойд талд Р.Түвшинтөрийн эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Samsung S-3” загварын гар утас, түрийвчтэй 20.000 төгрөг, флаш диск, иргэний үнэмлэх, банкны виза карт зэргийг дээрэмдэн 170.000 төгрөгийн,

Давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 20 минутын орчим  Чингэлтэй 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтай Центр”-ийн хойд талд С.Санчирын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Iphone 5-S” загварын гар утас, 5 доллар, асаагуур зэргийг дээрэмдэн 510.239 төгрөгийн,

Давтан үйлдлээр цааш гүйн 12 дугаар байрны зүүн талд Ц.Цахиурын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Samsung S-4” загварын гар утас, 10.000 төгрөгийг дээрэмдэн 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Батзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Батзаяаг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг модыг зэвсгийн чанартай ашиглан, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Батзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Д.Батзаяагийн цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Батзаяагаас нийт 510.239 төгрөг гаргуулж, хохирогч С.Санчирт олгож, хохирогч Р.Түвшинтөр нь өөрийн биед учирсан гэмтлийн гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Ялтан Д.Батзаяа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Батзаяа миний бие хохирогч нар болох Санчир, Түвшинтөр нарын биед хүч хэрэглэж гэмтээгээгүй болно. Учир нь миний бие хохирогч Түвшинтөрөөс тамхи асуух гэж очиход биеэ хянах чадваргүй, их согтсон байсан. Өөрт нь 0,5 литрийн хоёр ширхэг пиво байхаар нь хамт ууж дууссаны дараа “дахиад юм ууя” гээд хэтэвчээ гаргаж ирэхээр нь авч үзэж байгаад доторх юмыг нь, гар утастай нь аваад зугтаасан. Гэтэл хохирогч Түвшинтөр нь цохиж, зодож дээрэмдсэн гэх худал мэдүүлэг өгсөн. Мөн хохирогч Санчирын биед ямар нэгэн шалтгаанаар хүч хэрэглээгүй. Би тамхи асаах гээд гал асуутал байхгүй гээд намайг заамдахаар нь “гал асуусны төлөө юун сүртэй уурладаг юм” гээд түлхтэл ард талаараа унасан. Тэгэхээр нь дээр нь гараад халааснаас  нь тамхийг нь аваад галаа асаах гэж байтал хохирогч Санчир босоод над руу дайраад байхаар нь айлгах зорилгоор газар хэвтэж байсан модыг аваад “над руу ойртвол цохино шүү” гэж хэлчихээд зугтаад гүйсэн. Гэтэл намайг цохиж зодож, гар утас болон 5 долларыг дээрэмдсэн гэж худал мэдүүлэг өгч гүтгэж байгаад гомдолтой байна.

Харин би хохирогч Цахиурын биед хөнгөн гэмтэл учруулан эд хөрөнгө болох гар утас, 10.000 төгрөг авсан. Мөн хохирогч Түвшинтөрийг биеэ хянах чадваргүйг далимдуулж, гар утас болон хэтэвчин доторх эд зүйлийг булаан зугтсан гэмт үйлдлүүддээ үнэхээр их гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэргийг үнэн зөвөөр шийдэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлд заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ,

2. Анхан шатны шүүхээс хэт яллах талыг барьж шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан,

3. Эрүүгийн хуулийн зүйл ангийг буруу хэрэглэсэн,

4. Нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй,

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна...” гэжээ.

 Ялтны өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах гомдлынхоо зөвхөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг буруу хэрэглэсэн талаарх гомдлын хэсгийг дэмжиж, бусад шаардлагаас татгалзаж байна. Анхан шатны шүүх хохирогч Санчирт учирсан хохирлыг Д.Батзаяагаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Батзаяа уг хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч Д.Батзаяатай ярилцаад Санчирт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Д.Батзаяа гурван хүн дээрэмдээгүй зөвхөн нэг хүнийг л дээрэмдсэн гэдэг. Гэм буруугийн асуудалд маргахгүй. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгийг өршөөлд хамруулахгүй гэж заасан. Үүнийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт баталгаажуулсан. Энэ зүйл ангиар шийтгүүлж, ялаа эдэлж дуусаад, ялтай байх хугацаа нь үргэлжлээд явж байхад үлдсэн хугацааг өршөөхгүй гэсэн заалт хуульд байхгүй. Харин ч “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргүүдэд ялаа эдэлж дуусаад үлдсэн ялтай байх хугацааг өршөөнө. Дээрх заалтын дагуу миний үйлчлүүлэгчийн ялтай байдал өршөөгдөж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санчирт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэвч энэ үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Батзаяа нь модыг зэвсгийн чанартай ашиглан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Санчирыг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон. Аваагүй эд зүйлийн хохирлыг төлнө гэж байхгүй. Өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж тодорхой заасан. Д.Батзаяа нь хүнд гэмт хэрэгт шийтгүүлж, хорих ял эдэлж байгаад 2014 онд суллагдсан бөгөөд ялтай байдал дуусаагүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй... Тэгэхээр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Батзаяа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Алтай Центр”-ийн хойд талд Р.Түвшинтөрийн эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Samsung S-3” загварын гар утас, түрийвчтэй 20.000 төгрөг, флаш диск, иргэний үнэмлэх, банкны виза карт зэргийг дээрэмдэн 170.000 төгрөгийн хохирол,  

Давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 20 минутын орчим  Чингэлтэй 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтай Центр”-ийн хойд талд С.Санчирын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Iphone 5-S” загварын гар утас, 5 доллар, асаагуур зэргийг дээрэмдэн 510.239 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр цааш гүйн 12 дугаар байрны зүүн талд Ц.Цахиурын эд хөрөнгийг авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Samsung S-4” загварын гар утас, 10.000 төгрөгийг дээрэмдэн, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Түвшинтөрийн “... Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найзынхаа гэрийн үүдэнд ирчихээд орцны хаалгыг онгойлгох гэсэн боловч түгжээтэй байсан. Тэгээд утсаар ярих гээд зогсож байтал араас толгой хэсэг рүү хатуу зүйлээр хүчтэй цохисон. Би газар унаад толгойгоо хамгаалаад газар хэвтэж байтал нэг залуу миний хувцасны халааснуудыг ухаад “Samsung S-3” загварын гар утас, түрийвч зэргийг аваад зугтаасан. Би босох гэхэд хөл эвгүй болчихоод сууж байтал нөгөө залуу буцаж хүрч ирээд модоороо эгэм хэсэг рүү цохиод “виза картны дугаараа хэл” гээд байсан. Тэгээд дахиад модоороо цохиод байхаар нь би модыг нь гараараа бариад авахад тэр залуу модоо суга татаж аваад миний гуя болон эгэм хэсэгт 2-3 удаа цохиж байгаад миний түрийвчийг над руу шидчихээд зугтаасан...” /хх 30/,

хохирогч С.Санчирын “...Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ харихаар “Алтай Центр”-ийн баруун хойд талд явж байтал миний өөдөөс нэг залуу алхаад ирж байсан. Гэнэт тэр залуу миний өөдөөс орилоод намайг заамдаад авсан. Би гайхаад “юу болоод байгаа юм бэ” гээд өөрийг нь заамдаад авахад “мөнгө байна уу, утсаа өг” гэсэн... Гэтэл хаанаас ч юм мэдэхгүй, нэг гараа сугалж байгаад хойноосоо мод гаргаж ирээд миний зүүн гарын тохой, өвдөг хэсэгт цохисон. Би гарыг нь тавиулаад зүүн урагшаа байр тойроод гүйсэн. Миний араас нөгөө залуу мод бариад цохиод хөөгөөд байсан. Тэгээд намайг гүйцэж ирээд модоороо цохиод, миний халаасыг нэгжиж үзээд “Iphone 5-S” загварын гар утас, тамхины асаагуур, түрийвчинд байсан 5 ам доллар зэргийг авсан ...” /хх 23/,

хохирогч Ц.Цахиурын “... Би шөнийн 01 цагийн орчим машинаа гражид тавьчихад гэр лүүгээ алхаж явтал өөдөөс баруун гартаа мод барьчихсан залуу хүрч ирээд “мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “байхгүй” гэсэн чинь “битгий худлаа яриад бай” гээд миний зүүн гарын шууны хэсэгт нэг удаа цохиод мөнгө гаргаж ир гэхээр нь түрийвчээ гаргаж ирээд 10.000 төгрөг байсныг гаргаж өгсөн. Тэгтэл тэр “чамайг нэгжиж үзээд мөнгө гарч ирвэл ална шүү” гээд миний өмдний баруун талын халаасанд байсан “Samsung S-4” загварын гар утсыг авахаар нь би “сим картыг нь өгчих” гэсэн. Надад миний сим картыг өгөөд “энийг ломбарданд тавина” гээд байсан. Тэгээд миний зүүн гартаа барьсан цүнхийг харчихаад “цүнхэнд чинь юу байгаа юм, мөнгө байвал авна шүү” гэхээр нь би цүнхээ онгойлготол компьютер байсныг авна гэхээр нь би цүнхээ булааж аваад зугтаасан. Би байрныхаа орц руу ороод жижүүр эгчийг сэрээгээд цагдаа дуудуулсан...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

гэрч С.Баттулгын “... Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” ХХК-ийн 17 дугаар байрны жижүүрээр ажилладаг. Намайг унтаж байхад шөнийн 01 цагийн орчим манай байрны залуу амьсгаадчихсан амь авраарай гээд ороод ирсэн. Тэр залуу хэлэхдээ “нэг залуу мод барьчихаад модоороо гар луу цохиод, миний гар утсыг дээрэмдээд аваад явчихлаа, цагдаа дуудах гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би 102 луу дуудлага өгсөн...” /хх 32/,

гэрч Б.Доржийн “... Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст саатуулах байрны цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 01 цаг 20 минутын орчим хүн дээрэмдээд байна гэх дуудлага авсан. Ингээд Н.Алтаншагай, Б.Батзориг нарын хамт дуудлагын дагуу явсан... Урт цагааны баруун урд талд дээрэм хийсэн гэх этгээдтэй таарсан. Түүнийг дуудахад цаашаа Монгол караокены зүг зугтаасан. Араас нь Батзориг гүйсэн. Би “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талаар бүтэн тойроод хийдийн зүүн талын хашаан дотор баригдаж байгаа барилгын хашааны гадна талд ирэхэд Алтаншагай нөгөө этгээдийг барьчихсан зогсож байсан...” /хх 39/,

гэрч Н.Алтаншагайгийн “... Би тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ба шөнийн 01 цаг өнгөрч байхад “Алтай Центр”-ийн ард хүн дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Б.Дорж, Батзориг нарын хамт очиход Цахиур гэх иргэн байсан ба тэрээр “гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Цахиурыг суулгаад хэлтэс рүү явсан... Гэтэл ахлах ахлагч Дорж нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээд хуучин барилга руу орчихлоо гэж хэлсэн. Би барилгын хойгуур нь тойроод очсон... нөгөө залуу баригдаж байгаа барилгын зүүн талаар цэцэрлэгийн хашаа даваад цаашаа гарах үед нь барьж авсан...” /хх 43/,

гэрч М.Аминбаатарын “... Би автомашин дотроо найз Билгүүнийг хүлээгээд сууж байтал “Алтай Центр”-ийн хойд талын “89” нэртэй буудлын баруун хойд талын саданд хоёр залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн нэг залуу нь гартаа 1 метр орчим мод барьчихсан өөрөөсөө яльгүй өндөр залууг хавирч унагаагаад модоор дээрээс нь цохиод байсан. Тэгсэн нөгөө залуу нь босч ирээд зугтаахад араар нь нөгөө залуу модоо бариад хөөгөөд яваад өгсөн. Удалгүй нөгөө залуу модоо барьчихсан гартаа хар өнгийн цүнх  барьсан залууг хөөгөөд гараад ирсэн. Тэр үед манай найз Билгүүн хүрч ирсэн. Зодоон болж байгаа юм байна гэж бодоод салгах гээд очсон чинь гартаа цүнхтэй залуу нь зугтаад байрны орц руу орсон... Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг шалгаад алаг тэргэнд манай найзыг суулгаад өөр газраар хайна гээд явсан. Бид нар Урт цагаан ороод 24 дүгээр сургуулийн хойд талын замаар байран дундуур яваад “Компьютер ланд”-ын хажууд явж байгаад замаараа савхин куртик өмссөн залууг шалгаад машинд суулгасан. Ингээд буцаад Урт цагаанаар гараад ирсэн чинь 25 дугаар телевизийн хойд талд биеийн тамирын сургуулийн урдхан хэсэгт нөгөө хүн зодоод байсан залуу модоо хаячихсан тамхи татаад алхаж байсан. Би цагдаа нарт нөгөө залууг мөн байна гэж зааж өгсөн. Тэгсэн Дорж гэх цагдаа нөгөө залууг дуудсан чинь “Бөмбөгөр” тал руу зугтсан. Араас нь хоёр цагдаа гүйгээд би нэг цагдаагийн араас гүйсэн. Нөгөө залуу баригдаж байгаа барилга луу хашаа даваад ороход нэг цагдаа араас нь хашаа давсан. Би хашааг баруун талаар нь тойрч гүйсэн... нөгөө залуу хашаа даваад буусан, буухдаа 4 хөлөөрөө уначихсан. Би араас нь гарч ирээд хөлнөөс нь тэврээд авсан. Удалгүй нөгөө дэд ахлагч цагдаа араас хашаа давж гарч ирээд нөгөө залууг барьж авсан...” /хх 40/,

гэрч Э.Идэрнямын “... Би 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэрийнхээ цонхоор хараад зогсож байхад 170 орчим см өндөртэй залуу гартаа мод барьчихсан байсан. Тэгээд гартаа хар цүнх бариад өөдөөс нь ирж явсан залуу руу очоод гартаа барьсан модоороо далайгаад, хойноос нь хөөгөөд, газар унагаад модоороо дээрээс нь цохиод байсан. Ямар ч байсан миний сонссоноор “утсаа өг” гэж хэлээд байсан. Тэгээд би өөрийн утаснаасаа 102 дугаар луу дуудлага өгсөн...” /хх 50/, 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Түвшинтөрийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн хацарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, цээж, 2 өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 57/ гэсэн 3764 тоот дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16-17/  шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 89-94, 97-98/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

   Д.Батзаяад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс Д.Батзаяад оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Н.Намжилцогт нь “...Д.Батзаяагийн ялтай байдлыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

   “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “...Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2/...” гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамруулахгүй байхаар, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Батзаяа нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй учир ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

   Түүнчлэн ялтан Д.Батзаяагийн “...С.Санчирын эд зүйлийг дээрэмдээгүй, мөн хохирогч Түвшинтөрийн гар утас, хэтэвчин доторх эд зүйлийг булаасан тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр илэрдэг онцлогтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Д.Батзаяа нь нэг өдөр тус тусдаа явж байсан гурван хохирогчийн эд зүйлийг дээрэмдсэн байх ба энэ нь өөр өөр хэргийн бүрдэлтэй бөгөөд түүний С.Санчир, Р.Түвшинтөр нарын эд хөрөнгийг нь авах зорилгоор модыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчийг зодож, хүч хэрэглэн довтолж байгаа идэвхтэй үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг бүрэн агуулсан байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Батзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.