Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 275

 

Ж.Идэрмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Майбаяр, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 552 дугаар магадлалтай, 201525011388 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тахилт овогт Жүгдэрнамжилын Идэрмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ж.Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Майбаяр, Э.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Идэрмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлгүй. Хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь А.Энхтөр, А.Энхжаргал, Ж.Батзориг нартай утсаар холбогдож байгаад 2015 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед 1 шил архитай, согтуу манайд ирсэн. Хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь Ж.Батзоригтой урьд өмнө уулзаж, учирч байсан талаар ярьснаас болж Ж.Батзоригийн эхнэр А.Баярмаатай муудалцаж, хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд А.Баярмаа маргалдсаны дараа явлаа гэж манай гэрээс шөнө гарахад нь би хамт гараад орцны үүдэнд сууж байгаад буцаж гэртээ орж ирэхэд Б.Эрдэнэчимэг нь хүн рүү агсамнаж орилж чарлаад байсан. А.Энхтөр нь Б.Эрдэнэчимэгийг гэрт нь хүргэж өгөхөөр шөнө 03 цагийн үед манай гэрээс гарсан боловч 1 цагийн дараа согтуу явж чадахгүй байна гээд оруулж ирж унтуулсан. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өглөө Б.Эрдэнэчимэгийн архи нь гараагүй байсан бөгөөд найз А.Энхтөртэйгээ хамт дэлгүүрээс архи авчирч уусан. Тэгээд үг үйлдлээ дахин давтан хүнийг хэл амаар доромжилж, агсамнаад байхаар нь одоо яв гэхэд миний үгийг үл тоомсорлож, орилж чарлаад байсан тул 11 цагийн үед Б.Эрдэнэчимэгийн үг, үйлдлийг нь тэвчихгүй гэрээсээ хөөж гаргасан. Энэ үед хохирогчийн нүүрэнд нь нэг удаа мангасдсанаас өөр биед нь хүрсэн зүйл байхгүй. Энэ талаар Ж.Батзориг, А.Энхтөр, А.Баярмаа, А.Энхжаргал нар тодорхой мэдүүлсэн байхад Б.Эрдэнэчимэгийн зодуулсан гэх худал мэдүүлгээр хэт нэг талыг барьж, ялласанд гомдолтой байна. Б.Эрдэнэчимэг нь миний нүүр ам хавдсан гэж мэдүүлсэн боловч дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан А.Сүхбаатар гэрчийн мэдүүлэг өгөхдөө “хохирогч гэх Б.Эрдэнэчимэгийн биед ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй, архи уусан халамцуу байсан ба толгой нь үл ялих хавдсан байсан” гэж мэдүүлсэн. Б.Эрдэнэчимэгийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй юм. 2015 оны 7 дугаар сарын 12-ны шөнө манайд ирэхдээ хаана явж байсан цаг хугацааг, мөн шөнийн 03 цагийн үед найз А.Энхтөртэй гараад 1 цаг орчмын дараа орж ирсэн хугацаа болон 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагаас оройны 19 цагийн хооронд явсан маршрутыг тогтоолгох талаар мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд хүсэлт гаргасан боловч анхаарч үзсэнгүй.

 Иймд хэргийн үнэн зөвийг олж тогтоож өгөхийг хүсье...” гэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 сарын 25-ны өдрийн 552 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 552 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогчийн биед учирсан хүнд зэргийн гэмтлийг хэний буруутай үйлдлээс учирсан болох нь нотлогдоогүй байхаас гадна хохирогчийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн болон мөн 13-ны өдрийн 11 цагаас 17 цаг хүртэлх хугацааны маршрутыг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Б.Эрдэнэчимэг нь Ж.Идэрмөнхийн гэрээс 2015 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагт гарсан атлаа гэрч А.Сүхбаатарын мэдүүлгээр 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед цагдаад ирсэн дуудлагаар ирсэн гэж мэдүүлсэн байх тул энэ хугацааны маршрутыг ч гэсэн зайлшгүй шалгах шаардлагатай байсан. Мөн Ж.Идэрмөнх болон гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2015 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бусдыг хэл амаар доромжлон, агсамнаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын гэр оронд зүй бусаар авирлаж, үл хүндэтгэсэн зэрэг үйлдлүүдийг удтал үргэлжлүүлж, улмаар 13-ны өглөө дахин бусдыг хэл амаар доромжилж агсамнах үйлдлээ үргэлжлүүлэхэд нь таслан зогсоох зорилгоор Ж.Идэрмөнх зүй ёсны шаардлага тавин Б.Эрдэнэчимэгийн нүүр лүү нь 1 удаа мангасдаж гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учрах боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр “...дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой “ гэсэн нь хохирогч Б.Эрдэнэчимэгийн биед хэд хэдэн удаагийн хүч үйлчилсэн байхаар байгааг шүүх анхаарсангүй, харин ч гэрч А.Баярмаа, Ж.Батзориг, А.Энхтөр, А.Энхжаргал нарын мэдүүлгээр Ж.Идэрмөнх хохирогчийг нэг удаа мангасдсан болох нь тогтоогддог. Гэрч Б.Батжаргалын мэдүүлгээр 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн маршрутыг шалгасан гэж дүгнэх боломжгүй бөгөөд гэрчийн хувьд хэдийгээр хууль сануулж мэдүүлэг авсан хэдий ч хохирогчтой ах, дүүгийн холбоотой, мөн хохирогчийн ярьсныг дамжмал байдлаар мэдүүлэхдээ хэргийн бодит байдлаас болон хэргийн бусад гэрч А.Энхжаргал, А.Энхтөр, н.Алтанхуяг нараас эрс зөрүүтэй, эргэлзээтэй байдлаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь буруу юм. Энэхүү байдал нь тэрээр 2 удаагийн шүүх хуралд гэрчээр оролцохдоо хохирогч ямар нөхцөл байдалтайгаар дээрх гэмтлийг авсан талаар хоёр өөр байдлаар мэдүүлсэн зөрүүтэй мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдоно.

Мөн хохирогч өөрт учирсан гэмтлээ хэний, хэдэн удаагийн ямар үйлдлийн улмаас учирсан болох эх сурвалжаа тодорхой зааж чадахгүй байхад анхан шатны шүүхээс “1-2 удаа цохиж...” гэж дүгнэсэн бол харин хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгт 4-5 удаа, 5-6 удаа гэх мэтчлэн өөр өөрөөр мэдүүлдэг. Шүүхээс гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хамт байсан гэрч нарын мэдүүлгийг ямар учраас үнэлэхгүй байгаа үндэслэлийг тодорхойлоогүй байна. Хэрвээ дээрх гэрчүүд хэргийн нөхцөл байдлын талаар худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулинд заасан хариуцлага тооцуулах шаардлага гарахаар байна. Анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан 2016 оны 1  дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүү арилаагүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй байхад буюу эргэлзээтэй бичгийн нотлох баримтаар Ж.Идэрмөнхийг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Нэгэнт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтууд нь эргэлзээтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Идэрмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ж.Идэрмөнхийг 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь цохиж хүнд гэмтэл учруулсан гэж шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах” заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал: Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлгүүд өөр, Ж.Идэрмөнхийн гэрээс гарч явсан гэх цаг хугацааг гэрч нар (А.Энхтөр, А.Энхжаргал) 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг гэж гэрчилж нотолдог. Гэтэл шүүх 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Ж.Идэрмөнх нь Б.Эрдэнэчимэгийг цохиж гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Б.Эрдэнэчимэгийг 11 цагт гарч явснаас хойш Ж.Идэрмөнх огт уулзаагүй болно. Хохирогч Б.Эрдэнэчимэгийн дүү гэрч Б.Батжаргалын мэдүүлгээр “...11 цагийн үед би Б.Эрдэнэчимэг эгч рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. 16 цагийн үед холбогдоход найзуудтайгаа ууж байна гэсэн. 19 цагийн үед уйлаад эгчийгээ ирж ав гэсэн” гэдэг /хх 51/. Гэрч А.Сүхбаатарын мэдүүлгээр “... 19 цагийн үед дуудлагаар очсон гэдэг /хх 58/. Иймд Б.Эрдэнэчимэгийн 11:00-19:00 цагийн үед хаана, хэнтэй ууж суусан маршрут, үйл баримтыг шалгаж тогтоогоогүй. Гэрч нарын мэдүүлгээр Ж.Идэрмөнх 1 удаа Б.Эрдэнэчимэгийг мангасдсан гэдэг нь тогтоогдсон боловч ийм үйлдлээс тархины гэмтэл үүсэх эсэх? тархины гэмтлийн үүссэн байж болох цаг хугацааг шинжээч эмчээр нарийвчлан тогтоолгох шаардлагатай ажиллагааг хийгээгүй. Гэрч нарын мэдүүлэг нь цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй (8 цагаар) байхад мэдүүлгийн зөрүүг арилгах, нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийгээгүй болно. Дээрх үндэслэл нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье. Ж.Идэрмөнх нь шүүхийн тогтоолд заасан хохирол болох 2,566,092 төгрөгийг хохирогч Б.Эрдэнэчимэгт төлж барагдуулсан болно. Шүүх хэргийг хянаад Ж.Идэрмөнхийн үйлдэл нотлогдсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь үндэслэлтэй болж чадаагүй. Шүүх зөвхөн хохирогчийг мэдүүлгийг үндэслэл болгосон байна. Хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй байх тул шийтгэх тогтол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Ж.Идэрмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоогдсон, өмгөөлөгч нарын гомдол дурдсан цаг хугацааг шалгаж тогтоосон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Идэрмөнх нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой руу нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Ж.Идэрмөнхөд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Ж.Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгч Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын “гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогчийн явсан гэх маршрут бол цаг хугацааг нарийвчлан тогтоох” зэрэг гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд шүүгдэгч Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 552 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР