Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

      Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Амарсанаа,

ялтан Ц.Гүнгэрмаагийн өмгөөлөгч Б.Баасандорж, 

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Гүнгэрмаа, түүний өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нарт холбогдох 201601000070 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Боржигин овгийн Цэдэндоржийн Гүнгэрмаа, 1970 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 205 дугаар байрны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦГ70020369/,

 

2. Лам овгийн Лувсандашийн Чулуунбат, 1963 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их бууны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт жижүүрээр ажиллаж байсан, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 36 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕП63033012/,  

 

Ц.Гүнгэрмаа нь Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/74 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж хээл хахууль өгөгч Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлахгүйгээр Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нараас 300,000 төгрөгийн хээл хахууль авч, сонгон шалгаруулалтанд ороогүй, эрх бүхий батламжгүй иргэн Д.Лхагвасүрэнг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, Э.Болорчимэгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар туслах багшаар тус тус ажилд томилсон гэмт хэрэгт,

            Л.Чулуунбат нь Ц.Гүнгэрмаад холбогдох эрүүгийн 201601000070 дугаартай хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн өгсөн 350,000 төгрөгөөр “Компьютер Ланд” худалдааны төвд байрлах “Сорос компьютер” ХХК-аас “Epson L350” загварын өнгөт, олон үйлдэлт принтер худалдан авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Гүнгэрмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Л.Чулуунбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Гүнгэрмааг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Л.Чулуунбатыг гэрчээр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх зааснаар Ц.Гүнгэрмаад цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Л.Чулуунбатад 1 жил хорих ял тус тус оногдуулж,

Ц.Гүнгэрмаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Л.Чулуунбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Гүнгэрмаад цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял буюу хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ц.Гүнгэрмаагаас 300,000 төгрөг, С.Оюунгэрэлээс хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын Төрийн сан дахь 900033401 тоот дансанд хадгалагдаж байгаа 200,000 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгож,

Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Чулуунбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Ц.Гүнгэрмаа давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ С.Оюунгэрэлээс 2015 оны 2 дугаар сарын дундуур хандив гэж өгсөн 300,000 төгрөгийг анхнаасаа авсан гэдгээ мэдүүлж ирсэн билээ. Гэтэл хандив гэсэн мөнгө нь хахуулийн /ажилд орохын тулд/ мөнгө байсан байдаг. Би хахуулийн мөнгө авсан гэм буруутай үйлдлээ сайтар ойлгож, мэдэрч, маш ихээр гэмшиж харамсаж байна. Хохирлын мөнгө болох 300,000 төгрөгийг төлсөн. Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж өгөхийг хүсч байна...” гэжээ.

 

            Ялтан Ц.Гүнгэрмаагийн өмгөөлөгч Б.Энхдалай гаргасан давж заалдах гомдолдоо:

“1. Миний үйлчлүүлэгч Ц.Гүнгэрмаа нь 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноос хойш цэцэрлэгээ тохижуулахад санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй учирсан байсан. Анги танхим тохижуулах, тоглоом, цэцэрлэгт хэрэгцээтэй байсан бүхий л асуудлыг хандивын мөнгө босгох хэлбэрээр хийхээс өөр аргагүйд хүрч, өөрөө ч цалин мөнгөгүй өдөр шөнөгүй зүтгэж явахдаа “хандив” гэж өгсөн мөнгийг хахуулийн мөнгө гэж ойлголгүй өөрийн хэрэгцээнд бус цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг анхаарч үзнэ үү.

2. 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр С.Оюунгэрэлээс “хандив” гэх нэрийн дор өгсөн 300,000 төгрөгийг Лхагвасүрэн, Болорчимэг нарын хахуулын мөнгө байсан гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа ухамсарлан ойлгон, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.

3. Өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэмшин, сайн дураар төлбөрийн мөнгө болох 300,000 төгрөгийг нөхөн төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд үүсч байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах ялаар сольж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ц.Гүнгэрмаагийн өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Ц.Гүнгэрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэдний үйлдэл нотлогдон, тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ц.Гүнгэрмаа нь Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлахгүйгээр Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийн хээл хахууль авч, Д.Лхагвасүрэнг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, Э.Болорчимэгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар туслах багшаар тус тус ажилд томилсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч Д.Түмэндэмбэрэлийн: “... 2015 оны 2 дугаар сард эхнэр Болорчимэг надад Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 203 дугаар цэцэрлэг шинээр нээгдсэн байна. Гэр ойр учраас уг цэцэрлэгт туслах багшаар ажилд орохоор Д.Лхагвасүрэн багш бид хоёр хамт ажиллаж байсан эрхлэгч С.Оюунгэрэлтэй уулзсан. С.Оюунгэрэл “Ц.Гүнгэрмаа эрхлэгчийг танина, ажилд оруулж өгч чадна... цэцэрлэгийн эрхлэгчид 1 хүний 250,000 төгрөг, нийт 500.000 төгрөг өгвөл ажилд орж болох юм байна, яах вэ” гэсэн. Тухайн үед бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас би эхнэртээ өөрөө мэдээд шийд гэж хэлсэн. Тэгээд 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан багш Д.Лхагвасүрэнгээс 250,000 төгрөг зээлж, эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан Ц.Гүнгэрмаа эрхлэгчид мөнгөө өгсөн гэсэн. Түүнээс хойш удаагүй 203 дугаар цэцэрлэгт манай эхнэр туслах багшаар, Д.Лхагвасүрэн багшаар ажилд орсон...” /2-р хх-236-237/,

Яллагдагч Д.Лхагвасүрэнгийн: “... Би магистарт суралцахаар 2015 оны 2 дугаар сард ажлаасаа гарсан. Манай гэрийн ойролцоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хужир буланд 203 дугаар цэцэрлэг шинээр баригдсан учраас уг цэцэрлэгт ажил орохын тулд материалаа бүрдүүлэн өгөх гээд очиход хүнгүй байсан. Тэгээд өөрийн танил 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Оюунгэрэлтэй ярьж уг цэцэрлэгт орох хүсэлтэй байгаагаа хэлж Болорчимэг бид хоёр боломжоороо мөнгө төгрөгийг нь өгнө. Та туслаач гэж материалаа өгсөн. Хэсэг хугацааны дараа Оюунгэрэл эрхлэгч утсаар ярихад 203 дугаар цэцэрлэг нээгдэх болоогүй юм байна, та хоёр багшлах эрхийн үнэмлэхтэй учраас болох байх. Өөрсдөө мэдээд хэдэн төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрт байсан 500,000 төгрөгийг Оюунгэрэлийн “ХААН” банкны дансанд хийсэн. Тэгээд удаагүй 2015 оны 4 дүгээр сард бид хоёр ажилдаа орсон. Би багшлах эрхийн үнэмлэхтэй учраас шалгалтанд ороогүй... Бид хоёроос авсан мөнгөө эрхлэгч Оюунгэрэл 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаад өгсөн гэж хэлсэн...” /3-р хх-28-29, 50-52/,

Яллагдагч Э.Болорчимэгийн: “... 2015 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ цэцэрлэг нээгдэж байсан. Би 6 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан Лхагвасүрэнгийн хамт уг цэцэрлэгт орох хүсэлтэй байгаа талаараа 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Оюунгэрэлд хэлэхэд цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаатай уулзаад хариу өгье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Лхагвасүрэн бид хоёрыг Оюунгэрэл эрхлэгч дуудаж уулзаад эрхлэгч Гүнгэрмаад тус бүр 250,000 төгрөг өг, тэгээд ажилд орно гэж хэлсэн. Тухайн үед Лхагвасүрэнгээс 250,000 төгрөг зээлж, бид хоёр нийт 500,000 төгрөгийг Оюунгэрэлийн “ХААН” банкны дансанд 2015 оны 2 дугаар сарын дундуур хийсэн. Эхлээд Лхагвасүрэн ажилд орсон... Би 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр сонгон шалгаруулалтанд орж туслах багшаар ажилд орсон...” /3-р хх-32-33, 55-56/,

Сэжигтэн С.Оюунгэрэлийн: “... 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан Лхагвасүрэн, Болорчимэг нар ирж уулзаад 28 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж байгаа юм байна. Гэр ойр учраас уг цэцэрлэгт ажиллах хүсэлтэй байна. Та эрхлэгчийг нь таньдаг бол туслаад өгөөч гэсэн. Болорчимэгийн хувьд туслах багшийн гэрчилгээтэй ч 6 дугаар цэцэрлэгт гал тогоонд сав угаагчаар ажиллаж байгаа учраас мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна гэсэн. Тэгээд тэр хоёр ажилд оруулаад өгөх юм бол өөрсдийнхөө хэрээр өгөх ёстой юмыг нь өгнө гэсэн... Гүнгэрмаатай уулзаж 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа багш, туслах багш танайд орох хүсэлтэй байгаа юм байна. Танай цэцэрлэгт орон тоо байна уу? Энэ хоёр хүнийг ажилд авчих юм бол хэдэн төгрөг өгнө гэсэн. Чи энэ хоёр хүнийг авах боломж байна уу гэж гуйсан. Гүнгэрмаа хэлэхдээ чи арга зүйч нь байсан юм чинь гайгүй хүмүүс байгаа байх. Би материалыг нь аваад үзье гээд надаас Лхагвасүрэн, Болорчимэг нарын материалыг авч үлдсэн. Би Гүнгэрмаатай уулзчихаад Лхагвасүрэн рүү залгаж материалыг чинь өгчихлөө. Авахаар бол та хоёрыг дуудах байх гэж хэлэхэд Лхагвасүрэн таны дансны дугаар хэд вэ гээд миний “ХААН” банкны дансны дугаарыг авч 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би уг 500,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр АТМ-ээс авч Гүнгэрмаатай уулзах үедээ өөрийн автомашин дотроо Лхагвасүрэн, Болорчимэг нарын өгсөн мөнгө байгаа юм шүү гэж хэлээд өгсөн... Тэгээд хэсэг хугацааны дараа Болорчимэг надтай яриад Лхагвасүрэн ажилдаа орсон гэж байна. Намайг яагаад ажилд авахгүй байгаа юм бэ гэсэн. Тэгээд Гүнгэрмаатай ярихад одоо авах боломж байхгүй байна гээд нилээн удсан. Би дахин Гүнгэрмаатай ярьж, Болорчимэгийг ажилд авсан...” /3-р хх-36-38/ гэсэн мэдүүлгүүд,

Д.Лхагвасүрэнгээс 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр С.Оюунгэрэлийн “ХААН” банкны 5034083426 дугаартай дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт /2-р хх-77/,

Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн багш Д.Лхагвасүрэн, туслах багш Э.Болорчимэг нарын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-78-108/,  

Д.Лхагвасүрэнг цэцэрлэгийн багшаар томилсон Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/20 дугаар тушаал, Э.Болорчимэгийг туслах багшаар томилсон Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбар /1-р хх-118-119/,

Д.Лхагвасүрэнгийн багшлах эрхийн шалгалтанд орж байсан эсэх талаар Нийслэлийн боловсролын газрын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/494 дүгээр лавлагаа /2-р хх-44-45/,

Ц.Гүнгэрмааг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн боловсролын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/204 дүгээр тушаал, 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3-р хх-108-112/,

Ц.Гүнгэрмааг 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/71 дүгээр захирамж, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3-р хх-113-115/,

Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт /3-р хх-168-170/,

Ц.Гүнгэрмаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Мөн Л.Чулуунбат нь Ц.Гүнгэрмаад холбогдох эрүүгийн 201601000070 дугаартай хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн өгсөн 350,000 төгрөгөөр “Компьютер Ланд” худалдааны төвд байрлах “Сорос компьютер” ХХК-аас “Epson L350” загварын өнгөт, олон үйлдэлт принтер худалдан авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч Ж.Гэрэлтуяагийн: “... Цэцэрлэг нээгдсэний дараа 4 дүгээр сарын сүүлээр Гантуяа, Мөнхтуул нар намайг өдрийн жижүүрээр ажиллаж байхад зөвшөөрөл авч, цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаагийн өрөө рүү хайрцаг савтай принтер авч орж, өгч байсан. Би тухайн үед хүүхдүүдээ манай цэцэрлэгт оруулахын тулд принтер өгч байгаа юм байна гэж ойлгож байсан. Манай эрхлэгчийн өрөө рүү орохынхоо өмнө Гантуяа өнгөт принтерийг Тедигээс 399,900 төгрөгийн үнээр авсан гэж ярьж байсан...” /2-р хх-213-214/,

Гэрч Ц.Мөнхтуулын: “... 2015 оны хавар манай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 203 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн. Хүү Н.Төгөлдөрийг уг цэцэрлэгт оруулж чадаагүй. Би өөрийн найз Гантуяагийн хамт эрхлэгч Гүнгэрмаатай уулзаж, өөрсдийн хүүхдүүдийг цэцэрлэгт оруулмаар байгаа талаараа хэлэхэд “хандиваар орж болно” гээд том хивс, ханын том толь, өнгөт принтер гээд эд зүйлсийн нэр хэлсэн. Би өөрийн найз Гантуяатай ярилцаад өнгөт принтерийг нь авч өгөхөөр болсон юм. Учир нь эрхлэгч Гүнгэрмаа ганц үйлдэлтэй биш олон үйлдэлтэй принтер авч өгөөрэй. Авчирч өгч чадахгүй бол хүүхдүүдийг чинь цэцэрлэгт авахгүй шүү гэсэн. Тэгээд “Тэди”-гээс 399,900 төгрөгийн үнэтэй “Epson” гэсэн бичигтэй олон үйлдэлтэй өнгөт принтер авч, найз Гантуяагийн хамт 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаад өрөөнд нь өгсөн. Биднийг 203 дугаар цэцэрлэгт өнгөт принтер авч ороход жижүүрээр Гэрэлтуяа ажиллаж байсан...” /2-р хх-219-221/,

Гэрч Г.Гантуяагийн: “...Мөнхтуул бид хоёр 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Теди” худалдааны төвөөс өнгөт принтерийг авч тухайн өдрөө эрхлэгч Гүнгэрмаад өгсөн...” /2-р хх-215-218/,

Гэрч Ч.Оюунсувдын: “... 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 30 орчим насны туранхай шар, махлаг бор хоёр хүүхэн манайхаас “Ерsоn” 1350 загварын өнгөт, олон үйлдэлт принтерийг 320,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үедээ цэцэрлэгт авч байгаа талаараа ярьж байсан. Энэ тухай дэвтэр дээрээ бүртгэж тэмдэглэсэн байгаа. Уг өнгөт принтер дээр наасан лац манай лац мөн байна...” /2-р хх-240-243/,

Гэрч Г.Оюун-Эрдэнийн: “... 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 3 минутад нярав Даваажав бид хоёр гадуур ажлаар явж байтал эрхлэгч Ц.Гүнгэрмаа өөрийн 99749937 дугаараас миний 99179659 дугаарт залгасан. Би утсаа авахад эрхлэгч Гүнгэрмаа цаанаа хүнтэй яриад байсан. Гар утас нь дарагдсан юм шиг байсан. Надад сонсогдохгүй байсан учраас нярав Даваажавт утсаа өгөхөд “... манай нярав, нягтлан, арга зүйч нар өнгөт принтерийн талаар хэлчихсэн байна. Би өөрийнхөө өрөөнд байгаа өнгөт принтерийг өөрөө худалдаж авсан гээд хэлчихсэн юм. Гэтэл уг өнгөт принтерийг хандиваар өгсөн 2 хүүхдийн эцэг эхийг мөрдөн байцаагч олчихсон байна. Миний албан үүргийг түдгэлзүүлсэн учраас би өрөөндөө ч орж чадахгүй байгаа. Ямар арга чарга байна вэ? Надад туслах боломж байна уу? Би одоо яах вэ...” гээд яриад байна гэсэн...” /2-р хх-169-177/,

Гэрч Г.Даваажавын: “... эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд байгаа өнгөт принтерийн падаан манай нягтлан Болорцэцэг бид хоёрт аль алинд нь байхгүй. Цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд уг 2 өнгөт принтер одоогоор ороогүй. Манай нягтлан Болорцэцэг бид 2 эрхлэгч Гүнгэрмаагаас танай өрөөнд байгаа өнгөт принтер, шкафыг цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэх хэрэгтэй байна гэхээр эцэг эхчүүд хандиваар өгсөн гээд бүртгүүлэхгүй, хэл ам хийгээд байдаг байсан юм... 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр арга зүйч Г.Оюун-Эрдэнэ бид хоёр гадуур ажлаар явж байтал эрхлэгч Гүнгэрмаа өөрийн гар утаснаас Г.Оюун-Эрдэнэ руу залгасан. Тэгээд Г.Оюун-Эрдэнэ утсаа аваад эрхлэгч Гүнгэрмаа цаанаа хүнтэй яриад байна. Гар утас нь дарагдсан бололтой. Надад юу яриад байгаа нь сайн дуулдахгүй байна. Чи сонсоодох гээд надад утсаа өгсөн. Би Г.Оюун-Эрдэнийн утсыг авч сонсоход Гүнгэрмаа эрхлэгч яваад, яриад байгаа бололтой, автомашин тэрэг сонсогдож байсан. “... Одоо яах вэ? Өнгөт принтерийн талаар нярав, нягтлан, арга зүйч нар хэлчихсэн байна. Би өөрийнхөө өрөөнд байгаа өнгөт принтерийг өөрөө худалдаж авсан гээд хэлчихсэн юм. Гэтэл уг өнгөт принтерийг хандиваар өгсөн 2 хүүхдийн эцэг, эхийг мөрдөн байцаагч олчихсон байна. Миний албан үүргийг түдгэлзүүлсэн учраас би өрөөндөө ч орж чадахгүй байгаа. Ямар арга чарга байна вэ? Надад туслах боломж байна уу, Би одоо яах вэ...” гээд яриад байсан юм. Тэгээд би утсыг нь Оюун-Эрдэнэд буцааж өгсөн...” /2-р хх-164-168/,

Гэрч Х.Цогтбаатарын: “... 2016 оны 6 дугаар сарын 8, 9-ний үед 50 орчим насны махлаг бор царайтай настай эрэгтэй хүн манай лангуун дээр ирээд “манай байгууллага өнгөрсөн жил өнгөт принтер худалдан авсан... цэцэрлэгийнхээ өмчид уг өнгөт принтерийг бүртгүүлэх гэсэн боловч санхүүгийн баримт нь байдаггүй, надад баримт бичээд өгөөч” гэсэн. Тэгээд би уг настай ахад үнийн саналын нэхэмжлэх бичиж өгсөн юм. Нэхэмжлэх нь манай компаниас уг барааг худалдан авсан гэх баримт болж чадахгүй. Тэглээ ч өнгөрсөн жил буюу 2015 онд манай компаниас 203 дугаар цэцэрлэг өнгөт принтер худалдан авсан асуудал огт байхгүй...” /2-р хх-244-246/ гэсэн мэдүүлгүүд,   

Л.Чулуунбатын “Ерsоn” 1350 загварын өнгөт, олон үйлдэлт принтерийг худалдан авсан талаар бүрдүүлсэн “Сорос компьютер” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх /2-р хх-124/,

С.Оюунгэрэлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утас дээрх бичлэгийг хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-127-129, 2-р хх-158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн “99749937 дугаартай утасны харилцан ярианы бичлэг нь С.Оюунгэрэл, Ц.Гүнгэрмаагийн дуу авиатай тохирч байна” гэсэн шинжээчийн №3725 дугаар дүгнэлт /3-р хх-4-10/,

Л.Чулуунбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

           

Анхан шатны шүүх Ц.Гүнгэрмааг хээл хахууль авсан, Л.Чулуунбатыг гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Ялтан Ц.Гүнгэрмаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, үйлдсэн хэрэгтээ гэмшин хээл хахуульд авсан мөнгөө улсад төлсөн байх тул түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй. Энэ талаар ялтан Ц.Гүнгэрмаа, түүний өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс Ц.Гүнгэрмаад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

 

Шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 88 дугаар зүйлийн...” гэж хуулийн зүйл, хэсгийг алдаатай бичсэнийг анхан шатны шүүх цаашид анхаарч ажиллавал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Гүнгэрмаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Гүнгэрмаад оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ц.Гүнгэрмаа нь Төрийн сангийн 900005406 дугаар дансанд 300,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Ц.Гүнгэрмаа нь энэ хэрэгт нийт 37 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                  ШҮҮГЧИД                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН