Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103

 

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01661/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Болорган” ХХК-д холбогдох

           “Татварын өр 42.284.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Авирмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс:

“Болорган” ХХК нь 1996 онд бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45.454 мянган төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45.454 мянган төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актын биелэлтийг хангуулсан.

Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55.331.030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45.454 мянган төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан. Татварын өрийг барагдуулахын тулд ТЕХуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг хаах, хөрөнгийн лавлагаа авах зэргээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийн үлдэгдэл 42.450.722 төгрөгийг барагдуулаагүй тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу тайлангаар ногдуулсан нийт 42.450.722 төгрөгийн татварын өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

“Болорган” ХХК нь сайн дураараа төлөлт хийж татварын хэлтсийн програм дээр илүү төлөлт хэлбэрээр шивэгдээд явах ёстой. Гэтэл уг зөрчил  нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил учраас илүү төлөлттэй байх ёсгүйгээр програмчлагдсан байсан. Тус компани нь зөрчилд төлсөн төгрөг нь тайлангийн өр төлбөрт хаагдаад явж байсан учраас “Болорган” ХХК-ийг өргүй гэж бодоод явж байсан. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус дүгнэлтийг татварын улсын байцаагч  шалгаад захиргааны акт тавьсан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байсан учраас манай байгууллага захиргааны акт болгосон.

Захиргааны акт бичихдээ захиргааны хариуцлага нөхөн татварыг ногдуулсан захиргааны хариуцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хамруулж хүү, алдангиас чөлөөлсөн. Ингээд нөхөн татвар болох 454.515.000 төгрөгийг 1900014883 актаар ногдуулж 2013 оны 06 дугаар сарын 28-ны 20.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 25.454.500 төгрөг тус тус төлснийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр актад ногдуулсан татварын өрөнд суутгаж хассан. Ингээд тайлангаар ногдуулсан өр маань жинхэнэ утгаараа ногдол бий болж эхэлсэн. 2013 онд НӨАТ-т 49.287.500 төгрөг ногдсон. Гэтэл “Болорган” ХХК нь нэг ч төгрөг төлөөгүй. 2014 онд НӨАТ-т 19.000.500 төгрөг төлж, 36.695.800 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2015 онд НӨАТ-т 10.000 төгрөг төлж, 44.572.600 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 онд 1.310.000 төгрөг төлсөн, 42.450.722 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Мөн 2016 оны жилийн эцсийн тайлангаар буцаалт оруулж, жилийн эцсийн тайлангаар 42.284.500 төгрөг үлдсэн. Энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Болорган” ХХК-ийн захирал М.Авирмэдээс:

Улсын байцаагчийн акт болон прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Татварын бичилт хийж, өр үүсгэхдээ акт тавьсан өдрөөс эхэлж өр үүсэх ёстой. Гэтэл Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь 2016 онд акт тавьж, өр үүсгэхдээ 2013 оноос эхлэн манай компанид татварын өр үүсгэсэн нь буруу юм. Гэтэл “Болорган” ХХК 2016 оноос өмнө өргүй тайлантай байсан бөгөөд харин ч илүү төлөлттэй байсан.  Татварын хэлтсээс өгсөн падаанаар хүмүүс хуурамч бичилт хийсэн. Бид тэр асуудлыг мэдэх боломжгүй байсан. Манай компани хаягдал төмрийн наймааны үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед хаягдал төмөр авахдаа НӨАТ төлөх мөнгийг үлдээж, төмрийг авдаг байсан. Харин дараа нь НӨАТ-ын падаан өгөхөд зөрүүлж мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлдөг байсан. Манай компани нь “Далайдорж” ХХК-тай холбоотой 45.454.545 төгрөгийг өмнө нь бүрэн төлсөн. Түүн дээр маргах зүйлгүй. “Болор цэвэр ус” ХХК-тай холбоотой төлбөр дээр маргахаа больё. Харин “Аврасиа” ХХК-иас бид кодтой НӨАТ-ын падаанаар худалдан авалт хийсэн. Нийт тус компанийн хуурамч бичилттэй падааны өр төлбөр болох 34.020.000 төгрөгөөс манай компани 17.500.000 төгрөгийг төлсөн. Тиймээс үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Тус компанийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй. Нэгэнт 17.500.000 төгрөгийг төлсөн тул дахин нэмж төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 42.284.500 төгрөгөөс 25.864.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Прокурор Т.Очбадрахаас:

Хэргийн материалд авагдсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №07 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд Дархан-Уул аймгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 190011 дугаартай дүгнэлтээр “Болорган” ХХК-ийн М.Авирмэдэд холбогдох 45.454.550 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг сайн дураараа төлсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолоор нэмэгдсэн өртөгийн падаан дээр хуурамч бичилт хийлгэж ашигласан нэр бүхий 13 аж ахуйн нэгж байгууллагыг нэмэгдсэн өртөгийн албан татварыг сайн дураараа төлж барагдуулсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба эдгээр аж ахуйн нэг байгууллага дунд “Болорган” ХХК-ийн 45.454.550 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын дүн багтсан байна. Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол нь “Болорган” ХХК-г огт гэм буруугүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа зүйл биш бөгөөд татвар төлөхөөс зайлсхийж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа агуулгатай юм. Мөн дүүргийн Эрүүгийн  анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №199 дугаартай шийтгэх тогтоолд “Болорган” ХХК-ийн нягтлан бодогч Чинцэцэг нь “Авриаса” ХХК-ийн талаар мэдэхгүй Туул гэдэг хүнтэй утсаар ярьж нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг авч байсан гэж мэдүүлэг өгч байсан нь татвар төлөхөөс зайлсхийж байсан болох нь давхар нотлогдож байна.

Иймд татвар төлөгч “Болорган” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлэх шаардлагатайгаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэхүү 42.284.500 төгрөг нь баталгаажсан тул гаргуулах нь зөв байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр:

            Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Болорган” ХХК-иас 25.864.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16.420.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймагийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Болоргон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287.273 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Болорган” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар ногдуулсан 16.420.000 төгрөгийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч байна. Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн тайлангийн төлбөл зохих татварыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаарадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, хариуцагч “Болорган” ХХК-д холбогдуулан татварын өр барагдуулах тухай нэхэмжлэл гаргаж тус компаниас 42.284.500 төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Ийнхүү нэхэмжлэлээ үндэслэхдээ тус компаний цахимаар ирүүлсэн тайланд ногдох татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэжээ.  Хариуцагч тал уг өрөөс 25.864.500 төгрөгийг л төлнө үлдсэнийг төлөхгүй гэж маргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Татварын хэлтэс нь “Болорган” ХХК-иас хуурамч бичилттэй падаантай холбоотой төлсөн төлбөрийг тайлангийн өрөнд суутгасан. Харин 2016 онд улсын байцаагчийн акт тавьж нөхөн татвар ногдуулж түүнийгээ тайлангийн өрөнд суутгагдсан төлбөрөөр залруулга хийж биелэлтийг хангажээ. 

“Аврасиа“ ХХК-иас худалдан авалт хийсэн НӨАТ-ын хуурамч бичилт бүхий падаантай холбоотой зөрчилд акт тавигдаагүй хяналт шалгалт хийгдсэнийг нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь шаардлагаа хангалттай нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгээр хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                     ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                      О.НАРАНГЭРЭЛ