Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01719

 

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар магадлалтай,

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Б ХХК-д холбогдох, 

Татварын өр 34.552.293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, прокурор Б.Сүрмандах нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б ХХК нь 1996 онд бетон, цемент болон гибсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45.454.500 төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45.454.500 төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актын биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55.331.030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45.454.500 төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан. Тус компани 2016 оны жилийн эцсийн НӨАТ-ын тайлангаарх өр 42.284.533,10 төгрөг байсан бөгөөд 2017 онд НӨАТ-ын өрөөс бэлнээр 7.000.000 төгрөг, бэлэн бусаар 696.122,80 төгрөг барагдуулж 2017 оны жилийн эцсийн байдлаар 34.588.401,30 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 1 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар 36.116,5 төгрөгийн буцаан авалт тайлагнаснаар НӨАТ-ын тайлангийн өр 34.552.293,80 төгрөг болсон. Уг татварын өрийг өнөөдрийг хүртэл төсөвт төлөөгүй байна. Дээрх өр нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан 2012 оноос хойших өр төлбөр байх бөгөөд энэхүү өрийг барагдуулахын тулд Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулан, дансыг нь хааж, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажилласан бөгөөд Б ХХК нь өнөөдрийг хүртэл татварын өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул 34.552.293,8 төгрөгийн татварын өрийг Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани 2012 оноос хаягдал төмрийг Улаанбаатар хотоос Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК болон Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт нийлүүлж эхэлсэн. Хаягдал төмөр худалдан авахдаа НӨАТ-ын падаан шаардаж тамга тэмдэг бүхий падаан авч байсан. 2012 оны эцсээр Далайдорж ХХК нь НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн хэрэг илэрч тус компанитай холбоотой НӨТ-ын падааныг Татварын газар тодруулж эхлэхэд манай компанийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 010079515 дугаартай НӨТ-ын падаанаар 27.272.727,27 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨТ-ын падаанаар 18.181.820 төгрөг, нийт 45.454.545,27 төгрөг НӨТ-ын падаануудыг хуурамч байна гэж үзсэн. Далайдорж ХХК нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг тул тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны 6 дугаар сард дуудсаны дагуу очиход Далайдорж ХХК нь хуурамч падаан бичсэн нь тогтоогдсон тул танайхтай холбоотой төлбөрийг сайн дураар төл, эс төлбөл эрүү үүсгэнэ гэсэн шаардлага тавьсан. Тэгээд уг төлбөрийг 2014 оны 02 дугаар сард төлж дуусгасан. Хуурамч НӨТ-ын падаан бичсэн асуудлын дараагаар компаниудын 2 талын бичилтийг Татварын газраас шалгаж, Болор цэвэр ус ХХК өөрийн тайланд манайд байгаа 27.434.963 төгрөгийн НӨАТ-ыг тусгаагүй байна гэж манай компанийн илүү төлөлтөөс суутган тооцсон байсан. 2013 он хүртэл НӨТ-ын падаан бичихдээ бараа материал гэж бичдэг байсныг болиулж бүх бараа материалыг коджуулж, НӨТ-ын падаанд ямар бараа материал борлуулсны нэрийг тодорхой бичиж, тухайн бараа материалын нэрийг бичиж сар бүр тайланг гаргаж татварын газарт өгч, татварын байцаагч шалган хүлээн авдаг байсан. Манай компани 2013 онд 5280915 регистртэй Аврасиа ХХК-аас хаягдал төмөр 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 0013300528 дугаартай НӨТ-ын падаанаар 9.500.001 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00133539 дугаартай НӨТ-ын падаанаар 13.600.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 0013734173 дугаартай НӨТ-ын падаанаар 10.920.000 төгрөг, нийт 34.020.002 төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр худалдан авсан байдаг. Гэвч 2014 оны 4 дүгээр сард дээрх падаанууд хуурамч байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Татварын газраас Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. УБ хотын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн гэдэг хүн утсаар ярьж, Аврасиа ХХК-тай холбоотой хуурамч падаан илэрсэн, төлбөрөө төлөх талаар хэлсэн. Манай компани тухайн үед 7.500.000 төгрөгийг данснаас шилжүүлж, НӨАТ-ын падааны эх хувийг аваад очиж уулзсан. Тэгэхэд энэ төлбөрийн 50 хувийг төл гэсний дагуу 4 сард багтаагаад 10.000.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш дахин дуудаагүй. НӨТ-ын падааныг Татварын хэлтсүүд компаниудад олгодог. Манай бүх падаанууд татварын хэлтэст бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан юм. Нөгөө тал НӨТ-ын падааны бичилтээ хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн байхад нэг хэргээр 2 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй. Өнөөдөр эдийн засгийн хямралтай, сүүлийн 2 жил барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд хүрч, бүтээгдэхүүний борлуулалт муутай байгаа тул манай компани нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №001/хт2018/00069 тоот тогтоолд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн байхад нэхэмжлэгч тал нэмэлт тодруулга өгөөгүй тул манай компанийн урьд өгсөн тайлбарууд хүчин төгөлдөр байна гэж үзэж, анх нэхэмжилсэн 42.284.500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Прокурор Б.Сүрмандахын шүүхэд гаргасан тайлбарт: ...Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байна. Ойлгомжгүй зүйл юу ч алга. Б ХХК-ийн цагдаагийн байгууллагад төлсөн 17.000.000 төгрөг нь нийт тайлангийн өрнөөс нь хасагдсан байгаа. Дээд шүүхийн тогтоолд дурдсаныг залруулга хийсэн байгаа. Дахин тодруулга хийх шаардлагагүй. Маш ойлгомжтой байна. Энэ мөнгөн дүн өөрчлөгдөхгүй. Иймд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж орж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас татварын төлбөр 34.552.293,80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 330.711 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар магадлалаар  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан татварын өр 34.552.293,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 330.711 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Уг иргэний хэрэг нь 2016 оноос эхлэн үүссэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч Б ХХК-ийн татварын албанд ирүүлсэн татварын тайлан, татвар төлөлтийн байдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх өр 34.552.293.80 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн дүнг бууруулан, татвар төлөгчийн татварын тайлангаар ногдуулсан Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 -д заасан өр болохыг тодруулсан. Гэтэл шүүх “Б ХХК-иас ...тайлангаар 34.5 сая төгрөгийн өр тайлагнаагүй байна” гэсэн нь Б ХХК-ийн Татварын албанд ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан мөн шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судлаагүй хэт нэг талыг барьж өрөөсгөл хандсан. Мөн хариуцагч 2013 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайландаа Аврасиа ХХК-иас хийсэн 340.200.026 төгрөгийн худалдан авалтын буцаалтаа тайлагнасан нь татварын цахим тайлангийн системд ирүүлсэн тайлангаар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Аврасиа ХХК-тай холбоотой энэ маргаан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн нь тус тус тогтоогдож байхад шүүх Аврасиа ХХК-тай холбоотой үйл баримтыг шалгуулах асуудал Цагдаагийн байгууллагад байгаа гэж дүгнэсэн. Энэхүү үйл баримт нь шийтгэх тогтоол, болон сэжигтний мэдүүлгээр тогтоогдсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна. Нөгөө талаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн хуулийн заалтын хүрээнд татварын улсын байцаагч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн” хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т ”хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасан байхад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй бөгөөд утсаар хурлын товыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт гэж мэдэгдсэн атлаа хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт хуралдуулж нэхэмжлэгч болон төрийг төлөөлөн оролцож байгаа прокурорын эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах нь шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагаас болно гэж утсаар мэдэгдсэн ба тов ирүүлээгүй, үүний дагуу хэлсэн цагт нь шүүхийн танхимд очиход тухайн өдрийн 9 цагаас шүүх хуралдаан явагдаж дууссан байсан. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, оролцогчдын эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б ХХК нь татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тайлагнах үүрэгтэй бөгөөд, ийнхүү тайлагнасны дагуу татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй буюу татварын харилцааг зохицуулсан салбар хуулиудаар хуульчлагдсан ажиллагаа юм. Тус компани нь Авриса ХХК-тай бодит худалдан авалт хийгээгүй атлаа худалдан авалт хийсэн гэж шүүхэд мэдүүлж, маргадаг. Гэтэл Б ХХК Авриса ХХК-уудын хооронд ямар ч бодит худалдан авалт хийгдээгүй буюу харин хий бичилттэй падааныг ашигласан нь тогтоогдож, энэ гэмт хэргийг шалгаж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байна. Иймээс Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс Б ХХК-с дээрх эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон татварын өрийн төлөөгүй үлдэгдэл, үүн дээр 2012 оноос 2018 оны 02 сар хүртэлх хугацааны тус компаний татварын тайлангийн өр болох 34.552.293.8 төгрөгийг нэхэмжилсэн юм. Уг иргэний хэрэг шат шатны шүүхээр хянагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин анхан шатны шүүхээр орж, 484 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн. Гэтэл энэ шийдзэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй буюу нэхэмжлэлд хамааралгүй асуудлыг хольж хутгаж гомдол гаргаж, шүүх хуралдаанд мэдүүлсэн байна. Өмнө нь тус компани Далайдорж ХХК-тай мөн л хий бичилттэй падаан ашигласан асуудлаар Далайдорж ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба шалгах явцад Б ХХК нь 45.454.500 төгрөгийг өөрийн буруугаа зөвшөөрч татварт төлж барагдуулсан байдаг. Тус компани эрүүгийн хэргийн явцад төлсөн 45.454.500 төгрөгийг татварын тайлангаар ногдуулсан НӨАТатварт төлсөн, одоо өр байхгүй гэж үндэслэлгүй маргадаг. Далайдорж ХХК-тай холбоотой асуудал нь энэ нэхэмжлэлд огт хамааралгүй. Тус компани өмнө нь Далайдорж ХХК-тай холбоотой хий бичилттэй падаан ашигласан асуудал цагдаагийн байгууллагад шалгагдсан тул Авриса ХХК-тай холбоотой худалдан авалт хийсэн гэж тайлагнасан тайлангаа засварлах талаар тухайн үед Аймгийн Татварын хэлтэст цахимаар хүсэлт ирүүлж байсан нь шүүхийн шатанд цахим системд үзлэг хийсэн болон татварын газраас ирүүлсэн бусад баримтаар нотлогдож байгаа юм. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн үндэслэлгүй, нотлох баримтгүй гомдлыг хангаж, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг зөв үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлээр гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс Б ХХК-с татварын өр 34.552.293.80 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...тус компанийн 2013 оноос 2018 оны 01 дүгээр сарын байдлаарх татварын тайлангаар  баталгаажсан өр...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...Далайдорж ХХК-ийн хуурамч НӨАТ-ын падаантай холбоотой нийт  45.454.545.27 төгрөг, Авриса ХХК-тай холбоотой 17.500.000 төгрөг төлсөн, татварын тайлангаар НӨАТ-ын өр байхгүй... нэг зөрчилд 2 удаа татвар төлүүлэхийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

            1. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул, энэ талаарх нэхэмжлэгч болон прокурорын гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Б ХХК нь 2012-2016 оны татварын тайлангаар 34,5 сая төгрөгийн өр тайлагнаагүй байна. Авриса ХХК-тай холбоотой 34 сая төгрөгийн татварын маргаантай холбоотой үйл баримтыг шалгуулах асуудал Цагдаагийн байгууллагад байгаа талаар зохигч тайлбартаа дурджээ.” гэсэн дүгнэлт хийжээ.

            Хэргийн баримтаас үзвэл Б ХХК-ийн Авриса ХХК-с 2013 онд 340.200.000 төгрөгийн хаягдал төмөр худалдан авсан гэх 0013300539, 0013300528, 0013734173 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч буюу дээрх ААН-тэй худалдан авалт хийгээгүй хий падаан бичснийг эрүүгийн хэргийн журмаар шалган тогтоож, ногдох татварын 50 хувь буюу 17.500.000 төгрөгийг төлүүлсэн нь тогтоогджээ. Нэхэмжлэгч Б ХХК нь татварын байгууллагад хүсэлт гаргаж, тайландаа үлдэх 17.500.000 төгрөгийн татварын өрийг оруулж тайлагнасан нь хэргийн баримтаар тогтоогдсон атал давж заалдах шатны шүүх дээрх татварын маргаан шийдвэрлэгдээгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

            Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нэхэмжлэлийг анх 2016 оны 11 дүгээр сард гаргасан байх бөгөөд энэ хугацаанд Б ХХК нь 2018 оны 1 дүгээр сар хүртэлх тайлангаар дээрх Авриса ХХК-тай холбоотой татварын үлдэгдлийг оруулж, нийт 34.552.293 төгрөгийн өртэй болсон нь тогтоогдсон, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

            Б ХХК-ийн цахим хэлбэрээр тайлагнасан, татварын байгууллага хуульд заасан журмын дагуу бүртгэж авсан, уг тайланг цахим  сангийн өгөгдлөөс бичгийн хэлбэрт оруулан гаргаж, татварын улсын байцаагч гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулан нэхэмжлэгч талаас гаргасан хэргийн 11-14, 37, 93-192-р талд байгаа баримт, шинжээчийн дүгнэлт, шүүхийн 199 дүгээр шийтгэх тогтоол зэргийг давж заалдах шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ магадлалд тодорхой заагаагүй байна.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Б ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлээр шаардсан 34.552.293 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ.

            Далайдорж ХХК-тай холбоотой 2012.04.25-ны өдрийн 010079515 дугаартай НӨАТ-ын падаанаар 27.272.727 төгрөг, 2012.06.29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨАТ-ын падаанаар 18.181.820 төгрөг нийт 45.454.545 төгрөгийн хуурамч падаан ашигласан асуудлаар тус компанид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Б ХХК нь 45.454.500 төгрөг төлснийг татварын улсын байцаагч дээрх зөрчилд акт тавьж, уг актын биелэлтийг эрүүгийн хэрэгт төлсөн төлбөрөөр хаасан нь нэхэмжлэлийн дүнд орж тооцогдоогүй байна. Энэ нь тайлагнасан өр биш, хяналт шалгалтаар илэрч төлөгдсөн бөгөөд уг өрийг Б ХХК нь өмнө нь тайлагнасан татварын өрөөс хасч тайлангаа зассан нь буруу байсныг татварын байгууллага мэдэгдэж залруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ