Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 484

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс /РД: 9022872, утас: 70377032, 99033932/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, өөрийн байранд байрлах “Болорган” ХХК /РД: 2051427, утас: 99371260, 99080001/-д холбогдох,

 

"Татварын өр нийт 34 552 293.80 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, З.Тунгалагтамир, хариуцагчийн төлөөлөгч М.Авирмэд, прокурор Б.Сүрмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Болорган ХХК нь 1996 онд бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45,454,5 мянган төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45,454,5 мянган төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актны биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55,331,030 төгрөгийн  ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45,454,5 мянган төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан. Татварын өрийг барагдуулахын тулд ТЕХуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг хаах, хөрөнгийн лавлагаа авах зэргээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийн үлдэгдэл 42,450,722 төгрөгийг барагдуулаагүй тул 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу тайлангаар ногдуулсан нийт 42,450,722 төгрөгийн татварын өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа:

“...Тус компани нь 2018 оны 1-р сарын байдлаар НӨАТ-ын тайлангийн ар 34,55,293.8 төгрөгийг өнөөдрийг хүртэл төсөвт төлөөгүй байна. Дээрх өр нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан 2012 оноос хойшхи өр төлбөр байх бөгөөд энэхүү өрийг барагдуулахын тулд ТЕХ-ийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулан, дансыг нь хааж, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажилласан бөгөөд “Болорган ХХК” нь өнөөдрийг хүртэл татварын өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул 34,552,293.8 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

 

Хариуцагч Болорган ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Манай компани 2012 оноос хаягдал төмрийг УБ хотоос ДТҮ болон УБ хотын төлөөлөгчийн газарт нийлүүлж эхэлсэн. Хаягдал төмөр худалдан авахдаа НӨАТ-ын падаан шаардаж тамга тэмдэг бүхий падаан авч байсан. 2012 оны эцсээр Далайдорж ХХК нь НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн хэрэг илэрч тус компанитай холбоотой НӨТ-ын падааныг Татварын газар тодруулж эхлэхэд манай компанийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 010079515 дугаартай НӨТ-ын падаанаар 27,272,727.27 төгрөг, 2012 оны 06 сарын 29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨТ-ын падаанаар 18,181,820 төгрөг, нийт 45,454,545.27 төгрөг НӨТ-ын падаануудыг хуурамч байна гэж үзсэн. Далайдорж ХХК нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг тул тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны 06 дугаар сард дуудсаны дагуу очиход Далайдорж ХХК нь хуурамч падаан бичсэн нь тогтоогдсон тул танайтай холбоотой төлбөрийг сайн дураар төл, эв төлбөл эрүү үүсгэнэ гэсэн шаардлага тавьсан болно. Тэгээд уг төлбөрийг 2014 оны 02 дугаар сард төлж дуусгасан. Хуурамч НӨТ-ын падаан бичсэн асуудлын дараагаар компаниудын 2 талын бичилтыг Татварын газраас шалгаж, Болор цэвэр ус ХХК өөрийн тайланд манайд байгаа 27,434,963 төгрөгийн НӨАТ-ыг тусгаагүй байна гэж манай компанийн илүү төлөлтөөс суутган тооцсон байсан.

2013 он хүртэл НӨТ-ын падаан бичихдээ бараа материал гэж бичдэг байсныг болиулж бүх бараа материалыг коджуулж, НӨТ-ын падаанд ямар бараа материал борлуулсны нэрийг тодорхой бичиж, тухайн бараа материалын нэрийг бичиж сар бүр тайланг гаргаж татварын газарт гарган өгч, татварын байцаагч шалган хүлээн авдаг байсан. Манай компани 2013 онд 5280915 регистртэй Аврасиа ХХК-иас хаягдал төмөр 2013 оны 03 сарын 01-ний өдөр 0013300528 дугаартай НӨТ-ын падаанаар 9,500,001 төгрөг, 2013 оны 03 сарын 21-нд 00133539 дугаартай НӨТ-ын падаанаар 13,600,000 төгрөг, 2013 оны 07 сарын 30-ны өдөр 0013734173 дугаартай НӨТ-ын падаанаар 10,920,000 төгрөг, нийт 34,020,002 төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр худалдан авсан байдаг. Гэвч 2014 оны 04 дүгээр сард дээрх падаанууд хуурамч байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Татварын газраас Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. УБ хотын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн гэдэг хүн утсаар ярьж, Аврасиа ХХК-тай холбоотой хуурамч падаан илэрсэн, төлбөрөө төлөх талаар хэлсэн. Манай компани тухайн үед 7,500,000 төгрөгийг данснаас шилжүүлж, НӨАТ-ын падааны эх хувийг аваад очиж уулзсан. Тэгэхэд энэ төлбөрийн 50 хувийг төл гэсний дагуу 4 сард багтаагаад 10,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш дахин дуудаагүй. НӨТ-ын падааныг Татварын хэлтсүүд компаниудад олгодог. Манай бүх падаанууд татварын хэлтэст бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан юм. Нөгөө тал НӨТ-ын падааны бичилтээ хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн байхад нэг хэргээр 2 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй. Өнөөдөр эдийн засгийн хямралтай, сүүлийн 2 жил барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд хүрч, бүтээгдэхүүний борлуулалт муутай байгаа тул манай компани нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн  шүүх хуралдааны 2018 оны 01-р сарын 11-ний өдрийн №001/хт2018/00069 тоот тогтоолд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн байхад нэхэмжлэгч тал нэмэлт тодруулга өгөөгүй тул манай компанийн урьд өгсөн тайлбарууд хүчин төгөлдөр байна гэж үзэж, анх нэхэмжилсэн 42,284,500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай нэхэмжлэлийн шаардлага нь өнөөдрийн байдлаар “Болорган” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 34,552,293.80 төгрөг байгаа бөгөөд өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байгаа шалтгаан нь тус компани 2016 оны жилийн эцсийн НӨАТ-ын тайлангаарх өр 42,284,533.10 төгрөг байсан /Татварын цахим системд өмнөх оны татварын өрийн үлдэгдлийг татвар төлөгч зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр дараагийн тайланг илгээх боломжтой болдог/ бөгөөд 2017 онд НӨАТ-ын өрөөс бэлнээр 7,000,000 төгрөг, бэлэн бусаар 696,122.80 төгрөг барагдуулж 2017 оны жилийн эцсийн байдлаар 34,588,401.30 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 1 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар 36,116.5 төгрөгийн буцаан авалт тайлагнаснаар НӨАТ-ын тайлангийн өр 34,552,293.80 төгрөг болсон байна. Энэ татварын өр нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан өр болно.

2013 онд “Болорган” ХХК болон “Авриаса” ХХК-иудын хооронд НӨАТ-ын 3 ширхэг падаанаар 340,200,000 төгрөгийн үнэ бүхий хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, түүнчлэн “Авриаса” ХХК-ийг НӨАТ-ын падааныг буруугаар ашигласан, бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байсан буруутай үйлдлийг шүүхээр шийтгэсэн шийтгэх тогтоол /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.02.12-ны өдрийн 199 дугаар/ -д тус компанийн нягтлан бодогч дээрх үнэ бүхий 3 ширхэг падааныг 2 хувиар бодож авсан талаар мэдүүлэг өгснийг дурьдсан байдаг. Энэ зөрчлийн талаар Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2а/247 тоот албан бичиг ирүүлсний дагуу татвар төлөгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж “Болор ган” ХХК-д мэдэгдэн ТЕХ-ийн 46 дугаар зүйлд “Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасны дагуу тус компанийн 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ногдуулалтын хяналт хийн тус компанийн нягтлан бодогч нь хүлээн зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Татварын цахим мэдээллийн системд 2013 оны 12 дугаар сарын тайлангаа засварлахаар тоон гарын үсгээр баталгаажуулсан хүсэлт ирүүлснийг Татварын алба хүлээн авч тайланг засварлах эрхийг нээж өгсөн нь эрх бүхий албан тушаалтны хянах эрхээр нэвтэрдэг татварын цахим мэдээллийн систем болон татвар төлөгчийн эрхээр нэвтрэх татварын цахим мэдээллийн системээс тус тус харагдаж байна. Иймд дээрх төлбөр нь татварын тайлангаар ногдуулсан өр байх бөгөөд үүнийг шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэд дурдсан байна.

“Болор ган” ХХК-ийн өөрсдийх нь тайлагнасан өр. Тухайн үед татварын ногдуулалтын хяналт хийсэн. Татварын ногдуулалтын хяналт гэдэг нь  ТЕХ-д заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар төлөгчийн татвар ногдуулалт төлөлтөнд хяналт тавьдаг. Үүний дагуу хяналт тавиад “Болор ган” ХХК нь зөрчилтэй 3 ширхэг падаан байна үүнийгээ тайлант хугацаандаа ямар нэгэн хариуцлагагүйгээр залруулаад тайландаа засвар хийх мэдэгдэл өгч, тайландаа засвар хийх боломжоор хангаж өгсөн. Яагаад гэвэл Татварын хяналт шалгалтаар ороход татвар төлөгчдөд захиргааны хариуцлага хүлээлгэх эрсдэл үүсэх учраас тайлант хугацаанд нь хяналт тавиад татвар төлөгчид эрсдэл үүсэхээс хамгаалаад татварын ногдуулалтын хяналт гэж хийдэг.                                

“Болор ган” ХХК, Авриса ХХК-тай холбоотой 3 ширхэг падааны асуудлаар цагдаагийн газар болон хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Дээрх падаанаа хий бичилттэй падаан гэж мэдэж байсан учир өөрсдөө ирж тайландаа засвар хийж өгсөн байгаа. Энэ өр нь тайлангийн өр юм. Тэрнээс янз бүрийн хяналтаар ороод татварын улсын байцаагчийн акт тавиад ногдуулсан өр биш.

2012 онд Далайдорж ХХК-тай холбоотой 45 сая төгрөгийн падаан дээр дүгнэлт бичигдсэн. Энэ асуудлаар манайх цагдаагийн газар шалгагдаж байгаа. Манай байгууллагад ийм өөр алдаатай падаан байгаа би тэр тайлангаа засах шаардлагатай байна гэж “ Болор ган” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Чинцэцэг  гэх хүн мөрдөн байцаагчийн хамт над дээр ирж уулзсан. Тэгэхээр нь би 45 сая төгрөгийн асуудал чинь одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учир засах боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед би ногдуулалтын хяналт хийж байсан учир зөрчилтэй падааныг дуусгахаар ерөнхий газаарс жагсаалт ирчихсэн байсан. Тэр дотор “Болорган” ХХК-ийн “Авриса” ХХК-тай холбоотой зөрчил ирсэн байсан. Тайланг нь өгөхдөө татварын албаны хэмжээнд ийм зөрчилтэй асуудал гарсан үүнийгээ нэг удаа хариуцлага тооцохгүйгээр тайлант хугацаанд засах эрхийг олгосон. Үүний дагуу Чинцэцэг би ийм ийм алдаа гаргасан байна энэ алдаагаа засая гэсэн хүсэлт ирүүлсэн. Тэрний дагуу тайлан засагдсан. Авирмэд захирал сая тайлбартаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юмыг засаж болохгүй гэж хэлсэн гэж байна. Тухайн үед Авриса ХХК хууль хяналтын байгуулагаар шалгагдаагүй Далайдорж ХХК-тай падаан шалгагдаж байсан. Үүнийгээ өөрөө засах хүсэлт өгөөд зассан. Тэрнээс татварын байцаагчийн эрхээр ороод би засах эрх байхгүй, боломжгүй. Татвар төлөгчийн өмнөөс нэвтрэх эрх байхгүй.” гэжээ.

 

Хариуцагч Болорган ХХК-ийн захирал М.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...НӨАТ-ын 106 сая төгрөг байгаа. Татварын газраас тараасан НӨАТ-ын үнэт цаасаар падаанууд бичигдэж гарсан. Сая гаргаж өгсөн баримт нь Авриса ХХК-тай холбоотой гэсэн ямар ч үг үсэг байхгүй, Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тунгалагтамир хэзээ ч шүүхийн шийдвэрт байгаа юмыг бид буцаалт хийдэггүй гэж хэлж байсан боловч “Далайдорж” ХХК-тай 45 сая төгрөгийн асуудал “Авриса” ХХК-иас өмнө гарч ирсэн. Буцаалт хийгээгүй байсаар байгаад сая буцаалт хийсэн. Миний маргаад байгаа юм бол 2013 оны тайланг татварын хэлтэс буцаан ногдуулалт гээд 34 сая төгрөгийг биччихсэн байгаа тэр бол ерөөсөө нэгэнт татварын хэлтэс хуулийнхаа хэмжээнд шүүх дээр явж байгаа зүйлийг буцаалт хийхгүй гэсэн байж 2013 онд буцаалт хийчихсэн. Манай тайланд тийм юм байхгүй, гол маргаан бол энэ. Мөн “Далайдорж” ХХК-ийн 45 сая төгрөг, “Авриса” ХХК-ийн 34 сая төгрөг ч байгаа энэ асуудлаар прокурорын дүгнэлт гарсан. Нөгөө улсууд нь татварын газраас хуурамч үнэт цаас аваад падаан хуурамчаар бичсэн. Тэд нар нь хариуцлагаа үүрсэн. Нэг асуудалд 2 хариуцлага хүлээлгэх гээд байгаа. Манай байгууллагыг сэжигтнээр татсан боловч хэрэгт хамааралгүй юм байна гээд хэрэгсэхгүй болгосон. Хуурамч падаан бичих нөхцөлийг татварын газар гаргаж өгсөн. Байгууллагуудаас НӨАТ-ын падаан өгөхөд тэрэн дээр тэр хүмүүс нь хуурамчаар бичээд бид нарт өгчихсөн. Татварын газраас өгсөн падаан нь байж байна. Тусгай компанийн тамга тэмдэг дарсан ийм зүйл ороод ирэхэд авахгүй гэх хүн байхгүй. Улирал сар болгон НӨАТ-ын падаан бичигддэг. Нөгөө талаас бичигдсэн бол ордог бичигдэгүй бол ордоггүй.  “Далайдорж” ХХК-ийн 2012 оных байгаа гэтэл энэ асуудал 2014 онд гарч ирсэн. “Далайдорж” ХХК-иас манайд 450 сая төгрөгний хуурамч падаан ож ирсэн байсан. Энүүгээр татварын ерөнхий газраас шалгалт хийгээд ийм ийм компаниуд Далайдорж ХХК-д хуурамч бичилт хийсэн байна гээд шалгагдсан. Энэ бол шийдэгдчихсэн асуудал манай байгууллага энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй.” гэжээ.

 

Прокурор Б.Сүрмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байна. Ойлгомжгүй зүйл юу ч алга. “Болор ган” ХХК-ийн цагдаагийн байгууллагад төлсөн 17 сая төгрөг нь нийт тайлангийн өрнөөс нь хасагдсан байгаа. Дээд шүүхийн тогтоолд дурдсаныг залруулга хийсэн байгаа. Дахин тодруулга хийх шаардлагагүй. Маш ойлгомжтой байна. Энэ мөнгөн дүн өөрчлөгдөхгүй. Иймд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж орж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Болорган” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр нийт 34 552 293.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийн захирал М.Авирмэд нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тайлангийн жилд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх үлдэгдэл төлбөр байхгүй, тооцоогүй гэж тайлбарладаг болно.

            Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Болорган” ХХК-ийн татварын өр төлбөрийг үл маргах журмаар гаргуулахаар хариуцагчийн банкин дахь данснаас татварын өрийг төсвийн холбогдох дансанд шилжүүлэх талаар харьяалах банкуудад мэдэгдэх хуудас хүргүүлэх, эд хөрөнгийн талаарх лавлагаа авах, хариуцагч байгууллагад татварын өрийг барагдуулах талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг урьдчилсан ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсууд, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Хаан банк, Хас банкуудад мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 2/2221 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Татварын хэлтсийг Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.

            Иймд Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь татварын өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

             Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс нотлох баримтаар “Болорган” ХХК-ийн 2012 оноос 2018 оны  01 дүгээр  сарыг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг, хариуцагч “Болорган” ХХК-иас мөн хугацааны тайланг тус тус ирүүлсэн байна.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийн захирал М.Авирмэд татварын албанд хүргүүлсэн тайлангаар тухайн компаний ажил үйлчилгээ, борлуулалтаас орсон орлогод тооцогдон төлөх татварын үлдэгдэл төлбөргүй гэж байгаа боловч нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс татвар төлөгч хуулийн этгээд болох “Болор Ган” ХХК-ийн гар дээрээс буюу хоёрдогч түүхий эдийг жижиглэнгээр цуглуулан авсны дараа 2013 оны 12 дугаар сард “Аврасиа” ХХК-иас худалдан авсан НӨАТ-ын падаан /худалдан авалтын буцаалт/-ыг тайланд тусгаагүйгээс маргаан үүсгэж байгаа болно.

            Хариуцагч “Болор Ган” ХХК-ийн хоёрдогч түүхий эдийг жижиглэнгээр цуглуулан аван борлуулалт хийхдээ “Аврасиа” ХХК-иас “Болорган” ХХК нь хаягдал төмөр худалдан авсан гэх 2013 оны 0013300539, 0013300528, 0013734173 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд НӨАТ төлсөн гэх падаан буюу дээрхи үйлдэлд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Хишигдэлгэрийг 2012-2013 онд Аврасиа ХХК-ийн нэр дээр 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94 731 899 668,39 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэлтэй эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна.

            Дээрхи тогтоолын 13 дугаар хуудаст ...61.сэжигтэн Чинцэцэгийн /Болорган ХХК-ийн нягтлан бодогч/ мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн ...Аврасиа ХХК-ийн талаар мэдэхгүй, Туул гэдэг хүнтэй утсаар ярьж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч байсан. Тухайн үед дансаар нь мөнгийг шилжүүлэн өгч байсан. Бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодож падааныг авч байсан... гэж тэмдэглэгдсэн байна.

             Хариуцагч “Болорган” ХХК-ийн захирал М.Авирмэд шүүх хуралдаанд хоёрдогч түүхий эд болох төмрийг борлуулах явцад НӨАТ-ын падаан авсан гэх Аврасиа ХХК-тай гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээний харилцаанд ороогүй, авсан падааны дагуу хоёрдогч түүхий эд тушаан 340 200 000 төгрөгийн борлуулалт хийсэн, гэхдээ тухайн падаан НӨАТ шингэсэн, нөгөө байгууллага төлсөн, мөн уг падааныг Татварын алба зохих тэмдэг тэмдэглэгээ хийсэн, мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч хохирлын тал хувийг төл тэгээд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн тул 17 400 000 төгрөг төлсөн, манайх төлөх төлбөргүй гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөрдөн байцаалтын явцад төлсөн татварын 17 400 000  төгрөгийг тайлангаар төлбөл зохих татварын төлбөрт суутган тооцсон гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Болорган ХХК-ийн бараа, ажил үйлчилгээнд зориулан Аврасиа ХХК-иас авсан НӨАТ-тай гэх падаан нь хуурамч болох нь шүүхийн 199 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул тухайн хуулийн этгээдийг нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна гэснээр хоёрдогч түүхий эд борлуулан орлого олсны хувьд Болорган ХХК татвар төлөгч байна.

            Иймд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг татвар төлөгч өөрөө төсөвт төлөх үүрэгтэй тул НӨАТ-ын тайлангаар ногдсон татварыг Болорган ХХК төлөх үүрэгтэй байна.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийн захирал М.Авирмэд нь “Аврасиа” ХХК-иас худалдан авалт хийсэн  гэх падаантай холбоотой төлбөрийн 50 хувь болох 17,500,000 төгрөгийг 2014 онд төлж барагдуулсан, хуурамч бичилттэй падааныг манайд шилжүүлсэн хуулийн этгээд өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж маргаж байгаа ч 199 тоот шийтгэх тогтоолд ...нэр бүхий ААН-үүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргийг өөрөө хүлээхээр байна, нэр бүхий компаниуд нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг   дурьдсан байна.

            Хариуцагч Болорган ХХК-ийн удирдлага сэжигтнээр татагдан шалгагдаж байсан хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, борлуулалтын үнийн дүнд ногдох татварын тал хувийг төлсөн учир, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэх эрх бүхий  байгууллагын шийдвэр нотлох баримтаар ирүүлээгүй болно.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийг  17,500,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч Татварын хэлтэс хүлээн зөвшөөрдөг бөгөөд талууд энэ талаар маргаангүй, сар тутмын тайлангаар ногдох татварт суутган тооцсоныг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч ирүүлээгүй болно.

            Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, нөгөө талаас мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байна.

            Иймд   “Аврасиа” ХХК-иас “Болорган” ХХК нь хаягдал төмөр худалдан авсан гэх 2013 оны 0013300539, 0013300528, 0013734173 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан  хуурамч болох нь тогтоогдсон, дээрхи ААН-тэй  хаягдал төмөр  худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, энэхүү ажил үйлчилгээгээр 340 200 000 төгрөгийн борлуулалт  хийгдсэн, 2017 оны жилийн эцсийн үлдэгдэл төлбөр 34 552 293.80 төгрөгийг Болорган ХХК-иас гаргуулж Дархан Уул аймгийн Татварын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Болорган” ХХК-иас  татварын төлбөр 34 552 293.80  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Болорган” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 330 711 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ