Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00988

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00988

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайвны өргөн чөлөө гудамж, СОТ-1 байр, 4 тоотод оршин суух, Боржгон овогт Баярсайханы Төгөлдөр /РД: УХ93041051/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23В дугаар байр, 74 тоотод оршин суух, Боржигин овогт Билэгсайханы Саранзул /РД: ЧМ79080101/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, гэрч П.Дэлгэрсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Сүхбаатар гэх хүнээс бэр эгч болох П.Дэлгэрсүрэнд мөнгө хэрэгтэй болсон гэхээр нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоотод байрлах 27 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалан 15 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэйгээр, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож авсан. Улмаар уг гэрээний хугацаа дуусахад бэр эгч маань санхүүгийн хувьд төлөх боломж маш муу болсон. Гэхдээ хугацаандаа биш ч гэсэн цувуулсаар бэлнээр болон бэлэн бусаар 10 000 000 орчим төгрөгийг буцаан төлсөн байдаг. Гэтэл Ч.Сүхбаатар нь мөнгө хүүлэгч н.Даваасүх, Б.Саранзул гэх хүмүүс буюу найзуудтайгаа нийлээд зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдлуудыг ашиглан намайг болон бэр эгчтэй эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан маш олон тооны зээлийн гэрээг бичгээр зүгээр дүр эсгэн байгуулж, сүүлдээ 15 000 000 төгрөг 52 000 000 төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гээд, өгсөн мөнгийг хүү нь байсан гээд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Саранзул нь дээрхи 52 000 000 төгрөгөндөө тооцож орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Миний бие Б.Саранзулаас огт мөнгө зээлж авч байгаагүй, дээр нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг хэзээ ч 52 000 000 төгрөг болохгүй байхад намайг хууран мэхэлсэн, хөрөнгийг маань шилжүүлж авсан байна. Одоо бид гудамжинд гарах дээрээ тулаад байгаа ба мөнгө хүүлэгч хүмүүс 15 000 000 төгрөг зээлдүүлчихээд 10 000 000 төгрөгийг буцаан авчихаад хууль зөрчсөн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулсан тул анхнаасаа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Төгөлдөр намайг буцаан тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Саранзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ж.Сүхбаатар, н.Даваасүх гэх хүмүүсийн талаар нэхэмжлэлдээ бичжээ. Дээрх хүмүүсийг миний бие огт танихгүй. Эрх зүйн мэдлэг муутай байдлыг ашиглан дээрх гэрээг хийсэн талаар дурьджээ. Миний бие дээрх иргэдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж авсан ба гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж үүргээ хүлээн зөвшөөрч байгуулсан. Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Төгөлдөр нарыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргахаар болсон. Нөгөө талаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Төгөлдөр нарыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хянагдаж байхад дээрх иргэд нь үүргээ хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор орон сууцыг албадан чөлөөлж өгөх тухай эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд гаргаж өгсөн нь тухайн орон сууцны эрхийг надад шилжүүлсэн үүндээ маргаангүй байгааг илэрхийлсэн баримт юм. Улмаар Б.Төгөлдөр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргахдаа дээрх гэрээг гарган өгсөн байдаг ба шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг шүүх дүгнэсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгч нь нэг асуудлаар удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн башир арга хэрэглэж байгаад гомдолтой байна. Энэ хүний эрх ашиг гэж байгаа бол миний ч эрх ашиг байх нь зүйн хэрэг юм. Миний бие хууль ёсоор өмч хөрөнгөтэй болсон ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр нь хариуцагч Б.Саранзул, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...орон сууц худалдах-худалдан авах гэрээний талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тодорхойлжээ.

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч Б.Төгөлдөр нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцыг худалдан авагч Б.Саранзулд гэрээний 2.3-т зааснаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52 000 000 төгрөгт тооцож үл маргах журмаар худалдахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд уг гэрээг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт хариуцагч болон П.Дэлгэрсүрэн нарын хооронд байгуулагдсан гэх 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Саранзул нь зээлдэгч П.Дэлгэрсүрэнд 43 000 000 төгрөгийг зээлүүлж, уг гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан талаар нэхэмжлэгч Б.Саранзул, хариуцагч Б.Төгөлдөр болон П.Дэлгэрсүрэн нар барьцааны гэрээ байгуулсан байна. Улмаар дээрх барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцон нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дугаар шийдвэрээр Б.Саранзулын нэхэмжлэлтэй, С.Баярсайхан, Б.Төгөлдөр, Б.Ууганбаяр, М.Отгонтуяа нарт холбогдох, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар уг орон сууцыг С.Баярсайхан, Б.Төгөлдөр нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б.Ууганбаяр, М.Отгонтуяа нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцыг худалдах-худалдан авах талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул дээрх шүүхийн шийдвэрээр талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дахин дүгнэлт өгөх шаардлаггүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааны зүйл болж буй дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэн, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна. Түүнчлэн, талууд зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гаргаагүй байхад уг хэлцэлийн үндсэн дээр үүссэн худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүйгээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг мөн зүйлийн 56.5-д зааснаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхтэй бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж байгуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь уг гэрээний мөн чанарыг ойлгож гэрээг байгуулсан нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, зээлийн болон барьцааны гэрээний үүргээс хамаарч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Саранзулд холбогдох, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хамтран хариуцагчаар татсан. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Саранзулд холбогдох, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 417 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН