Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01488

 

Б.Т, П.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр магадлалтай

Б.Т, П.Д нарын нэхэмжлэлтэй

Б.С, Нт холбогдох

Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,

Б.Тийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот 27 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 15 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй зээлийг Ж.Сүхбаатараас П.Дд зээлж авч өгсөн.

2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Стай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан шинж байгаа учир хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд нийт 3 гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т, Ж.Сүхбаатар нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөг зээлж авсан. Дараагийн хоёр гэрээнд П.Д гарын үсэг зурсан байдаг ба 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн П.Д, Б.С нарын хооронд 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн байхад, яг энэ өдөр, ижил дүнтэй буюу 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээг мөн П.Д нь С.Даваасүхтэй байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээний дагуу П.Д мөнгө аваагүй. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Б.Сд Б.Т байр зарж байгаа мэт байгуулагдсан. Тус гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 52 000 000 төгрөгөөр тохирсон гэсэн атлаа 2.3-т нь зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52 000 000 төгрөгт тооцож үл маргах журмаар шилжүүлэв гэсэн байдаг. Тэгэхээр энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ биш юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хэлцэл хийж, уг хэлцлээр байрыг шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой байх бөгөөд, энэ гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Мөн уг гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзсэний учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ийм байдлаар хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх ээж бид хоёрт мөнгөний хэрэг гараад хадмынхаа байрыг барьцаалахаар хадам ээжтэйгээ ярилцаж байрыг барьцаанд тавихаар болсон. Бид зар мэдээгээр байр барьцаалж зээл олгоно гэсэн зарлалын дагуу С.Даваасүхтэй холбогдож, тэр өдрөө Ж.Сүхбаатар гэдэг хүнтэй 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн.

Зээлийн төлбөрт 10 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Сүүлдээ хүү, алданги нь нийлээд 43 000 000 төгрөг болсон, өссөн дүнгээрээ та нар дахиад гэрээ хий гээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүчээр Б.Стай зээлийн гэрээ хийсэн. Уг нь бид С.Даваасүхээс мөнгөө өгч, авалцдаг байсан атлаа зээлийн гэрээг Б.Стай хийчихсэн. Сүүлд 52 000 000 төгрөг дээр Б.Тийг авч ирж өмчлөлөө Б.Сын нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө өгснийхөө дараа байраа буцааж болно гэсний дагуу өмчлөлийг шилжүүлсэн. Утасны бичлэг дээр байгаа дуу хоолой бол минийх мөн. 43 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн нь дарамт шахалт, айдсаас болоод хүлээн зөвшөөрчихсөн.

Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэлд П.Д үүрэг дуусгавар болгох тухай итгэмжлэл Б.Төөс аваагүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Т учир түүнээс заавал итгэмжлэл авсны үндсэн дээр ямар нэгэн байдлаар үүргээ дуусгавар болгох ёстой байсан. Ийм итгэмжлэл аваагүй учраас үүрэг дуусгавар болгох хэлцлийг хийх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Д, Б.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүүгээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Зээлээ төлөхгүй болохоор нь барьцааны зүйлээрээ зээлээ төлчихье гэсэн саналыг зээлдэгч өөрсдөө тавиад, үүнийх нь дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Баянгол дүүргийн нотариат дээр гэрээ хийгдээд, түүний дагуу Хүүхдийн 100 дахь Голомт банкин дээр очоод С.Даваасүх, Б.С нар нь Н.Оюунчимэг, П.Д гэдэг хүмүүст 43 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ талаар тухайн үед хамт байсан С.Даваасүх шүүх хурал дээр гэрчиллээ. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг авсан нь үнэн. Хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан учир бид шүүхэд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Бид худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчиж байгуулаагүй. Зээлийн төлбөр 43 000 000 төгрөг, үүний 5 хувийн хүү 2 150 000 төгрөг, хугацаандаа төлсөн бол 45 150 000 төгрөгийг бид аваад асуудал дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлөлгүй 150 хоног хэтрүүлсэн. Гүйцэтгэх үүргийн үндсэн зээл 43 000 000 төгрөгөөр тооцвол өдрийн алданги 222 070 төгрөг болж байгааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөөр тооцвол 31 128 050 төгрөг болж, нийт 70 000 000 төгрөг болсон. Гэрээний чөлөөт байдлын үүднээс зээлдэгчид хөнгөлөлт үзүүлж 52 000 000 төгрөгөөр тооцохоор болж гэрээг хийсэн.

Үүрэг дуусгавар болгох хэлцлийн тухайд П.Д нь Б.Төөс итгэмжлэл авах шаардлагагүй. Учир нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч нь П.Д байхад зээл аваагүй, гэрээний оролцогч биш хүнтэй бид гэрээ байгуулах шаардлагагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Сд холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Дгийн, мөн Б.Сд холбогдох 2015 оны 5 дугаар 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нт холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, нэхэмжлэгч П.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас төлсөн 766 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: П.Д миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй , нотлох баримтыг илтэд хууль зөрчиж үнэлсэн тул маш их гомдолтой байна.

П.Д миний бие 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 43 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлага буюу биетээр өөртөө хэзээ ч шилжүүлэн авч байгаагүй. Ийм ч учраас Иргэний хуулийэн 56.1.1-т заасан хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан тул хэлцлийнхээ үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн болно.

Анхан шатны шүүх ба давж заалдах шатны шүүхүүд нь дараах байдлаар үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Эх сурвалжгүй нотлох баримт болох СД бичлэгийг үндэслэн шийдвэр гаргасан туйлаас их гомдолтой. Давж заалдах шатны шүүх талуудын хүсэлтээр үзлэг хийсэн мэтээр худал ташаа дүгнэсэн байх ба хариуцагчийн төлөөлөгч л хүсэлт гаргасан. Тухай үед шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах үүргийнхээ дагуу гар утаснаас хийгдсэн бичлэг гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байхад СД-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзах ёстой байсан. Гар утсан дээрх анхдагч бичлэг, СД дээрх бичлэг хоёрыг сонсох үнэлэх гэдэг нь тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголт. Учир нь тухайн СД нь хэдэн оны хэдэн сарын хэдний бичлэг явагдаж байгаа нь ч тодорхойгүй, мэдээж хэрэв миний бие анхнаасаа 15 000 000 төгрөг зээлээд үлдэгдэлтэй байсан учраас мөнгө төгрөг өгнө гэж ярьж байсан тохиолдол байж л таараа, гагцхүү би 43 000 000 төгрөг аваагүй л тухай ярьж байна. Тэр их мөнгийг авсан байсан бол харамсах зүйл огт алга. Гэтэл бүхэл бүтэн шүүх байж эх сурвалжгүй нотлох баримтыг үнэлж хэрэг шийдвэрлэнэ гэдэг байж боломгүй тохиолдол байна.

Уг 43 000 000 төгрөгийг авсан гэдгийг гэрч Даваасүхийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй. Уг хүн үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэдэг нь маш тодорхой. Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ноос хойш болон өмнө нь олон удаа энэ гэрч нь өөрийн Хаан банкны дансаараа миний ээж, Төгөлдөрийн төлөөлөгчөөс мөнгө шилжүүлэн авсан атлаа гэрч Саранзулын нөхрийн яриагаар бол нэг ч төгрөг шилжүүлээгүй, энэ гэрээнээс өмнө огт харилцаа үүсээгүй гэсэн атлаа мөнгө авсан байдгаа огт тайлбарлаагүй. Бидэнтэй энэ гэрээнээс өмнө эрх зүйн харилцаанд орж байгаагүй л юм бол ямар мөнгө авсан хэрэг вэ, ийм худалч хүний үгийг үнэлдэг хэрэг үү. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг засуулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Сд холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Б.Сд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Б.С эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38 дугаар зүйлийн 38.5.-д “нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус зохицуулжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй, талуудын утсаар ярьсан бичлэгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн, улмаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Д нь анх 2014 оны 12 дугаар сард зээл авахаар утсаар Даваасүхтэй холбогдож, улмаар С.Даваасүхийн хэлснээр байрны өмчлөгч Төгөлдөр нь  Ж.Сүхбаатартай зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг С.Даваасүхээс авсан, 2015 оны 01 дүгээр сарын 27-нд эхний зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад тус гэрээнд барьцаалсан орон сууцыг дахин барьцаалж, С.Даваасүхийн оролцоотой, Б.С П.Д нар зээлийн гэрээ байгуулсан, мөн өдрөөр огноолсон Зээлийн гэрээг С.Даваасүх П.Дтэй байгуулж, П.Дгээр гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдсон байх ба тус гэрээ байгуулах үед Ж.Сүхбаатар, Б.Т нарын гэрээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, 2015 оны 01 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээ 2014 оны 12 дугаар сарын зээлийн гэрээний үргэлжлэл эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.Дгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД