Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1350

 

Б.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Саранзул болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.  

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжпэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Сүхбаатар гэх хүнээс бэр эгч болох П.Дэлгэрсүрэнд мөнгө хэрэгтэй болсон гэхээр нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоотод байрлах 27 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалан 15 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэйгээр, 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож авсан. Улмаар уг гэрээний хугацаа дуусахад бэр эгч маань санхүүгийн хувьд төлөх боломж маш муу болсон. Гэхдээ хугацаандаа биш ч гэсэн цувуулсаар бэлнээр болон бэлэн бусаар 10 000 000 орчим төгрөгийг буцаан төлсөн байдаг. Гэтэл Ч.Сүхбаатар нь н.Даваасүх, Б.Саранзул гэх хүмүүс буюу найзуудтайгаа нийлээд зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдлуудыг ашиглан намайг болон бэр эгчтэй эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан маш олон тооны зээлийн гэрээг бичгээр зүгээр дүр эсгэн байгуулж, сүүлдээ 15 000 000 төгрөг 52 000 000 төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гээд, өгсөн мөнгийг хүү нь байсан гээд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Саранзул нь дээрхи 52 000 000 төгрөгөндөө тооцож орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Миний бие Б.Саранзулаас огт мөнгө зээлж авч байгаагүй, дээр нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг хэзээ ч 52 000 000 төгрөг болохгүй байхад намайг хууран мэхэлсэн, хөрөнгийг маань шилжүүлж авсан байна. Одоо бид гудамжинд гарах дээрээ тулаад байгаа ба мөнгө хүүлэгч хүмүүс 15 000 000 төгрөг зээлдүүлчихээд 10 000 000 төгрөгийг буцаан авчихаад хууль зөрчсөн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулсан тул анхнаасаа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Төгөлдөр намайг буцаан тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Саранзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ж.Сүхбаатар, н.Даваасүх гэх хүмүүсийг миний бие огт танихгүй. Эрх зүйн мэдлэг муутай байдлыг ашиглан дээрх гэрээг хийсэн талаар дурьджээ. Миний бие дээрх иргэдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж авсан ба гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж үүргээ хүлээн зөвшөөрч байгуулсан. Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Төгөлдөр нарыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргахаар болсон. Негөө талаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Төгөлдөр нарыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хянагдаж байхад дээрх иргэд нь үүргээ хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор орон сууцыг албадан чөлөөлж өгөх тухай эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд гаргаж өгсөн нь тухайн орон сууцны эрхийг надад шилжүүлсэн үүндээ маргаангүй байгааг илэрхийлсэн баримт юм. Улмаар Б.Төгөлдөр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргахдаа дээрх гэрээг гарган өгсөн байдаг ба шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг шүүх дүгнэсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгч нь нэг асуудлаар удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн башир арга хэрэглэж байгаад гомдолтой байна. Энэ хүний эрх ашиг гэж байгаа бол миний ч эрх ашиг байх нь зүйн хэрэг юм. Миний бие хууль ёсоор өмч хөрөнгөтэй болсон ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсс болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Саранзулд холбогдох, 2015 оны 5 дугаар, сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 417 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч миний бие хариуцагч Б.Саранзул гэх хүнтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр буюу Үл хөдлөх барьцааны тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, улмаар өөрийгөө тус орон сууцны өмчлөгчөөр буцаан тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн болоод түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан үндэслэлд огт дүгнэлт хийлгүй, зүгээр л анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд тулгуурлан гаргасан байгаа нь харамсалтай.

1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд нийцсэн мөн хуулийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэрээ хэмээжээ. Харамсалтай нь энэ гэрээ бол шүүхийн дүгнэсэн шиг зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэгт тооцон үүрэг дуусгавар болох хэлцэлд үндэслэгдэн хийгдсэн байдаг нь талуудын тайлбараар тогтоогддог. Гэхдээ хуулиараа шүүхээрээ барьцаа хөрөнгөнөөс шаардлага хангуулсан бол Б.Саранзулаас миний биед огт мөнгө бодитойгоор шилжигдэн ирж байгаагүй билээ. Энэхүү үүрэг дуусгавар болох хэлцэл бол нэгдүгээрт хөрөнгийн эзэнтэй байгуулсан гэрээ биш байдаг, барьцааны гэрээг үндэслэн хийгдсэн гэх боловч тус барьцааны гэрээн дээр барьцаа хөрөнгөөр шаардлага хангах болвол шүүхийн журмаар худалдан борлуулна гэсэн тохиролцоог ноцтой зөрчсөн. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр талууд шүүхийн журмаар худалдан борлуулна гэж тохиролцсоор байхад мөн Үл хөдлөх барьцааны тухай хуулиийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээгээрээ тохиролцсон байх хэрэгтэй ба талууд зөвхөн шүүхээр барьцааны шаардлагыг хангуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл энэ байдлыг шүүгч санаатайгаар гуйвуулан хууран мэхэлсэн гэдэг үндэслэл өөрөө гарган ирээд түүнийгээ өөрөө үгүйсгэсэн байх юм. Манайх огтоос хууран мэхэлсэн асуудал яриагүй. Түүнчлэн Үл хөдлөх барьцааны тухай хууль зөрчсөн үндэслэлийн талаар огт тайлбар хийгээгүй байна.

2. Энэ шийдвэрийн үндэслэлээ шүүгч урьд нь энэ худалдах, худалдан авах гэрээний талаарх дүгнэсэн шүүхийн шийдвэр байгаа гээд байдаг. Гэтэл энэ яриад байгаа шүүхийн шийдвэр нь орон сууц чөлөөлөх нэхэмжлэлийг хангасан шийдвэр юм. Тэгээд ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч түүнийг нь гомдлоор тухайн шүүх хүлээн авч хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тогтоол гарган “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дугаартай шийдвэрт Б.Төгөлдөр, Б.Саранзул нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үйл баримтыг дүгнэсэн байна, энэ талаарх шийдвэр хүчин төгөлдөр байна” гэж үзэх боломжгүй тухайгаа дүгнэсээр байтал энэ тогтоолыг үл ойшоон дахин энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Энэ тогтоол үндэслэлтэй ба миний хувьд тэрхүү худалдах, худалдан авах гэрээтэй тухайн байр чөлөөлүүлэх хэргийг шийдвэрлэж байх тэр агшинд яг нэхэмжлэл гарган маргаагүй /хариу тайлбараар хангалттай маргасан/, харин дараа нь бие даасан нэхэмжлэл гарган маргасан байдаг. Гэтэл шүүх заавал тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байсан мэтээр тайлбарлажээ. Угтаа бол энэ гэрээг байгуулагдсан гэдэгтэй маргаагүй гагцхүү энэ гэрээ хууль зөрчсөн гэдгийг л одоо тогтоолгох гээд байгаа юм.

Иимээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг маань бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр хариуцагч Б.Саранзулд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд уг хүсэлтээсээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр татгалзжээ. /хэргийн 54 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Саранзул “миний бие хууль ёсоор өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Төгөлдөр нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сот 1-4 тоот хаягт байрлах, 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52 000 000 төгрөгт тооцож хариуцагч Б.Саранзулд шилжүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дугаар шийдвэр авагдсан байх ба уг шийдвэрээр маргаан бүхий Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Б.Саранзулын нэхэмжлэлтэй, С.Баярсайхан, Б.Төгөлдөр, Б.Ууганбаяр, М.Отгонтуяа нарт холбогдох  иргэний хэргийг хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас уг орон сууцыг С.Баярсайхан, Б.Төгөлдөр нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б.Ууганбаяр, М.Отгонтуяа нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч буюу өмчлөгч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй гэж дүгнэжээ.

/хэргийн 8-9 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин шүүх нотлохгүй тул талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Төгөлдөрийг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 дүгээр байр, 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

     

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                       С.ЭНХТӨР