Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 946

 

 

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор П.Бямбасүрэн,

          шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809 0232 30592 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн А-гийн М, 1987 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....................тоотод оршин суух,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 5 жил 1 сарын хорих ял болгон өөрчилсөн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8  дугаар сарын 4-ний өдрийн 69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 13 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, нийт 13 жилийн хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, /РД: /;

А.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали улсын иргэн Т.Т гэрт нь орж, хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэж “money” /мөнгө/ хэмээн нэхэж, бэлэн 200.000 төгрөг, 400 ам.доллар, “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, А.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М-ын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 6 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бусдыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон. Миний бие ямар үндэслэл болон нотлох баримтаар буруутгагдаж байгаагаа тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн төлөөлөгч Д.Б гэж хүнд мэдүүлэг өгөхөөр өөрийн төрсөн ээж, үеэл дүүгийн хамт очсон. Гэтэл намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т зааснаар гэм буруутай гэж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цагдан хорьсон.

2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хэрэг танилцуулахаар П гэж хүн ирсэн бөгөөд миний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч ахлах дэслэгч И.Мөнхсонор гэх хүнтэй хамт цуг ажилладаг гэсэн. Ингээд миний бие эрүүгийн 1809 0232 30592  дугаартай хэрэгтээ танилцахад хохирогч гэх хүний өгсөн таван удаагийн мэдүүлэг байсан. Эдгээр мэдүүлэг нь хоорондоо маш их зөрүүтэй, ямар ч авцалдаагүй байсан. Би энэ бүхнийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хэрэг танилцуулж, прокурорт шилжүүлж байгаа мөрдөн байцаагчид бичгээр болон амаар хүсэлт гаргаж өгсөн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр “нээлттэй” хуралдаж хэргийг тал бүрээс нь судлан мэтгэлцэхэд хавтас хэрэгт хохирогчийн өгсөн гэх таван удаагийн мэдүүлгээс хоёр мэдүүлэг нь байхгүй байсан ба мөн миний гаргасан хүсэлт байхгүй болсон байсан. Миний бие энэ бүгдийг болон хэрэг гарсан гэх 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр юу болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцахад миний хэлсэн үг, өгүүлбэр орхигдож, бичигдээгүй байсан. Мөн зарим үг, өгүүлбэр өөрчлөгдсөн байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Мөн зэвсэг хэрэглэж, дээрэм хийсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасныг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл зарим нэг зүйлийг анхааралгүй орхиж, таслан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:

1. Миний бие өөрөө хийсэн хэргээ илчлэн цагдаагийн хэсэгт очиж мэдүүлэг өгсөн.

2. Учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

3. Хохирогчийн мэдүүлэг дээрх зэвсэг гэх зүйл нь тогтоогдохгүй байна гэж үзсэн мөртлөө дахин мөрдөн байцаалт явуулалгүй шүүн тасалсанд гомдолтой байна.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байхгүй, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэсэн мөртлөө ялыг нэмж, “хаалттай” хорих ангид таслан шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Миний бие хэн нэгнийг буруутган өөрийгөө зөвтгөх гэсэнгүй. Миний холбогдсон хэргийг үнэн зөв зүйлчлэн, эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүйл, заалтуудыг хянан үзэж, ар гэрийн болон биеийн байдлыг минь харгалзан хөнгөн ял оноож өгнө үү хэмээн хүсэж, анхан шатны шүүх хурал дээр хэлсэн боловч анхаарч үзсэнгүй.

Миний ээж 2011 онд тал харваж, ой санамжаа хэсэгчлэн алдсан бөгөөд юм мартах өвчтэй, 62 настай хөгшин байдаг. Миний бие өөрөө амьсгалын замын холимог хэлбэрийн агааршилтын дутагдалтай, маш хүнд зэрэгтэй, гуурсан хоолойн багтраа буюу астам өвчинтэй. Энэ өвчинд байнгын эм, тариа хэрэглэх шаардлагатай бөгөөд ээжийнхээ тэтгэвэр, өөрийн хийсэн гар урлалын зүйлсийг зарж борлуулан, ээж болон өөрийн эм тариаг авдаг байсан. Хэрэг гардаг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хохирогч гэх Туксэе Тулкугаас миний бие мөнгө зээлэхээр очсон. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал буруу ойлгогдож, өнөөдрийн ийм байдалд хүрчихлээ. Хүнийг алдаж, эндэж байсан гээд үл итгэж, үл тоон зөвхөн буруутгах талыг барин ялласанд гомдолтой байна. Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 13 жилийн хорих ялаас 1 жил 9 сар 23 хоногийн ялыг тэнсэн суллагдсан. Гэтэл надад ирсэн шийтгэх тогтоол дээр миний биеэр эдлэх ялыг 2015 оны хуулийн өөрчлөлтөөр 2 жил 6 сар 10 хоног болсон гэж бичсэн байх юм. Гэтэл миний бие 2017 оны хуулийн өөрчлөлтөөр 6 сар 3 хоног хасагдан 12 жил 5 сар 27 хоног болон өөрчлөгдөж, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр суллагдаж гарсан. Миний бие амьдралд маш их хайртай. Ээжийнхээ төлөө, өөрийнхөө төлөө сайн сайхан амьдрах зорилго хүсэл тэмүүллээр дүүрэн байна.

Би бусадтай адил амьдарч, ажиллаж өөрийн гэр бүлийн өмнө хариуцлага хүлээж амьдрахыг хичээсэн. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан уг хэргийн мөрдөн байцаагч шүүхийн хэлэлцүүлэгт юу болсон талаар үнэн зөв мэдүүлсээр байтал, хохирогч гэх хүн мэдүүлэгтээ “А.М нь намайг сүрдүүлээгүй, айлгаагүй, буу тулгаагүй, чиглүүлээгүй, занал хийгээгүй” гэж мэдүүлсээр байтал анхаарч үзээгүйд маш их гомдолтой байна.

Миний гаргасан өргөдөл, гомдлыг хянан үзэж, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх зүйл, заалтад хамруулж, ар гэрийн хувийн байдал, өөрийн өгсөн мэдүүлэг болон хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, биеэр эдлэх ялыг хөнгөлж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр болсон уг хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай байна. Т.Т нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ дээрэмдэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэн зүйлчилсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн. Энэ зүйлчлэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзсэн бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх асуудал байхгүй учир эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

А.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали улсын иргэн Т.Тгэрт нь орж, “money” /мөнгө/ хэмээн нэхэж бэлэн 200.000 төгрөг, 400 ам.доллар, “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Т“... англиар “money” буюу мөнгө гэж хэлэхээр нь надаас мөнгө нэхэж байна гэж ойлгоод би ямар нэгэн юм болох бий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан. ... ямар нэгэн зүйл алдагдсан байгаа эсэхийг шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 ам.доллар, 200.000 төгрөг бэлнээр болон “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг тус тус байсан нь алга болсон байсан. ...” /хх 18-20, 22/,

гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндонгийн “... орчуулагч Б.Номинчулуун над руу яриад “чиний дагуулж ирсэн залуу багшийн олон улсын виза карт, иргэний үнэмлэх, түрийвч, 400 ам.доллар, 200.000 төгрөгийг ... айлгаж байгаад авсан байна.” гэж хэлсэн. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 11-12/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-14, 15/, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 17/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч А.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчид ашигтайгаар дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Т.Т“... хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийсэн ...” гэж, А.М “... бүсэндээ хийчихдэг гар буу хэлбэртэй, хар, улаан, хүрэн өнгөтэй асаагуур байсан. ...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч А.М нь “... Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх зүйл, заалтад хамруулж, ар гэрийн хувийн байдал, өөрийн өгсөн мэдүүлэг болон хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, биеэр эдлэх ялыг хөнгөлж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч А.М-ын гэм бурууд нь тохирсон, өмнө нь ял шийтгүүлж байсан тул эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч А.М нь англиар “money” буюу мөнгө гэж Т.Т хэлж, тэрээр үгүй гэхэд нь А.М нь царай төрхөө өөрчлөх, уурлах байдлаар хохирогчийг айлган сүрдүүлсэн байдлаас үзэхэд А.Мын үйлдлийг бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй

Дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Т нь айсны улмаас зугтсан байх бөгөөд улмаар А.М нь эд зүйлийг нь авсан байна.

Иймд шүүгдэгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                              Б.ЗОРИГ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ