Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00822

 

Д.Цы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03737 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаар магадлалтай

Д.Цы нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 36 753 775 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь “Ц” ХХК-ийн захирал Г.Надмидцэрэнд компанийн үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ц” ХХК-ийн Хас банкны 6001026400 тоот дансанд 18 450 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн Хас банкны 6001026400 тоот дансанд 10 000 000 төгрөг, нийт 28 450 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээ байгуулаагүй ч мөнгө шилжүүлсэн банкны баримт болон захиралГ.Надмидцэрэн удахгүй өгнө гэсэн тул дээрх мөнгийг гаргуулах үндэслэлтэй. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн мөнгөний 18 000 000 төгрөгийг Д.Ц өөрийн Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжаас гарган авсан. Хэрэв уг мөнгө өнөөдөр хүртэл банкинд байсан бол 6 545 735 төгрөгийн хүү бодогдох байсан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг мөн хадгаламжаас гаргасан ба 1 758 040 төгрөгийн хүү бодогдох байсан.

Иймд зээлийн 28 450 000 төгрөг, банкинд хадгалж байсан бол бодогдох байсан хүү буюу учруулсан хохиролд 8 303 775 төгрөг, нийт 36 753 775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Ц” ХХК-д 28 450 000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй, дээрх 28 450 000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн болохыг гүйлгээ хийсэн баримтаас харж болно. Иймд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03737 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цахимгал ХХК-иас 36 753 775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгддөг мэтгэлцэх зарчмыг зөрчсөн бөгөөд тус шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй болно.

Давж заалдах шатны шүүхээс маргааныг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг удирдлага болгож шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-т “Энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах,” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд л анхан шатны шүүхэд буцааж болох талаар зааж өгсөн байна. Мөн хуулийн 168 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг зааж өгсөн ба давж заалдах шатны шүүх тус зүйлийн 168.1.1-т “Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байдаг.

Анхан шатны шүүхийн зүгээс өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлэх ямар нэг ажиллагаа хийх эрхгүй бөгөөд талуудын гаргасан хүсэлтэд үндэслэж тодорхой баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийдэг. Хэргийн оролцогч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй буюу нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаж, мөрдөгддөг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг болно.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, тус зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах талаар тодорхой зааж өгсөн байна. Тус хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээх үүргийг тодорхойлж өгсөн ба 25.2.2-т “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэсэн ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж талууд нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй талаар зааж өгсөн байна.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлтэй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа талуудын мэтгэлцэх зарчимд харшилсан байдлаар буюу Б.Лхагвасүрэн гэх хүн хэргийн нөхцөл байдлыг мэдэж байгаа түүнийг гэрчээр асуух хэрэгтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй хэргийг оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна.

Иймд дээрх хууль буруу хэрэглэж, мэтгэлцэх зарчимд харш байдлаар маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Ц нь “Ц” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 36 753 775 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байгаагаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй гэж дүгнэн, маргааны үйл баримтад хамаарах асуудал тодорхой бус байхад хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэх үндэслэл заажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

  Магадлалд дурдснаас гадна анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийгээ нотолсон нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт болон нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 313 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 720 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД