Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00313

 

Д.Ц-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03737 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

36 753 775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь “Ц” ХХК-ийн захирал Г.Н-д “компаний үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна” гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ц” ХХК-ийн Хас банкны 6001026400 тоот дансанд 18 450 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн Хас банкны 6001026400 тоот дансанд 10 000 000 төгрөг, нийт 28 450 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээ байгуулаагүй ч мөнгө шилжүүлсэн банкны баримт болон захирал Г.Надмидцэрэн “удахгүй өгнө” гэсэн тул дээрх мөнгийг гаргуулах үндэслэлтэй. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн мөнгөний 18 000 000 төгрөгийг Д.Ц өөрийн Х-ны хугацаатай хадгаламжаас гарган авсан. Хэрэв уг мөнгө өнөөдөр хүртэл банкинд байсан бол 6 545 735 төгрөгийн хүү бодогдох байсан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг мөн хадгаламжаас гаргасан ба 1 758 040 төгрөгийн хүү бодогдох байсан.

Иймд зээлийн 28 450 000 төгрөг, банкинд хадгалж байсан бол бодогдох байсан хүү буюу учруулсан хохиролд 8 303 775 төгрөг, нийт 36 753 775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Ц” ХХК-д 28 450 000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй, дээрх 28 450 000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Ц-аар дамжуулан компаний дансанд хийсэн болохыг гүйлгээ хийсэн баримтаас харж болно. Иймд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас 36 753 775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч Д.Ц зээлдэгч "Ц" ХХК-д 2 удаагийн үйлдлээр нийт 28 450 000 төгрөгийг Хас банкин дах 6001026400 тоот дансанд нь шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд буцаан өгөх үүргийг хариуцагч хүлээх ёстой гэж үзэж байна.

"Ц" ХХК-д Д.Ц ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хөндлөнгийн этгээд бөгөөд ямар үндэслэлээр, яагаад өөрийн кассанд байсан мөнгийг 2 удаа банкин дах компанийн дансанд хийлгэх болсныг шүүх анхаарч тодруулсангүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Талууд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх ёстой бөгөөд хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхэд өгсөн “нотлох баримт гарган өгнө" гэх тайлбарыг шүүх анхаарч үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. 2016 оны 02 дугаар сарын 05 болон 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд компанийн кассанд хэдий хэмжээний бэлэн мөнгө байсныг хариуцагчаас тодруулах байсан. Шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Д.Ц мөнгө шилжүүлсэн тул гол нөхцлийн талаар талууд тохиролцсон гэж үзнэ.

Хариуцагч талаас нэг ч баримт гаргаж өгөөгүй байхад “касс-с”, “касснаас орлого” гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Зээлийн маргааныг мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлсэн эсэх нь гол үндэслэл бөгөөд гүйлгээний утгаар маргааныг шийдвэрлэхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 753 775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Ц-аас хариуцагч “Ц” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 450 000 төгрөгийг “касс-с” гэх, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийг “касснаас орлого” гэх утгатай шилжүүлсэн Хас банкны орлогын маягт гэх бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /х.х-ийн 7-8 дугаар тал/

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нийт 28 450 000 төгрөгийг “Ц” ХХК-ийн Хас банкин дахь дансанд шилжүүлж, зээлдүүлсэн” гэж тодорхойлсон, харин хариуцагч талаас “кассанд бэлэн байсан мөнгийг Д.Ц-аар дамжуулан компанийн дансанд хийсэн” гэж маргасан.

Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “тухайн үед хариуцагч “Ц” ХХК-ийн нягтлан Ц.Л нэхэмжлэгч Д.Ц-д мөнгө өгөөд компанийн дансанд хийлгэсэн” гэснийг хэргийн баримттай харьцуулан үзэхэд нягтлан Ц.Лхагвасүрэнгийн үйлдлийг Д.Ц гүйцэтгэсэн эсэх тодорхойгүй байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх эргэлзээгүйгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж, эсвэл компанийн кассын орлого байна гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Тиймээс дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид ямар үндэслэлээр шилжүүлсэн талаарх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.  

         Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудал тодорхой бус байхад хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                Д.БАЙГАЛМАА