Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

                            2020 оны 01 сарын 15 өдөр

 Дугаар 101/ШШ2020/00285

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц /-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц ХХК д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,450,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,589,242 төгрөг, нийт 41,039,242 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие Ц ХХК-ийн захирал Г.Н-д "компаний үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна" гэсний дагуу 2016 оны 02-р сарын 05-ны өдөр Ц ХХК-ийн Х ХХК дахь ,,,,,,,,, тоот дансанд 18,450,000 төгрөг, 2016 оны 03-р сарын 02-ны өдөр мөн Х ХХК дахь ,,,,,,,,,, тоот дансанд 10,000,000 төгрөг, нийт 28.450.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээ байгуулаагүй ч мөнгө шилжүүлсэн банкны баримт болон захирал Г.Н-ийн "өгнө, удахгүй" гэсэн нь дээрх мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оны 02 сарын 05-ны өдөр зээлсэн мөнгөний 18,000,000 төгрөгийг Д.Ц өөрийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хугацаатай хадгаламжаас гарган авсан. Хэрэв уг мөнгө өнөөдрийг хүртэл банкандаа байсан бол 6,545,735 төгрөгийн хүү бодогдох байсан. Тооцоолбол:

Үндсэн мөнгө

Хугацаа /6 сараар 1

Хүү 1%

Нийт

мөнгө

18.000.000

2016.02.05-2016.08.05 /6 сар/

1.080.000

19.080.000

j

19.080.000

2016.08.05-2017.02.05 /6 cap/

1.144.800

20.224.800

20.224.800

2017.02.05-2017.08.05 /6 cap/

1.213.488

21.438.288

21.438.288

2017.08.05-2018.02.05 /6 cap/

1.286.297

22.724.585

22.724.585

2018.02.05-2018.08.05 /6 cap/

1.363.475

24.088.060

24.088.060

2018.08.05-2018.10.03 /1 cap 27 хоног/

457.675

24.545.735

Нийт хүү

31 cap 27 хоног1

6.545.735

 

 

2016 оны 03 сарын 02-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг мөн өөрийн хадгаламжаас гаргасан ба 1,758,040 төгрөгийн хүү бодогдох байсан. Тооцоолбол:

Үндсэн мөнгө

Хугацаа /6 сараар/

Хүү 1%

Нийт мөнгө

5.000.000

2016.03.02-2016.09.02 /6 сар/

300.000

5.300.000

5.300.000

2016.09.02-2017.03.02 /6 сар/

318.000

5.618.000

5.618.000

2017.03.02-2017.09.02 /6 сар/

337.080

5.955.080 |

5.955.080

2017.09.02-2018.03.02 /6 сар/

357.305

6.312.385

6.312.385

2018.03.02-2018.09.02 /6 сар/

378.744

6.691.129

6.691.129

2018.09.02-2018.10.02 /1 сар/

66.911

6.768.040

Нийт хүү

31 cap

1.758.040

 

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 28,450,000 төгрөг, учирсан хохиролд 8,303,775 төгрөг, нийт 36,753,775 төгрөгийг хариуцагч Ц ХХК-иас гаргуулж өгнө үү.

Тус шүүхэд Ц ХХК-с зээлийн мөнгө 36,753,775 төгрөгийг нэхэмжилсэн ба дараах байдлаар шаардлагаа нэмэгдүүлж байна. 2018.10.03-ны өдрөөс 2019.11.08-ны өдөр хүртэл 18,000,000 төгрөг банкандаа байсан бол хүү нь 3,293,045 төгрөг, 5,000,000 төгрөг банкандаа байсан бол 992,422 төгрөгийг хүү нийт 4,285,467 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Зээлд 28 450 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 8 303 775 төгрөг ба 4 285 467 төгрөг, нийт 41 039 242 төгрөг нэхнэ. 2016.2.5-нд хариуцагчийн нягтлангийн хүсэлтээр 18 000 000 төгрөг хадгаламжаасаа аваад бэлэн байсан 450 000 төгрөгийг нэмээд 18 450 000 төгрөгийг Хас банк дахь хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Дараа нь 2016.3.2-нд 5 саяыг өөрийн хадгаламжаас аваад бэлэн байсан 5 саяыг нэмээд хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Анх мөнгийг авахдаа удахгүй өгнө цагаан сар болох гээд цалин тавих хэрэгтэй гэж авсан. Тэрнээс хойш нягтлан Л, захирал нар нь удахгүй өгнө гэдэг байсан. Хариуцагч нь манай байрны 3 давхарт байдаг ба итгээд мөнгийг өгсөн. Эхлээд өгнө гэж байснаа сүүлдээ зугтаагаад алга болсон. Хэд хэдэн удаа мөнгөө нэхэж байсан. Захирал Н нь утсаа авдаггүй, Л нь өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөнгөө нэхэхэд мөнгөндөө бараа авах уу гэдэг байсан. Гэрээ хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй. Эхний мөнгөний 18 сая болон сүүлийн 5 сая нь хадгаламждаа байсан бол гэдэг утгаар хүүгээр нь бодож тооцож хохирол нэхсэн. Хүүг нь 6 сарын хадгаламжаар тооцож сарын 1 хувийн хүү тооцсон. Л нь банкан дээр очоод залга гэснээр нь залгахад касснаас орлого гэж бичээрэй гэсний дагуу тэгж бичсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281-д заасан зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 39-д зааснаар хэлцэл байгуулагдсан. Зээлийн гэрээ бичгээр байх шаардлагагүй. Гүйлгээний утга гэдэг нь энд ач холбогдолгүй. Шүүхэд тайлбар гаргахдаа баримт гаргана гэдэг боловч одоо болтол гаргаагүй. Эх баримт нь нэхэмжлэгчид байгаа. Хэрэв хариуцагчийн мөнгө байсан бол эх баримтаа тухайн үед авах байсан. Лхагвасүрэнтэй харилцсан мессежээр зээл гэдэг нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Цы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Ц ХХК-д 28,450,000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд дээрх 28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн болохыг дээрх гүйлгээ хийсэн баримтаас харж болохоор байна. Дээрх нөхцөл байдлын талаар холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар компанийн холбогдох ажилтнуудад хандсан бөгөөд 2 жилийн өмнөх баримтуудаас холбогдох баримтуудыг гаргахаар ажиллаж байна. Мөн ямар учраас нэхэмжлэгчээр компанийн дансанд мөнгө хийлгүүлсэн талаар нөхцөл байдлыг тодруулж байгаа бөгөөд одоогоор холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх болно.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 36,753,775 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг шүүхэд хүргүүлсэн билээ. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь үндсэн шаардлагад дурдаж буй мөнгийг банканд хадгалуулсан тохиолдолд авах ёстой хүү гэж шаардаж байна. Гэвч нэхэмжлэгч нь Ц ХХК-д 28,450,000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд дээрх 28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компаний дансанд хийсэн болохыг дээрх гүйлгээ хийсэн баримтаас харж болохоор байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй банкны хүү гэх 4,285,467 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 28 450 000 төгрөг зээлсэн гэдэг. Дээрээс нь хохирол гэж хүү нэхдэг. Маргаж буй мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга нь байгаа ба 2 сарын 5-нд касснаас, харин 3 сарын 2-нд касснаас орлого гэсэн байдаг. Энэ нь кассанд байгаа бэлэн мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулж өөрийн дансанд хийлгэсэн. Иймд мөнгө зээлээгүй тул хохирол яригдахгүй. Иргэний хуулийн 281-д зээлийн талаар зохицуулсан байдаг. Талуудын хооронд зээлийн хэлцэл тогтоогдсон зүйл тогтоогддоггүй. Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийднэ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л хэлсэн гэдэг нь нотлогдоогүй. 28 сая төгрөг нь бага биш мөнгө тул бичүүлэх ёстой. Хэрэв бодитоор зээлсэн бол ингэж бичих нь эргэлзээтэй юм. Сарын дараа өгнө гэж ойлгоод мөнгө өгсөн гэсэн боловч тухайн үед шүүхэд болон цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй вэ. Гүйлгээний утга нь хуулийн 39-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл юм. Лхагвасүрэн нь нягтлан болохоос компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 28,450,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,589,242 төгрөг, нийт 41,039,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Ц ХХК нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө зээлээгүй тул зээл эргэн төлөлт болон гэрээтэй холбогдох учирсан хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18,450,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагчийн “Хас банк” дахь  тоот дансанд шилжүүлсэн байна. /хэргийн 7-8 дугаар тал/

            Энэхүү мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн нягтлан бодогч хүсэлт гаргасан тул зээлдүүлсэн гэж, хариуцагч нь өөрийн бэлэн мөнгөний кассанд байсан мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулан харилцах дансанд байршуулсан гэж маргаж байна.

            Нэхэмжлэгчид тухайн цаг хугацаанд эдгээр мөнгөн хөрөнгө байсан бөгөөд дансанд шилжүүлсэн өдрүүдэд өөрийн “Худалдаа хөгжлийн банк” дахь хадгаламжийн данснаас 18,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийн зарлагыг тус тус бэлнээр гаргасан болох нь тогтоогдсон. /хэргийн 6 дугаар тал/

            Харин хариуцагч нь өөрийн бэлэн мөнгөний кассанд байсан мөнгө гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баримт гаргах талаар тайлбар гаргасан байх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тодруулбал, хуулийн этгээдийн хувьд байсан гэх бэлэн мөнгийг санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар нотлох боломжтой юм.

            Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Б.Л нь хариуцагч Ц ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Улмаар Б.Л нь ,,,,,,,, дугаар ашиглаж, хэрэглэдэг болох нь “Юнител” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05-01/8242 дугаар албан тоотоор тогтоогдсон. Энэхүү ,,,,, дугаараас 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид мөнгийг буцаан өгөх, мөн мөнгө хайж байгаа талаар, мөнгийг хувьдаа ашиглаагүй гэх агуулга бүхий мессеж ирүүлж байсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 138-139 дүгээр тал/ Үзлэгээр тогтоосон латин үсгээр бичигдсэн баримтыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан MNS5217:2012 дугаар стандартаар хөрвүүлсэн болно.

 

            Хариуцагч, түүний төлөөлөгч нь их хэмжээний мөнгийг шилжүүлсэн бол энэ талаар зээлийн гэрээ болон бусад бичгэн баримт үйлдэх ёстой гэж маргасан. Гэвч уг тайлбар нь хариуцагчийн бэлэн мөнгөний кассанд байсан дээрх мөнгийг хариуцагч хуулийн этгээдэд хамааралгүй этгээд болох нэхэмжлэгчээр дамжуулж өөрийн харилцах дансанд байршуулсан боловч мөнгө олгохдоо баримт үйлдээгүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Тодруулбал хэрэв хариуцагч нь өөрт байсан мөнгийг хамааралгүй этгээдэд олгосон бол санхүүгийн анхан шатны баримт үйлдэх байсан гэж үзлээ.

 

            Дээрх үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь нийт 28,450,000 төгрөг олгосон гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч нь мөнгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 282.3-т заасантай нийцэхгүй бөгөөд хүү шаардах эрхгүй.

            Түүнчлэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, буцаан төлөх хугацааг тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр хохирол шаардах эрхгүй. Учир нь зээлийг хугацаа тогтоолгүй, хүүгүйгээр олгосон байна.

 

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 28,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 12,589,242 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 28,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,589,242 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 425,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ГАНБОЛД